A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 2003 оны 23 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт


ТҮҮХ, СОЁЛЫН ДУРСГАЛТ ЗҮЙЛИЙГ ЗӨӨЖ ТЭЭВЭРЛЭХ ЖУРАМ
/ЗГ-ын 2016-1-18-ны өдрийн 52-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
 
Нэг. Нийтлэг үндэслэл
1. Улсын бүртгэл-мэдээллийн санд бүртгэгдсэн түүх, соёлын дурсгалт зүйлийг хамгаалах, сурталчлах, шилжүүлэн байрлуулах зорилгоор зөөж тээвэрлэхэд энэхүү журмыг дагаж мөрдөнө.
2. Төрийн өмчид байгаа түүх, соёлын дурсгалт зүйлийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зөөж тээвэрлэх асуудлыг өмчлөгч, эзэмшигч нь хариуцан гүйцэтгэнэ.
3. Түүх, соёлын хосгүй үнэт, үнэт дурсгалт зүйлийг соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын, ердийн дурсгалт зүйлийг тухайн дурсгалт зүйлийг өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрлөөр тус тус зөөж тээвэрлэнэ.
4. Гадаадын байгууллага, иргэд түүх, соёлын дурсгалт зүйлийг зөөж тээвэрлэхтэй холбогдсон харилцааг тухай бүр энэхүү журам болон хууль тогтоомжийн дагуу байгуулсан гэрээ, хэлэлцээрийн дагуу зохицуулж байна.
 
Хоёр. Түүх, соёлын дурсгалт зүйлийг зөөж тээвэрлэхэд бэлтгэх
5. Түүх, соёлын дурсгалт зүйлийг зөөж тээвэрлэхийн өмнө уг зүйлийн тухайн үеийн чанар, байдлын талаар тодорхойлолт бичнэ. Шаардлагатай бол цэвэрлэх, бэхжүүлэх, сэргээн засварлах арга хэмжээ авна.
6. Үнэт металл болон эрдэнийн үнэт чулуугаар хийсэн түүх, соёлын дурсгалт зүйл, археологийн үнэт олдвор зэрэг хосгүй үнэт дурсгалт зүйлийг жигнэж, хэмжихийн хамт шаардлагатай бол дүрс бичлэг хийх буюу гэрэл зургийг нь авна.
7. Түүх, соёлын дурсгалт зүйлийн салах хэсгийг тусад нь боож, гэмтэхээс сэргийлэх арга хэмжээ авна.
8. Түүх, соёлын дурсгалт зүйлийн жин, овор хэмжээнд тохируулан гадаад орчны /халуун, хүйтэн, чийг зэрэг/ хийгээд бусад сөрөг нөлөөллөөс хамгаалсан хайрцаг, саванд хийж битүүмжилнэ.
9. Түүх, соёлын дурсгалт зүйлийг гадаа, ил газар савлаж боохыг хориглоно.
10. Түүх, соёлын дурсгалт зүйлийг хийсэн хайрцаг, сав бүр дээр илгээгч, хүлээн авагчийн хаяг, болгоомжтой хандахыг сануулсан таних тэмдгийг бичнэ.
11. Түүх, соёлын дурсгалт зүйлийг савлах, боох ажлыг эзэмшигч буюу түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцан гүйцэтгэнэ.
12. Түүх, соёлын дурсгалт зүйлийг савлаж боосон тухай акт үйлдэж хил нэвтрүүлэх бол гаалийн тэмдэг, дотоод эзэмшигчийн тэмдгийг хайрцаг, сав баглаанд дарна.
13. Төрийн өмчид байгаа түүх, соёлын дурсгалт зүйлийг зөөх, тээвэрлэхийн өмнө түүнийг үнэлж даатгалын байгууллагад даатгуулсан байна. Түүх, соёлын дурсгалт зүйлийн тээвэрлэлтийн даатгалын үнэлгээг мэргэжлийн байгууллага тогтооно.
 
Гурав. Түүх, соёлын дурсгалт зүйлийг зөөж тээвэрлэх
14. Эзэмшигч, тээвэрлэгч, хүлээн авагч, зуучлагч нар түүх, соёлын дурсгалт зүйлийг зөөж тээвэрлэх нөхцөлийн талаар гэрээ байгуулж, дурсгалт зүйлийг өөр хоорондоо хүлээлцэх бүртээ акт үйлдэнэ.
Гэрээнд түүх, соёлын дурсгалт зүйлийг тээвэрлэх нөхцөл, шаардлага, хугацаа, даатгалын үнэ, даатгал төлөх байгууллага, гэмтээсэн буюу үрэгдүүлсэн тохиолдолд хүлээх хариуцлага зэргийг тодорхой тусгана.
15. Түүх, соёлын дурсгалт зүйлийг зориулалтын, шаардлага хангасан тээврийн хэрэгслээр зөөж тээвэрлэх бөгөөд хайрцаг, сав боодол бүрийг битүүмжилсэн байна.
16. Тээвэрлэгч, хүлээн авагч талууд зөөж тээвэрлэн ирсэн зүйлийг сав боодлын тэмдгээр хүлээлцэж, шаардлагатай бол сав боодлыг задлан нэг бүрчлэн шалгаж бүртгэнэ.
17. Түүх, соёлын дурсгалт зүйлийг зөөж тээвэрлэх үед  өмчлөгч, эзэмшигч, хүлээн авагч, эсвэл тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч дагалдана. Шаардлагатай бол хамгаалалтын ажилтан дагалдуулж болно.
18. Зөөж тээвэрлэх үед түүх, соёлын дурсгалт зүйлийг гэмтээсэн буюу дутагдуулсан байвал хохирлыг буруутай этгээдээр төлүүлэх арга хэмжээ авах бөгөөд шаардлагатай бол "Соёлын өвийг хамгаалах тухай хууль"-д заасны дагуу  хамгаалалтыг хариуцсан этгээд хуулийн байгууллагад хандана.
19. Зөөж тээвэрлэж авчирсан түүх, соёлын дурсгалт зүйлийн сав боодлыг 3 хоногийн дотор задалж ашиглагчид хүлээлгэн өгнө.
20. Түүх, соёлын дурсгалт зүйлийг ил задгай зөөж тээвэрлэхийг хориглоно.
 
 
---оОо---