- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ САНГ БҮРДҮҮЛЭХ, ЗАРЦУУЛАХ, ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ
Засгийн газрын 2001 оны 171 дүгээр тогтоолын хавсралт
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ САНГ БҮРДҮҮЛЭХ, ЗАРЦУУЛАХ, ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ САНГ БҮРДҮҮЛЭХ, ЗАРЦУУЛАХ, ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ
1. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан /цаашид "сан" гэх/-гийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, түүнд хяналт тавих үйл ажиллагаанд энэхүү журмыг дагаж мөрдөнө.
2. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгө нь хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, шинээр ажлын байр бий болгох, ажилгүй иргэдэд хөдөлмөр эрхлэх боломжийг бүрдүүлэхэд чиглэгдсэн арга хэмжээнд зориулагдана.
3. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн орлогыг төвлөрүүлэх, уг сангаас хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааг зохион байгуулан санхүүжүүлэх, гүйцэтгэлийг тайлагнах үүргийг хөдөлмөр эрхлэлтийн төв болон орон нутгийн алба гүйцэтгэнэ.
4. Энэхүү журмын хэрэгжилт болон сангийн бүрдүүлэлт, санхүүжилт, сангийн хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулах асуудлыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам хариуцна.
5. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгө нь дор дурдсан эх үүсвэрээс бүрдэнэ:
5.1. Улсын Их Хурлаар батлагдсан тухайн жилийн улсын төвлөрсөн төсвийн орлогоос хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд хуваарилсан хөрөнгө;
5.2. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас орон нутгийн тухайн жилийн төсвийн орлогоос хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд хуваарилсан хөрөнгө;
5.3. Ажилгүйдлийн даатгалын шимтгэлийн орлогоос хуулийн дагуу олгох тэтгэмж болон сургалтын зардалд зориулсан хөрөнгө;
5.4. Сангийн чөлөөт үлдэгдлийг банкинд хадгалуулсны хүүгийн орлого;
5.5. Олон улсын байгууллага, бусад орноос олгосон зээл, тусламжийн хөрөнгө;
5.6. Олон улсын байгууллага, гадаад орон, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс санд оруулсан хандивын хөрөнгө;
5.7. Гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авч ажиллуулсны төлбөр;
5.8. Жижиг зээлийн хүүгийн орлого;
5.9. Бусад эх үүсвэр.
6. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан нь мөнгөн сан байх бөгөөд улсын хэмжээний төвлөрсөн сан, орон нутгийн дэд сантай байна.
7. Орон нутгийн төсвөөс дэд санд олгох хөрөнгийн хэмжээг аймаг, нийслэл, дүүргийн Засаг дарга тухайн орон нутгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлнэ.
Орон нутгийн хөдөлмөр эрхлэлтийн алба дэд сангийн орлого, зарлагыг төлөвлөж, жил бүрийн 8 дугаар сарын 1-ний дотор Хөдөлмөр эрхлэлтийн газарт ирүүлнэ.
8. Хөдөлмөр эрхлэлтийн газар нь улсын төвлөрсөн төсвөөс хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвлөрсөн санд олгох хөрөнгийн хэмжээ болон сангийн орлого, зарлагыг төлөвлөж, жил бүрийн 8 дугаар сарын 10-ны дотор Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яаманд хүргүүлнэ.
9. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвлөрсөн санд жил бүр улсын төсвөөс олгох хөрөнгийн хэмжээ болон сангийн орлого, зарлагын жилийн төлөвлөгөөг хянан үзэн улсын хэмжээгээр нэгтгэж, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн саналыг тусган жил бүрийн 8 дугаар сарын 15-ны дотор Санхүү, эдийн засгийн яаманд хүргүүлнэ.
10. Сангийн хөрөнгийн зарлагыг төлөвлөхдөө Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан сургалтын зардалд сангийн хөрөнгийн нийт орлогын 20 хүртэл, мөн хуулийн 10 дугаар зүйлд заасан жижиг зээл олгох арга хэмжээнд 30 хүртэл, 12 дугаар зүйлд заасан нийтийг хамарсан ажил зохион байгуулахад 15 хүртэл хувийг тус тус зарцуулахаар тооцно.
11. Санхүү, эдийн засгийн яам сангийн орлого, зарлагыг хянаж жил бүрийн төсвийн төлөвлөгөөнд тусгана.
12. Улсын Их Хурлын чуулганаар баталсан улсын төвлөрсөн төсвөөс олгох хөрөнгийг орлогын гүйцэтгэлтэй уялдуулан улирал бүр санхүүжүүлэх бөгөөд санд олгох хөрөнгө нь жилийн дүнгээр төлөвлөсөн хэмжээнээс хэтрэхгүй байна. Тухайн жилд дутуу хийгдсэн санхүүжилтийн хөрөнгийг дараа онд нөхөн олгоно.
13. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн тухайн жилийн орлого, зарлагын төсөв, сангийн хагас жилийн болон жилийн төсвийн тайланг Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлөөр хэлэлцүүлэн хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
14. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд заасны дагуу хөдөлмөрийн зах зээлийн харилцаанд оролцогч ажилгүй иргэн, ажил хайгч, ажилгүйдэлд өртөж болзошгүй иргэн, ажил олгогч, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, төсөл санаачлагч иргэд нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүжилт авах болзол, нөхцөлийг хангасан тохиолдолд энэхүү журам болон Засгийн газраас баталсан бусад журмын дагуу холбогдох дэмжлэгийг авч болно.
15. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих улсын хэмжээний сангийн тухайн жилийн орлогын хөрөнгө /ажилгүйдлийн даатгалын шимтгэлийн орлогоос орсон хөрөнгийг тооцохгүйгээр/-ийг дор дурдсанаар хуваарилан зарцуулна:
15.1. Мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөлгөө өгөх, мэдээллээр хангах, ажилд зуучлах үйлчилгээнд;
15.2. Ажилгүйдлийн даатгалд хамрагдаагүй иргэнийг мэргэжил олгох, давтан сургалтад хамруулах үйлчилгээнд;
15.3. Хувиараа хөдөлмөр эрхлэх хүсэлтэй иргэнийг аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх арга барил, ур чадвар эзэмшүүлэх сургалтад хамруулах үйлчилгээнд;
15.4. Хувиараа болон нөхөрлөл, хоршооны хэлбэрээр хөдөлмөр эрхлэх иргэн, аж ахуйн нэгжид жижиг зээл олгох арга хэмжээнд;
15.5. Ажил олгогчийг дэмжих арга хэмжээнд;
15.6. Нийтийг хамарсан ажил зохион байгуулах арга хэмжээнд;
15.7. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хууль тогтоомжид заасан бусад үйлчилгээ, арга хэмжээний зардалд.
16. Ажилгүйдлийн даатгалын шимтгэлийн орлогоос санд төвлөрсөн хөрөнгийг Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу зарцуулна.
17. Олон улсын байгууллага, хандивлагч орноос олгосон зээл, тусламжийн хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулж тайлагнана.
18. Сангаас орон нутагт хуваарилах хөрөнгийн хэмжээг хөдөлмөр эрхлэлтийн төв байгууллагын саналыг үндэслэн Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам улирлаар хуваарилан баталж, уг хуваарийг Санхүү, эдийн засгийн яаманд жил бүрийн 1 дүгээр сард багтаан хүргүүлж байна.
19. Хөдөлмөр эрхлэлтийн төв байгууллага нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгийг батлагдсан хуваарийн дагуу аймаг, нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн албанд дараахь байдлаар хуваарилна:
19.1. Улсын төвлөрсөн болон орон нутгийн төсвөөс хуваарилсан хөрөнгийг:
а/хөдөлмөр эрхлэлтийн албаас ажилгүй иргэнд мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөлгөө өгөх, мэдээллээр хангах үйлчилгээг хэсэг, бүлгээр зохион байгуулахтай холбогдсон зардалд /мэргэжлийн багшийн ажлын хөлс, ажлын байрны талаархи захиалга, мэдээлэл, ажил мэргэжлийн тодорхойлолт, техник хэрэгсэл, зурагт хуудас, гарын авлага хэвлүүлэх зардал/;
б/ажилд зуучлахад /ажилтнуудын хотын доторхи тээвэр,холбооны зардал, зарлал, сурталчилгаа, ажилгүйчүүдийн хувийн хэрэг,анкет,холбогдох бичиг баримт, маягтын зардал/;
в/мэргэжил олгох, давтан сургалтад хамруулах сургалтын зардалд /хугацаат цэргийн албанаас халагдсан болон ерөнхий боловсролын 8, 10 дугаар анги төгсөөд ажил, сургуульгүй байгаа, нийгмийн даатгалд хамрагдаагүй, мэргэжилгүй, эсхүл мэргэжлийн ур чадвар доогуур, хүн амын эмзэг бүлэгт хамрагдах иргэд, хувиараа хөдөлмөр эрхлэх, аж ахуйн үйл ажиллагаа явуулах арга барил, ур чадвар эзэмшүүлэх сургалтад хамрагдах хүсэлтэй иргэдийн сургалтын зардал/;
г/нийтийг хамарсан ажилд /төсөвт өртгийн дагуу/;
д/хувиараа болон нөхөрлөл, хоршооны хэлбэрээр аж ахуй эрхлэх иргэнд жижиг зээл олгоход тус тус зарцуулна.
19.2. Гадаад орон, олон улсын байгууллагаас олгосон зээл, тусламж, сангийн чөлөөт үлдэгдлийг банкинд хадгалуулсны хүү, ажлын байрны төлбөр, аж ахуйн нэгж, байгууллага, иргэнээс өргөсөн хандив, тусламжийг:
а/Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нөхцөлийг хангасан ажил олгогчид цалингийн дэмжлэг үзүүлэх зардалд;
б/мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөлийг хангасан ажил олгогчид олгох сургалтын зардалд;
в/мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан нөхцөлийг хангасан ажил олгогчид сургалтын болон цалингийн дэмжлэг үзүүлэх зардалд;
г/хөдөлмөр эрхлэлтийн албадын материаллаг баазыг бэхжүүлэх, ажилтнуудын мэдлэг,мэргэшлийг дээшлүүлэх сургалт, семинар зохион байгуулахад тус тус зарцуулна.
20. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 9, 11 дүгээр зүйлд заасан хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээ, арга хэмжээнд шаардагдах зардлыг олгоход дор дурдсан бичиг баримтыг бүрдүүлсэн байна:
20.1. Хуулийн 9.1.1-д заасан иргэн:
-тухайн иргэний ам бүлийн талаархи баг, сум, хорооны Засаг даргын тодорхойлолт;
-тухайн иргэний ам бүлийн орлогын тодорхойлолт;
-хувийн өргөдөл.
20.2. Хуулийн 9.1.2-т заасан иргэн:
-эзэмшсэн мэргэжлээрээ ажиллах орон тоо нь цомхотгогдсон тухай ажил олгогчийн шийдвэрийн хувь;
-мэргэжлээ өөрчлөх шаардлагатай байгаа тухай хөдөлмөр эрхлэлтийн албаны дүгнэлт;
-хувийн өргөдөл.
20.3. Хуулийн 9.1.3-т заасан иргэн:
-мэргэжлээс шалтгаалсан өвчний тухай мэргэжлийн байгууллагын магадалгаа;
-хувийн өргөдөл.
20.4. Хуулийн 9.1.4-т заасан иргэн:
-ажил олгогчийн тодорхойлолт;
-хувийн өргөдөл.
20.5. Хуулийн 9.1.5-д заасан иргэн:
-тухайн онд 8,10 дугаар анги төгссөн гэрчилгээ;
-хугацаат цэргийн албанаас халагдсан тухай цэрэг,
иргэний хамгаалалтын хэлтсийн тодорхойлолт;
-ажил болон сургуульгүй байгаа тухай баг, хороо, сумын
Засаг даргын тодорхойлолт.
20.6. Хуулийн 9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт дурдсан үйлчилгээнд хамрагдах иргэн:
-жижиг зээл олгох тухай хөдөлмөр эрхлэлтийн албаны шийдвэр;
-сургалтад хамруулах тухай хөдөлмөр эрхлэлтийн албаны дүгнэлт;
-хувийн өргөдөл.
20.7. Хуулийн 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт дурдсан арга хэмжээнд хамрагдах ажил олгогч:
-тухайн иргэний ажилгүй байсан хугацааны тухай хөдөлмөр эрхлэлтийн албаны тодорхойлолт;
-байгууллагын үйл ажиллагааны талаар холбогдох татварын албаны тодорхойлолт;
-шимтгэл төлөлтийн талаар нийгмийн даатгалын байгууллагын тодорхойлолт;
-тухайн иргэнийг ажилд авсан шийдвэр,хөдөлмөрийн гэрээ;
-тухайн иргэний нийгмийн даатгалын дэвтэр;
-хүсэлт тавьсан тухайн байгууллагын албан бичиг.
20.8. Хуулийн 11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт дурдсан арга хэмжээнд хамрагдах ажил олгогч:
-хөдөлмөр эрхлэлтийн албатай байгуулсан гэрээ;
-тухайн иргэнийг ажилд авсан шийдвэр,хөдөлмөрийн гэрээ;
-тухай иргэний нийгмийн даатгалын дэвтэр;
-мэргэжил эзэмшсэн тухай үнэмлэх, гэрчилгээ;
- хүсэлт тавьсан тухайн байгууллагын албан бичиг.
20.9. Хуулийн 11 дүгээр зүйлийн 3-т дурдсан арга хэмжээнд хамрагдах ажил олгогч:
-хөдөлмөрийн гэрээ цуцлах мэдэгдэл;
-тухайн иргэнийг шинэ ажлын байранд томилсон шийдвэр, хөдөлмөрийн гэрээ;
-тухай иргэний нийгмийн даатгалын дэвтэр;
-мэргэжил эзэмшсэн тухай үнэмлэх, гэрчилгээ;
-орон тоо цомхотгох болсон тухай шийдвэрийн хувь;
-хүсэлт тавьсан тухайн байгууллагын албан бичиг.
21. Улсын хэмжээний сангийн харилцах дансны 1 дүгээр болон 2 дугаар гарын үсгийг Хөдөлмөр эрхлэлтийн газрын дарга, сан хариуцсан нягтлан бодогч, орон нутгийн дэд сангийн харилцах дансны 1 дүгээр болон 2 дугаар гарын үсгийг Хөдөлмөр эрхлэлтийн албаны дарга, нягтлан бодогч зурна.
22. Жилийн эцэст харилцах дансанд зарцуулагдаагүй үлдсэн хөрөнгийг дараа жилд шилжүүлэн зарцуулж болно.
23. Сангийн хөрөнгийг энэ журмын 15 дугаар заалтад зааснаас бусад зориулалтаар ашиглахыг хориглоно.
24. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаанд хамрагдагсдыг бүртгэх, сангаас олгох хөрөнгийн хэмжээг тодорхойлох, тогтоосон хугацаанд олгох, хяналт тавих, зохион байгуулах үүргийг орон нутгийн хөдөлмөр эрхлэлтийн алба гүйцэтгэнэ.
25. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн зарцуулалтад дараахь байдлаар хяналт тавина:
25.1. Улсын хяналтыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Санхүүгийн улсын хяналт шалгалтын газар, Төрийн хянан шалгах хороо, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын улсын хяналтын алба тус тусын эрх хэмжээний дагуу;
25.2. Орон нутагт улсын хяналтыг эдгээр байгууллагын харьяа орон нутгийн алба хэрэгжүүлнэ.
26. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн орлого, зарлагын тайланг дор дурдсан хугацаанд гаргана:
26.1. Улирлын тайланг сумын хөдөлмөрийн асуудал эрхэлсэн ажилтан дараа улирлын эхний сарын 5-ны дотор аймгийн хөдөлмөр эрхлэлтийн албанд, аймаг, нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн алба дараа улирлын эхний сарын 15-ны дотор хөдөлмөр эрхлэлтийн төв байгууллагад тус тус ирүүлнэ.
26.2. Хөдөлмөр эрхлэлтийн төв байгууллага нь улирлын нэгдсэн тайланг дараа улирлын хоёрдахь сарын 5-ны дотор, жилийн эцсийн тайланг дараа оны 2 дугаар сарын 15-ны дотор тус тус гаргаж Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Санхүү, эдийн засгийн яаманд хүргүүлнэ.
27. Хөдөлмөр эрхлэлтийн газар нь сангийн орлого, зарлагын тайланг хуулийн дагуу Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөл, нийгмийн даатгалын төв байгууллагад хүргүүлж байна.
28. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн бүртгэл, тайлан, мэдээний маягтын загварыг Санхүү, эдийн засгийн болон хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран баталж мөрдүүлнэ.
----оОо----
Текст томруулах
A
A
A