A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 2001 оны 84 дүгээр тогтоолын хавсралт

ХУДАЛДАХ ДООД ҮНЭ ТОГТООХ ЖУРАМ
 
1. Хувьчлагдах төрийн өмчит үйлдвэрийн газар, төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн төрийн эзэмшлийн хувьцаа, ногдол хувь болон дуусаагүй барилга байгууламж, ашиглалтгүй буюу илүүдэлтэй үл хөдлөх хөрөнгө, үндсэн хөрөнгөд хамаарах хөдлөх хөрөнгийн худалдах доод үнийг тогтоохдоо энэхүү журмыг мөрдөнө.
2. Хувьчлагдах төрийн өмчит үйлдвэрийн газар, төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн төрийн эзэмшлийн хувьцаа, ногдол хувийн худалдах доод үнийг Төрийн өмчийн хороо тогтоох бөгөөд тухайн хувьчлагдах хуулийн этгээдийн онцлогоос хамааран дараахь аргачлалын аль оновчтойг сонгон хэрэглэнэ:
а/бизнесийн үнэлгээний /үнийн стандарт, ирээдүйн орлогын өнөөгийн үнэ цэнийг тодорхойлох, цэвэр хөрөнгийн үндсэн дээр тооцох, зах зээлийн харьцуулалт хийх болон бусад/ аргуудын аль тохирохыг хэрэглэх;
б/төрийн өмчийн оролцоотой хувьцаат компанийн төрийн эзэмшлийн хувьцааг хувьчлахад Төрийн өмчийн хорооноос хувьчлах шийдвэр гаргахаас өмнөх 52 долоо хоногт Монголын хөрөнгийн биржээр арилжаалагдсан тухайн хувьцаат компанийн нэгж хувьцааны үнийн дундаж ханшийг хувьчлах төрийн эзэмшлийн хувьцааны тоогоор үржүүлэн тогтоох;
в/төрийн өмчит үйлдвэрийн газрын болон төрийн өмчийн оролцоотой хязгаарлагдмал хариуцлагатай компанийн төрийн эзэмшлийн ногдол хувийн худалдах доод үнийг тухайн хуулийн этгээдийн дахин үнэлгээ хийсэн хувьчлагдах хөрөнгийн үнэлгээнээс тооцон тодорхойлох. Хувьчлагдах хөрөнгө нь тухайн хуулийн этгээдийн нийт хөрөнгөөс бусдад өгөх нийт өр төлбөрийг хасч, төрд ногдох хувь хэмжээгээр үржүүлсэнтэй тэнцэх бөгөөд энэ нь хувьчлагдах хөрөнгийн  40 хувиас доошгүй байх;
г/төрийн өмчит үйлдвэрийн газрын сүүлийн 3 жилийн татварын дараахь цэвэр ашгийн дундаж хэмжээгээр тогтоох;
д/төрийн өмчит үйлдвэрийн газар олон жил дараалан алдагдалтай, үр ашиггүй ажилласан бол худалдах доод үнэ нэг төгрөг байна;
е/тухайн хуулийн этгээдийн үйл ажиллагааны цар хүрээ, үйлдвэрлэл, үйлчилгээний хэмжээ, ашигт ажиллагааны түвшин зэргээс хамааруулан Төрийн өмчийн хороо дээр дурдсанаас өөр аргачлал хэрэглэж болно.
3. Энэ журмын 2 дугаар заалтын "а"-г хэрэгжүүлэх болон 6 дугаар заалтад дурдсан хуулийн этгээдийн худалдах доод үнийг тогтоохын тулд эрх бүхий хөрөнгийн болон бизнесийн үнэлгээний компаниудын дунд Төрийн өмчийн хорооноос тендер зарлан, хувьчлах хуулийн этгээдийг худалдах доод үнийн талаар санал авч болно.
4. Хувьчлагдах хуулийн этгээдийн худалдах доод үнийг энэ журмын 2 дугаар заалтад заасан аргачлалын аль нэгээр тодорхойлох боломжгүй, эсхүл тусгай нөхцөлөөр хувьчлах хуулийн этгээдийн хувьд Доод үнэ тогтоох шинжээчдийн хэсгийг Засгийн газар томилно.
5. Энэ журмын 4 дүгээр заалтад дурдсан "Худалдах доод үнийг тодорхойлох боломжгүй хуулийн этгээд" гэдэгт дор дурдсан төрийн өмчит үйлдвэрийн газар, төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд орно:
а/үндсэн үйл ажиллагааны бус хэлбэрээр сүүлийн   3 жил ашиг олсон;
б/жил дараалан алдагдалтай ажилласан болон балансдаа өртэй боловч харилцах дансандаа аль нэг хэлбэрээр их хэмжээний бэлэн мөнгөтэй, мөн бэлэн мөнгөнд хувирах боломжтой бараа бүхий.
6. "Тусгай нөхцөлөөр хувьчлах хуулийн этгээд" гэдэгт дор дурдсан төрийн өмчит үйлдвэрийн газар, төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд орно:
а/Засгийн газар хоорондын хэлэлцээрээр байгуулагдсан хамтарсан үйлдвэр;
б/Монгол улсын стратегийн ач холбогдол бүхий үнэ цэнэтэй хуулийн этгээд;
в/хандивлагч орнуудын болон олон улсын байгууллагын шугамаар төсөл хэрэгжиж байгаа, гадаадын зээлийн өртэй, буцалтгүй тусламжийн бараа хадгалдаг, борлуулдаг хуулийн этгээд.
7. Доод үнэ тогтоох шинжээчдийн хэсэг нь 9 хүний бүрэлдэхүүнтэй байна. Шинжээчдийн хэсгийн нарийн бичгийн дарга нь Төрийн өмчийн хорооны Өмч хувьчлалын газрын дарга байх бөгөөд бусад 8 хүнийг Төрийн өмчийн хорооны саналыг үндэслэн Засгийн газар тухай бүр томилно.
8. Шинжээчдийн хэсэг нь дийлэнх олонхийн бүрэлдэхүүнтэй хуралдаж, аливаа асуудлыг дийлэнх олонхийн саналаар шийдвэрлэх зарчмыг баримтална.
9. Дуусаагүй барилга байгууламж, ашиглалтгүй буюу илүүдэлтэй үл хөдлөх хөрөнгө, үндсэн хөрөнгөд хамаарах хөдлөх хөрөнгийн худалдах доод үнийг Төрийн өмчийн хороо тогтооно.
10. Худалдах доод үнэ тогтоохтой холбогдон гарах зардлыг өмч хувьчлалын зардлаас санхүүжүүлнэ.
 
 
 
 
---- оОо----