A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 1999 оны 189 дүгээр тогтоолын хавсралт

ТАТВАРЫН МАРГААН ТАСЛАХ ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ
 
1.Татвар төлөгч, татварын албаны хооронд  татварын ногдуулалт, төлөлттэй холбогдон үүссэн маргааны талаархи гомдлыг хүлээн авах, хууль тогтоомжид нийцүүлэн шалгаж шийдвэрлэх, татвар төлөгч, татварын албаны хууль ёсны эрх ашгийг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад энэхүү журмыг мөрдөнө.
2.Үндэсний татварын ерөнхий  газар, аймаг, нийслэлийн татварын газар, хэлтсийн дэргэд татвар төлөгч, татварын албаны хооронд үүссэн маргааныг шийдвэрлэх эрх бүхий маргаан таслах зөвлөл ажиллана.Зөвлөл нь орон тооны бус байх бөгөөд үйл ажиллагаандаа хуулийг дээдлэх, бусдын нөлөөнд үл автах, татвар төлөгчийн болон татварын албаны хууль ёсны  ашиг сонирхлыг хүндэтгэх,татвар төлөгчийн нууцыг чанд хадгалах  зарчим баримтална.
3.Маргаан таслах зөвлөл нь дарга, нарийн бичгийн дарга, гишүүн, бүгд 5-аас доошгүй хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд санхүү, татвар, эдийн засаг, хуулийн мэргэжлийн хүмүүс орсон байна.Зөвлөлд татвар төлөгчийн төлөөлөгчийг оролцуулж болно.
4.Үндэсний татварын ерөнхий газрын дэргэдэх татварын маргаан таслах зөвлөлийн дарга нь Сангийн яамны Төсвийн бодлогын газрын дарга, нийслэл, аймгийн татварын газар, хэлтсийн дэргэдэх татварын маргаан таслах зөвлөлийн дарга нь нийслэл, тухайн аймгийн төлөвлөлт, санхүү, эдийн засгийн бодлогын хэлтсийн дарга байна.  
5.Үндэсний татварын ерөнхий газрын дэргэдэх татварын маргаан таслах зөвлөлийн нарийн бичгийн дарга, гишүүдийг Сангийн сайд, аймаг, нийслэлийн татварын газар, хэлтсийн дэргэдэх татварын  маргаан таслах зөвлөлийн нарийн бичгийн дарга, гишүүдийг аймаг, нийслэлийн Засаг дарга томилно.
6.Аймаг, нийслэл, сум, дүүргийн татварын алба, тэдгээрийн татварын улсын байцаагчийн гаргасан шийдвэртэй холбогдсон гомдлыг тухайн аймаг, нийслэлийн татварын албаны дэргэдэх татварын маргаан таслах зөвлөл,Үндэсний татварын ерөнхий газрын татварын улсын байцаагчийн гаргасан шийдвэртэй холбогдсон гомдлыг Үндэсний татварын ерөнхий газрын дэргэдэх татварын маргаан таслах зөвлөл тус тус хүлээн авч татварын хуульд нийцүүлэн хянаж шийдвэрлэнэ.
7.Татварын маргаан таслах зөвлөл нь дор дурдсан эрхтэй байна:
а/маргааныг шийдвэрлэхэд шаардлагатай бичиг баримт, материал, мэдээ судалгааг холбогдох аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс гаргуулж авах;
б/гомдол гаргагч, хариуцагч болон холбогдох хүмүүсээс тайлбар тодорхойлолт  гаргуулж авах, санал хүсэлтийг нь сонсох;
в/мэргэжилтэн урьж зөвлөлгөө авах,шаардлагатай тохиолдолд орчуулагч шинжээч, магадлагч ажиллуулах,тэдэнд ажлын хөлс олгох асуудлыг холбогдох татварын албаны жил бүрийн төсөвт тусгаж шийдвэрлүүлэх;
г/татварын алба, татварын улсын байцаагчийн шийдвэрийг хууль зүйн үндэстэй гэж үзвэл татвар төлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох, хэрэв үндэслэлгүй гэж үзвэл уг шийдвэрийг хүчингүй болгож,гомдол гаргагчийг татвар, хүү, торгуулиас чөлөөлж, хураагдсан бараа, эд зүйлийг буцаан олгуулах;
д/маргаан таслах зөвлөлөөр хэлэлцэж байгаа асуудал нь эрүүгийн гэмт хэргийн шинжтэй бол хэрэг бүртгэлтэд шилжүүлэх;
е/татварын улсын байцаагчийн гаргасан шийдвэр хууль зүйн үндэслэлгүй болох нь нотлогдсон бол гэм буруутай ажилтанд хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэх саналыг холбогдох байгууллагад тавих;
ж/Үндэсний татварын ерөнхий газрын татварын маргаан таслах зөвлөл нь аймаг, нийслэлийн татварын газар, хэлтсийн дэргэдэх татварын маргаан таслах зөвлөлийн шийдвэрийн талаар татвар төлөгчөөс гаргасан маргаан  гомдлыг  хянан хэлэлцэж, өмнө гаргасан шийдвэрийг хүчингүй болгох буюу хэвээр үлдээх;
з/татвар төлөгч энэхүү журмын 9-ийн "а"-д заасан хугацааг хэтрүүлж гомдлоо татварын маргаан таслах зөвлөлд ирүүлбэл түүнийг авч хэлэлцэхгүй байх.
8.Татварын маргаан таслах зөвлөл дор дурдсан үүрэгтэй байна:
а/татвар төлөгчийн гомдлыг харьяаллын дагуу хүлээн авч шийдвэрлэх;
б/маргаан таслах зөвлөлийн хурлаас гарсан шийдвэрийг татвар төлөгчид тайлбарлаж өгөх;
в/аж ахуйн нэгж,  байгууллага, иргэдээс буцаан өгөхөөр авсан бичиг баримт, материалыг асуудал шийдвэрлэгдсэний дараа нэн даруй буцаан өгөх;
г/маргаан таслах зөвлөлийн шийдвэрийг гомдол гаргагч зөвшөөрөхгүй бол шүүхэд хандах эрхтэй болохыг тайлбарлаж өгөх.
9.Гомдол гаргаж буй татвар төлөгч дор дурдсан эрх эдэлнэ:
а/гомдол гаргаж буй  татвар төлөгч нь татварын алба, татварын улсын  байцаагчийн гаргасан шийдвэртэй танилцаж үндэсгүй гэж үзвэл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш хуанлийн 14 хоногийн дотор гомдлоо харьяалах татварын маргаан таслах зөвлөлд гаргах;
б/маргаан таслах зөвлөлийн хуралд биеэр оролцож, тайлбар үндэслэл, санал хүсэлтээ гаргах өөрийн төлөөлөгч, өмгөөлөгчийг хуралд оролцуулах;
в/маргаан таслах зөвлөлийн хурал болохоос өмнө маргаж байгаа зүйлийн талаар амаар буюу бичгээр тайлбар тодорхойлолт гаргаж өгөх;
г/маргаан таслах зөвлөлийн хурлын шийдвэр, тэмдэглэлтэй танилцах;
д/маргаан таслах зөвлөлийн гаргасан шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл дээд шатны татварын  маргаан таслах зөвлөл  буюу шүүхэд гомдлоо гаргах;
е/татварын улсын байцаагчийн тогтоосон акт,ногдуулсан хүү торгуулийг маргаан таслах зөвлөлийн хурлаас хүчингүй болгосон, төлбөрийн хэмжээг бууруулсан тохиолдолд учирсан хохирлоо гаргуулахыг  шаардах;
ж/маргаан таслах зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга, гишүүдийн аль нэг нь татварын улсын байцаагч, гомдол гаргагчийн төрөл садан,эсвэл уг гомдлын талаар хувийн сонирхолтой байгаа, урьд нь уг маргааныг шалган татвар, хүү, торгууль оногдуулж, бараа, эд зүйл хураах шийдвэр гаргуулж байсан бол түүгээр шалгуулж шийдвэрлүүлэхээс татгалзах;
з/хууль тогтоомжоор олгогдсон бусад эрх.
10.Гомдол гаргаж буй  татвар төлөгч дор дурдсан үүрэг хүлээнэ:
а/маргаан таслах зөвлөлд хянан хэлэлцэх асуудлын талаар нотлох баримтыг гаргаж өгөх;
б/зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга,гишүүд болон уг асуудлыг шалган магадлаж байгаа ажилтанд шаардлагатай тайлбар тодорхойлолт гаргаж өгөх.
11.Татварын маргаан таслах зөвлөл нь татвар төлөгчийн гомдлыг хүлээн авч хуанлийн 30 хоногийн дотор шалгаж шийдвэрлэх ба энэ хугацаанд гомдлыг шалган шийдвэрлэх боломжгүй тохиолдолд зөвлөлийн дарга хугацааг нэг удаа    30 хоногоор сунгаж болно.
12.Татвар төлөгчийн гаргасан гомдлын үндэслэлийг  шалгаж дүгнэлт гаргаж хурлаар хэлэлцүүлэх үүрэг бүхий ажилтныг зөвлөлийн дарга томилно.Шаардлагатай бол комисс, ажлын хэсэг байгуулж болно.
13.Маргаан таслах зөвлөлийн хурлыг гишүүдийн гуравны хоёроос доошгүй хувийн ирцтэйгээр хийх ба олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэж, хурлаас тогтоол гаргана.Тогтоолд хуралд оролцсон зөвлөлийн дарга, гишүүд гарын үсэг зурна.Тогтоол нь гарсан өдрөөсөө эхлэн хүчин төгөлдөр болно. Шийдвэр гаргахад санал  зөрүүтэй  гишүүд  байвал хурлын тэмдэглэлд өөрийн саналыг бичүүлнэ.
14.Татварын маргаан таслах зөвлөлийн гаргасан шийдвэрийг татварын улсын байцаагч үндэслэлгүй гэж үзвэл гомдлоо дээд шатны татварын маргаан таслах зөвлөл буюу шүүхэд 14 хоногийн дотор гаргаж болно.
15.Маргаан таслах зөвлөлийн даргын эзгүйд түүний шийдвэрээр аль нэг гишүүн түүнийг орлон ажиллана.
16.Зөвлөлийн нарийн бичгийн дарга нь маргаан таслах зөвлөлийн дотоод ажлыг хариуцах бөгөөд хурлаар хэлэлцэх асуудлын бүрдлийг хангаж, хурлын тэмдэглэлийг  хөтөлнө. Хурлын тэмдэглэлийг дэлгэрэнгүй хөтөлж, хурлыг даргалагч болон нарийн бичгийн дарга гарын үсэг зурж батална.
17.Татвар төлөгчийн гомдлыг  маргаан таслах зөвлөл болон шүүхэд хүлээн авсан нь татвар төлөхийг зогсоох үндэслэл  болохгүй. Харин гомдлыг хянаж буй шүүгчийн шийдвэрээр татвар төлөхийг түр зогсоож болно.
 
 
 
----оОо----