- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТҮҮХ, СОЁЛЫН ДУРСГАЛТ ЗҮЙЛИЙГ ХУВИЛАН ОЛШРУУЛАХ, ЗАГВАРААР НЬ БЭЛЭГ ДУРСГАЛЫН ЗҮЙЛ БЭЛТГЭХ, КИНО, ДҮРС БИЧЛЭГ, ГЭРЭЛ ЗУРАГ АВАХ, МАРК, ИЛ ЗАХИДАЛ, ЦОМОГ ХИЙХ ЖУРАМ
Засгийн газрын 2003 оны 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт
ТҮҮХ, СОЁЛЫН ДУРСГАЛТ ЗҮЙЛИЙГ ХУВИЛАН ОЛШРУУЛАХ, ЗАГВАРААР НЬ
БЭЛЭГ ДУРСГАЛЫН ЗҮЙЛ БЭЛТГЭХ, КИНО, ДҮРС БИЧЛЭГ, ГЭРЭЛ ЗУРАГ АВАХ,
МАРК, ИЛ ЗАХИДАЛ, ЦОМОГ ХИЙХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1. Түүх, соёлын дурсгалт зүйлийн эх бүтээлийг хувилан олшруулах, загвараар нь бэлэг дурсгалын зүйл бэлтгэх, кино, дүрс бичлэг, гэрэл зураг авах, марк, ил захидал, цомог хийх зориулалтаар ашиглахад энэ журмыг дагаж мөрдөнө.
2. Энэ журмын зорилго нь түүх, соёлын дурсгалт зүйлийн эх бүтээлийг анхных нь төрх байдлаар хадгалж хамгаалахад оршино.
3. Энэ журмыг түүх, соёлын дурсгалт зүйлтэй харьцаж буй бүх аж ахуйн нэгж, байгууллага, иргэн дагаж мөрдөнө.
Хоёр. Түүх, соёлын дурсгалт зүйлийг ашиглах талаар гэрээ байгуулах
4. Хувилан олшруулахаар хуулбарлах, загвараар нь бэлэг, дурсгалын зүйл бэлтгэх, кино, дүрс бичлэг, гэрэл зураг авах, ил захидал, цомог хийх зориулалтаар түүх, соёлын дурсгалт зүйлийн эх бүтээлийг ашиглахдаа түүний зэрэглэлээс хамааруулж өмчлөгч, эзэмшигчтэй нь дараахь журмаар гэрээ байгуулна:
4.1. бэлэг дурсгалын зүйл бэлтгэх, зураг авах, хуулбар цомог хийхэд түүх, соёлын хосгүй үнэт, үнэт дурсгалт зүйлийн эх бүтээлийг ашиглуулах тохиолдолд соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай гэрээ хийнэ;
4.2. бэлэг дурсгалын зүйл бэлтгэх, зураг авах, хуулбар цомог хийх зориулалтаар түүх, соёлын ердийн дурсгалт зүйлийн эх бүтээлийг ашиглуулах тохиолдолд тухайн түүх, соёлын дурсгалт зүйлийг эзэмшигч, өмчлөгч байгууллага, аж ахуйн нэгжтэй гэрээ хийнэ.
5. Иргэн өөрийн эзэмшил, өмчлөлд байгаа түүх, соёлын ердийн дурсгалт зүйлийн эх бүтээлийг бэлэг дурсгалын зүйл бэлтгэх, зураг авах, хуулбар, цомог хийх зориулалтаар бусдад ашиглуулж болно.
6. Аж ахуйн нэгж, байгууллага, иргэн бэлэг дурсгалын зүйл бэлтгэх, зураг авах, хуулбар, цомог хийх зориулалтаар түүх, соёлын дурсгалт зүйлийн эх бүтээлийг ашиглах тухай хүсэлтээ өмчлөгч, эзэмшигчид гаргана.
7. Өмчлөгч, эзэмшигч хүсэлтийг хүлээн авснаас хойш 1 сар хүртэлх хугацаанд зөвшөөрөх, эсэхээ бичгээр мэдэгдэнэ.
8. Гадаадын байгууллага, иргэд түүх, соёлын дурсгалт зүйлийг ашиглахтай холбогдсон харилцааг тухай бүр энэ журам болон бусад хууль тогтоомжийн дагуу байгуулсан гэрээ, хэлэлцээрийн дагуу зохицуулна.
9. Аж ахуйн нэгж, байгууллага, иргэн түүх, соёлын дурсгалт зүйлийн эх бүтээлийг ашиглах тухай гэрээг байгуулахдаа дараахь нөхцөлийг заавал тусгана:
9.1. түүх, соёлын дурсгалт зүйлийн эх бүтээлийг ашиглах зорилго, нөхцөл, болзол, хэрэглэх материал, техник хэрэгсэл;
9.2. ашиглагч, өмчлөгч, эзэмшигчийн эрх, үүрэг, хүлээх хариуцлага;
9.3. ашиглуулах түүх, соёлын дурсгалт зүйлийн эх бүтээлийн нэр төрөл, тоо хэмжээ, хэрэглэх хугацаа;
9.4. түүх, соёлын дурсгалт зүйлийн эх бүтээл ашигласны төлбөрийн хэмжээ, төлөх хугацаа, болзол;
9.5. хийсэн хуулбарт тавих таних тэмдэг.
10. Түүх, соёлын дурсгалт зүйлийн эх бүтээлийг ашиглах гэрээг Иргэний хуулийн 25 дугаар бүлэгт нийцүүлэн хийнэ.
Гурав. Хуулбар хийхэд тавих шаардлага
11. Түүх, соёлын дурсгалт зүйлийн эх бүтээлээс хуулбар хийх аж ахуйн нэгж, байгууллага, иргэн дараахь шаардлагыг биелүүлэх үүрэгтэй:
11.1. гэрээний заалтыг чанд мөрдөж, түүх, соёлын дурсгалт зүйлийн эх бүтээлийг зөвхөн зориулалтын дагуу ашиглах;
11.2. түүх, соёлын дурсгалт зүйлийн эхийг гэмтээх, чанарыг алдагдуулахгүй байх арга, технологи хэрэглэх;
11.3. хуулбарыг ямар материалаар, юунд зориулж, хэзээ хэдэн хувийг яаж хийсэн тухай тайлан бичиж гэрэл зургийг хавсарган тухайн түүх, соёлын дурсгалыг харьяалах бүртгэл-мэдээллийн санд, хуулбар хийсэн хэв, түүнтэй адилтгах бусад зүйлийг уг дурсгалт зүйлийг өмчлөгч, эзэмшигчдэд өгч хадгалуулна.
12. Түүх, соёлын дурсгалт зүйлийн хуулбар нь эх бүтээлээс материалын хувьд өөр байхаас гадна гол бус хэсэгтээ "хуулбар" гэсэн таних тэмдэг, дугаартай байна.
13. Түүх, соёлын дурсгалт зүйлийн музей, үзэсгэлэнгийн үзмэрийн зориулалтаар хийсэн хуулбар нь эх бүтээлтэйгээ ижил хэмжээтэй байж болно.
14. Бэлэг дурсгалын болон худалдаа арилжааны зориулалттай зүйлийн хуулбарыг эх бүтээлээс нь өөр хэмжээгээр хийнэ.
15. Түүх, соёлын дурсгалт зүйлийн эх бүтээлээс хуулбар хийхэд дараахь зүйлийг хориглоно:
15.1. эх бүтээлийг гэмтээх, түүнд хортойгоор нөлөөлөх материал, арга, технологи хэрэглэх;
15.2. эх бүтээлээс хуулбарыг зориудаар өөрчлөх;
15.3. хуулбараас дахин хуулбар хийх.
Дөрөв. Кино, дүрс бичлэг, гэрэл зураг авахад тавих шаардлага
16. Аж ахуйн нэгж, байгууллага, иргэн түүх, соёлын дурсгалт зүйлийн эх бүтээлийг кино, дүрс бичлэг, гэрэл зураг авах зориулалтаар ашиглахад дараахь шаардлагыг биелүүлэх үүрэгтэй:
16.1. нэмэлт гэрэл хэрэглэх, байрнаас нь хөдөлгөх, зөөж тээвэрлэн авч явах тохиолдолд түүх, соёлын хосгүй үнэт, үнэт дурсгалт зүйлд соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, ердийн дурсгалт зүйлд тухайн зүйлийг эзэмшигч, өмчлөгчөөс зөвшөөрөл авах;
16.2. гэрэл зургийн бүх төрлийн эх хальсыг өмчлөгч, эзэмшигчдэд нь өгч хадгалуулах;
16.3. зураг авах ажлыг өмчлөгч, эзэмшигчийн оролцоотойгоор, түүний хяналтын дор гүйцэтгэх.
17. Кино, дүрс бичлэг, гэрэл зураг авахдаа тухайн түүх, соёлын дурсгалт зүйлийн үндсэн төрх хэлбэр, чанарт сөрөг нөлөөлөх арга хэрэглэхийг хориглоно.
18. Марк, ил захидал, цомог хийх зорилгоор зураг авагч нь энэ журмын 14, 15 дугаар зүйлд заасан шаардлагыг биелүүлнэ.
Тав. Бусад зүйл
19. Түүх, соёлын хосгүй үнэт, үнэт дурсгалт зүйлийн эх бүтээлийг энэ журамд заасан зориулалтаар ашиглуулахад хөндлөнгийн этгээдийг заавал байлцуулан хяналт тавиулна. Хөндлөнгийн этгээд нь иргэн, аль нэгэн байгууллагын төлөөлөгч байж болно.
20. Бэлэг дурсгалын зүйл бэлтгэх, зураг авах, хуулбар, цомог хийх зориулалтаар түүх, соёлын дурсгалт зүйлийг ашиглахдаа аж ахуйн нэгж, байгууллага, иргэн гэрээний заалтыг зөрчиж, тэдгээрийн хэлбэр дүрс, чанарт сөрөг нөлөө үзүүлэх үйл ажиллагаа явуулбал тухайн түүх, соёлын дурсгалт зүйлийг өмчлөгч, эзэмшигч тэдний үйл ажиллагааг зогсоож, гэрээг цуцална.
21. Аж ахуйн нэгж, байгууллага, иргэн түүх, соёлын дурсгалт зүйлийг энэ журамд заасан зориулалтаар ашиглахдаа зохисгүй үйл ажиллагааны улмаас тэдгээрт гэм хор учруулбал холбогдох хууль тогтоомжийн дагуу хохирлыг нөхөн төлөх үүрэг хүлээнэ.
---оОо---
Текст томруулах
A
A
A