- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХӨДӨЛМӨРИЙН ХАМТЫН МАРГААНЫГ ЗУУЧЛАГЧИЙН ОРОЛЦООТОЙГООР ШИЙДВЭРЛЭХ ЖУРАМ
Засгийн газрын 2001 оны 78 дугаар тогтоолын хавсралт
ХӨДӨЛМӨРИЙН ХАМТЫН МАРГААНЫГ ЗУУЧЛАГЧИЙН ОРОЛЦООТОЙГООР ШИЙДВЭРЛЭХ ЖУРАМ
ХӨДӨЛМӨРИЙН ХАМТЫН МАРГААНЫГ ЗУУЧЛАГЧИЙН ОРОЛЦООТОЙГООР ШИЙДВЭРЛЭХ ЖУРАМ
1. Энэ журмын зорилго нь хамтын гэрээ, хэлэлцээр байгуулах явцад үүссэн санал зөрүүтэй асуудлаар болон хамтын гэрээ, хэлэлцээрийн заалтыг биелүүлэх талаар ажилтны төлөөлөгчдийн тавьсан шаардлагыг ажил олгогч хүлээж аваагүй, хугацаанд нь хариу өгөөгүй, эсхүл ажил олгогчоос өгсөн хариуг ажилтны төлөөлөгчид хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн тохиолдолд хөдөлмөрийн хамтын маргааныг зуучлагчийн оролцоотойгоор шийдвэрлэхтэй холбоотой харилцааг зохицуулахад оршино.
2. Зуучлагч нь үйл ажиллагаандаа Хөдөлмөрийн тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомж болон энэ журмыг дагаж мөрдөнө.
3. Зуучлагчийг маргалдагч талууд харилцан тохиролцож сонгох буюу тохиролцоонд хүрээгүй бол сум, дүүргийн Засаг дарга томилно.
4. Зуучлагч нь үйл ажиллагаандаа хууль ёсыг дээдлэх, хөндлөнгийн нөлөөнд үл автах, шудрага ёсыг хангах, ил тод, бодитой байх зарчмыг баримтална.
5. Зуучлагчийг хөдөлмөрийн хамтын маргааныг шийдвэрлэхэд оролцсон хугацаанд үндсэн ажлаас нь чөлөөлж, дундаж цалин хөлстэй нь тэнцэх хэмжээний олговрыг ажлын газраас нь олгоно.
Зуучлагч нь хөдөлмөр эрхэлдэггүй бол олговрын хэмжээг талууд түүнтэй тохиролцон тогтоож тэнцүү хувиар хариуцан гаргана.
6. Зуучлагч хамтын маргааныг шийдвэрлэх явцад уг маргаантай холбогдсон асуудалтай газар дээр нь очиж танилцан, маргалдагч талуудтай нэг бүрчлэн, шаардлагатай бол холбогдох мэргэжилтэн, хамт олонтой урьдчилан уулзаж, санал дүгнэлтийг нь сонсоно.
7. Маргалдагч талууд нь өөрт байгаа мэдээллийг зуучлагчид өгөх үүрэг хүлээх бөгөөд ажил олгогч нь зуучлагчийг бичиг хэргийн техник хэрэгсэл, маргааныг хянан хэлэлцэх байр болон ажиллах нөхцөлөөр хангана.
8. Маргалдагч талууд зуучлагч урьж ажиллуулснаас хойш маргааныг ажлын тав хүртэл өдрийн хугацаанд хэлэлцэнэ.
9. Маргааныг хянан хэлэлцэх хуралд зуучлагч нь маргалдагч талууд, тэдгээрийн маргааны агуулгыг танилцуулна. Талууд санал зөрүүтэй асуудлаар өөр өөрсдийн байр суурь, үндэслэлийг зуучлагчид танилцуулна. Зуучлагч маргалдагч талуудын тайлбарыг сонссоны дараа асуулт тавих, талуудыг эвлэрүүлэх зорилгоор маргалдагч талуудад бие биедээ асуулт тавьж хариулт авах, тайлбар хийх, санал солилцох боломж олгоно.
10. Зуучлагч нь маргаантай асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаархи зөвлөмжөө маргалдагч талуудад танилцуулна.
11. Талууд маргаантай асуудлаар харилцан тохиролцсон бол энэ тухай шийдвэрийг бичгээр гаргана. Харин санал зөрүүтэй байдал хэвээр байгаа тохиолдолд энэ тухай зуучлагчийн дэлгэрэнгүй тэмдэглэлийг талуудад танилцуулснаар хөдөлмөрийн хамтын маргааныг зуучлагчийн оролцоотойгоор шийдвэрлэх үйл ажиллагаа дуусгавар болно.
12. Зуучлагч дор дурдсан эрх эдэлнэ:
а/хамтын маргааныг шийдвэрлэхэд шаардлагатай бичиг баримт, холбогдох мэдээ, судалгааг талуудаас шаардаж авах;
б/маргалдагч талуудаас хамтын маргаантай холбогдсон тайлбар, тодорхойлолт гаргуулж авах, хамт олонтой уулзаж санал хүсэлтийг сонсох;
в/шаардлагатай гэж үзвэл холбогдох байгууллага, хүмүүсээс мэргэжлийн зөвлөлгөө авах.
13. Зуучлагч дор дурдсан үүрэг хүлээнэ:
а/маргалдагч талуудын санал хүсэлтийг сонсож судлах, хуулиар тогтоосон нууцад хамаарах бичиг баримт, мэдээ, судалгааны нууцыг хадгалах;
б/тухайн маргааныг хянан хэлэлцээд харилцан тохиролцоонд хүрсэн тухай шийдвэр, эсхүл санал зөрүүтэй байдал хэвээр байгаа тухай зуучлагчийн дэлгэрэнгүй тэмдэглэлийг тухайн сум, дүүргийн Засаг даргад танилцуулах;
в/зуучлагчийн дэлгэрэнгүй тэмдэглэлд маргааны агуулга, хууль тогтоомжийн зохицуулалт, талуудын баримталсан байр суурь, зарчмын зөрүүтэй асуудал, зуучлагчийн гаргасан зөвлөмж зэргийг бүрэн тусгах.
---оОо---
Текст томруулах
A
A
A