A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 2003 оны 79 дүгээр тогтоолын хавсралт

ГАДААДЫН ИРГЭНИЙГ МОНГОЛ УЛСААС АЛБАДАН ГАРГАХ ЖУРАМ
 
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргах үйл ажиллагааг Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль болон энэ журмаар зохицуулна.
1.2. Албадан гаргах гадаадын иргэн нь Монгол Улсаас гарч яваагүй шалтгаан, нөхцөлөө тайлбарлах эрхтэй.
Хоёр. Гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргах үндэслэл
2.1. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн  30 дугаар зүйлд заасны дагуу гадаадын иргэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй байвал Монгол Улсаас дараахь үндэслэлээр  албадан гаргана:
2.1.1. Монгол Улсад хүчин төгөлдөр бус болон хуурамч бичиг баримтаар орж ирсэн, эсхүл оршин суух хугацаа нь дууссан боловч тус улсаас гарч явахаас зайлсхийсэн;
2.1.2. Монгол Улсад оршин суух зөвшөөрлийг хүчингүй болгосон буюу оршин суух үнэмлэхийг буцаан авсан боловч тус улсаас гарч явахаас зайлсхийсэн;
2.1.3. Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлсэн буюу ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан;
2.1.4. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан хориглосон үйл ажиллагаа явуулсан.
Гурав. Албадан гаргах санал, шийдвэр, түүнийг хэрэгжүүлэх
3.1. Гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргах тухай шийдвэрийг Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх албаны /цаашид "Алба" гэх/ саналыг үндэслэн хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн гаргах бөгөөд Алба уг шийдвэрийг хил хамгаалах болон цагдаагийн байгууллагатай хамтран гүйцэтгэнэ.    
3.2. Алба гадаадын иргэнийг албадан гаргах тухай дэлгэрэнгүй танилцуулга, саналаа хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд уламжилж шийдвэрлүүлнэ.
3.3. Гадаадын иргэнийг албадан гаргах шийдвэрт тухайн гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацааг зааж  өгнө.
3.4. Гадаадын иргэнийг тус улсаас албадан гаргах шийдвэрийг хэрэгжүүлэх талаар төрийн захиргааны дараахь байгууллагууд дор дурдсан үүрэг гүйцэтгэнэ:
      3.4.1. Алба:
3.4.1.1. тухайн гадаадын иргэнд тус улсаас өөрийг нь албадан гаргах болсон тухай шийдвэр болон шаардагдах зардлыг өөрөө хариуцахыг мэдэгдэж, шаардлагатай тохиолдолд түүнийг бусдаас тусгаарлан байрлуулах;
3.4.1.2. албадан гаргах гадаадын иргэний оршин суугаа хаяг тодорхойгүй буюу бүртгүүлсэн хаягаараа байхгүй тохиолдолд цагдаа, тагнуулын байгууллагын тусламжтайгаар олж тогтоох;
3.4.1.3. албадан гаргах гадаадын иргэний тухай товч танилцуулга, гэрэл зураг, түүнийг албадан гаргах тухай шийдвэрийн хуулбарыг уг этгээдийг албадан гаргахаас өмнө гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага,хил хамгаалах, цагдаа, тагнуулын  байгууллагад тус тус албан ёсоор хүргүүлэх;
3.4.1.4. албадан гаргах гадаадын иргэн паспорт буюу түүнийг орлох хууль ёсны баримт бичиггүй тохиолдолд холбогдох баримт бичиг олгуулах асуудлыг тухайн гадаадын иргэнийг харьяалах улсын Дипломат төлөөлөгчийн газарт тавьж шийдвэрлүүлэх, хэрэв тухайн гадаадын иргэнийг харьяалах улсын Дипломат төлөөлөгчийн газар тус улсад байхгүй бол Гадаад хэргийн яамаар дамжуулан  шийдвэрлүүлэх; 
3.4.1.5. албадан гаргах гадаадын иргэний паспорт буюу түүнийг орлох хууль ёсны баримт бичигт Монгол Улсаас албадан гаргасан тухай дардас дарж, "гарах" виз олгох, оршин суух үнэмлэх, бүртгэл, хувийн хэрэгт албадан гаргасан тухай тэмдэглэл хийх;
3.4.1.6. тухайн гадаадын иргэнээс албадан гаргахтай холбоотой зардлыг гаргуулах, түүний зорчих олон улсын тээврийн хэрэгслийн тийз захиалах, худалдан авах ажлыг зохион байгуулах;
3.4.1.7 албадан гаргах гадаадын иргэн нь зардлаа өөрөө хариуцах санхүүгийн боломжгүй нь нотлогдсон тохиолдолд албадан гаргахад шаардагдах зардлыг хариуцах;
3.4.1.8. шаардлагатай тохиолдолд албадан гаргах гадаадын иргэнийг хуяглан хүргэх ажилтны паспорт, визийн асуудлыг холбогдох байгууллагуудтай тохиролцон шийдвэрлэх;
3.4.1.9. албадан гаргах шийдвэрийг хэрэгжүүлсэн тухай дүнг тухайн шийдвэрийг хэрэгжүүлж дууссанаас хойш ажлын гурван өдрийн дотор хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд илтгэх хуудсаар танилцуулах.
3.4.2. Гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага:
3.4.2.1. гадаадын иргэнийг албадан гаргах шийдвэрийг Албанаас хүлээн авмагц энэ талаар тухайн гадаадын иргэнийг харьяалах улсын Дипломат төлөөлөгчийн газарт албан ёсоор мэдэгдэж, шаардлагатай бол тайлбар өгөх;
3.4.2.2. албадан гаргах гадаадын иргэнд зохих улсын виз олгуулах ажлыг зохион байгуулах;
3.4.2.3. албадан гаргах гадаадын иргэнийг хуяглан хүргэх цагдаагийн ажилтанд паспорт, виз олгуулах асуудлыг шийдвэрлэх;
3.4.2.4. шаардлагатай бол Монгол Улсаас гадаад улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газраас дэмжлэг туслалцаа авах ажлыг зохион байгуулах;
3.4.2.5. албадан гаргах гадаадын иргэнд шийдвэрт заасан хугацаанд Монгол Улсын виз олгохгүй байх тухай тус улсаас холбогдох улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газар, Өргөмжит консулд мэдэгдэх.
      3.4.3. Цагдаагийн байгууллага:
                      3.4.3.1. гадаадын иргэнийг албадан гаргах тухай шийдвэр, холбогдох бусад мэдээллийг Албанаас хүлээн авмагц шаардлагатай арга хэмжээ авах;
                      3.4.3.2. албадан гаргах гадаадын иргэнийг хилийн боомт хүртэл хуяглан хамгаалж  хүргэх ажилтныг томилох;
                      3.4.3.3. албадан гаргах гадаадын иргэнийг бусдаас тусгаарласан байрыг хамгаалах, албадан гаргах явцад нисэх онгоцны болон галт тэрэгний буудалд олон нийтийг хамарсан эмх замбараагүй байдал үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор цагдаагийн хүч хэрэгслээр хамгаалалт зохион байгуулах, автомашинаар хүргэх үед замын осол гарахаас сэргийлж шаардлагатай тохиолдолд хамгаалалт хийх.
      3.4.4. Хил хамгаалах байгууллага:
                      3.4.4.1. албадан гаргах гадаадын иргэний талаар ОХУ, БНХАУ-ын хилийн шалган нэвтрүүлэх байгууллагад урьдчилан мэдэгдэх, холбогдох туслалцаа үзүүлэх;
                      3.4.4.2. албадан гаргах гадаадын иргэнийг шаардлагатай үед хилийн боомтод байрлуулах, хамгаалах, хооллох, эмнэлгийн тусламж үзүүлэх зэрэг арга хэмжээг авах;
                      3.4.4.3. албадан гаргасан гадаадын иргэнийг шийдвэрт заасан хугацаанд Монгол Улсад оруулахгүй байх арга хэмжээ авах.
 
 
 
 
----оОо----