A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 2001 оны 139 дүгээр тогтоолын хавсралт

АЖЛЫН БАЙРНЫ ТӨЛБӨР АВАХ, ХӨНГӨЛӨЛТ ҮЗҮҮЛЭХ, ЧӨЛӨӨЛӨХ ЖУРАМ
 

Нэг. Ерөнхий зүйл

1. Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан ажлын байрны төлбөр авах, хөнгөлөлт үзүүлэх, чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад энэхүү журмыг мөрдөнө.
2. Ажлын байрны төлбөр гэдэгт Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, иргэн /цаашид "байгууллага" гэх/ нь гадаадын иргэнийг ажлын байраар хангаж, орлого бүхий ажил эрхлүүлсний төлөө хуулиар  ногдуулсан хураамжийг ойлгоно.
3. Ажлын байрны сарын төлбөр нь гадаадын иргэн бүрт Засгийн газраас тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг  2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү хэмжээтэй байна.
 

Хоёр. Ажлын байрны төлбөр авах

4. Байгууллага нь Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хөдөлмөр эрхлэлтийн төв байгууллагаас гадаадын иргэнд Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл авахдаа ажлын байрны төлбөр төлнө.
5. Тухайн байгууллага хөдөлмөр эрхлүүлэх зөвшөөрлийг 5 хүртэл гадаадын иргэнд авах тохиолдолд ажлын байрны төлбөрийг урьдчилан төлөх ба түүнээс дээш тооны гадаадын иргэдийн хувьд ажлын байрны төлбөрийг төлөх хугацаа, нөхцөлийн талаар хөдөлмөр эрхлэлтийн төв байгууллагатай харилцан тохиролцож гэрээний дагуу төлж болно.
6. Хөдөлмөр эрхлэлтийн төв байгууллага ажлын байрны төлбөрийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн дансанд төвлөрүүлэх ба ажлын байрны төлбөр төлсөн, эсхүл хөнгөлөлт үзүүлсэн, чөлөөлсөн тухай бүртгэл хөтөлнө.
7. Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл бүхий гадаадын иргэн нь тухайн  байгууллагатай байгуулсан хөдөлмөрийн гэрээгээ хугацаанаас өмнө цуцалж, буцсан тохиолдолд ажиллаж байсан байгууллагын болон Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх албаны тодорхойлолтыг үндэслэн урьдчилан төлсөн төлбөрийг байгууллагад буцаан олгож болно.
 

Гурав. Ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх, хөнгөлөлт үзүүлэх

8. Дор дурдсан гадаадын иргэдийг ажлын байрны төлбөрөөс чөлөөлнө:
а/гадаадын дипломат төлөөлөгчийн болон консулын газар /Монгол Улсад суугаа гадаад орны Элчин сайдын яам, Консулын газар гэх мэт/-ын ажилтнууд, тэдний гэр бүлийн хүмүүс;
б/олон улсын байгууллагын суурин төлөөлөгчийн газар /НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн газар, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын салбар гэх мэт/-т ажиллаж байгаа гадаадын иргэд, тэдний гэр бүлийн хүмүүс;
в/Монгол Улсын гэрээ болон төрийн захиргааны төв байгууллагатай байгуулсан гэрээ, хэлэлцээрийн дагуу ажиллаж байгаа сайн дурын ажилтан;
г/Засгийн газар хоорондын гэрээнд заасан тохиолдолд уг гэрээний дагуу  ажиллаж байгаа мэргэжилтэн, ажилтнууд;
д/Монгол Улсад хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулах хууль ёсны зөвшөөрөл бүхий гадаадын төрийн бус /ашгийн бус/ байгууллагын ажилтнууд;
е/боловсрол, шинжлэх ухааны салбарт гэрээгээр ажиллаж байгаа гадаадын мэргэжилтэн, ажилтнууд.
9. Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг боловсрол, шинжлэх ухааны байгууллагад  зөвлөх мэргэжилтэн, багш, эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж байгаа гадаадын мэргэжилтэн, ажилтныг ажлын байрны төлбөрөөс чөлөөлөхөд тэдний  мэргэжлийн диплом, үнэмлэх, байгууллагын хүсэлтийг үндэслэнэ.
10. Монгол Улсад хувийн хэргээр удаан хугацаагаар оршин суугч, байнга оршин суугч, цагаач иргэдэд энэ журамд заасан төлбөр хамаарахгүй.
11. Улсын хэмжээний томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, барилга, байгууламж барих, Нүүрс тээвэрлэлтийн онцгой нөхцөлд, байгалийн гамшиг, сүйрлийн хор хөнөөлийг арилгахад шаардагдах ажиллах хүч, мэргэжилтнийг Засгийн газрын шийдвэрийн дагуу гадаадаас авч ажиллуулах тохиолдолд ажлын байрны төлбөрөөс чөлөөлнө.
(Энэ заалтад ЗГ-ын 2010-03-31-ний 79, 2013-9-28-ны 328-р тогтоолоор өөрчлөлт орсон).
12. Яам, Засгийн газрын агентлагийн байгуулсан гэрээ, албан ёсны урилгын дагуу хамтын ажиллагааны шугамаар төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, судалгаа, шинжилгээний ажил гүйцэтгүүлэх, зөвлөлгөө авах зорилгоор гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авч ажиллуулах тохиолдолд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны шийдвэрээр байгууллагыг ажлын байрны төлбөрөөс 50  хувиар хөнгөлнө.
13. Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулагч, удирдах бүрэлдэхүүний 3-аас дээшгүй гишүүн гадаадын компанийн Монгол Улс дахь төлөөлөгчийг Засгийн газрын холбогдох агентлагийн тодорхойлолтыг үндэслэн ажлын байрны төлбөрөөс чөлөөлнө.
 

Дөрөв. Бусад зүйл

14. Хөдөлмөр эрхлэлтийн төв байгууллага нь  энэхүү журамд заасан төлбөрийн талаархи тайланг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яаманд улирал тутам гаргаж өгнө.
15. Байгууллага нь энэхүү журамд заасан төлбөр авах, хөнгөлөлт үзүүлэх, чөлөөлөх асуудалд хамруулах гадаадын иргэдийн талаар үнэн зөв тодорхойлолт гаргах  үүрэгтэй.
16. Байгууллага ажлын байрны төлбөрийг 1 сараас дээш хугацаагаар төлөөгүй, энэ журмын 5 дахь заалтад заасан гэрээний үүргээ биелүүлээгүй нөхцөлд хөдөлмөр эрхлэлтийн төв байгууллага нь тухайн гадаадын иргэний хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгож, энэ тухай Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх албанд мэдэгдэнэ. Үүний зэрэгцээ тухайн байгууллагад Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т заасан хариуцлага хүлээлгэнэ.
17. Энэ журмын хэрэгжилтэд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын улсын хяналтын алба хяналт тавина.
 
 
 
----OOO----