- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ҮРИЙН НӨӨЦИЙН УЛСЫН САН БҮРДҮҮЛЭХ, ЗАРЦУУЛАХ ЖУРАМ
Засгийн газрын 1999 оны 184 дүгээр тогтоолын хавсралт
ҮРИЙН НӨӨЦИЙН УЛСЫН САН БҮРДҮҮЛЭХ, ЗАРЦУУЛАХ ЖУРАМ
ҮРИЙН НӨӨЦИЙН УЛСЫН САН БҮРДҮҮЛЭХ, ЗАРЦУУЛАХ ЖУРАМ
1.Байгалийн гамшигт үзэгдлийн улмаас тарих үрээ нөөцөлж чадаагүй үйлдвэрлэгч болон хүнс, тэжээлийн үр тариа дагнан тариалдаг иргэн, хуулийн этгээдэд үр нийлүүлэх, үр шинэчлэх зорилготой үрийн нөөцийн улсын санг бүрдүүлэх, зарцуулахад энэхүү журмыг дагаж мөрдөнө.
2.Үрийн нөөцийн улсын сан /цаашид "Сан" гэх/ нь Монгол Улсын төсвийн хөрөнгөөр бий болсон төрийн өмч бөгөөд түүнийг бүрдүүлэх, хадгалах үүрэг бүхий Сангийн салбартай байж болно.
3.Сангийн салбар шинээр байгуулах, татан буулгахыг Сангийн сайдтай зөвшилцөн Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд шийдвэр гаргана.
4.Сангийн салбар нь үр хүлээн авах доорхи бэлтгэл ажлыг жил бүрийн 9 дүгээр сарын 1-ний дотор хангасан байна:
а/сортын цэвэр байдлаараа стандартын шаардлага хангах нь сортын хяналтаар батлагдсан талбайгаас Санд үр авах тухай урьдчилсан гэрээг иргэн, хуулийн этгээдтэй хийх бөгөөд уг гэрээнд авах үрийн хэмжээ, чанар, үнэ, нийлүүлэх хугацаа зэргийг тусгасан байх;
б/гэрээний дагуу үрийг хүлээн авах, агуулахад байрлуулах зураглалыг боловсруулсан байх;
в/агуулах болон үр ачих, буулгах, дамжуулах, салхилуулах төхөөрөмжийг цэвэрлэн засварлаж ариутгасан байх;
г/үрийн төрөл, сорт бүрт хөтлөгдөх бүртгэл, хаягийг бэлтгэсэн байх.
5.Санд хүлээн авах үр нь чанарын талаар доорхи шаардлагыг хангасан байна:
а/цэвэршилтээрээ үрийн чанарын стандартад тэнцсэн;
б/чийг нь 14-15 хувиас дээшгүй байх;
в/агуулахын хортон шавьж болон элдэв өвчин илрээгүй;
г/баталгаат сортын торгон болон 1-5 дугаар үеийн үр.
6.Санд хүлээн авах торгон, дээд үржүүлгийн үр ба бага хэмжээний царгас, судан өвс зэрэг олон наст өвс болон хар будаа, рапсын үрийг нийлүүлэгч байгууллага нь тусгайлан савлаж стандартад заасны дагуу хаягласан байна.
7.Үр хүлээн авахдаа итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний дүн, сортын гэрчилгээ, хянан баталгааны акт зэрэг баримт бичгийг үндэслэнэ.
8.Санд улсын жилийн хэрэгцээнд шаардагдах үр тарианы үрийн 20-иос доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үрийг бүрдүүлнэ.
9.Үр тээвэрлэхэд доорхи шаардлага тавигдана:
а/үрийг тоос болон хөлдөх, норохоос хамгаалсан байх;
б/үрийг гэмтээж болох эд зүйлтэй хамт тээвэрлэхгүй байх;
в/тусгайлан савласан үрийг хооронд нь холихгүй байх.
10.Үрийг агуулахад урьдчилан бэлтгэсэн зураглалын дагуу доорхи байдлаар байрлуулан хадгална:
а/таримлын төрлөөр;
б/таримлын дотор сортоор;
в/сортын дотор үржүүлгийн үеэр;
г/үржүүлгийн үеэр ижил үрийг сортын категориор;
д/категорийн дотор үрийн ангиар;
е/хүлээн авсан оноор нь.
11.Үр нь таримал, сортын нэр, хүлээн авсан он, сортын категор, үрийн анги, чийг зэргийг бичсэн хаягтай байна.
12.Нэг сортын ижил чанартай бага хэмжээний үрийг нэг дор хадгалж болох бөгөөд үр хольсон тухай бүрт албан ёсны акт үйлдсэн байна.
13.Тусгайлан савласан үрийг улсын стандартад заасны дагуу байрлуулж хадгална.
14.Үр хүлээн авснаас хойш 45 хоногийн дотор үрийн итгэмжлэгдсэн лабораториор үрийн чанарын шинжилгээ хийлгэж дүгнэлт гаргуулна.
15.Цэвэршилт, соёололтоороо ялгаатай үрийг хольж хадгалахыг хориглоно.
16.Үр хадгалах дээд хугацааг доорхи байдлаар тогтооно:
а/буудай, арвай 7 жил;
б/хөх тариа, хошуу будаа, хар будаа 5 жил;
в/наранцэцэг, рапс, гич, вандуй, шар буурцаг 2 жил;
г/олон наст ургамлын үрийг 5 жил.
17.Хадгалж буй үрэнд ажиглалт, шинжилгээг дараахь зүйлд байнга хийж тэмдэглэл хөтөлнө:
а/чийг;
б/өнгө, үнэр;
в/дулааны горим;
г/өвчин, хортон.
18.Хадгалж байгаа үрэнд үрийн 1 ба 2 дугаар шинжилгээг итгэмжлэгдсэн лабораториор жил бүр заавал хийлгэнэ.
19.Халах шинж илэрсэн үед үрийг сэлгэх, салхилуулах арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлнэ.
20.Үрийг зөвхөн дараахь үндэслэлээр зарцуулна:
а/байгалийн гамшгийн улмаас тариалах үрээ нөөцөлж чадаагүй иргэн, хуулийн этгээдэд дутагдах үрийн хэрэгцээг хангах;
б/сорт солих, үр шинэчлэх.
21.Үрийн үнийг чанар, зах зээлийн ханшийг үндэслэн Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд тогтооно.
22.Иргэн, хуулийн этгээдэд олгож байгаа үрэнд сортын гэрчилгээ, шинжилгээний актыг хавсарган тэмдэг дарж баталгаажуулсан байна. Энэ баримт бичгийг 2 хувь үйлдэнэ.
23.Үрийн захиалгыг хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас эрх олгосон хуулийн этгээд жил бүрийн 3 дугаар сарын 1-ний дотор хүлээн авч нэгтгэн, хуваарийг таримлын төрөл, сортоор Сангийн салбар бүрээр гаргаж Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайдад уламжилж батлуулна.
24.Сангийн үрийг зарцуулах шийдвэрийг Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайдын санал болгосноор Засгийн газар гаргана.
25.Үрийн нөөцийн бүрдүүлэлт, зарцуулалтын тухай тайланг Сангийн салбар улирал тутам Санд, Сан хагас, бүтэн жилээр хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тайлагнаж байна.
26.Сангийн үр худалдан авах, тээвэрлэх, арчлах, хадгалах,борлуулахтай холбогдож гарах зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ.
27.Борлуулах үрийн үнэ нь худалдан авсан үнэ дээр тээврийн зардал, анхны жилийн хадгалалтын зардлыг оролцуулан 20 хувиас илүүгүй нэмэгдэлтэй байна.
28.Иргэн, хуулийн этгээд нь үрийн үнийг Сангийн төвлөрсөн дансанд шилжүүлнэ. Үрийн үнийг төлсөн тохиолдолд үр олгоно.
29.Санд үр худалдан авахдаа үнийн дүнгийн 30 хувийг гэрээний үндсэн дээр урьдчилан олгож, тарих үрийн шинжилгээний дүн гарсны дараа жил бүрийн 12 дугаар сард багтаан эцсийн тооцоог хийж иргэн, хуулийн этгээдэд шилжүүлнэ.
30.Салбар нь үр хүлээн авсны дараа 1 сарын дотор үрийн үнэ, тээврийн зардал болон үрийн чанарын анхдагч баримт бичигтэй ирж Сантай тооцоо нийлнэ.
-----оОо-----
Текст томруулах
A
A
A