A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 1996 оны 259 дугаар тогтоолын хавсралт

МОНГОЛ УЛСЫН САЙДЫН ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ НИЙТЛЭГ ЖУРАМ
  НЭГ. Нийтлэг үндэслэл
1. Энэхүү нийтлэг журмын зорилго нь Монгол Улсын сайдад түүний эрхлэх хүрээний ажил, тэргүүлж буй яамных нь зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлаар зөвлөлгөө өгөх үүрэг бүхий сайдын зөвлөлийн үйл ажиллагааг зохицуулахад оршино.
2. Сайдын зөвлөлийн үйл ажиллагаа нь яам, агентлагийн бизнес төлөвлөгөө, нийтийн эрх ашгийг хөндсөн хөтөлбөр, төсөл, хуулийн төсөл болон сайдаас хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн бусад асуудлыг зөвшин хэлэлцэхэд чиглэгдэнэ.
3. Энэхүү нийтлэг журамд нийцүүлэн сайд нь өөрийн эрхэлсэн хүрээний ажил, тэргүүлж байгаа яамныхаа зорилго, чиг үүргийн онцлогт тохирсон сайдын зөвлөл /цаашид "зөвлөл" гэх/-ийн ажиллах журмыг тогтооно.
4. Зөвлөл нь яамны дотоод асуудлыг хэлэлцэхгүй.
5. Зөвлөл нь ажлын дадлага туршлага, онолын мэдлэг бүхий 9 хүртэл хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд гишүүдэд нь зохих урамшуулал олгоно. Сайдын тэргүүлж байгаа яамны ажилтан зөвлөлийн гишүүн байж болно.
6. Зөвлөлийн бүрэлдэхүүнийг сайдын тушаалаар батална.
  ХОЁР. Зөвлөлийн ажлын зохион байгуулалт
7. Зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь тодорхой асуудлыг хэлэлцэх хуралдаан байна. Зөвлөлийн хуралдааныг сайд удирдаж явуулна.
8. Зөвлөлийн хуралдааны хуваарийг сайд баталж, хэлэлцэх асуудлыг товлоно.
9. Яамны аппарат нь зөвлөлийн хуралдааныг бэлтгэн явуулах мөн түүнчлэн хэлэлцэх асуудалтай холбогдсон мэдээллээр зөвлөлийн гишүүдийг хангах үүрэгтэй.
10. Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэх баримт бичгийн төслийг үзэл баримтлал, танилцуулга, зохих тооцоо, судалгаа болон шаардлагатай бусад материалын хамт хуралдаанаар хэлэлцэхээс өмнө гишүүдэд тараахдаа уг асуудлын онцлогоос хамааран судалж танилцах хугацаа олгох боломжтой байхаар зохион байгуулна.
11. Зөвлөлийн хуралдааны явцад гишүүд баримт бичгийн төслийг боловсруулсан ажилтанд асуулт тавьж, хариултыг сонсож болно.
12. Зөвлөлийн хуралдаанд оролцсон гишүүд хэлэлцэж байгаа асуудлын талаар санал дүгнэлтээ гаргана. Хуралдааны явцад гишүүд тодорхой асуудлаар санал зөрвөл санал хураах замаар шийдвэрлэнэ.
13. Хуралдааны явцын талаар тэмдэглэл хөтөлж, хуралдаанаас зөвлөмж гаргана. Сайд бодлого боловсруулахдаа зөвлөмжийг тусгах эсэхээ өөрөө шийдвэрлэнэ.
14. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан яамны аппарат, холбогдох байгууллагын ажилтныг зөвлөлийн хуралдаанд оролцуулж  болно.
  ГУРАВ. Зөвлөлийн гишүүний эрх, үүрэг
15. Зөвлөлийн гишүүн дараахь эрхтэй:
а/зөвлөлийн хуралдаанд оролцон хэлэлцэж байгаа асуудлын талаар санал, дүгнэлт гаргах;
б/хэлэлцэх асуудалтай холбогдуулан шаардлагатай мэдээллээр хангагдах;
в/хэлэлцэх бичиг баримтын бүрдэл, боловсруулалтын чанараас хамаарч зөвлөлийн хуралдааныг хойшлуулах санал тавих;
г/нэмэлт судалгаа хийхийг шаардах.
16. Зөвлөлийн гишүүн хэлэлцэх асуудалтай урьдчилан танилцаж зохих бэлтгэлтэй оролцох үүрэгтэй.
-------оОо-------