A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 1998 оны 15 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт

ЦЭРГИЙН АЛБЫГ ДҮЙЦҮҮЛЭН ХААХ ЖУРАМ
 
Нэг. Нийтлэг үндэслэл
1.Монгол Улсын иргэн Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу цэргийн албыг дүйцүүлэн хаахад энэ журмыг дагаж мөрдөнө.
2.Монгол Улсын 18-25 насны, цэргийн хоёрдугаар зэргийн бэлтгэл үүрэгтэн иргэн энэ журамд заасан шийдвэрийн дагуу, өөрийн хүсэлтээр Иргэний хамгаалалтын мэргэжлийн анги, Байгалийн гамшигтай тэмцэх салбар, Хилийн цэрэгт туслах хүчин, хүмүүнлэг /асрамжийн газар, халамжийн төв, төлбөргүй буяны эмнэлэг зэрэг/-ийн болон бусад байгууллага /цаашид "Иргэний хамгаалалтын мэргэжлийн анги, Байгалийн гамшигтай тэмцэх салбар, Хилийн цэрэгт туслах хүчин, хүмүүнлэгийн болон бусад байгууллага" гэнэ/-д цэргийн албыг дүйцүүлэн хааж болно..
3. Монгол Улсын иргэний цэргийн албыг дүйцүүлэн хаах хугацааг хуулиар зохицуулна..
4.Цэргийн албыг дүйцүүлэн хаах Монгол Улсын иргэний тооны дээд хязгаарыг батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газраас жил бүрийн 1 дүгээр улиралд багтаан аймаг, нийслэл бүрээр тогтооно. Аймаг  нийслэлийн Засаг дарга тухайн жилд цэргийн албыг дүйцүүлэн хаах иргэний тоог тогтоолгох саналаа холбогдох судалгааны хамтаар жил бүрийн 1 дүгээр сард багтаан батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ..
5. Иргэдээр цэргийн албыг дүйцүүлэн хаалгах арга хэмжээг тухайн сум, дүүргийн Засаг дарга нутаг дэвсгэрийн зарчмаар зохион байгуулна..
6. Цэргийн албыг дүйцүүлэн хааж байгаа иргэний сургууль, дадлага, дайчилгаа болон хил хамгаалалтад оролцсон аливаа үйл ажиллагааг оногдуулсан үүргээ гүйцэтгэсэнд тооцно.
 
Хоёр. Дүйцүүлэх албанд иргэнийг авах
7. Монгол Улсын иргэнийг дараахь шалтгаанаар цэргийн дүйцүүлэх албанд авч болно:
а/сүм хийдэд шавилан суугаа;
б/шашин шүтлэг-ёс зүйн шалтгаанаар цэргийн жинхэнэ албыг хаах боломжгүй болохыг сум, дүүргийн Засаг дарга тогтоон тодорхойлсон..
8.Цэргийн албыг дүйцүүлэн хаах тухай хүсэлт, шалтгаанаа Монгол Улсын иргэн ээлжит цэрэг татлагаас хуанлийн 45 хоногийн өмнө харьяалагдах сум, хорооны Засаг даргаараа уламжлан аймаг, дүүргийн Засаг даргад гаргана.
9.Аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид иргэний хүсэлт, шалтгаан, сум, хорооны Засаг даргын тодорхойлолт, аймаг, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн цэргийн дүйцүүлэх албанд авах иргэдийн тооны дээд хязгаарыг сум, дүүрэг бүрээр хяналтын тоотой уялдуулан гаргаж Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаараа батлуулан тухайн сум, дүүргийн Засаг дарга болон цэрэг татлагын товчоонд хүргүүлнэ.
10.Сум, дүүргийн Засаг дарга цэргийн албыг дүйцүүлэн хаах иргэдийн нэрсийн жагсаалтыг тогтоосон хязгаарт багтаан батлуулж цэрэг татлагын товчоонд хүргүүлэх бөгөөд уг товчоо нь тогтоосон хязгаар, нэрсийн жагсаалтыг чанд баримтлан цэргийн албыг дүйцүүлэн хаах иргэдийг авах, энэ талаар шийдвэр гаргах, хуваарилах ажлыг зохион байгуулах үүрэг хүлээнэ
 
Гурав. Цэргийн албыг дүйцүүлэн хаах
11.Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэний хамгаалалтын мэргэжлийн анги, Байгалийн гамшигтай тэмцэх салбар, Хилийн хороо, Хүмүүнлэгийн болон бусад байгууллагын удирдлага тухайн цэрэг татлагын товчооны шийдвэр, хуваарийн дагуу цэргийн албыг дүйцүүлэн хаах иргэдийг хүлээн авч бүртгэн, уг албыг хаалгах ажлыг зохион байгуулна.
12. Цэргийн дүйцүүлэх албыг хааж байгаа иргэн нь тухайн шатны иргэний хамгаалалтын болон байнгын онцгой комиссын дарга, штаб, хилийн хорооны захирагч, хүмүүнлэгийн болон бусад байгууллагын удирдлага, шийдвэрийн дагуу дараахь үүрэг гүйцэтгэнэ:
а/байгалийн болон нийтийг хамарсан гамшиг, осол /ой, хээрийн түймэр, усны үер, ган, зуд, хүчтэй цасан болон шороон шуурга, газар хөдлөлт, дэлбэрэлт, цацраг идэвхт болон хүчтэй үйлчилгээтэй хорт бодис алдах зэрэг/-ын аюулаас хүн ам, эд хөрөнгийг хамгаалах, тэдгээртэй тэмцэх, хор уршгийг арилгах;
б/гамшиг, осолд нэрвэгдэгсдийг аврах, хамгаалах;
в/улсын хилийн бүс, зурваст улсын хилийн болон хил орчмын дэглэмийг сахиулах;
г/хүмүүнлэгийн болон бусад байгууллагад туслах;
д/байгалийн гамшиг, ослоос сэргийлэхтэй холбогдсон цаг үеийн чанартай ажил гүйцэтгэх.
13. Цэргийн албыг дүйцүүлэн хааж байгаа иргэний оногдуулсан үүрэг, түүнийг гүйцэтгэх үеийн харилцааг батлан хамгаалахын асуудал хариуцсан Засгийн газрын гишүүний баталсан дүрмээр зохицуулна.
14. Цэргийн албыг дүйцүүлэн хааж байгаа иргэдийн сургалтыг алба хаалгахаар бүртгэн авсан тухайн байгууллага хариуцан тэдгээрийг уг албанд авсан өдрөөс эхлэн зохион байгуулна. Энэ сургалтаар үүрэг гүйцэтгэх анхан шатны мэдлэг, дадлага эзэмшүүлэх бөгөөд хугацаа нь ажлын 14 хоногоос багагүй байна. Сургалтыг алба хаалгагч байгууллагууд хамтран, эсвэл бүсчилсэн хэлбэрээр явуулж болно.
15.Хилийн цэрэгт туслах хүчинд цэргийн албыг дүйцүүлэн хааж байгаа иргэдийн сургалтыг тухайн хилийн хороо хариуцан зохион байгуулах бөгөөд хил хамгаалалтын үүрэг гүйцэтгэх үед нь захирагчийн шийдвэрийг үндэслэн хяналт, ажиглалт явуулах, холбоо барихад  шаардагдах багаж хэрэгслээр хангана.
16.Цэргийн албыг дүйцүүлэн хааж байгаа иргэдийн гүйцэтгэх үүргийн мэдлэг, дадлагыг гүнзгийрүүлэх, тодорхой чиглэлээр цэргийн болон бусад мэдлэг олгох сургалтыг тухайн байгууллага жилд 2-оос доошгүй удаа тус бүр ажлын 14 хоногийн хугацаагаар явуулна.
17.Цэргийн албыг дүйцүүлэн хааж байгаа иргэдийн сургалтын хөтөлбөрийг холбогдох төрийн захиргааны байгууллагатай зөвшилцсөний үндсэн дээр Батлан хамгаалах яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга батална. Уг хөтөлбөрт тухайн албыг дүйцүүлэн хаалгаж байгаа байгууллага өөрийн үйл ажиллагааны болон нутаг дэвсгэрийн онцлогтой уялдуулан өөрчлөлт оруулж болно.
18. Цэргийн албыг дүйцүүлэн хааж байгаа иргэн тухайн сум, дүүргийн Засаг дарга, алба хаалгаж байгаа байгууллагаас дуудсан хугацаанд хувийн бэлтгэлтэйгээ хүрэлцэн ирж, оногдуулсан үүргийг гүйцэтгэнэ. Цэргийн албыг дүйцүүлэн хааж байгаа иргэний цугларалтын үеийн хувийн бэлтгэлийн нормативыг аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид баталж мөрдүүлнэ.
19.Иргэний хамгаалалтын мэргэжлийн анги, Байгалийн гамшигтай тэмцэх салбар, Хилийн хамгаалал, Хүмүүнлэгийн болон бусад байгууллагад цэргийн албыг дүйцүүлэн хааж байгаа иргэний сургалт, дадлагын ном, сурах бичиг, үзүүлэн таниулах материал, бусад гарын авлага, дадлагын болон дайчилгааны төхөөрөмж, багаж хэрэгслийн жагсаалтыг мэргэжлийн холбогдох төв байгууллага баталж, сум, дүүргийн, эсвэл хилийн хорооны захиалгаар хангалт хийнэ.
20. Цэргийн албыг дүйцүүлэн хааж байгаа иргэн нь уг албыг хаах хугацаандаа 5-аас доошгүй сарын хугацаагаар дүйцүүлэх албаны оногдуулсан үүргийг биечлэн гүйцэтгэсэн байна. Дүйцүүлэх албаны сургалт, цугларалтын хугацааг үүрэг гүйцэтгэснээр тооцно.
21. Цэргийн албыг дүйцүүлэн хааж  байгаа иргэн дараахь нийтлэг үүрэг хүлээнэ:
а/томилгоот үүргээ биелүүлэх мэдлэг, чадвар эзэмшсэн байх;
б/албыг дүйцүүлэн хаах хугацаандаа өөрийн ажил, амьдралаа албаныхаа эрх ашигт нийцүүлэн зохицуулах байх;
в/даалгасан үүргийг шударга, хариуцлагатай биелүүлэх;
г/цугларах дохио, дуудлага хүлээн авмагц заасан газар, тогтоосон хугацаанд хувийн бэлтгэлтэйгээр хүрэлцэн ирж, оногдуулсан үүргийг гүйцэтгэх;
д/зөвхөн сум, дүүргийн Засаг даргаас, эсвэл хилийн хорооны штабаас олгосон зөвшөөрөл, чөлөөгөөр тухайн орон нутгаас 5-аас дээш хоногоор гадагш явах;
е/сум, хорооны Засаг дарга, алба хаалгагч байгууллагын удирдлагын, эсвэл хилийн хорооны захирагчийн шийдвэрийг үг дуугүй биелүүлэх;
ж/оногдуулсан үүрэгтэйгээ холбоотой зөрчил гарсан үед холбогдох арга хэмжээг бие даан нэн яаралтай зохион байгуулах..
 
Дөрөв. Орон нутгийн байгууллагуудын гүйцэтгэх ажлын чиг үүрэг
22.Аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:
а/сум, дүүргийн цэргийн албыг дүйцүүлэн хаах иргэдийн тооны дээд хязгаарыг тогтоох тухай саналаа аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд оруулан батлуулах;
б/байгалийн болон нийтийг хамарсан гамшиг, ослоос сэргийлэхтэй холбогдсон үүрэг гүйцэтгүүлэхээр цэргийн албыг дүйцүүлэн хааж байгаа иргэдийн цугларалт зохион байгуулах тухай шийдвэр гаргаж , Засаг даргад заалт өгөх.
23.Сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:
а/тухайн жилд цэргийн албыг дүйцүүлэн хаах иргэдийн жагсаалтыг хянан батлах;
б/хяналтын тоонд багтаагүй иргэнийг дараагийн онд цэргийн албыг дүйцүүлэн хаалгахаар цэрэг татлагаас түр чөөөлөх тухай шийдвэр гаргах.
24.Аймаг, нийслэлийн Засаг дарга дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:
а/тухайн жилийн цэргийн албыг дүйцүүлэн хаах иргэдийн талаар сум, дүүргээс ирүүлсэн саналыг хянаж, төслөө аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд оруулах;
б/энэ журмын 22 дугаар зүйлийн "б"-д заасан шийдвэрийг хэрэгжүүлэх, эсвэл холбогдох хууль тогтоомжийг биелүүлэх, дайчилгаа явуулах зорилгоор цэргийн албыг дүйцүүлэн хааж байгаа иргэдийн цугларалтыг төвлөрүүлэн зохион байгуулж, тодорхой үүрэг гүйцэтгүүлэх тухай шийдвэр гаргах;
в/ Цэргийн албыг дүйцүүлэн хааж байгаа иргэдийн хүчийг хэрхэн төвлөрүүлэн ашиглах талаар төлөвлөж, жил бүр тодотгож байх;
г/ цэргийн албыг дүйцүүлэн хааж байгаа иргэдийн сургалт, цугларалт, дайчилгааны үед шаардлагатай материал, техник хэрэгслийг үүрэг гүйцэтгүүлэхээр татан оролцуулах;
д/ иргэдийн цэргийн албыг дүйцүүлэн хааж байгаа байдалд хяналт тавьж, шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх.
25.Сум, дүүргийн Засаг дарга дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:
а/ цэргийн албыг дүйцүүлэн хаах хүсэлт гаргасан иргэний хүсэлт, үндэслэлийг нарийвчлан хянаж, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчидтэйгээ зөвшилцөн саналаа аймаг, нийслэлийн Засаг даргад жил бүрийн 2 дугаар сард багтаан хүргүүлэх;
б/ цэргийн албыг дүйцүүлэн хааж байгаа иргэдийн сургалт, бэлтгэл, цугларалт, дайчилгаа, өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах;
в/ цэргийн албыг дүйцүүлэн хааж байгаа иргэдийн дайчилгааны үеийн аюулгүй байдлыг хангуулах арга хэмжээ авах;
г/ цэргийн албыг дүйцүүлэн хааж байгаа иргэн гамшиг, ослын хор уршгийг арилгах, иргэдийн амь нас, эд хөрөнгийг хамгаалах болон бусад оногдуулсан үүргээ үнэнчээр биелүүлж амжилт гаргавал тэднийг шагнах, урамшуулах, шагналд тодорхойлох;
д/ цэргийн албыг дүйцүүлэн хааж байгаа иргэн оногдуулсан үүргээ гүйцэтгэж байх үедээ тахир дутуу болсон, амь насаа алдсан тохиолдолд хууль тогтоомжийн дагуу өөрт нь болон ар гэрт нь тэтгэвэр, тэтгэмж олгох;
е/ цэргийн албыг дүйцүүлэн хаах хугацаандаа хүндэтгэх бус шалтгаанаар сургалт, цугларалт, дайчилгааг тасалсан, сахилга хариуцлага алдсан, түүнчлэн гэмт хэрэг үйлдсэн нь хууль тогтоомжийн дагуу тогтоогдсон иргэнийг уг албанаас хасах санал тавих, эсвэл хуулийн байгууллагад шилжүүлэх;
ж/ цэргийн албыг дүйцүүлэн хаах иргэдийн зардлыг жил бүр орон нутгийн төсөвтөө тусган батлуулж байх;
з/ цэргийн албыг дүйцүүлэн хааж байгаа иргэдэд шаардлагатай тохиолдолд оногдуулсан үүргээ гүйцэтгэх үед нь ажлын хувцас, багаж хэрэгслээр хангах арга хэмжээ авах;
и/ цэргийн албыг дүйцүүлэн хаах хугацаа дууссан иргэнийг  уг албанаас халах тухай саналаа аймаг, дүүргийн цэрэг татлагын товчоонд гаргаж өгөх.
26.Цэрэг татлагын товчоо дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:
а/зохих шийдвэрийн дагуу цэргийн албыг дүйцүүлэн хаах иргэдийг ээлжит цэрэг татлагын үед жагсаалтын дагуу бүртгэж, хуваарилах, алба хаах байгууллагад нь хүлээлгэн өгөх;
б/ цэргийн албыг дүйцүүлэн хаах хугацаа дууссан иргэнийг уг албанаас халж, бичиг баримтад нь тэмдэглэл хийж өгөх.
27.Цэрэг, иргэний хамгаалалтын штаб дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:
а/ цэргийн албыг дүйцүүлэн хааж байгаа иргэдэд мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх;
б/ цэргийн албыг дүйцүүлэн хааж байгаа иргэнд алба хаах хуудас олгох ажлыг эрхлэн гүйцэтгэх;
в/ цэргийн албыг дүйцүүлэн хааж байгаа байдал, түүний зохион байгуулалт, үйл ажиллагаанд хяналт тавьж, сум, дүүргийг мэргэжил, арга зүйн удирдлага, туслалцаагаар хангах;
г/иргэд цэргийн албыг дүйцүүлэн хаахтай холбогдсон бүртгэл, тайлан, мэдээллийн асуудлыг эрхлэх.
28.Иргэдийн цэргийн албыг дүйцүүлэн хаалгах ажил хариуцсан байгууллага дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:
а/ цэргийн албыг дүйцүүлэн хаахаар хуваарилагдан ирсэн иргэдийг хүлээн авч, холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, заавар зэрэг дагаж мөрдвөл зохих эрх зүйн баримт бичгийг танилцуулах, тэдний сургалт, цугларалт, дайчилгааг хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу зохион байгуулах ажлыг хариуцан гүйцэтгэх;
б/сахилга хариуцлага алдсан болон бусад шалтгаанаар цэргийн албыг дүйцүүлэн хаах боломжгүй болсон иргэнийг уг албанаас хасах тухай саналаа сум, дүүргийн Засаг даргад гарган өгч шийдвэрлүүлэх;
в/ цэргийн албыг дүйцүүлэн хаасан иргэнийг уг албанаас халах тухай санал, тодорхойлолтоо сум, дүүргийн Засаг даргад гарган өгч шийдвэрлүүлэх;
г/ цэргийн албыг дүйцүүлэн хаасан иргэдэд энэ тухай баримт бичгээ бүрдүүлэн халагдахад нь дэмжлэг туслалцаа үзүүлэх.
29.Аж ахуйн нэгж, байгууллага дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:
а/ цэргийн албыг дүйцүүлэн хаах хүсэлтэй иргэнийг харьяалах сум, дүүргийн Засаг даргад уламжлах;
б/ цэргийн албыг дүйцүүлэн хааж байгаа иргэнийг дуудсан хугацаанд үндсэн ажлаас нь чөлөөлж сургалт, цугларалт, дайчилгаанд оролцох, оногдуулсан үүргээ гүйцэтгэх нөхцөл, боломжоор хангах.
 
Тав. Бусад зүйл
30.Зарлан дуудсан хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр заасан газарт ирээгүй, сургалт, цугларалт, дайчилгаанаас зайлсхийсэн болон энэ журмыг зөрчсөн цэргийн албыг дүйцүүлэн хааж байгаа иргэнийг уг албанаас хасч, холбогдох хууль тогтоомжийн дагуу шийтгэл ногдуулна.
31. Цэргийн албыг дүйцүүлэн хаахаас хасагдсан иргэн цэргийн жинхэнэ алба хаах үүргээс чөлөөлөгдөхгүй.
32. Цэргийн албыг дүйцүүлэн хаалгахаар иргэнийг авах, уг албыг хаах, түүнээс хасах, халахтай холбогдсон асуудлаар гарсан маргааныг аймаг, дүүргийн Цэрэг, иргэний хамгаалалтын штаб шийдвэрлэнэ. Цэрэг, иргэний хамгаалалтын штабын шийдвэрийг эс зөвшөөрвөл тухайн иргэн гомдлоо дээд шатны байгууллага буюу шүүхэд гаргаж болно.
 (Энэ хавсралтыг 2008-12-03-ны 49-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон).