A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 2001 оны 246 дугаар тогтоолын хавсралт

МАЛ ХАМГААЛАХ САН БҮРДҮҮЛЭХ, ЗАХИРАН ЗАРЦУУЛАХ, ТАЙЛАГНАХ ЖУРАМ
 
Нэг. Нийтлэг үндэслэл
1. Энэ журмын зорилго нь Мал хамгаалах санг бүрдүүлэх, захиран зарцуулах, тайлагнахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
 
Хоёр. Мал хамгаалах сангийн удирдлага, зохион байгуулалт
2. Мал хамгаалах сан дараахь зохион байгуулалттай байна:
а/мал хамгаалах улсын нэгдсэн сан;
б/мал хамгаалах аймаг, нийслэлийн сан;
в/мал хамгаалах сумын сан.
3. Мал хамгаалах аймаг, нийслэлийн сан нь мал хамгаалах улсын нэгдсэн сангийн дэд сан, мал хамгаалах сумын сан нь мал хамгаалах аймаг, нийслэлийн сангийн дэд сан байна.
4. Мал хамгаалах улсын нэгдсэн сангийн үйл ажиллагааг удирдан зохицуулах,сангийн хөрөнгийн бүрдүүлэлт,зарцуулалтад хяналт тавих үүрэг бүхий орон тооны бус зөвлөлтэй байна. Мал хамгаалах улсын нэгдсэн сангийн орон тооны бус зөвлөл дараахь бүрэлдэхүүнтэй байна:
 
Дарга
Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд
Гишүүд:
-Улсын байнгын онцгой комиссын дэд дарга, Иргэний хамгаалалтын газрын дарга;
-Байгаль орчны яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга;
-Дэд бүтцийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга;
-Эрүүл мэндийн яамны Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний газрын орлогч  дарга;
-Хүнс, хөдөө аж ахуйн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын орлогч  дарга бөгөөд Мал аж ахуй, усжуулалтын хэлтсийн дарга;
-Санхүү, эдийн засгийн яамны Төсвийн бодлого, зохицуулалтын газрын Зарлага  санхүүжилтийн хэлтсийн дарга;
-Улаан загалмайн нийгэмлэгийн гүйцэтгэх захирал (тохиролцсоноор).
Нарийн бичгийн дарга
-Хүнс, хөдөө аж ахуйн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Хөдөө аж  ахуйн сангийн хэлтсийн дарга.
 
5. Мал хамгаалах аймаг, нийслэлийн сангийн үйл ажиллагааг удирдан зохицуулах, сангийн хөрөнгийн бүрдүүлэлт, зарцуулалтад хяналт тавих үүрэг бүхий орон тооны бус зөвлөлийн дарга нь аймаг, нийслэлийн Засаг даргын орлогч, мал хамгаалах сумын сангийн орон тооны бус зөвлөлийн дарга нь сумын Засаг дарга байх бөгөөд бүрэлдэхүүнийг аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжаар баталж ажиллуулна.
6. Мал хамгаалах улсын нэгдсэн сангийн өдөр тутмын үйл ажиллагааг Хүнс, хөдөө аж ахуйн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Хөдөө аж ахуйн сангийн хэлтэс, мал хамгаалах аймаг, нийслэлийн сангийнхыг Засаг даргын Тамгын газрын холбогдох хэлтэс, мал хамгаалах сумын сангийнхыг сумын хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн мэргэжилтэн эрхэлнэ.
7. Мал хамгаалах улсын нэгдсэн сангийн төвлөрүүлэн захирагч нь Хүнс, хөдөө аж ахуйн сайд, мал хамгаалах аймаг, нийслэлийн санд аймгийн Засаг дарга, мал хамгаалах сумын санд сумын Засаг дарга байна.
 
Гурав. Мал хамгаалах сангийн санхүүгийн эх үүсвэр
8. Мал хамгаалах улсын нэгдсэн санг дараахь эх үүсвэрээс бүрдүүлнэ:
а/гадаад орон, олон улсын байгууллагаас ган, зудаас хамгаалах, хохирлыг нөхөхтэй холбогдуулан буцалтгүй тусламжаар тодорхой нөхцөл болзолтойгоор олгосноос бусад бараа, бүтээгдэхүүнийг борлуулсны орлого;
б/гадаад орон, олон улсын байгууллагаас ган, зудаас хамгаалах, хохирлыг нөхөхтэй холбогдуулан буцалтгүй тусламжаар олгосон мөнгөн хөрөнгө;
в/гадаад орон, олон улсын байгууллагаас ган, зудаас хамгаалах, хохирлыг нөхөхөд зориулан олгосон зээл;
г/улсын төвлөрсөн төсвөөс хуваарилан олгосон хөрөнгө;
д/иргэд, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагын хандив, тусламж;
е/сангийн хөрөнгийг энэхүү журамд заасан зориулалтын дагуу бусдад зээлдүүлсний болон банкинд хадгалуулсны хүү;
ж/бусад эх үүсвэр.
9. Мал хамгаалах аймаг, нийслэлийн санг дараахь эх үүсвэрээс бүрдүүлнэ:
а/хувийн мал бүхий иргэний орлогын албан татварын 30-аас доошгүй хувьтай тэнцэх мөнгөн хөрөнгө;
б/бэлчээр ашигласны төлбөрийн 50-иас доошгүй хувьтай тэнцэх мөнгөн хөрөнгө;
в/орон нутгийн төсвөөс хуваарилан олгосон хөрөнгө;
г/мал хамгаалах улсын нэгдсэн сангаас олгосон зээл, тусламж;
д/сангийн чөлөөт хөрөнгийг бусдад зээлдүүлсний болон банкинд хадгалуулсны хүү;
е/иргэд, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагын хандив, тусламж;
ж/бусад эх үүсвэр.
10. 9 дүгээр зүйлийн "а", "б"-д заасан хөрөнгөөс мал хамгаалах аймгийн болон сумын санд төвлөрүүлэх хэмжээг аймгийн Засаг дарга тогтооно.
 
Дөрөв. Мал хамгаалах сангийн хөрөнгийг зарцуулах зориулалт
11. Мал хамгаалах улсын нэгдсэн сангийн хөрөнгийг дараахь зориулалтаар зарцуулна:
а/орон нутгаас тавьсан хүсэлтийг үндэслэн мал оторлон өвөлжүүлэхтэй холбогдсон судалгаа явуулах, бэлчээрийн даац тодорхойлох, ган, зудын нөхцөл байдал, зэрэглэл, хамрах хүрээг тогтоох, эрсдэлийн үнэлгээ хийхтэй холбогдсон зардлыг санхүүжүүлэх;
б/өвс, тэжээлийн улсын аюулгүйн нөөц бий болгохтой холбогдсон үйл ажиллагааг санхүүжүүлэх;
в/малын тэжээлд зориулж уураг, энергийн агууламж ихтэй тэжээлийн ургамал (шар буурцаг, вандуй, эрдэнэ шиш, овьёос, царгас зэрэг)-ыг улсын захиалга, даалгавраар тариалагчдад зээл олгох;
г/хадлан, тэжээл бэлтгэх техник, технологийн шинэчлэл хийх, тэдгээрийн сэлбэг бөөнөөр захиалж ирүүлэх, хадгалах, худалдан борлуулахтай холбогдсон зардал;
д/ган, зудаас учирсан хохирлыг нөхөх арга хэмжээ болон ган, зудыг хохирол багатай даван туулах зохион байгуулалтын арга хэмжээний зардлыг санхүүжүүлэх, зээл олгох;
е/хаягдсан, эвдэрсэн худгийг сэргээн засварлах, уст цэг шинээр гаргах санхүүжилт, зээл олгох;
ж/гадаад орон, олон улсын байгууллагаас ган, зудтай тэмцэх зориулалтаар авсан зээлийн үндсэн өр болон хүүгийн төлбөр;
з/ган, зудад нэрвэгдсэн аймаг, сумдад дэмжлэг, тусламж үзүүлэх, зээл олгох;
и/сангийн үйл ажиллагаатай холбогдсон зардал.
12. Мал хамгаалах аймаг, нийслэлийн сангийн хөрөнгийг дараахь зориулалтаар зарцуулна:
а/бэлчээрийн даац, багтаамжийг тогтоож хамгаалалтад авах, зохистой ашиглахтай холбогдсон зардлыг санхүүжүүлэх, мал сүргийг өөр аймаг, сумын нутагт оторлон өвөлжүүлэхтэй холбогдсон арга хэмжээнд зээл олгох, тусламж үзүүлэх;
б/өвс, тэжээлийн аймаг, нийслэлийн байнгын нөөц бий болгохтой холбогдсон үйл ажиллагааг санхүүжүүлэх, зээл олгох;
в/өвс, тэжээл бэлтгэх, тэжээлийн үйлдвэрлэл эрхлэгчдэд зээл олгох;
г/ган, зудаас учирсан хохирлыг нөхөх арга хэмжээг санхүүжүүлэх, зээл олгох;
д/хадлан, тэжээл бэлтгэх техник, технологийн шинэчлэлт хийх аж ахуйн нэгжид зээл олгох;
е/уст цэг шинээр гаргахад зээлийн дэмжлэг үзүүлэх;
ж/Мал хамгаалах улсын нэгдсэн сангаас авсан зээлийн үндсэн өр болон хүүгийн төлбөр;
з/сангийн үйл ажиллагаатай холбогдон гарах зардал.
13. Мал хамгаалах сумын сангийн хөрөнгийг дараахь зориулалтаар зарцуулна:
а/өвс, тэжээлийн сумын аюулаас хамгаалах нөөц бүрдүүлэх арга хэмжээг санхүүжүүлэх, зээл олгох;
б/хадлан, тэжээл бэлтгэх арга хэмжээнд зээл олгох.
 
Тав. Мал хамгаалах сангийн хөрөнгийг зарцуулах зарчим
14. Мал хамгаалах сангийн хөрөнгийг тухайн үеийн нөхцөл байдлыг харгалзан энэ журамд заасан зориулалтын дагуу буцалтгүй санхүүжилт болон эргэн төлөгдөх нөхцөлтэй зээл хэлбэрээр зарцуулна.
15. Мал хамгаалах сангаас зээл олгох, буцалтгүй тусламж үзүүлэх болзол, нөхцөл, төлбөр, тооцоо, хяналтын журмыг Санхүү, эдийн засгийн сайд, Хүнс, хөдөө аж ахуйн сайд нар баталж мөрдүүлнэ.
16. Сангийн хөрөнгийг арилжааны аль нэгэн банкны төв, орон нутгийн салбарт байршуулж, тус тусын сангийн орон тооны бус зөвлөлийн шийдвэрээр зарцуулна.
17. Сангийн хөрөнгийн 90-ээс доошгүй хувийг эргэн төлөгдөх зээл олгоход зориулна. Энэ заалтад гадаад орон, олон улсын байгууллагаас тодорхой нөхцөл, болзолтойгоор олгосон тусламжийн хөрөнгө хамаарахгүй.
 
Зургаа. Мал хамгаалах улсын нэгдсэн сангийн орон тооны бус зөвлөлийн эрх, үүрэг
18. Мал хамгаалах улсын нэгдсэн сангийн орон тооны бус зөвлөл нь сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулахтай холбогдсон дараахь эрх, үүргийг хэрэгжүүлнэ:
а/Мал хамгаалах улсын нэгдсэн сангийн хөрөнгийг бүрдүүлэх, аймаг, нийслэлд хөрөнгө хуваарилах, зарцуулах, олгосон хөрөнгийн ашиглалт, зарцуулалтад хяналт тавих;
б/мал хамгаалах улсын нэгдсэн сангийн хөрөнгийг хүнс, хөдөө аж ахуйн салбарын бодлого, чиглэл, хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэх чиглэлтэй нийцүүлэн шийдвэрлэх;
в/мал хамгаалах үйл ажиллагаатай холбогдсон улсын нэгдсэн болон аймаг, нийслэлийн сангийн санхүүгийн нэгдсэн тайлан, шаардлагатай гэж үзвэл тухайлсан сумын тайланд хяналт шалгалт хийж үнэлэлт дүгнэлт өгөх;
г/сангийн үйл ажиллагааны зардлын жилийн төсөв хэлэлцэж батлах;
д/санхүүгийн хөрөнгийг нөхөн бүрдүүлэхтэй холбогдсон асуудал.
19. Мал хамгаалах сангийн талаархи аливаа асуудлыг сангийн орон тооны бус зөвлөлийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэнэ.
20. Сангийн орон тооны бус зөвлөлийн хурлыг гишүүдийн гуравны хоёр хувийн ирцтэй бол хүчин төгөлдөрт тооцно. Хуралд Санхүү, эдийн засгийн яам, Иргэний хамгаалалтын газрын төлөөлөл оролцоогүй бол хурлыг хүчингүйд тооцно.
21. Сангийн орон тооны бус зөвлөлийн хуралд оролцсон гишүүдийн олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ.
22. Сангийн орон тооны бус зөвлөл шийдвэрлэсэн асуудлаар удирдамж, зөвлөмж гаргана.
 
Долоо. Мал хамгаалах сангийн орлого,зарлагын тайлан
23. Мал хамгаалах сангийн орлого, зарлагын тайланг батлагдсан маягтын дагуу улирал, жилээр гаргана.
24. Мал хамгаалах сангийн орлого, зарлагын тайлангийн маягтыг мал хамгаалах улсын нэгдсэн сангийн орон тооны бус зөвлөл батална.
25. Мал хамгаалах сумын сангийн орлого, зарлагын тайланг улирал бүрийн дараа сарын 5-ны дотор гаргаж мал хамгаалах аймгийн санд ирүүлнэ.
26. Мал хамгаалах аймгийн сан нь мал хамгаалах сумын сангаас ирүүлсэн тайланг нэгтгэж, өөрийн орлого, зарлагын тайлангийн хамт, мал хамгаалах нийслэлийн сан өөрийн орлого, зарлагын тайланг тус тус улирал бүрийн дараа сарын 15-ны дотор Мал хамгаалах улсын нэгдсэн санд ирүүлнэ.
27. Мал хамгаалах сангийн санхүүгийн үйл ажиллагааны тайланг жилээр гаргах бөгөөд мал хамгаалах сумын сангийн санхүүгийн үйл ажиллагааны жилийн тайланг жил бүрийн 1 дүгээр сарын 30-ны дотор мал хамгаалах аймгийн санд, аймгийн сан нь сумдын тайланг нэгтгэн, өөрийн санхүүгийн үйл ажиллагааны тайлангийн хамт, мал хамгаалах нийслэлийн сан өөрийн үйл ажиллагааны тайланг тус тус жил бүрийн 2 дугаар сарын 20-ны дотор Мал хамгаалах улсын нэгдсэн санд ирүүлэх бөгөөд улсын хэмжээний нэгдсэн тайланг 3 дугаар сарын 15-ны дотор нэгтгэн гаргаж Санхүү, эдийн засгийн яаманд тайлагнаж байна.
28. Сангийн хөрөнгийн бүрдүүлэлт, зарцуулалтад төв, орон нутгийн санхүүгийн хянан шалгах байгууллага жил бүр баримтын шалгалт хийнэ.
 
Найм. Энэ журмыг зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага
29. Сангийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан, хувийн зорилгод ашигласан, ашиглуулсан байгууллага, албан тушаалтанд холбогдох хууль тогтоомжийн дагуу захиргааны болон эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
 
 
 
----оОо----