- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- БАЙГАЛЬ ХАМГААЛАХ САН БАЙГУУЛАХ, ЗАРЦУУЛАХ ЖУРАМ
Засгийн газрын 1998 оны 188 дугаар тогтоолын хавсралт
БАЙГАЛЬ ХАМГААЛАХ САН БАЙГУУЛАХ, ЗАРЦУУЛАХ ЖУРАМ
БАЙГАЛЬ ХАМГААЛАХ САН БАЙГУУЛАХ, ЗАРЦУУЛАХ ЖУРАМ
1.Байгаль хамгаалах сан (цаашид "Сан" гэнэ) байгуулах, сангийн хөрөнгийг зарцуулахад энэхүү журмыг дагаж мөрдөнө.
2.Сан нь улсын төвлөрсөн төсвийн бүрэлдэхүүн хэсэг болж түүний орлого, зарлагын төсвийн төсөл, төлөвлөгөө, гүйцэтгэлийн тайланд тусгагдана.
З.Санд зохих журмын дагуу хөрөнгө төвлөрүүлэх, зарцуулах үйл ажиллагааг Байгаль орчны сайдаас эрх олгосон сангийн ажлын алба (цаашид "сангийн үйл ажиллагааг хариуцсан байгууллага" гэх) эрхэлнэ.
4.Сангийн үйл ажиллагааг хариуцсан байгууллага нь санд хөрөнгө төвлөрүүлэх, зарцуулах асуудлыг дагнан эрхлүүлэхээр бүрэн буюу хагас орон тоогоор албан хаагчийг томилон ажиллуулж, түүнийг ажлынх нь үр дүнгээс хамааруулан сангийн орлогоос цалинжуулж болно.
5.Сан нь тогтоосон журмаар үйлдсэн албан бичгийн хэвлэмэл хуудас, тэмдэг, билэгдлийн ялгах тэмдэг (эмблем)-тэй байж болно.
6.Сангийн хөрөнгө дор дурдсан эх үүсвэрээс бүрдэнэ:
а/эрхийн бичиг, гэрээнд заасан хэмжээнээс хэтрүүлэн байгалийн баялаг ашигласан болон зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлэн хог хаягдал, бусад бодис гаргасан тохиолдолд ногдуулсан нөхөн төлбөрийн 90 хувь;
б/байгаль орчныг бохирдуулсны болон бусад хортой нөлөөлөл үзүүлсний төлбөрийн орлогын 50 хүртэл хувь;
в/тусгай хамгаалалттай газар нутагт байгалийн аялал, жуулчлал эрхлэх эрхийн бичиг олгосны нэг удаагийн хураамжийн орлого;
г/гадаадын иргэнд агнуулсан ан амьтны төлбөрийн орлогын 10 хувь;
д/амьдаар нь гадаад оронд гаргасан ан амьтны төлбөрийн орлогын 10 хувь;
е/Монгол Улсын болон гадаадын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хандив, тусламж;
ж/хууль тогтоомжоор хориглоогүй орлогын бусад эх үүсвэр;
7.Энэ журмын 6 дугаар зүйлийн "е"-д заасан хандив, тусламж нь ямар ч хэлбэртэй байж болох бөгөөд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас тусалсан сангийн үйл ажиллагааны зориулалтаар ашиглаж болохооргүй эд материал, бусад зүйлсийг үнэлэн бүртгэж, тухайн үеийн зах зээлийн үнээр борлуулан орлогыг санд төвлөрүүлнэ.
8.Сан нь банкинд төгрөгийн болон валютын харилцах данстай байна.
9.Санд иргэд, байгууллагаас хандив, тусламжаар өгсөн болон сангийн хөрөнгөөр бүрдүүлсэн өмч хөрөнгийг сангийн үйл ажиллагааг хариуцсан байгууллага, албан тушаалтан зориулалтын дагуу ашиглах, хамгаалах үүрэг хүлээнэ.
10.Сангийн хөрөнгийг дор дурдсан зориулалтаар зарцуулна:
а/байгаль орчныг хамгаалах, байгалийн баялгийг нөхөн сэргээх арга хэмжээг хэрэгжүүлэхэд хөрөнгийн дэмжлэг үзүүлэх;
б/байгаль орчныг хамгаалахтай холбогдсон хууль тогтоомжийг сахиулах чиглэлээр хяналт шалгалтын ажил явуулах;
в/байгалийн баялгийн нөөц, байгаль орчны төлөв байдлын хувьсал, өөрчлөлтийн байдлыг судлан тогтоох, мэдээллийг хуримтлуулж боловсруулах, дүгнэлт гаргах төсөл, арга хэмжээнд хөрөнгийн дэмжлэг үзүүлэх;
г/байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчинд үзүүлэх хортой нөлөөллийг багасгах дэвшилт арга, хоргүй, бохирдолгүй, хаягдалгүй технологи нэвтрүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг урамшуулах;
д/экологийн боловсрол, хүмүүжил олгох;
е/байгаль орчныг хамгаалах талаар мэдээлэл сурталчилгаа явуулах;
ж/байгаль орчныг хамгаалахтай холбогдсон асуудлаар үндэсний болон олон улсын семинар, онол практикийн бага хурал, уулзалт, симпозиум зэрэг арга хэмжээг зохион байгуулах;
з/байгаль орчныг хамгаалах, хянах, судлахад шаардагдах техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, хэмжих багаж худалдан авахад санхүүгийн дэмжлэг үзүүлэх;
и/Монгол Улсын байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, сурталчлах, шинжлэн судлах үйл хэрэгт онцгой амжилт гаргасан өөрийн улсын болон гадаадын иргэдийг шагнах;
к/байгалийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэх.
11.Тухайн жилд сангаас зарцуулах хөрөнгийн хэмжээг санд хуримтлагдах орлогын эх үүсвэрийг бодолцон зориулалтаар нь ангилсан хуваарьтайгаар Улсын Их Хурлаар батлагдсан төвлөрсөн төсөв, үндсэн чиглэлтэй уялдуулан боловсруулж Сангийн яамаар хянуулан Байгаль орчны сайд батална.
Энэхүү батлагдсан хэмжээ, хуваарийн дүнд багтаан уг сангийн хөрөнгийг сангийн үйл ажиллагааг хариуцсан байгууллага зарцуулна.
12.Сангийн хөрөнгийн төвлөрөлт, зарцуулалтын байдалд Сангийн яам болон Байгаль орчны яам хяналт шинжилгээ хийж дүгнэлт гаргана.
13.Сангийн хөрөнгийг зориулалтын бус зүйлд зарцуулсан, энэ журмыг зөрчсөн буруутай албан тушаалтанд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол холбогдох хууль тогтоомжид заасны дагуу захиргааны хариуцлага хүлээлгэнэ.
14.Сангийн хөрөнгийг зохих журмын дагуу банкинд хүүтэйгээр хадгалуулах, үнэт цаас худалдан авах зэргээр арвижуулж болно.
15.Сангийн үйл ажиллагааг хариуцсан байгууллага, албан тушаалтан нь Сангийн хөрөнгийн төвлөрөлт, зарцуулалтын тайланг улирал тутам гаргаж Сангийн яаманд хүргүүлж байхын зэрэгцээ сангийн үйл ажиллагааны тухай тайланг дараа жилийн эхний улиралд багтаан Байгаль орчны яаманд танилцуулж байна.
-----оОо-----
Текст томруулах
A
A
A