A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ЭНХИЙГ САХИУЛАХ ХҮЧНИЙ ХЭЭРИЙН СУРГУУЛЬД ОРОЛЦОХ ГАДААД ОРНЫ ТОМИЛГООТ БҮРЭЛДЭХҮҮНИЙ АГСАМЖ, НОРМТ ХАНГАЛТЫН ЗҮЙЛС, ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛД ХИЛ, ГААЛИЙН ХЯЛБАРЧИЛСАН ШАЛГАЛТ ХИЙХ,НАВИГАЦИЙН БОЛОН БУСАД ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЖУРАМ
Бүлэг: 1979
Засгийн газрын 2004 оны 32 дугаар тогтоолын хавсралт

ЭНХИЙГ САХИУЛАХ ХҮЧНИЙ ХЭЭРИЙН СУРГУУЛЬД ОРОЛЦОХ ГАДААД ОРНЫ ТОМИЛГООТ БҮРЭЛДЭХҮҮНИЙ АГСАМЖ, НОРМТ ХАНГАЛТЫН ЗҮЙЛС, ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛД  ХИЛ, ГААЛИЙН ХЯЛБАРЧИЛСАН ШАЛГАЛТ ХИЙХ,НАВИГАЦИЙН БОЛОН БУСАД ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЖУРАМ
 
Нэг. Нийтлэг үндэслэл
1. Монгол Улсад зохион байгуулагдах энхийг сахиулах хүчний хээрийн сургуульд оролцох гадаад орны томилгоот бүрэлдэхүүнийг хил нэвтрүүлэх, тэдний агсамж, нормт хангалтын зүйлс, зэвсэглэл, техник, тээврийн хэрэгсэлд хил, гаалийн хялбарчилсан шалгалт хийх, навигацын болон бусад үйлчилгээ үзүүлэхэд энэ журмыг дагаж мөрдөнө.
2. Монгол Улсад зохион байгуулагдах энхийг сахиулах хүчний хээрийн сургуульд гадаад орны томилгоот бүрэлдэхүүн (цаашид "бие бүрэлдэхүүн" гэх)-ийг оролцуулахад Цэрэг, цагдаагийн албан хаагчийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд оролцуулах тухай хууль болон түүнтэй нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомж, энэхүү журмыг дагаж мөрдөнө.
 
Хоёр. Хил, гаалийн хялбарчилсан шалгалт
3. Бие бүрэлдэхүүнийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхэд тэдгээрийн паспорт буюу түүнийг орлох хууль ёсны баримт бичиг, эсхүл цэргийн үнэмлэхийг үндэс болгоно.
4. Хил, гаалийн хялбарчилсан шалгалтад оруулахад Зэвсэгт хүчний жанжин штаб дор дурдсан материалыг хариуцан бүрдүүлж, батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар уламжлан тухайн бие бүрэлдэхүүнийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхээр төлөвлөсөн хугацаанаас 14 хоногийн өмнө хил хамгаалах болон гаалийн төв байгууллагад хүргүүлнэ:
      а/ бие бүрэлдэхүүний нэрсийн жагсаалт;
      б/агсамж, хангалтын зүйлс, зэвсэглэл, техник, тээврийн хэрэгсэл, бусад ачааны жагсаалт, марк, тоо хэмжээ;
      в/нэвтрэх хилийн болон гаалийн боомт, аяллын маршрут.
5. Хилийн болон гаалийн хялбарчилсан шалгалт хийх байцаагчийг хил хамгаалах болон гаалийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага томилон бэлтгэлийг хангуулна.
6. Шаардлагатай гэж үзвэл хилийн болон гаалийн шалгалтыг холбогдох журмын дагуу, ажлын бус цагаар хяналтын бус талбайд хийж болно.
7. Хялбарчилсан шалгалтын үед хил, гаалиар нэвтрүүлэх бие бүрэлдэхүүн, тэдний агсамж, нормт хангалтын зүйлс, зэвсэглэл, техник,тээврийн хэрэгслийг ирүүлсэн жагсаалт, бичиг баримттай тулган шалгаж, холбогдох бичиг баримтад тэмдэглэл хийнэ.
8. Зэвсэглэл, техник, тээврийн хэрэгслийг улсын болон гаалийн хилээр буцаан нэвтрүүлэхэд өөрчлөлт орсон бол тухай бүр мэдээллийг Зэвсэгт хүчний жанжин штаб хил, гаалийн төв байгууллагад гаргаж өгөх үүрэгтэй.
 
Гурав. Навигацын үйлчилгээ
9. Бие бүрэлдэхүүн, тэдгээрийн агсамж, нормт хангалтын зүйлс,зэвсэглэл,техник, тээврийн хэрэгслийг тээвэрлэх агаарын хөлөг нь зохих журмын дагуу урьдчилан мэдэгдэж зөвшөөрөл авсны үндсэн дээр Монгол Улсын агаарын зайд нислэг үйлдэнэ.
10. Энэ журмын 9 дүгээр заалтад заасан үүрэг гүйцэтгэх агаарын хөлгийн талаар эзэмшигч, эсхүл түрээслэгч талаас урьдчилан ирүүлсэн мэдэгдлийн дагуу бэлтгэл ажлыг Зэвсэгт хүчний жанжин штаб дор дурдсанаар хангана:
      а/агаарын хөлгийг хүлээн авах бэлтгэл ажлыг зохион байгуулж, шаардлагатай арга хэмжээг холбогдох байгууллагаар авахуулах;
      б/агаарын хөлгийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээг холбогдох байгууллагатай хамтран авах;
      в/агаарын хөлгийн нислэгийн хөдөлгөөнийг Улсын нисэхийн  тухай хуулийн 11.2-т зааснаар зохицуулах;
      г/энэ журмын 9 дүгээр заалтад заасан үүргийг гүйцэтгэх агаарын хөлөг иргэний нисэхийн агаарын зам, нисэх буудлыг ашиглах шаардлагатай бол энэ тухай Иргэний нисэхийн ерөнхий газарт 30 хоногийн өмнө албан ёсоор мэдэгдэх, шаардлагатай тохиолдолд нислэгийн захиалгыг 5 хоногийн өмнө өгсөн байх.
11. Нислэгийн захиалгыг Монгол Улсын аэронавигацын мэдээллийн эмхтгэл /AIP/-д заасны дагуу үйлдэнэ.
12. Энэ журмын 9 дүгээр заалтад заасан үүргийг гүйцэтгэх агаарын хөлгийн аюулгүй байдал, зогсоол дээрх харуул, хамгаалалтыг Монгол Улсын мэргэжлийн зохих байгууллагууд хариуцна.
13. Эзэмшигч, эсхүл түрээслэгчийн захиалгаар тухайн агаарын хөлөгт үйлчилгээ хийсэн /шатахуунаар цэнэглэсэн, бусад үйлчилгээ хийсэн гэх мэт/ тохиолдолд түүнтэй холбоотой зардлыг эзэмшигч, эсхүл түрээслэгч хариуцна.
 
 
Дөрөв. Бусад тээврийн хэрэгслийн үйлчилгээ
14. Бие бүрэлдэхүүн, тэдний агсамж, нормт хангалтын зүйлс, зэвсэглэл, техник, тээврийн хэрэгслийг төмөр замын тээврээр хил нэвтрүүлэх, хөдөлгөөнд оролцуулах тохиолдолд энэ тухай захиалгыг Зэвсэгт хүчний жанжин штаб 30 хоногийн өмнө Улаанбаатар төмөр замын хэрэг эрхлэх газарт өгнө.
15. Захиалгад төмөр замын тээврийн хэрэгслийн харьяалал, төрөл, тоо, аяллын хугацаа, хүрэх, дамжин өнгөрөх өртөө, байрлах хугацаа, бие бүрэлдэхүүний тоо, ачаа, тээшийн жагсаалт, жин зэргийг тусгана.
16. Бие бүрэлдэхүүн, тэдний агсамж, нормт хангалтын зүйлс, тээврийн хэрэгслийг  авто тээврээр тээвэрлэх тохиолдолд тогтоосон маршрут, графикийн дагуу аяллыг зохион байгуулах бөгөөд  замын дагуухь шаардлагатай хэсэг, уулзварт хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах арга хэмжээг эрх бүхий алба зохион байгуулан хэрэгжүүлнэ.
 
 
 
 
 
----оОо----