- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- “БУУДАЙ” САНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ
Засгийн газрын 1999 оны 37 дугаар тушаалын хавсралт
"БУУДАЙ" САНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ
"БУУДАЙ" САНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ
1.Энэхүү журам нь тариаланчдаас хүнсний буудай худалдан авч борлуулах, дотоодын буудайн тэнцлийг хангах үүрэг бүхий "Буудай" сангийн үйл ажиллагааг зохицуулна.
2."Буудай" сан /цаашид "сан" гэнэ/-ийн үйл ажиллагаа нь Засгийн газрын /хөдөө аж ахуйн/ хэрэгжүүлэгч агентлагийн чиг үүрэгт багтана..
3.Засгийн газрын /хөдөө аж ахуйн/ хэрэгжүүлэгч агентлагийн дарга нь сангийн захирал байх бөгөөд сангийн өдөр тутмын үйл ажиллагааг эрхэлнэ..
4. Засгийн газрын /хөдөө аж ахуйн/ хэрэгжүүлэгч агентлагийн дарга нь Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайдтай байгуулах тухайн оны үр дүнгийн гэрээндээ сангийн үйл ажиллагаа, үр дүнгийн талаар тусган хэрэгжүүлж тайлагнана..
5.Сангийн хөрөнгө нь дараахь эх үүсвэрээс бүрдэнэ:
а/төсвийн хөрөнгө;
б/хүнсний үйлдвэрлэл, хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор гадаад орон, олон улсын байгууллагаас буцалтгүй тусламжаар олгосон бараа, бүтээгдэхүүний борлуулалтаас орсон орлого болон тусламжийн хөрөнгө;
в/гадаад орон, олон улсын байгууллагаас авсан хөнгөлөлттэй зээл;
г/сангийн буудайн борлуулалтын орлого;
д/аж ахуйн нэгж, иргэдийн хандив;
е/буудай;
ж/хууль тогтоомжид заасан бусад эх үүсвэр.
6.Санд худалдан авах, борлуулах буудайн хэмжээ, үнийн дээд, доод түвшинг дотоодын зах зээлийн тухайн жилийн ханшийг харгалзан Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд тогтооно.
7.Сангийн хөрөнгийг стандартын шаардлага хангасан хүнсний буудайг худалдан авах, тээвэрлэх, хадгалах, борлуулахтай холбогдсон үйл ажиллагаа, сангийн үндсэн ба эргэлтийн хөрөнгийн дутууг нөхөхөд зориулан ашиглана..
8.Сан нь худалдан авах, борлуулах хүнсний буудайн хэмжээ, чанар, үнэ, тээвэрлэлтийн нөхцөл, агуулахын байршил зэргийг тусгасан мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд зарласны үндсэн дээр нийлүүлэгч, худалдан авагчдыг сонгон шалгаруулж гэрээ байгуулна. Санд нийлүүлэх буудайг агуулахад хүлээн авсны дараа төлбөрийг хийнэ. Худалдан авагч төлбөр хийсний дараа буудайг олгоно.
9.Сан худалдан авсан буудайгаа хадгалах зорилгоор гурилын үйлдвэрлэлийн чиглэлийн аж ахуйн нэгжийн агуулах, цэвэрлэх, хатаах төхөөрөмжийг түрээсээр ашиглаж болно.
10. Сан нь буудайг хадгалах, цэвэрлэх, борлуулах үед зайлшгүй шаардлагатай ажилтан, ажилчид, мэргэжилтнийг түр хугацаагаар гэрээний үндсэн дээр авч ажиллуулна.
11.Сангийн хөрөнгөөр худалдан авсан буудайнаас Засгийн газрын шийдвэрийг үндэслэн улсын нөөцөд авна.
12. Сангийн буудайг Засгийн газрын шийдвэрийг үндэслэн экспортод гаргана. Буудайг экспортод гаргахдаа аж ахуйн нэгжийн дунд тендэр зарлаж шалгаруулна.
13.Сангийн санхүүгийн тайланг тогтоосон хугацаанд гаргаж Сангийн яаманд тайлагнана.
14.Сан нь дор дурдсан үйл ажиллагаа явуулахыг хориглоно:
а/арилжааны банк, дотоод, гадаадын байгууллага, аж ахуйн нэгжээс Сангийн сайдын зөвшөөрөлгүйгээр зээл авах, хамтарсан худалдаа, үйлчилгээ, аж ахуй эрхлэх;
б/сангийн хөрөнгийг бусдад барьцаалах, хөрөнгөөрөө бусад байгууллага, аж ахуйн нэгжид баталгаа гаргах;
в/сангийн мөнгөн хөрөнгөөс болон буудайнаас зээл олгох, урьдчилсан төлбөр хийгээгүй нөхцөлд буудайг борлуулах;
г/сангийн сайдын зөвшөөрөлгүйгээр сангийн буудайг даатгалд хамруулах;
д/сангийн хөрөнгөөр хандив өргөх, зориулалтын бус арга хэмжээг ивээн тэтгэх, санхүүжүүлэх;
е/нийтэд зарлаж чөлөөт өрсөлдөөний нөхцөл бүрдүүлэхгүйгээр санд буудай худалдан авах, борлуулах;
ж/худалдан авах буудайн үнийг дотоодын зах зээлийн ханшид нөлөөлөхөөр хэт өсгөх, бууруулах.
15.Сангийн хөрөнгийг сангийн үйл ажиллагаанд хориглох зүйлд болон зүй бусаар зарцуулсан эрх бүхий албан тушаалтанд холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ..
_ оОо _
Текст томруулах
A
A
A