A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • БАЙГАЛЬ ОРЧНЫГ ХАМГААЛАХ, БАЙГАЛИЙН НӨӨЦИЙГ НӨХӨН СЭРГЭЭХ АРГА ХЭМЖЭЭНД ЗАРЦУУЛАХ ТӨЛБӨРИЙН ОРЛОГЫН ХЭСГИЙГ БҮРДҮҮЛЭХ, ЗАРЦУУЛАХ, ТАЙЛАГНАХ ЖУРАМ
Бүлэг: 1979
Засгийн газрын 2000 оны 52 дугаар тогтоолын хавсралт

БАЙГАЛЬ  ОРЧНЫГ  ХАМГААЛАХ, БАЙГАЛИЙН НӨӨЦИЙГ НӨХӨН  СЭРГЭЭХ  АРГА ХЭМЖЭЭНД ЗАРЦУУЛАХ  ТӨЛБӨРИЙН  ОРЛОГЫН ХЭСГИЙГ БҮРДҮҮЛЭХ, ЗАРЦУУЛАХ, ТАЙЛАГНАХ ЖУРАМ
Нэг.Нийтлэг үндэслэл
1.Байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх арга хэмжээнд зориулан байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогын хэсгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнахад энэ журмыг дагаж мөрдөнө.
2.Энэ журмын зорилго нь байгалийн баялгийн нөөц ашигласны төлбөрийн орлогын хэсгийг  байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээхтэй холбогдсон арга хэмжээнд зарцуулах  үйл ажиллагааг зохицуулахад оршино.
Хоёр.Төлбөрийн орлогын хэсгийг бүрдүүлэх
3."Байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах хөрөнгийн хувь, хэмжээний тухай хууль"-ийн 3, 4 дүгээр зүйлд заасан төлбөрийн хэсэг, хувь хэмжээтэй уялдуулан байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах хөрөнгийг төсөв, санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дор дурдсанаар бүрдүүлнэ:
 а/тухайн төлөвлөгөөт жилд улс, орон нутгийн төсөвт орох ойгоос хэрэглээний мод, түлээ бэлтгэж ашигласны төлбөрийн орлогын 70 хувиас дээш, газрын төлбөрийн орлогын 20 хувиас дээш хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгийг нэгдсэн журмаар зарцуулахаар улсын төвлөрсөн төсвийн  тусгай дансанд төвлөрүүлэх;
б/энэ зүйлийн "а"-д заасан төвлөрүүлэн зарцуулахаар бүрдүүлсэн хувь хэмжээнээс бусад  байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогын хэсэгтэй тэнцэх буюу түүнээс дээш хэмжээний хөрөнгийг аймаг, нийслэлийн төсвийн тусгай  дансанд төвлөрүүлэх.
4.Аймаг, нийслэл нь энэ зүйлийн 3 дугаар зүйлийн "б"-д заасны дагуу төвлөрүүлсэн хөрөнгөөс сумдын байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлнэ.
Гурав.Төлбөрийн орлогын хэсгийг зарцуулах
5.Энэ журмын 3, 4 дүгээр зүйлд заасны дагуу  бүрдүүлсэн төлбөрийн орлогын хэсэгтэй тэнцэх хөрөнгийг байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг арвижуулах, нөхөн сэргээх, зохион  байгуулах болон орчны доройтлыг бууруулах, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, байгаль орчны хууль тогтоомжийг сахиулах арга хэмжээнд зарцуулна.
6.Төлбөрийн орлогын хэсгээс санхүүжигдэх байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээ нь улс, аймаг, нийслэл, сумын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх тухайн жилийн үндсэн чиглэл болон байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөнд тус тус тусгагдсан байвал зохино.
Дөрөв.Төрийн захиргааны төв болон нутгийн  захиргааны байгууллагын үүрэг
7.Төсөв, санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараахь үүргийг хэрэгжүүлнэ:
а/энэ журмын 3 дугаар зүйлийн "а"-д заасны дагуу бүрдүүлсэн хөрөнгөөр газар, ойн нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх, зохион байгуулах арга хэмжээг санхүүжүүлэх;
б/аймаг, нийслэлийн байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээг санхүүжүүлэх эх үүсвэрийг бүрдүүлж өгөх, зарцуулалтад хяналт тавих;
в/байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх арга хэмжээнд дараа онд зориулан зарцуулах хөрөнгийн хувь, хэмжээг жил бүрийн 5 дугаар сарын 1-ний дотор багтаан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран тогтоож байх.
8.Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараахь үүргийг хэрэгжүүлнэ:
а/байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогын хэсгийн эх үүсвэрээс санхүүжигдэх байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх арга хэмжээнд дараа онд зарцуулах хөрөнгийн хувь, хэмжээг жил бүрийн 5 дугаар сард багтаан аймаг, нийслэлд хүргүүлэх;
б/аймаг, нийслэлийн байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний дараа оны төлөвлөгөөний төслийг хянаж, түүний талаархи саналаа 10 дугаар сард багтаан аймаг, нийслэлийн Засаг даргад  хүргүүлэх;
в/энэ журмын 3 дугаар зүйлийн "а"-д заасны дагуу бүрдүүлсэн хөрөнгийн зарлагын төсөв,төлөвлөгөө, гүйцэтгэлийн тайланг хянан баталж, хэрэгжилтийг зохион байгуулах.
9.Аймаг, нийслэл, сумын Засаг дарга дараахь үүргийг хэрэгжүүлнэ:
а/төлбөрийн орлогын хэсгээр дараа онд хэрэгжүүлэх аймаг, нийслэлийн байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх арга хэмжээний төлөвлөгөөний төслийг  7 дугаар сарын 30-ны дотор багтаан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад, сумдын төлөвлөгөөний төслийг 6 дугаар сарын 30-ны дотор багтаан аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлэх;
б/тухайн жилд аймаг, нийслэлийн хэмжээгээр санхүүжигдэх байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх арга хэмжээний төлөвлөгөө, зарлагын төсвийн төслийг зохих шатны  Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлж шийдвэрлүүлэх;
в/энэ журмын 3 дугаар зүйлийн "б" заалт, 4 дүгээр зүйлд заасны дагуу бүрдүүлсэн төлбөрийн орлогын хэсгийг тусгай дансанд төвлөрүүлэх, зориулалтын дагуу зарцуулах ажлыг зохион байгуулах;
г/байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх арга хэмжээг байгаль орчны мэргэжлийн болон бусад аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээр гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж, биелэлтэд нь хяналт тавих;
д/аймаг, нийслэл, сумын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл болон байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх  төлөвлөгөөнд тусгагдаагүй арга хэмжээг санхүүжүүлэхгүй байх.
10.Энэ журмын 3 дугаар зүйлийн "б"-д заасны дагуу байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх арга хэмжээнд зориулан бүрдүүлсэн төлбөрийн орлогын хэсгийн 70 хувийг тухайн суманд, 30 хувийг  сум дундын чанартай нийтлэг арга хэмжээнд зориулан аймагт тус тус төвлөрүүлэн зарцуулна.
11.Төлбөрийн орлогын хэсгээс санхүүжигдэх байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх арга хэмжээнд шаардагдах зардлын нормативыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас төсөв, санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран тухай бүр тогтоож мөрдүүлнэ.
Тав.Төлбөрийн орлогын хэсгийн зарцуулалтыг  тайлагнах, мэдээлэх
12.Төлбөрийн орлогын хэсгээс санхүүжүүлсэн байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх арга хэмжээний гүйцэтгэлийг гүйцэтгэгч байгууллага, аж ахуйн нэгж, иргэд  гэрээнд заасан нөхцөлийн дагуу тухайн аймаг, нийслэл, сумын Засаг даргын Тамгын газарт, Засаг дарга нь Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тус тус тайлагнана.
13.Аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар нь байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогын хэсгээс бүрдүүлсэн хөрөнгөөр санхүүжүүлсэн арга хэмжээний хагас жилийн тайланг тухайн жилийн 7 дугаар сарын 30-ны дотор, жилийн тайланг дараа оны 1 дүгээр сарын 30-ны дотор гаргаж байгаль орчны болон төсөв, санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тайлагнана.
14.Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь төлбөрийн орлогын хэсгээс бүрдүүлсэн хөрөнгөөр санхүүжүүлсэн байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх арга хэмжээний үр дүнг Засгийн газраас Улсын Их Хуралд жил бүр өргөн мэдүүлдэг "Байгаль орчны төлөв байдлын тайлан"-д тусгаж байна.
 
 
---оОо---