A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 2001 оны 200 дугаар тогтоолын хавсралт

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САНГ БҮРДҮҮЛЭХ, ЗАРЦУУЛАХ, ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ
 
Нэг. Нийтлэг үндэслэл
1. Аялал жуулчлалын сан (цаашид "сан" гэх)-г бүрдүүлэх,  зарцуулах, хяналт тавихтай холбогдсон харилцааг энэхүү журмаар зохицуулна.
2. Аялал жуулчлалын тухай хуулийн 19.2-т заасны дагуу сан нь төвлөрсөн төсвийн бүрэлдэхүүн хэсэг бөгөөд түүний гүйцэтгэлийг тайлагнахтай холбогдсон харилцааг Төсвийн тухай хуулиар зохицуулна.
З. Сангийн хөрөнгийг Аялал жуулчлалын тухай хуулийн 21.1-д заасны дагуу дэд бүтцийг хөгжүүлэх, монгол орныг гадаад, дотоодод сурталчлах, жуулчлалаас байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах, түүх, соёлын дурсгалт зүйлийг сэргээн засварлах, байгаль, түүх, соёлын өвийг дэмжих, хамгаалахад зарцуулна.
4. Сангийн хөрөнгийг улсын төвлөрсөн төсвийн тусгай дансанд байршуулна.
 
Хоёр. Сангийн удирдлага
5. Сангийн захирал бөгөөд төвлөрүүлэн захирагч нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Аялал жуулчлалын газрын дарга байна.
6. Сангийн захирал сангийн асуудлаар дор дурдсан эрх, үүрэгтэй байна:
а/сангийн  хөрөнгийг хуваарилан зарцуулах;
б/сангийн хөрөнгийг энэ журамд заасны дагуу бүрдүүлэх үйл ажиллагааг эрхэлж, арвижуулах, зарцуулалтын үр ашгийг дээшлүүлэх;
в/хууль тогтоомжид заасны дагуу сангийн санхүүгийн нэгдсэн төлөвлөгөөг боловсруулан жил бүрийн улсын төвлөрсөн төсөвт тусгуулах арга хэмжээ авах;
г/сангийн гүйцэтгэлийг зохион байгуулж Засгийн газрын өмнө хариуцах;
д/сангаас санхүүжүүлж байгаа арга хэмжээний үр дүнг тооцох, шаардлагатай бол санхүүжилтийг зогсоох;
е/ сангийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан зөрчлийг холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэх.
 
Гурав. Санг бүрдүүлэх, зарцуулах
7. Аялал жуулчлалын сан дараахь эх үүсвэрээс бүрдэнэ:
а/тухайн жилд улсын төвлөрсөн төсвөөс хуваарилсан хөрөнгө;
б/гадаад, дотоодын иргэд, байгууллагын тусламж, хандив;
в/хуулиар хориглоогүй бусад эх үүсвэр.
8. Сангийн хөрөнгийг дараахь арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулна:
а/монгол орны байгалийн үзэсгэлэнт газар, үндэсний соёл, хүн ардын зан заншил, түүхийг сурталчилсан кино, дүрс болон дууны бичлэг хийх, ном, ил захидал танилцуулга цомог хэвлэх, мэргэжлийн сонин, сэтгүүл гаргах, улсын болон олон улсын чанартай хурал, зөвлөлгөөн, дотоод, гадаадын үзэсгэлэн, яармаг зохион байгуулах;
б/аялал жуулчлалын дэд бүтцийг бий болгох төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
в/аялал жуулчлалаас байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах, байгаль орчныг хамгаалах арга хэмжээг санхүүжүүлэх;
г/байгаль, түүх, соёлын өвийг сэргээн засварлах, хадгалж хамгаалах.
9. Аялал жуулчлалын газрын дарга нь тухайн жилд сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх арга хэмжээ, зардлын төсвийн төслийг аймаг, нийслэлийн Засаг дарга, холбогдох бусад байгууллагын саналыг үндэслэн боловсруулж аялал жуулчлалын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээр батлуулна.
10. Энэ журмын 10-т заасны дагуу батлуулсан төсвийн төслийг Аялал жуулчлалын газрын дарга жил бүрийн 8 дугаар сарын 1-ний дотор төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
11. Сангийн хөрөнгөөр хийх ажлын гүйцэтгэгчийг шалгаруулах, гэрээ байгуулах ажлыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил үйлчилгээний гүйцэтгэгч сонгох журмын тухай хуульд заасан журмын дагуу гүйцэтгэнэ.
12. Сангийн хөрөнгийн зарцуулагдаагүй үлдэгдлийг дараа онд шилжүүлэн зарцуулна.
 
Дөрөв. Сангийн хөрөнгийн зарцуулалтыг тайлагнах, хяналт тавих
13. Аялал жуулчлалын газрын дарга Төсвийн тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасны дагуу сангийн гүйцэтгэлийн тайланг улирал болон жилээр гаргаж, улирлын тайланг дараа улирлын эхний сарын 20-ны дотор, жилийн тайланг дараа оны З дугаар сарын 1-ний дотор төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ.
14. Сангийн хөрөнгийн бүрдүүлэлт, зарцуулалтад аялал жуулчлалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага эрх хэмжээнийхээ хүрээнд хяналт тавина.
15. Сангийн хөрөнгийн зарцуулалтад тавих мэргэжлийн хяналтыг санхүүгийн хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлнэ.
 
Тав. Бусад зүйл
16. Сангийн хөрөнгийг бусдад хандивлах, барьцаалах, зээлээр ашиглуулах, хууль болон энэ журамд зааснаас өөр зориулалтаар зарцуулахыг хориглоно.
17. Энэ журамд заасныг зөрчиж сангийн хөрөнгийг зориулалт бусаар ашигласан албан тушаалтанд холбогдох хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
 
----оОо----