A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 1998 оны 15 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт

ЦЭРГИЙН АЛБЫГ САЙН ДУРЫН ҮНДСЭН ДЭЭР ГЭРЭЭГЭЭР ХААХ ЖУРАМ
 
Нэг. Нийтлэг үндэслэл
1.Монгол Улсын иргэн Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу цэргийн албыг сайн дурын үндсэн дээр гэрээгээр хаахад энэ журмыг дагаж мөрдөнө.
2.Цэргийн хугацаат албаны хугацаа нь дуусч байгаа байлдагч, түрүүч болон цэргийн нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтэн цэргийн жинхэнэ албан хаагч зөвшөөрөгдсөн мэргэжлээр сайн дурын үндсэн дээр цэргийн албыг гэрээгээр хааж болно..
3. Зэвсэгт хүчин, бусад цэргийн байгууллагад цэргийн албыг гэрээгээр хааж байгаа иргэн /цаашид "гэрээт цэргийн албан хаагч" гэнэ/-д "Цэргийн цол олгох журам"-ын дагуу цэргийн цолыг олгоно.
 
Хоёр. Иргэнийг гэрээт цэргийн албанд сонгон авах
4.Гэрээт цэргийн албан хаагчийн алба хаах албан тушаал, мэргэжил, тооны дээд хязгаарыг санхүүгийн болон батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага жил бүрийн эхэнд тогтооно..
5. Цэргийн жинхэнэ албыг 8 сараас доошгүй хугацаагаар хааж байгаа байлдагч, түрүүч, нэгдүгээр зэргийн цэргийн бэлтгэл үүрэгтэн 25 хүртэлх насны Монгол Улсын иргэнийг гэрээт цэргийн албан хаагчаар сонгон шалгаруулж авна..
6. Сонгон шалгаруулалтад орох хүсэлтэй Монгол Улсын иргэн аймаг, нийслэл /дүүрэг/-ийн цэрэг, иргэний хамгаалалтын штаб, цэргийн ангийн удирдлагад өргөдлөө гаргана..
7.Гэрээт цэргийн албан хаагчаар иргэнийг сонгон шалгаруулах журам, хугацааг Зэвсэгт хүчний ерөнхий штаб, Хилийн цэргийг удирдах газар тогтоож, мэдээллийн хэрэгслээр зарлан мэдээлнэ...
8.Цэрэг, иргэний хамгаалалтын штаб, цэргийн ангийн удирдлага сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт гаргагчдын цэргийн болон тусгай мэргэжил, эрүүл мэнд,  бие бялдрын хөгжил, боловсролын түвшинг тогтоох зоригоор батлагдсан журмын дагуу үзлэг, шалгалт явуулж, дүнг Зэвсэгт хүчний ерөнхий штаб, Хилийн цэргийг удирдах газарт хүргүүлэх бөгөөд тэдгээр нь шалгалтын дүн, цэргийн жинхэнэ алба хаасан байдал зэргийг үндэслэн иргэнийг гэрээт цэргийн алба хаагах тухай асуудлаар шийдвэр гаргана.
 
Гурав. Гэрээ байгуулах
9.Энэ журмын 8 дугаар зүйлд заасны дагуу гэрээт цэргийн алба хаалгахаар шийдвэр гарсан иргэнтэй Зэвсэгт хүчний ерөнхий штаб, Хилийн цэргийг удирдах  газрын эрх бүхий албан тушаалтан хяналтын тоонд багтаан "Гэрээг цэргийн алба хаах тухай гэрээ"-г байгуулна.
10.Иргэнтэй байгуулсан "Гэрээт цэргийн алба хаах тухай гэрээ"-нд дараахь асуудлыг тусгана:
а/гэрээгээр цэргийн албыг хаах хугацаа;
б/гэрээний хугацаанд ажиллах анги, байгууллага, эрхлэх албан тушаал;
в/цалин хөлс, нэмэгдлийн хэмжээ;
г/гэрээ байгуулагч Талуудын хүлээх үүрэг, эрх
д/гэрээ зөрчигдөхөд Талуудын хүлээх хариуцлага;
е/гэрээ хүчин төгөлдөр болох хугацаа.
11.Гэрээт цэргийн алба хаах анхны хугацаа 2 жил байна. Гэрээг мөн хугацаагаар байлдагч, түрүүчийн цэргийн алба хаах насны дээд хязгаар хүртэл сунгаж болно.
12. "Гэрээт цэргийн алба хаах тухай гэрээ"-г 2 хувь үйлдэж, Талууд тус бүр нэг хувийг хадгална.
 
Дөрөв. Гэрээт цэргийн албыг хаах
13.Гэрээт цэргийн албан хаагч нь хугацаат албаны байлдагч, түрүүч нарын нэгэн адил цэргийн ангийн байнгын байрлалд байрлана.
14.Гэрээт цэргийн албан хаагч нь албан тушаалын үүрэг, анги, байгууллагын өдөр тутмын цагийн хуваарь, дотоод дэг журам, цэргийн нийтлэг дүрмүүдийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгоно.
 
 
Тав. Гэрээт цэргийн албан хаагчийг томилох, шилжүүлэх
15.Талуудын хооронд байгуулсан "Гэрээт цэргийн алба хаах тухай гэрээ"-г үндэслэн тухайн анги, байгууллагын захирагчийн тушаалаар иргэнийг байлдагч, түрүүчийн албан тушаалд томилно.
16.Гэрээт цэргийн албан хаагчийг зөвхөн орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлт, ажил, мэргэжлийн шаардлага, ар гэрийн гачигдлыг харгалзан гэрээнд өөрчлөлт оруулсны үндсэн дээр анхлан шийдвэр гаргасан байгууллагын шийдвэрээр өөр анги, байгууллагад шилжүүлэн томилж болно.
 
Зургаа. Гэрээт цэргийн албан хаагчийн цалин, бусад хангамж
17.Гэрээт цэргийн албан хаагчийн мөнгөн орлого нь үндсэн цалин, цол, мэргэжлийн зэргийн болон бусад эмэгдлээс бүрдэнэ.
18.Гэрээт цэргийн албан хаагчийн мөнгөн орлогын 50 хүртэл хувийг сар тутам бэлнээр олгож болох бөгөөд үлдэх хэсгийг гэрээний хугацаа дууссаны дараа олгоно.
19.Гэрээт цэргийн албан хаагчийн албан тушаалын үндсэн цалинг санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцсөний үндсэн дээр батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно.
20.Эрх бүхий байгууллагын баталсан цэргийн мэргэжлийн зэрэг, шагнал олгох журмыг үндэслэн гэрээт цэргийн албан хаагчид мэргэжлийн зэргийн нэмэгдэл, шагналыг олгоно.
21.Гэрээт цэргийн албан хаагчийн алба хаасан хугацааг иргэний нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцно.
 
Долоо. Гэрээт цэргийн албан хаагчийн амралт, чөлөө
22.Гэрээт цэргийн албан хаагчид цэргийн анги, байгууллагаас тогтоосон журмын дагуу түр чөлөө олгох бөгөөд ээлжийн амралтыг холбогдох хууль тогтоомжийн дагуу биеэр эдлүүлнэ.
23. Гэрээт цэргийн албан хаагчийн ээлжийн амралтаараа орон нутагтаа ирж, очиход шаардагдах замын зардлыг түүний алба хааж байгаа анги, байгууллагаас автомашин, галт тэргээр зорчих тухайн үеийн тарифаар тооцон 2 жилд нэг удаа олгоно
24. Гэрээт цэргийн албан хаагчид анги, байгууллагын захирагч нарын тушаалаар ар гэрийн гачигдлын учир 7 хүртэл хоногийн цалинтай, 14 хүртэл хоногийн цалингүй чөлөөг жилд нэг удаа ажлын өдрөөр тооцон олгож болно.
25.Өвчний болон эмчлүүлэх чөлөөг цэргийн их эмч нарын комиссын магадлагаа, дүгнэлтийг үндэслэн анги, байгууллагын захирагч нар олгох бөгөөд эмчлүүлэх, сувилуулах нийт хугацаа нь дөрвөн долоо хоногоос илүүгүй байна.
 
Найм. Гэрээ цуцлах, цэргийн жинхэнэ албанаас халах
 
26. Гэрээт цэргийн албан хаагчтай байгуулсан гэрээг дараахь тохиолдолд цуцална:
а/байлдагч, түрүүчийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн;
б/гэрээний хугацаа дуусч, халагдах өргөдлөө гаргасан;
в/дөрвөн долоо хоногоос дээш хугацаагаар эмчлүүлэх шаардлагатай болсон;
г/ар гэрийн гачигдлын улмаас гэрээгээр цуцлахаар хүсэлтээ гаргасан;
д/шүүхээр ял шийтгүүлсэн;
е/хүндэтгэх шалтгаангүйгээр анги, байраа орхин явсан;
ж/олгосон амралт, чөлөөний хугацааг хүндэтгэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн;
з/мэргэжил, ур чадвар, сахилга хариуцлагын хувьд ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, цэргийн дүрмийн болон сахилгын зөрчил удаа дараа гаргасныг нь тухайн анги, байгууллагын захирагч нар тодорхойлон гэрээгээ цуцлах санал тавьсан;
и/орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлтөөр мэргэжлийн дагуу өөр анги, байгууллагад шилжин ажиллах боломжгүйгээ тухайн албан хаагч бичгээр мэдэгдсэн.
27.Энэ журмын 26 дугаар зүйлийн "д, з"-д заасан шалтгаанаар гэрээгээ цуцалж байгаа гэрээт цэргийн албан хаагч гэрээнд заасны дагуу материалын зардлаа төлөх үүрэгтэй.
28. Гэрээт цэргийн албан хаагчтай  байгуулсан гэрээг энэ журмын 26 дугаар зүйлд заасны дагшуу цуцалбал уг албан хаагчийг хууль тогтоомжийн дагуу цэргийн жинхэнэ албанаас бэлтгэлээр хална.
29. Гэрээт цэргийн албан хаагч гэрээнд заасан хугацаанаас өмнө өөрийн хүсэлтээр халагдвал материалын зардлаа гэрээний дагуу төлсний дараа халах асуудлыг шийдвэрлэнэ.
30.Халагдаж байгаа гэрээт цэргийн албан хаагчтай байгуулсан гэрээгээ дүгнэн холбогдох тооцоог хийсний дараа нийгмийн даатгалын дэвтэр, бусад баримт бичгийг олгоно
Ес. Бусад асуудал
31.Албан үүргээ үлгэр жишээчээр гүйцэтгэж байгаа гэрээт цэргийн албан хаагч ахлагчийн болон офицерийн албанд шилжин ажиллах хүсэлт гаргавал түүнд зохих шатны сургуулийн элсэлтийн уралдаант шалгалтад орох, мэргэжил дээшлүүлэхэд нь анги, байгууллагын удирдлага дэмжлэг үзүүлнэ.
32.Гэрээний хугацаа дуусч байгаа гэрээт цэргийн албан хаагч цаашид сурч, боловсрох хүсэлтээ гаргавал бэлтгэлийг нь хангуулах үүднээс тухайн анги, байгууллагаас их, дээд сургууль, коллежийн элсэлтийн шалгалтын голлох хичээлүүдээр төрөлжүүлсэн сургалт зохион байгуулж болно.
33. Гэрээт цэргийн албан хаагчдын дунд явуулах цэргийн мэргэжлийн сургалтын хөтөлбөрийг Зэвсэгт хүчний ерөнхий штаб, Хилийн цэргийг удирдах газар батлан гаргаж мөрдүүлнэ.
34. Гэрээт цэргийн албан хаагч болон түүний алба хааж байгаа анги, байгууллагын хооронд гарсан маргааныг Зэвсэгт хүчний ерөнхий штаб, Хилийн цэргийг удирдах газар шийдвэрлэнэ.
Зэвсэгт хүчний ерөнхий штаб, Хилийн цэргийг удирдах газрын шийдвэрийг эс зөвшөөрвөл Талууд гомдлоо шүүхэд гаргаж болно.