A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 1997 оны 176 дугаар тогтоолын хавсралт

АЙМАГ ДАХЬ ТӨРИЙН ӨМЧИЙН ТӨЛӨӨЛӨГЧИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ 
 Нэг. Нийтлэг үндэслэл
1.Аймаг дахь төрийн өмчийн төлөөлөгчийн үйл ажиллагааг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, энэхүү журмаар зохицуулна.
2.Аймаг дахь төрийн өмчийн төлөөлөгч нь /цаашид "төлөөлөгч" гэнэ/ төрийн өмчийн бодлогыг тухайн нутаг дэвсгэр дээр хэрэгжүүлэх ажлыг эрхлэх үүрэг бүхий төрийн албан хаагч мөн.
3.Төлөөлөгчийг аймгийн Засаг даргатай зөвшилцөж, Төрийн өмчийн хорооны дарга томилж, чөлөөлнө.
4.Төлөөлөгчийн үйл ажиллагааны зардлыг Төрийн өмчийн хороо батална. Төлөөлөгч нь шаардлагатай үед Төрийн өмчийн хороо, Сангийн яамтай тохиролцож орон тоо, цалингийн сан батлуулсны үндсэн дээр алба ажиллуулж болно.
5.Төлөөлөгчийн үйл ажиллагааны хөрөнгийн зарцуулалтад Төрийн өмчийн хороо хяналт тавина.
6.Төлөөлөгч нь зохих журмын дагуу хийгдсэн тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ. 
 Хоёр.Төлөөлөгчийн үйл ажиллагааны чиглэл
7.Төлөөлөгч нь төрийн өмчийн холбогдолтой хууль, тогтоомжийн хэрэгжилтийг тухайн нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулж, биелэлтэд нь хяналт тавина.
8.Орон нутгийн өмчийг удирдах ажилд мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлнэ.
9.Төлөөлөгч нь дараахь асуудлыг аймгийн Засаг даргатай зөвшилцөж Төрийн өмчийн хороонд оруулж шийдвэрлүүлнэ. Үүнд:
а/орон нутаг дахь төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлыг томилох, чөлөөлөх;
б/орон нутаг дахь төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн гүйцэтгэх захирлыг томилох, чөлөөлөх саналыг тухайн хуулийн этгээдийн төлөөлөн удирдах зөвлөлд оруулах;
в/Төрийн өмчийн хорооны шийдвэрийг үндэслэн орон нутаг дахь төрийн өмчийг хувьчлах ажлыг зохион байгуулж, гүйцэтгэлийг тайлагнах.
10.Орон нутаг дахь төрийн өмчийн эд хөрөнгийг түрээслүүлэх ажлыг хариуцна.
11.Төрийн өмчийг хувьчилсны орлого болон түрээсийн төлбөрийг улсын төсөвт төвлөрүүлнэ.
12.Орон нутаг дахь төсөвт байгууллагын үл хөдлөх болон үндсэн хөрөнгөд хамаарах хөдлөх хөрөнгийг данснаас хасах, шилжүүлэх, шинээр авах тухай санал боловсруулж Засаг даргаар шийдвэрлүүлнэ.
13.Орон нутаг дахь төрийн өмчит үйлдвэрийн газрын үл хөдлөх болон үндсэн хөрөнгөд хамаарах хөдлөх хөрөнгийг данснаас хасах, шилжүүлэх, олж авах санал, захиалгыг нэгтгэн хянан үзэж Төрийн өмчийн хороогоор шийдвэрлүүлнэ.
14.Орон нутаг дахь төрийн өмчийн эзэмшилт, хадгалалт хамгаалалтын байдалд хяналт тавьж, дүнг хагас, бүтэн жилээр гарган Төрийн өмчийн хороонд танилцуулна.
15.Орон нутаг дахь төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын эд хөрөнгийн анхан шатны бүртгэл хөтлөх ажлыг зохион байгуулж хяналт тавина.
16.Орон нутаг дахь төрийн өмчийн бүртгэл, судалгааг батлагдсан маягт, журмын дагуу хагас, бүтэн жилээр гаргаж аймгийн Засаг даргад танилцуулж, Төрийн өмчийн хороонд ирүүлнэ. 
 Гурав.Төлөөлөгчийн эрх, үүрэг
17.Төлөөлөгч нь ажлаа Төрийн өмчийн хорооны өмнө бүрэн хариуцна.
18.Төлөөлөгч нь өөрийн чиг үүрэг, зорилтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай эд хөрөнгийн жагсаалт, зардлын тооцоог санхүүгийн жил эхлэхээс гурван сарын өмнө гаргаж Төрийн өмчийн хороонд ирүүлнэ.
19.Төлөөлөгчийн үйл ажиллагааны тайланг хагас, бүтэн жилээр Төрийн өмчийн хорооны хурлаар хэлэлцэж дүгнэлт гаргана.
20.Төлөөлөгч нь төрийн өмчийг хувьчилсны орлого болон түрээсийн төлбөрийн тайланг улирал тутам гаргаж дараа улирлын эхний сарын 25-ны дотор, жилийн эцсийн тайланг дараа оны 2 дугаар сарын 25-ны дотор Төрийн өмчийн хороонд ирүүлнэ.
21.Төлөөлөгч нь шаардлагатай бол төрийн өмчит хуулийн этгээдэд санхүүгийн хяналт шалгалт хийлгүүлэх саналаа холбогдох хяналт шалгалтын байгууллагад тавьж шийдвэрлүүлнэ.
----оОо----