A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • АВТО ЗАМЫН САНГ ТӨЛӨВЛӨХ, ТҮҮНД ХӨРӨНГӨ ТӨВЛӨРҮҮЛЭХ, ЗАХИРАН ЗАРЦУУЛАХ ЖУРАМ (Засгийн газрын 2019 оны 312 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
Бүлэг: 1979
Засгийн газрын 1998 оны 149 дүгээр тогтоолын хавсралт


АВТО ЗАМЫН САНГ ТӨЛӨВЛӨХ, ТҮҮНД ХӨРӨНГӨ ТӨВЛӨРҮҮЛЭХ, ЗАХИРАН ЗАРЦУУЛАХ ЖУРАМ
 
(Засгийн газрын 2019 оны 312 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

Нэг.Нийтлэг үндэслэл

1.Улсын болон орон нутгийн замын санг бүрдүүлэх, түүний зарцуулалтыг төлөвлөх, захиран зарцуулах үйл ажиллагааг зохион байгуулах, хяналт тавих, энэ үйл ажиллагаанд оролцогч байгууллагуудын ажлыг уялдуулан зохицуулахад энэхүү журмын зорилго оршино.
 
2.Улсын болон орон нутгийн замын сан нь улсын болон орон нутгийн  төсвийн бүрэлдэхүүн хэсэг мөн бөгөөд замын санг төлөвлөх, санхүүжүүлэх, хянах, гүйцэтгэлийн тайлан мэдээ гаргах ажиллагааг тухайн төсвийн нэгэн адил журмаар хэрэгжүүлнэ.
 
Хоёр.Авто замын сан, түүний зориулалт
 
3.Улсын болон орон нутгийн замын санг Монгол банк болон эсхүл Монгол банкнаас тогтоосон шалгуур үзүүлэлтүүдийг бүрэн хангасан, хөдөө орон нутагт салбар бүхий найдвартай үйл ажиллагаатай арилжааны банкинд Сангийн яамнаас олгосон зөвшөөрлийн дагуу данс нээж байршуулна.
 
Шаардлагатай бол Монгол банкны шалгуур үзүүлэлтүүдийг хангасан арилжааны банкуудын дунд сонгон шалгаруулалт явуулан данс байршуулах арилжааны банкийг сонгож болно.Авто замын сангийн дансыг нээхдээ Сангийн яам, Авто замын газар болон уг дансыг байршуулах банк хоорондоо талуудын эрх, үүргийг тодорхой заасан гэрээг тухай бүр байгуулна. Гэрээний хугацаа тухайн санхүүгийн жилд хүчинтэй байна.
 
4.Авто замын сангийн хөрөнгийг төсвийн ерөнхийлөн захирагчийн шийдвэргүйгээр аливаа төсөл, арга хэмжээнд зарцуулах, зориулалтын бус зүйлийг санхүүжүүлэх, зээл хэлбэрээр олгох болон хандивлахыг хориглоно.

Гурав.Авто замын сангийн төлөвлөлт, зарцуулалт 

5.Авто замын сангийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг сонгохдоо Монгол улсын авто замын сүлжээг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, авто замын салбарт хэрэгжүүлэх    Засгийн газрын зорилтуудыг үндэслэн дараахь зарчмыг баримтална.Үүнд:
-бүс нутгийн эдийн засаг, нийгмийн асуудалд чухал нөлөө үзүүлэх;
-олон улсын байгууллага болон гадаад орнуудтай байгуулсан гэрээ, хэлэлцээрийн дагуу Монголын талын хүлээсэн үүргийг  биелүүлэх;
-батлагдсан зураг төсөвтэй байх;
-богино хугацаанд хөрөнгө хүчийг төвлөрүүлэн  хийх;
-тухайн чиглэлийн зам, гүүрээр явж байгаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөний тооллого болон даацын  судалгаа хийсэн байх.
6.Олон  улсын болон улсын чанартай авто зам, замын байгууламжийг барьж байгуулах хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний төслийг Авто замын газар, орон нутгийн замыг аймаг, нийслэлийн Засаг даргын зохих албад хянан боловсруулж Дэд бүтцийн хөгжлийн яаманд жил бүрийн 8 дугаар сарын 1-ний дотор ирүүлнэ.
7.Улсын болон орон нутгийн замыг барьж байгуулах хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний төслийг үндэслэн замын сангийн бүрдүүлэлт, зарцуулалтын төлөвлөгөөг Дэд бүтцийн хөгжлийн яам боловсруулан жил бүрийн 8 дугаар сарын 20-ны дотор Сангийн яаманд хүргүүлж эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөлд төсөл, арга хэмжээ нэг бүрээр тодорхой тусгуулна.
8.Улсын замын сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалт, зарцуулах хөрөнгийн хэмжээг Засгийн газар, орон нутгийн замын сангийн хөрөнгийн хэмжээ, хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтыг аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тус тус батална. Улсын замын сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний гүйцэтгэлийг Авто замын газар хянаж санхүүжүүлнэ. Орон нутгийн замын сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг  аймаг, нийслэлийн Засаг дарга хянаж санхүүжүүлнэ.
Хөрөнгийн эх үүсвэр нь нийлбэр дүнгээр батлагдсан төсөл, арга хэмжээг Авто замын газрын даргын шийдвэрээр хуваарилалт хийж санхүүжүүлнэ.
9.Улсын замын сангийн хөрөнгөөр тухайн жилд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний гүйцэтгэлд Авто замын газар техникийн хяналт тавина.
10.Улсын болон орон нутгийн замын сангийн хөрөнгөөр барьж байгуулах, их засвар, өргөтгөл, засвар арчлалт хийх, зам, замын байгууламжийг барих гүйцэтгэгчийг шаардлагатай тохиолдолд  Барилга, архитектурын газар сонгон шалгаруулалт явуулан сонгож, гэрээ байгуулан түүний хэрэгжилтэд хяналт тавих ажлыг Авто замын газар, аймаг, нийслэлийн Засаг дарга хариуцна.
11.Улсын болон орон нутгийн замын сангийн хөрөнгийн төвлөрүүлэлт, түүний зарцуулалт болон үлдэгдлийн улирал бүрийн тайланг Авто замын газар, аймаг, нийслэлийн Засаг дарга энэхүү журмын 1, 2 дугаар хавсралтын дагуу гаргаж дараа улирлын 15-ны дотор, жилийн тайланг дараа оны 3 дугаар сарын 1-ний дотор Дэд бүтцийн хөгжлийн яам, Сангийн яаманд ирүүлж байна.
12.Улсын болон орон нутгийн замын сангийн хөрөнгийн тухайн жилийн үлдэгдлийг Засгийн газраас өөрөөр шийдвэрлээгүй бол дараа оны арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулна.

  Дөрөв.Авто замын санг бүрдүүлэх

13.Улсын  авто  замын  сан  нь  Авто замын тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасан эх үүсвэрээс бүрдэнэ.
Мөн түүнчлэн олон улсын болон улсын чанартай авто зам, замын байгууламжийг өөрийн хөрөнгөөр барьж байгуулсан, засвар арчлалт хийсэн аж ахуйн нэгжүүдийн уг ажилд зарцуулсан хөрөнгийг замын санд оруулж тооцно.
14.Улсын төвлөрсөн төсөвт орсон авто бензин, дизель түлшний албан татвар, авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг З хоногт багтааж Засгийн газрын шийдвэрийн дагуу улсын болон орон нутгийн замын сангуудад шилжүүлэх ажлыг Сангийн яам хариуцна.
15.Замын санд улсын төвлөрсөн төсвөөс олгож буй хөрөнгийг холбогдох журам, гэрээний дагуу Сангийн яам тухай бүрт нь шилжүүлнэ.
16.Аж ахуйн нэгж нь олон улсын болон улсын чанартай авто зам, замын байгууламжийг өөрийн хөрөнгөөр барьж байгуулах, засвар арчлалт хийх асуудлыг Сангийн болон Дэд бүтцийн хөгжлийн сайдтай заавал урьдчилан тохиролцсон байх ёстой.
17.Орон нутгийн авто замын сан нь Авто замын тухай хуулийн 20 дугаар зүйлд заасан эх үүсвэрүүдээс бүрдэнэ.
Мөн түүнчлэн орон нутгийн чанартай авто зам, замын байгууламжийг өөрийн хөрөнгөөр барьж байгуулсан, засвар арчлалт хийсэн аж ахуйн нэгжүүдийн уг ажилд зарцуулсан хөрөнгийг орон нутгийн замын санд оруулж тооцно.
18.Аж ахуйн нэгж нь орон нутгийн чанартай замыг өөрийн хөрөнгөөр барьж байгуулах, засварлах асуудлыг аймаг, нийслэлийн Засаг даргатай заавал урьдчилан тохиролцсон байна.
Аж ахуйн нэгжийн хөрөнгөөр зам, замын байгууламжийг барих засварлах явцад техникийн хяналтыг тухайн  орон нутгийн мэргэжлийн хяналтын албад гүйцэтгэнэ.

  Тав. Хяналт, шалгалт

19.Улсын замын сангийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээнд тавих мэргэжлийн техникийн хяналтыг Авто замын газар, түүний зохих албад, орон нутгийн замын сангийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээнд тавих мэргэжлийн техникийн хяналтыг аймаг, нийслэлийн Засаг даргын зохих албад хариуцан хэрэгжүүлнэ.
20.Улс, орон нутгийн замын сангийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээ /зам, гүүрийн техник-эдийн засгийн үндэслэл, хайгуул хийх, зураг, төсөв боловсруулах, тэдгээрийн барилга угсралт, их, дунд, урсгал засвар, арчлалт, замын үйлдвэрийн баазын өргөтгөл, шинэчлэл/-нд техникийн хяналт хийж санхүүжүүлэх журмыг Сангийн сайд, Дэд бүтцийн хөгжлийн сайд нар батална.
 
----оОо----
 
 
 
 
Авто замын санг төлөвлөх,түүнд хөрөнгө
төвлөрүүлэх, захиран  зарцуулах журмын
1 дүгээр хавсралт
 
 
 
УЛСЫН АВТО ЗАМЫН САНГИЙН .... ОНЫ ТӨВЛӨРҮҮЛЭЛТ
ЗАРЦУУЛАЛТЫН ТАЙЛАН     
 
 
/мянган төгрөгөөр/
 
 
 
Үзүүлэлт
.....оны ......улирлын /оны эхнээс өссөн дүнгээр/
 
 
төлөвлөгөө
гүйцэтгэл
Замын сангийн орлогын эх үүсвэр
-Урьд оны дутуу төвлөрүүлэлт
-Авто бензин,дизелийн түлшний
 албан татварын орлого
-Зам, гүүрээр зорчиж буй
 тээврийн хэрэгслээс авах
 хураамж
-Хууль зөрчигчдөд хүлээлгэсэн
 торгууль
-Олон улсын болон дотоодын
 албан байгууллага, аж ахуйн
 нэгж,иргэдийн тусламж,хандив
-Засгийн газрын шийдвэрийн
 дагуу олгосон улсын төсвийн
 хөрөнгө
-Монгол улсын нутгаар дамжин
 өнгөрч байгаа тээврийн
 хэрэгслээс авах татвар
-Авто замын хөдөлгөөнд шинээр
 орж буй авто тээврийн болон
 өөрөө явагч хэрэгслээс авах
 татвар
-Бусад
           ОРЛОГЫН ДҮН
 
 
Замын сангийн хөрөн-гийн зарцуу-лалт
-Зам барилгын хөрөнгө
 оруулалт
-Зам гүүрийн засварын зардал
-Авто замын байгууллагуудын
 үйлдвэрлэлийн баазын  өргөт-
 гөл шинэчлэлийн хөрөнгө
 оруулалт
-Бусад зардал
        ЗАРЛАГЫН ДҮН
 
 
Дансны үлдэгдэл
Улирлын эхний
Улирлын эцсийн
 
 
 
Авто замын санг төлөвлөх,түүнд хөрөнгө
төвлөрүүлэх, захиран зарцуулах журмын
2 дугаар хавсралт 
 
..........АЙМАГ /ХОТЫН/АВТО ЗАМЫН САНГИЙН ... ОНЫ ТӨВЛӨРҮҮЛЭЛТ ЗАРЦУУЛАЛТЫН ТАЙЛАН
 
                                                                                                                  мянган төгрөгөөр
 
 
Үзүүлэлт
.....оны ....... улирлын /оны эхнээс өссөн дүнгээр/
 
 
төлөвлөгөө
гүйцэтгэл
Замын сангийн орлогын эх үүс-вэр
-Улсын замын сангаас олгох
 хувь хэмжээ
-Авто тээврийн болон өөрөө
 явагч хэрэгслийн албан
 татвар
-Орон нутгийн зам ашиглалтын
 хураамж
-Засгийн газрын шийдвэрийн
 дагуу олгосон улсын төсвийн
 хөрөнгө
-Хууль зөрчсөн этгээдэд ног-
 дуулсан торгуулийн тодорхой
 хувь хэмжээ
-Олон улсын болон дотоодын
 албан байгууллага, аж ахуйн
 нэгж,иргэдийн тусламж,хандив
-Орон нутгийн төсвийн хөрөнгө 
 
 
Замын сангийн хөрөн-гийн  зарцуу-лалт
-Зам барилгын хөрөнгө оруу-
 лалт
-Зам гүүрийн засвар арчлалт
-Зам барилгын байгууллагуудын
 үйлдвэрлэлийн баазын өргөт-
 гөл, шинэчлэлт
-Бусад
 ЗАРЛАГЫН ДҮН
 
 
Дансны үлдэгдэл
Улирлын эхний
Улирлын эцсийн