- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ГААЛИЙН ХӨГЖЛИЙН САНГ БҮРДҮҮЛЭХ, ЗАХИРАН ЗАРЦУУЛАХ ЖУРАМ
Засгийн газрын 1997 оны 124 дүгээр тогтоолын хавсралт
ГААЛИЙН ХӨГЖЛИЙН САНГ БҮРДҮҮЛЭХ, ЗАХИРАН ЗАРЦУУЛАХ ЖУРАМ
Нэг. Ерөнхий зүйл
ГААЛИЙН ХӨГЖЛИЙН САНГ БҮРДҮҮЛЭХ, ЗАХИРАН ЗАРЦУУЛАХ ЖУРАМ
1."Монгол Улсын Гаалийн тухай хууль"-ийн 54 дүгээр зүйлийг үндэслэн гаалийн хөгжлийн сан /цаашид "сан"/-г бүрдүүлэх, захиран зарцуулахтай холбогдсон харилцааг энэхүү журмаар зохицуулна.
2.Гаалийн хөгжлийн сан нь мөнгөн хөрөнгийн сан байх бөгөөд төвлөрсөн төсвийн бүрэлдэхүүнд орно.
3.Сангийн хөрөнгийг Монгол Улсын Гаалийн ерөнхий газар захиран зарцуулна.
4.Гаалийн хөгжлийн санг бүрдүүлэх эх үүсвэр нь төсвийн хөрөнгө байна.
Хоёр.Сангийн хөрөнгийн төлөвлөлт, зарцуулалт
5.Монгол Улсын Гаалийн ерөнхий газар нь санд зарцуулах хөрөнгийн хэмжээг төлөвлөн Сангийн сайдаар батлуулж, улсын төвлөрсөн төсөвт тусгуулж байна.
6.Сангийн хөрөнгийг дараахь арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулна:
а/гаалийн хяналт шалгалт, түүний арга ажиллагаа, технологийн горимыг боловсронгуй болгох, хяналт шалгалтын техник хэрэгсэл, тоног төхөөрөмж худалдан авах, гаалийн барилга, объект барих зэрэг гаалийн байгууллагын материал техникийн баазыг бэхжүүлэх;
б/гаалийн статистик мэдээлэл гаргах;
в/гаалийн дэд бүтцийг бий болгох /хилийн боомт дахь зам, талбай, эрчим хүч, харилцаа холбоо, компьютерийн нэгдсэн сүлжээнд холбох гэх мэт/;
г/гаалийн ажилтан нарын мэргэшлийг нь дээшлүүлэх, нийгмийн асуудлыг шийдвэрлэх;
д/гаалийн улсын байцаагчдын дүрэмт болон ажлын тусгай хувцас, бие хамгаалах хэрэгслийг бэлтгэх, худалдан авах.
Гурав. Сангийн хөрөнгийн бүрдүүлэлт, зарцуулалтад тавих хяналт
7.Сангийн хөрөнгийн бүрдүүлэлт, зарцуулалтад Сангийн яам хяналт тавина.
8.Сангийн хөрөнгийг улсын төвлөрсөн төсвийн тусгай дансанд байршуулах ба Сангийн сайдын зөвшөөрөлгүй өөр бусад дансанд оруулах, түр байршуулахыг хориглоно.
9.Монгол Улсын Гаалийн ерөнхий газар нь сангийн хөрөнгийн зарцуулалтын улирлын тайланг Сангийн сайдын баталсан маягтын дагуу тухайн улирлын дараа сарын 3-ны дотор, жилийн тайланг дараа оны 2 дугаар сарын 20-ны дотор Сангийн яаманд ирүүлнэ.
10.Сангийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулах, бусдад зээлээр ашиглуулахыг хориглоно.
------оОо------
Текст томруулах
A
A
A