A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ЦЭРГИЙН ДҮЙЦҮҮЛЭХ АЛБЫГ МӨНГӨН ТӨЛБӨРИЙН ХЭЛБЭРЭЭР ОРЛУУЛАН ХААХ ИРГЭНИЙ ТОО БҮРТГЭЛ ХӨТЛӨХ, МӨНГӨН ТӨЛБӨРИЙГ ТӨЛӨХ, ХУРААН АВАХ, ТӨЛБӨРИЙН ОРЛОГЫГ АШИГЛАХ ЖУРАМ /ЗГ-ын 2016 оны 215-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979
Засгийн газрын 1998 оны 211 дүгээр тогтоолын хавсралт


ЦЭРГИЙН ДҮЙЦҮҮЛЭХ АЛБЫГ  МӨНГӨН  ТӨЛБӨРИЙН ХЭЛБЭРЭЭР ОРЛУУЛАН ХААХ ИРГЭНИЙ ТОО  БҮРТГЭЛ ХӨТЛӨХ,
МӨНГӨН ТӨЛБӨРИЙГ ТӨЛӨХ, ХУРААН АВАХ, ТӨЛБӨРИЙН ОРЛОГЫГ АШИГЛАХ ЖУРАМ

/ЗГ-ын 2016 оны 215-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

Нэг.Нийтлэг үндэслэл

1.Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах иргэний тоо бүртгэл хөтлөх, мөнгөн төлбөрийг төлөх, хураан авах, төлбөрийн орлогыг ашиглахад энэ журмыг дагаж мөрдөнө.
2. Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасны дагуу иргэн цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хааж болно..
 

Хоёр.Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах иргэний тоо бүртгэл хөтлөх

 3.Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах иргэний тоо бүртгэлийг аймаг, нийслэл, дүүргийн Цэрэг иргэний хамгаалалтын штаб эрхлэн хөтөлнө.
4."Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах иргэний тоо бүртгэлийн  маягт"-ыг статистикийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай зөвшилцсөний үндсэн дээр Батлан хамгаалахын сайд батална.
5.Иргэн цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах хүсэлтээ харьяалагдах баг, хорооны Засаг даргаар уламжлан сум, дүүргийн Засаг даргад цэргийн шинэчилсэн тоо бүртгэл явагдах үед болон ээлжит цэрэг татлагаас хуанлийн 45 хоногийн өмнө гаргана.
6.Зэвсэгт хүчин, бусад цэргийн аль нэг анги, салбарт цэргийн жинхэнэ алба хаагаагүй 27 хүртэлх насны эрэгтэйчүүдийг аймаг, дүүргийн цэрэг татлагын товчоо бүртгэн цэргийн алба хаагаагүй шалтгаан, үндэслэлийг тодруулан цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах иргэний нэрсийн жагсаалтад оруулах эсэх тухай саналыг бэлтгэнэ.
7.Цэрэг татлагын товчооны саналыг үндэслэн аймаг, нийслэлийн Цэрэг иргэний хамгаалалтын штаб цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах иргэний нэрсийн жагсаалтыг гаргаж аймаг, нийслэлийн Засаг даргаар батлуулан санхүүгийн хэлтэс /тасаг/-т хүргүүлнэ.
 

Гурав.Мөнгөн төлбөрийг төлөх, хураан авах,төлбөрийн орлогыг ашиглах

8.Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах иргэн /цаашид "төлбөр төлөгч" гэх/ тухайн жилд Улсын Их Хурлаас тогтоосон хэмжээний төлбөрийг төлнө.
9.Монгол Улсын Их Хурлын 1998 оны 94 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтын 4-ийн 1, 3, 4-д заасан үндэслэлээр цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаахаас чөлөөлөгдөж байгаад хугацаат цэргийн алба хаах насны дээд хязгаарт хүрэхээс өмнө уг үндэслэл нь үгүй болсон иргэн цэргийн алба хаагаагүй бол тухайн жилийн мөнгөн төлбөрийг мөн тогтоолын 2 дугаар хавсралтад заасан хувь хэмжээгээр төлнө.
10.Төлбөр төлөгч нь төлбөрийг сум, дүүргийн санхүүгийн хэлтэс /тасаг/-т жил бүрийн 12 дугаар сарын 1-ний дотор тушаасан байх ба аймаг, нийслэлийн санхүүгийн хэлтэс нь уг төлбөрийн орлогыг Сангийн яаманд төвлөрүүлнэ.
11.Төлбөрийн орлогыг Монгол Улсын Батлан хамгаалах яам захиран зарцуулна.

  Дөрөв.Төлбөрийн орлогын бүрдүүлэлт,зарцуулалтад тавих хяналт

12.Төлбөрийн орлогын бүрдүүлэлт, зарцуулалтад Сангийн яам хяналт тавина.
13.Төлбөрийн орлогыг улсын төвлөрсөн төсвийн тусгай дансанд байршуулах ба Сангийн сайдын зөвшөөрөлгүй өөр бусад дансанд оруулах, түр байршуулахыг хориглоно.
14.Төлбөрийн орлогыг батлан хамгаалах зорилгоос бусад зориулалтаар зарцуулахыг хориглоно.
 

Тав.Хяналт, хариуцлага

15.Аймаг, нийслэлийн санхүүгийн хэлтэс нь төлбөр төлөгчийн төлсөн төлбөрийг тухай бүрд нь Цэрэг иргэний хамгаалалтын штабт албан ёсоор мэдэгдэх бөгөөд цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах ажлын гүйцэтгэлийн тайланг Батлан хамгаалахын сайд, Сангийн сайдын хамтран баталсан маягтын дагуу гаргаж ирүүлнэ.
16.Цэргийн дүйцүүлэх албыг орлуулан хаах мөнгөн төлбөрийг тогтоосон хугацаанд тушаагаагүй ба төлбөр төлөхөөс зайлсхийсэн иргэнд Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
 
 
---оОо---