- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ХУРАЛДААНЫ ЖУРАМ
Засгийн газрын 2000 оны 178 дугаар
тогтоолын 1 дүгээр хавсралт
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ХУРАЛДААНЫ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1. Засгийн газрын хуралдаан /цаашид "хуралдаан" гэнэ/-ыг хийхдээ Монгол Улсын Засгийн газрын тухай хууль болон энэхүү журмыг баримтална.
2. Ээлжит хуралдааныг долоо хоног бүрийн лхагва гаригийн 9.00 цагаас эхэлнэ.
3. Ээлжит бус хуралдааныг Ерөнхий сайдын товлосноор буюу Шадар сайд эсхүл, Засгийн газрын гишүүдийн гуравны нэгээс доошгүй нь санал болгосноор зарлан хуралдуулна /Энэ хэсэгт Засгийн газрын 2005 оны 76 дугаар тогтолоор нэмэлт орсон/.
31. Хуралдаанаар улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт оршин суугаа хүн амын амь нас, эрүүл мэнд, аж амьдрал, нийтийн аюулгүй байдалд шууд аюул учруулсан буюу аюул учруулахуйц газар хөдлөлт, хүчтэй салхи, шуурга, түймэр, цацраг идэвхт болон химийн хорт бодисын хордуулалт, террорист халдлага, хүн, малын гоц халдварт өвчин гарсан; улсын эдийн засаг, санхүүгийн салбарт гарч болзошгүй хүндрэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг нэн даруй зохион байгуулах шаардлага бий болсон зэрэг асуудлыг хэлэлцэхэд энэ журмын 13-16, 18-20, 22-25, 28-32 дугаар зүйлийг мөрдөхгүй байж болох бөгөөд энэ тохиолдолд хуралдаанаар хэлэлцэх асуудал болон гарах шийдвэрийн төсөлд Засгийн газрын гишүүний саналыг бичгээр буюу факсаар, эсхүл цахим хэлбэрээр авч болно.
(Энэ зүйлийг 2008-11-12-ны өдрийн 34-р тогтоолоор нэмсэн).
4. Хуралдааныг нээлттэй буюу хаалттай явуулахыг Ерөнхий сайд шийдвэрлэнэ. Хаалттай хуралдаанаар Төрийн Нууцын жагсаалтад орсон болон Ерөнхий сайд хаалттай хуралдаанаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн асуудлыг хэлэлцэнэ. Хаалттай хуралдаанд зөвхөн Засгийн газрын гишүүд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга, тухайн асуудлыг хариуцсан ажилтан оролцож, нууцын ажилтан тэмдэглэл хөтөлнө.
5. Шаардлагатай гэж үзвэл аймаг, нийслэлийн Засаг дарга болон агентлаг, аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага, холбогдох бусад хүмүүсийг оролцуулан хуралдааныг өргөтгөсөн хэлбэрээр хийж болно.
6. Ээлжит бус (энэ тохиолдолд журмын 34 дүгээр зүйл хамаарахгүй) болон өргөтгөсөн хуралдааныг хийхдээ энэхүү журмыг баримтална.
7. Хуралдааныг Засгийн газрын гишүүдийн гуравны хоёр нь оролцсоноор хүчинтэйд тооцох бөгөөд хуралдаанд Засгийн газрын гишүүд таслах /батлах/ эрхтэй оролцоно.
8. Хуралдаанаар Засгийн газрын тухай хууль болон бусад хуульд заасан Засгийн газрын бүрэн эрхтэй холбогдсон асуудал, Улсын Их Хурлаас даалгасан, Ерөнхийлөгчөөс санал болгосон асуудал хэлэлцэх бөгөөд түүний дотор дор дурдсан асуудлыг заавал хэлэлцэнэ:
а/ хуулийн төсөл;
б/ хуульд өөрөөр заагаагүй бол Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх бусад шийдвэрийн төсөл;
в/ Засгийн газарт чиглэл өгөх тухай Ерөнхийлөгчийн зарлигийн төсөл;
г/ Засгийн газрын бодлогод өөрчлөлт оруулахаар Засгийн газрын гишүүнээс ирүүлсэн санал /төсөл/;
д/Ерөнхий сайд Шадар сайдтай санал нэгдэж шийдвэрлээгүй болон Засгийн газрын гишүүдээс эрхлэх асуудлаараа өөрсдөө тохиролцож чадаагүй саналын зөрөөг шийдвэрлэх асуудал /Энэ заалтад Засгийн газрын 2005 оны 76 дугаар тогтолоор нэмэлт орсон/.
9. Яамны Төрийн нарийн бичгийн дарга тухайн сард Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг өмнөх сарын сүүлчийн долоо хоногт багтаан Хэрэг эрхлэх газарт ирүүлэх бөгөөд түүний биелэлтэд Хэрэг эрхлэх газар хяналт тавина.
10. Хуулиар хамгаалсан нууцад хамаарахаас бусад асуудлаар гарсан Засгийн газрын шийдвэрийг олон нийтэд мэдээлнэ.
11. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын тойм, гишүүдийн оролцсон байдал, энэхүү журмын хэрэгжилтийн судалгааг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар (цаашид "Хэрэг эрхлэх газар" гэнэ) улирал тутам нэгтгэж хуралдаанд танилцуулна.
Хоёр. Хуралдаанд хэлэлцүүлэх асуудалд
санал авах, Хэрэг эрхлэх газарт
хүргүүлэх
12. Хуралдаанд эрхлэх хүрээнийхээ асуудлыг Засгийн газрын гишүүн өөрөө хариуцан оруулна. Хэрэв уг асуудлыг хариуцсан Засгийн газрын гишүүн эзгүй байвал түүний хариуцсан асуудлыг Засгийн газраас баталсан хуваарийн дагуу хэлэлцүүлэх Засгийн газрын гишүүн оруулна.
13. Хуралдаанаар хэлэлцүүлэх асуудлыг санаачилсан
Засгийн газрын гишүүн буюу аймаг, нийслэлийн Засаг дарга уг төсөлд холбогдох яамны виз (санал)-ийг авна. Яам нь төслийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 5 өдөрт багтаан виз (санал) өгөх бөгөөд хэрэв явуулснаас хойш 10 хоногт багтаан төсөлд виз (санал) ирүүлээгүй бол зарчмын өөр саналгүйд тооцно. Асуудлыг санаачлагч нь виз /санал/ өгөх хугацааг заасан тохиолдолд түүнийг баримтална.
Нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төсөл санаачилсан Засгийн газрын гишүүн буюу аймаг, нийслэлийн Засаг дарга нь уг шийдвэрээр ашиг сонирхол нь хөндөгдөж болохуйц иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын саналыг албан бичиг, хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, өөрийн байгууллагын веб хуудсаар дамжуулан бичгээр болон цахим хэлбэрээр авсан байх шаардлагатай /Энэ хэсэгт Засгийн газрын 2005 оны 76 дугаар тогтолоор нэмэлт орсон/.
14. Хуралдаанаар хэлэлцэх асуудал, гарах шийдвэр нь тодорхой яамны салбарын бодлогын хүрээнд хамааралгүй бол Сангийн яам болон Хууль зүй, дотоод хэргийн яамнаас бусад яамны саналыг авахгүй байж болно.
15. Асуудлыг санаачилсан Засгийн газрын гишүүн, аймаг, нийслэлийн Засаг дарга шаардлагатай гэж үзвэл Ерөнхий сайд Шадар сайдаас санал авна /Энэ хэсэгт Засгийн газрын 2005 оны 76 дугаар тогтолоор нэмэлт орсон/.
16. Нэмэгдэл хөрөнгө шаардагдах асуудалд Сангийн яамны виз (санал)-ийг заавал авсан байх бөгөөд ямар эх үүсвэрээс гаргахыг төсөлд тодорхой тусгана /Энэ хэсэгт Засгийн газрын 2005 оны 76 дугаар тогтолоор нэмэлт орсон/.
17. Засгийн газрын санаачлах хуулийн төслийг Хууль зүй, дотоод хэргийн сайд эцэслэн хянаж хуралдаанд оруулна.
18. Хуулийн төсөлд уг хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Засгийн газраас гарах шийдвэрийн төсөл, хэрэв хууль, Засгийн газрын тогтоолоор яам, агентлагт дүрэм, заавар гаргахыг даалгахаар бол тэдгээрийн төслийг хавсаргасан байна. Яам, агентлагаас батлах дүрэм, зааврын төсөлд Засгийн газрын гишүүн виз (санал) өгөхгүй боловч хууль, Засгийн газрын шийдвэрийн төсөлд санал өгөхдөө тэдгээрийг харьцуулж үзнэ.
19. Хуралдаанаар хэлэлцүүлэхээр боловсруулсан асуудлаар холбогдох төрийн бус байгууллагын санал авах буюу хөндлөнгийн шинжээчийн дүгнэлт гаргуулж болно.
20. Холбогдох яам, агентлаг, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс ирүүлсэн саналыг төсөлд тусган боловсруулж Хэрэг эрхлэх газарт оруулах бөгөөд хэрэв саналыг хүлээн авах боломжгүй гэж үзсэн бол энэ тухай үндэслэлээ хүснэгтээр гаргаж танилцуулгад хавсаргана /Энэ хэсэгт Засгийн газрын 2005 оны 76 дугаар тогтолоор өөрчлөлт орсон/.
21. Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн санаачлан боловсруулж Засгийн газраас санал авахаар ирүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төсөлд өгөх Засгийн газрын санал, дүгнэлтийн төслийг Хууль зүй, дотоод хэргийн сайд бэлтгэж хуралдаанд хэлэлцүүлнэ.
22. Хуралдаанаар хэлэлцүүлэх асуудлыг хууль тогтоомжид нийцүүлэн зохих тооцоо, судалгаанд тулгуурлан үндэслэл сайтай боловсруулж холбогдох материалын хамт тухайн асуудлыг хэлэлцэхээс 7-оос доошгүй өдрийн өмнө сайдын (түүний эзгүйд дэд сайдын) гарын үсэгтэй албан бичгээр Хэрэг эрхлэх газарт ирүүлнэ.
23. Хуралдаанд танилцуулах мэдээлэл, сонсгол /Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Үндсэн чиглэл, төсөв, гэрээ, хэлэлцээрээс бусад/ 35 мөрөөр бичсэн 8 хуудаснаас, танилцуулга 4 хуудаснаас илүүгүй байна.
24. Хуралдаанаар хэлэлцүүлэхээр Засгийн газарт ирүүлсэн материалыг яамнаас хүлээж авахдаа Хэрэг эрхлэх газар дор дурдсан бүрдүүлэлтийг шалгаж үзнэ:
а/ материал нь хувилж олшруулах, архивын нэгж болгон хадгалах шаардлагын дагуу бэлтгэгдсэн эсэх;
б/ Хууль, Улсын Их Хурлын тогтоолын төсөл болон нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төсөлд Хууль зүй, дотоод хэргийн яамны санал авсан эсэх;
в/ төсөв, хөрөнгийн холбогдолтой асуудалд Сангийн яамны санал авсан эсэх;
г/ бусад нийтлэг асуудалд Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам болон холбогдох яамдын саналыг авсан байдал.
25. Хэрэг эрхлэх газар нь яамнаас ирүүлсэн асуудлын үндэслэл тооцоо, судалгаа, уг шийдвэрийн төсөл нь тухайн асуудлаар урьд гарсан шийдвэр болон хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг үзнэ. Хэрэв боловсруулалт нь шаардлага хангаагүй буюу хууль тогтоомж, Засгийн газрын бусад шийдвэртэй нийцээгүй, эсхүл зөрчилдсөн буюу давхардсан гэж үзвэл тодорхой үндэслэл, тайлбарыг гарган материалыг буцаах тухай асуудлыг хуралдаанд оруулж шийдвэрлүүлнэ.
Гурав. Хуралдааны бэлтгэл хангах
26. Хуралдаанд хэлэлцүүлэхээр ирүүлсэн асуудлыг Хэрэг эрхлэх газарт хянан үзээд зохих хууль тогтоомж, бодлогод нийцүүлэх, найруулгын засвар хийх зэрэг өөрчлөлт оруулах шаардлагатай бол энэ тухай уг асуудлыг оруулсан Засгийн газрын гишүүнд танилцуулна.
27. Хуралдаанаар хэлэлцүүлэхээр ирүүлсэн асуудал нь хууль тогтоомж, түүнчлэн Засгийн газрын бодлоготой нийцэхгүй гэж үзвэл Хэрэг эрхлэх газар саналаа боловсруулан хэлэлцүүлж болно. Энэ тохиолдолд үндэслэлээ тодорхой бичсэн танилцуулга хавсаргах бөгөөд төслийн эхэнд "Хэрэг эрхлэх газрын санал" гэж бичнэ.
28. Хуралдааны шийдвэрийн томъёоллыг тухайн асуудал оруулж байгаа Хэрэг эрхлэх газрын ажилтан хийж, хууль зүйн техникийн хувьд Хуулийн хэлтсээр хянуулна.
29. Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга хуралданд оруулах асуудлын төлөвлөгөө болон материалыг хянан үзээд Хэрэг эрхлэх газрын даргатай эцэслэн тохирсны дараа Ерөнхий сайд болон Шадар танилцуулж хэлэлцэх асуудлын дарааллыг тогтооно /Энэ хэсэгт Засгийн газрын 2005 оны 76 дугаар тогтолоор өөрчлөлт орсон/.
30. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөө гаргахдаа Засгийн газрын нэг гишүүний эрхлэх ажлын хүрээний асуудлыг хэлэлцэж дуусгаад дараагийн гишүүний эрхлэх ажлын хүрээний асуудлыг хэлэлцэх, ингэхдээ уг асуудлыг хэлэлцэхэд олон хүн оролцож хугацаа ихээхэн шаардагдах улсын төсөв, Үндсэн чиглэл, хөтөлбөр, төлөвлөгө, боловсон хүчний зэрэг асуудлыг төгсгөл хэсэгт оруулах зарчмыг баримтална /Энэ хэсэгт Засгийн газрын 2005 оны 76 дугаар тогтолоор өөрчлөн найруулсан/.
31. Хэрэг эрхлэх газар нь хуралдаанд оруулах материалыг олшруулан битүүмжилж Засгийн газрын гишүүд болон бусад холбогдох албан тушаалтанд хүргэх бөгөөд сайд буюу албан тушаалтанд өөрт нь эсхүл туслахад нь хүлээлгэн өгч цагаа бичүүлэн гарын үсэг зуруулна.
32. Хуралдаанд оруулах асуудлын материал нь 15 хуудаснаас дээш бол түүнийг сүлжээгээр буюу дискээр хүргүүлнэ.
33. Нууц материалыг олшруулах ажлыг Хэрэг эрхлэх газрын нууц хариуцсан ажилтан гүйцэтгэнэ.
34. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөө, материалыг уг асуудлыг хэлэлцэхээс ажлын 3-аас доошгүй өдрийн өмнө Засгийн газрын гишүүдэд хүргэсэн байна. Төлөвлөгөөнд ороогүй боловч хуралдаанаар зайлшгүй нэн яаралтай хэлэлцэн шийдвэрлэх шаардлагатай асуудал гарвал хуралдаан хийхийн урьд өдөр ажлын цаг дуусахаас өмнө Ерөнхий сайд, Шадар сайдтай тохирсны үндсэн дээр хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд нэмэн оруулж болно /Энэ хэсэгт Засгийн газрын 2005 оны 76 дугаар тогтолоор нэмэлт орсон/.
35. Хуралдаанаар асуудал хэлэлцүүлэхэд оролцох ажилтан нь яамны газар, хэлтсийн дарга буюу түүнээс дээш албан тушаалтай байна. Шаардлагатай гэж үзвэл яамны холбогдох ажилтанг асуудал хэлэлцүүлэхэд оролцуулж болно. Хуралдаанд оролцох ажилтны албан тушаал, нэрийг Хэрэг эрхлэх газрын тухайн асуудлыг хариуцсан ажилтан урьдчилан гаргана.
36. Хэлэлцэж байгаа асуудлын талаар зохих байгууллага нэгэнт зөвшөөрсөн санал албан ёсоор өгсөн байвал холбогдох хүмүүсийг хуралдаанд оролцуулахгүй байж болно.
37. Хуралдаанд гаднаас орох хүмүүсийн нэрсийн жагсаалтыг Хэрэг эрхлэх газар хуралдааны урьд өдөр нь Төрийн ордны хамгаалалтын албаны ээлжийн ахлагч болон хуралдааны танхимд нэвтрэх хаалганы хамгаалалтын ажилтанд тус бүр нэг хувийг өгнө.
38. Хуралдааны зохион байгуулалт, байрны нөхцөл, техник хэрэгслийн бэлэн байдлыг хангах ажлыг Хэрэг эрхлэх газар хариуцна.
Дөрөв. Хуралдаан хийх
39. Хуралдааныг Ерөнхий сайд даргална. Ерөнхий сайдын түр эзгүйд хуралдааныг Шадар сайд даргалах бөгөөд хэрэв Ерөнхий сайд, Шадар сайд нэгэн зэрэг түр эзгүй байвал Ерөнхий сайдын үүрэг болгосноор түүний үүргийг түр гүйцэтгэж байгаа Засгийн газрын аль нэг гишүүн хуралдааныг даргална /Энэ хэсэгт Засгийн газрын 2005 оны 76 дугаар тогтолоор өөрчлөн найруулсан/.
40. Засгийн газрын гишүүний эзгүйд дэд сайд хуралдаанд зөвлөх эрхтэйгээр оролцоно.
41. Хуралдаанд асуудал хэлэлцэхэд оролцох хүмүүсийг Хэрэг эрхлэх газар нэрсийн жагсаалтын дагуу хуралдааны танхимд оруулна.
42. Хуралдаанд дор дурдсан дотоод журмыг баримтална:
а/ хуралдаан даргалагч хуралдааныг нээж тухайн өдрийн хуралдаанаар хэлэлцүүлэх асуудлын төлөвлөгөөг Засгийн газрын гишүүд зөвшөөрч байгаа эсэхийг лавласны үндсэн дээр хэлэлцэх асуудлыг тодотгож, төлөвлөгөөнд орсон дарааллын дагуу нэг асуудлыг хэлэлцэж дуусаад дараагийн асуудлыг хэлэлцүүлнэ;
б/ төлөвлөгөөнд ороогүй боловч хуралдаанаар зайлшгүй нэн яаралтай хэлэлцэж шийдвэрлэх шаардлагатай асуудал гарвал хуралдаан даргалагчийн зөвшөөрснөөр хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд нэмэн оруулж болно /Энэ хэсэгт Засгийн газрын 2005 оны 76 дугаар тогтолоор хүчингүй болсонд тооцсон/;
в/ хэлэлцэх асуудлын танилцуулгыг тухайн асуудлыг оруулж байгаа Засгийн газрын гишүүн, түүний эзгүйд Засгийн газраас баталсан хуваарийн дагуу хэлэлцүүлэх Засгийн газрын гишүүн хийнэ;
г/ аймаг, нийслэлийн Засаг дарга санаачилсан асуудлаа өөрөө оруулж хэлэлцүүлнэ;
д/ хэлэлцэж байгаа асуудалд холбогдох зураг, видео бичлэг, биет зүйлс, түүний загвар, хэсгийг хуралдаан дээр үзүүлж болно;
е/ хэлэлцэж байгаа асуудалтай холбогдсон асуулт, хариултыг дуусгасны дараа хуралдаан даргалагчийн зөвшөөрснөөр санал гаргах боловч нэг асуудлын талаар гурваас илүүгүй удаа санал гаргана.Нэг удаа санал гаргах, үг хэлэх хугацаа тухай бүр 5 минутаас хэтрэхгүй байна.Шаардлагатай гэж үзвэл хэлэлцэж байгаа асуудлаар Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд, дэд дарга болон холбогдох ажилтан тайлбар өгч болно;
ж/ асуултыг Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, хуралдаан даргалагчийн зөвшөөрснөөр хуралдаанд оролцож буй бусад хүмүүс тавих бөгөөд асуулт, хариулт, санал нь хэлэлцэж байгаа асуудалтай шууд холбоотой, товч тодорхой байна;
з/ Засгийн газрын гишүүн Монгол Улсын Засгийн газрын тухай хууль, хуралдааны журмыг чанд сахин, хэлэлцэж байгаа асуудалд анхааралтай хандаж, асууж лавлах, санал гаргаж үг хэлэхдээ хуралдаан даргалагчаас зөвшөөрөл авна;
и/ хуралдаанд асуудал оруулж байгаа хүмүүс асуултанд хариулахдаа эхлээд босч өөрийгөө танилцуулах бөгөөд хэрэв тайлбар хийх, үг хэлэх шаардлагатай бол хуралдаан даргалагчид хандаж зөвшөөрөл авна;
л/ хуралдаан даргалагч тухайн асуудлыг хэлэлцэж дууссаныг болон хуралдаан дууссаныг алх цохин мэдэгдэнэ. Хуралдаанаар хэлэлцэж байгаа асуудлын талаар Засгийн газрыг бүрдүүлж байгаа намууд зарчмын өөр байр суурьтай бол Ерөнхий сайд болон Шадар сайд нар харилцан тохиролцсоны үндсэн дээр түр завсарлагаа авч болно, Энэ тохиолдолд Ерөнхий сайд хуралдаан эхлэх хугацааг зарлана, /Энэ хэсэгт Засгийн газрын 2005 оны 76 дугаар тогтолоор нэмэлт орсон/;
м/ хуралдааны үед гар утсаар ярих, хуралдаан даргалагчийн зөвшөөрөлгүйгээр 5 минутаас дээш хугацаагаар түр гарахыг хориглоно. Засгийн газрын гишүүн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдааныг орхиж гарахыг хориглоно /Энэ хэсэгт Засгийн газрын 2005 оны 76 дугаар тогтолоор нэмэлт орсон/;
н/ Засгийн газрын гишүүн чөлөө авч хуралдаанаас гарсан нөхцөлд үлдэж хуралдах гишүүдийн тоо нийт гишүүний гуравны хоёрт хүрэхгүй бол хуралдаан завсарлана;
о/ Засгийн газрын нээлттэй хуралдааны ажиллагааг сурвалжлах хүмүүсийг хуралдааны танхимд оруулах зөвшөөрлийг Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга олгоно.
43. Хуралдаанаар хэлэлцэх асуудалд Улсын Их Хурал, Ерөнхийлөгчөөс бичгээр ирүүлсэн саналыг хуралдаан даргалагч танилцуулан хэлэлцүүлэх бөгөөд шийдвэрт хэрхэн тусгагдсан талаар уг асуудлыг хэлэлцсэнээс хойш ажлын 7 өдөрт багтаан Хэрэг эрхлэх газар хариу мэдэгдэнэ.
44. Хуралдааныг 2 цаг тутамд завсарлагатай хийх бөгөөд завсарлагын хугацааг хуралдаан даргалагч тухай бүр тогтооно.
45. Хамгаалалтын ажилтан хуралдааны танхимд орох хүмүүсийн түр нэвтрэх зөвшөөрлийн бичгийг нэрсийн жагсаалттай тулган шалгаж оруулна.
Тав. Шийдвэр гаргах
46. Хуралдаан даргалагч хэлэлцэж байгаа асуудлын талаар гарсан саналыг нэгтгэн дүгнэж шийдвэрийн төслийг уншиж сонсгоно.
47. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг шийдвэр гарган батлах, шийдвэр гаргах шаардлагагүй гэж буцаах, хугацаа тогтоон дахин боловсруулахаар хойшлуулах гэсэн гурван хэлбэрээр шийдвэрлэнэ. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар гишүүд санал зөрөлдвөл шийдвэрийг олонхийн саналаар гаргана. Олонхийн санал авч чадаагүй бол шийдвэр гараагүйд тооцно /Энэ хэсэгт Засгийн газрын 2005 оны 76 дугаар тогтолоор нэмэлт орсон/.
48. Хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн асуудлын талаар Засгийн газрын тогтоол, нэг удаагийн чанартай буюу шуурхай асуудлаар Ерөнхий сайд захирамж гаргана.
49. Хуралдаанаар хэлэлцэн баталсан шийдвэрт хуралдаанаас хойш зарчмын өөрчлөлт хийхийг хориглоно. Зарчмын өөрчлөлт хийх шаардлага гарвал хуралдаанаар дахин хэлэлцүүлнэ.
50. Хуралдааны шийдвэрийн эцсийн томъёоллыг Хэрэг эрхлэх газрын болон холбогдох яамны ажилтнууд хийж, Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга хянаж гарын үсэг зурна.
51. Хуралдаанд оролцож амжаагүй Засгийн газрын гишүүдэд хуралдааны шийдвэрийг Хэрэг эрхлэх газар нөхөн танилцуулж байна.
Зургаа. Хуралдааны явцыг баримтжуулах,
хуралдааны шийдвэрийг нийтлэх,
сурталчлах
52. Хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн асуудлын талаар гарах тогтоол, захирамжийн төслийг Хэрэг эрхлэх
газрын даргаар нотлуулахын өмнө тухайн асуудлыг хариуцсан Хэрэг эрхлэх газрын ажилтан Хуулийн хэлтсээр хянуулна.
53. Хуралдаанаас гарах Засгийн газрын тогтоолыг Хэрэг эрхлэх газар ажлын 3 хоногт багтаан эхлээд түүний биелэлтийг хариуцсан сайдаар, дараа нь Ерөнхий сайдаар гарын үсэг зуруулна.
54. Ерөнхий сайдын эзгүйд түүний үүргийг түр гүйцэтгэж тухайн хуралдааныг даргалсан Засгийн газрын гишүүн тогтоолд Ерөнхий сайдыг төлөөлөн гарын үсэг зурна.
55. Хуралдаанаар хэлэлцэж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтсон асуудлыг тухайн асуудал хариуцсан Хэрэг эрхлэх газрын ажилтан ажлын 7 өдөрт багтаан бэлэн болгож, Хэрэг эрхлэх газрын даргад танилцуулан Улсын Их Хурлын Тамгын газарт хүргүүлнэ.
56. Хэрэг эрхлэх газар Засгийн газрын тогтоолыг гарын үсэг зурагдсанаас хойш ажлын нэг өдөрт багтаан Төрийн ордон дахь байгууллага, албан тушаалтанд хүргүүлнэ. Яам, агентлаг, бусад байгууллагад мөн өдөртөө багтаан хүргүүлэхээр Төрийн тусгай холбооны газрын Төрийн ордон дахь салбарт шилжүүлнэ.
57. Хуралдааны явц, хуралдаан дээр хүмүүсийн хэлсэн үг, гаргасан саналыг Хэрэг эрхлэх газар соронзон хальсанд бичиж цаасан дээр буулгана. Шаардлагатай гэж үзвэл Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргын зөвшөөрснөөр хуралдааны явцын талаар дүрс бичлэг хийж болно.
58. Хаалттай хуралдааны тэмдэглэлийг Хэрэг эрхлэх газрын нууц хариуцсан ажилтан соронзон бичлэг хийж цаасан дээр буулгана.
59. Хуралдааны явцын талаар хураангуй тэмдэглэлийг давхар хөтөлнө. Хураангуй тэмдэглэлд хэлэлцсэн асуудлын нэр, түүнийг танилцуулсан хүний албан тушаал, нэр, уг асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн тухай тусгана. Хураангуй тэмдэглэлийг Хэрэг эрхлэх газар ажлын 2 өдөрт багтаан албажуулна.
60. Хуралдааны дэлгэрэнгүй тэмдэглэлийг ажлын 7 өдрийн дотор бэлэн болгоно.
61. Хуралдааны явцын хураангуй болон дэлгэрэнгүй тэмдэглэлийг Хэрэг эрхлэх газрын Хуулийн хэлтсийн дарга болон Зохион байгуулалтын хэлтсийн дарга эцэслэн хянасны дараа тэргүүн дэд дарга гарын үсэг зурна. Хэрэг эрхлэх газрын хуулийн хэлтсийн дарга болон тэргүүн дэд даргын эзгүйд түүний нэрийн өмнөөс тус газрын дэд дарга гарын үсэг зурна /Энэ хэсэгт Засгийн газрын 2005 оны 76 дугаар тогтолоор нэмэлт орсон/.
62. Хуралдааны тэмдэглэлд дор дурдсан баримт бичгийг хавсаргана:
а/ тухайн өдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын жагсаалт;
б/ Засгийн газрын гишүүдийн ирцийн байдал /тоо, хувь, хурлаас хоцорсон болон хуралд оролцоогүй гишүүний нэр, шалтгаан/ болон хуралдаанд оролцсон бусад хүний албан тушаал, нэрс.
63. Хуралдааны хураангуй тэмдэглэлийн шаардлагатай хэсгийг Хэрэг эрхлэх газар холбогдох яам, агентлаг болон аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хуралдаан болсноос хойш ажлын 3 өдөрт багтаан шуудангаар илгээнэ.
64. Хуралдаанаар хэлэлцсэн асуудал, гарсан шийдвэрийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах ажлыг Засгийн газрын хэвлэл мэдээллийн алба зохион байгуулна. Харин хуралдаан болохоос өмнө хэлэлцэх асуудал, шийдвэрийн төслийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэхийг хориглоно/Энэ хэсэгт Засгийн газрын 2005 оны 76 дугаар тогтолоор өөрчлөлт орсон/.
65. Шаардлагатай гэж үзвэл Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн болон Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга хуралдааны дараа хэлэлцсэн асуудал, гаргасан шийдвэрийн талаар хэвлэл мэдээллийн төлөөлөгчдөд мэдээлэл хийнэ.
66. Засгийн газрын хаалттай хуралдаанаар хэлэлцсэн асуудал, гаргасан шийдвэрийн талаар Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу нийтэд мэдээлж болно.
-------оОо-------
Текст томруулах
A
A
A