A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • МОНГОЛ УЛСЫН ХАРЬЯАТ БОЛОХ ХҮСЭЛТ ГАРГАСАН ГАДААДЫН ИРГЭН, ХАРЬЯАЛАЛГҮЙ ХҮНД ТАВИХ ШАЛГУУРЫГ ТОГТООХ ЖУРАМ
Бүлэг: 1979
Засгийн Газрын 2003 оны 62 дугаар тогтоолын хавсралт

МОНГОЛ УЛСЫН ХАРЬЯАТ БОЛОХ ХҮСЭЛТ ГАРГАСАН ГАДААДЫН ИРГЭН, ХАРЬЯАЛАЛГҮЙ ХҮНД ТАВИХ ШАЛГУУРЫГ ТОГТООХ ЖУРАМ
 
Нэг. Нийтлэг үндэслэл
 
1.1. Энэ журмын зорилт нь Монгол Улсын харьяат болох хүсэлт гаргасан гадаадын иргэн, харьяалалгүй хүн /цаашид "хүсэлт гаргагч" гэх/  Харьяатын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нөхцөлийг хангасан эсэхийг тогтоох, түүнтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино.
1.2. Хүсэлт гаргагч нь Харьяатын тухай хууль болон энэ журамд заасан шалгуурыг хангасан эсэхийг Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх алба /цаашид "Алба" гэх/ тогтооно.
 
Хоёр. Шалгуурыг хангасан эсэхийг тогтоох үйл ажиллагаа
 
2.1. Хүсэлт гаргагч нь Харьяатын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан жагсаалтаар тогтоосон болон дараахь баримт бичгийг бүрдүүлж, оршин суугаа аймаг, нийслэлийн  Засаг даргад ирүүлнэ:
 2.1.1. Монгол Улсад таваас доошгүй жил байнга оршин суусан болохыг нотолсон оршин суух үнэмлэх, паспорт /харьяалалгүй хүн гадаадад зорчих үед олгосон баримт/-ын  нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар;
2.1.2. хүсэлт гаргагчийн сарын орлого нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс 10 дахин илүү болох тухай холбогдох байгууллагын тодорхойлолт;
2.1.3. хүсэлт гаргагч нь аж ахуйн нэгжийн эзэн, эсхүл хөрөнгө оруулагч, хувиараа хөдөлмөр эрхлэгч бол түүний орлогынх нь талаархи банк, татварын байгууллагын тодорхойлолт.
2.2.  Аймаг, нийслэлийн Засаг дарга хүсэлт гаргагчийн хувийн байдлын талаархи тодорхойлолт, дүгнэлтийг тухайн сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга болон цагдаагийн байгууллагаас гаргуулан авч холбогдох бүх баримт бичгийн бүрдлийг шалгаж тодорхой саналын хамт Албанд хүргүүлнэ.
2.3.  Хүсэлт гаргагч Харьяатын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нөхцөлийг хангасан эсэхийг тогтоох зорилгоор Алба дараахь үйл ажиллагаа явуулна:
2.3.1. хүсэлт гаргагчтай монголын ард түмний ёс заншил, төрийн албан ёсны хэл, Монгол Улсын Үндсэн хуулийн талаар зохих мэдлэг эзэмшсэн эсэхийг ярилцлага хийж  бүрэн дунд боловсролын агуулгын стандартын дагуу тогтоох;
2.3.2. хүсэлт гаргагч нь Монгол Улсад оршин суух хугацаандаа гэмт хэрэг санаатай үйлдэж ял эдэлж байсан эсэх, олон улсын болон гадаад улсын эрх бүхий байгууллагаас эрэн сурвалжлагдаж байгаа эсэх талаар цагдаагийн төв байгууллагаас тодорхойлолт гаргуулах;
2.3.3. хүсэлт гаргагчийг Монгол Улсын харьяат болгох нь уг хүний урьд нь харьяалагдаж байсан улстай Монгол Улсын тогтоосон харилцаа, Монгол Улсын нэр хүнд, үндэсний аюулгүй байдал, язгуур эрх ашигт харшлах эсэх талаар Тагнуулын төв байгууллагаас  дүгнэлт, санал гаргуулах;
2.3.4. шаардлагатай гэж үзвэл холбогдох бусад байгууллага, аж ахуйн нэгжээс хүсэлт гаргагчийн талаар лавлагаа, холбогдох бусад баримт бичгийг гаргуулан авах.
2.4. Алба нь хүсэлт гаргагчийн өргөдөл, холбогдох байгууллага, албан тушаалтны санал, тодорхойлолт болон бусад баримт бичгийг тал бүрээс нь нягтлан үзэж дүгнэлт гарган Монгол Улсын Ерөнхий сайдад танилцуулснаар Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн барина.
2.5. Албаны дүгнэлтэд хүсэлт гаргагчийг Монгол Улсын харьяат болгох эсхүл харьяат болгохоос татгалзах үндэслэл, нөхцөлийг тодорхой заана.
2.6. Хүсэлт гаргагчийн өргөдлийг хүлээн авах, шийдвэрлэхтэй холбогдон гарсан гомдлыг Харьяатын тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан журмаар шийдвэрлэнэ.
2.7. Алба нь дараахь тохиолдолд гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг Монгол Улсын харьяат болгохоор Ерөнхий сайдад танилцуулан Ерөнхийлөгчид өргөн барьж болно:
2.7.1. Засгийн газраас баталсан Монгол Улсад онц шаардлагатай мэргэжил, мэргэшлийн жагсаалтад тухайн хүсэлт гаргагчийн эзэмшсэн мэргэжил, мэргэшил хамрагдсан бол;
2.7.2. Монгол Улсын аюулгүй байдлыг хангах үүрэг бүхий байгууллагуудаас тухайн хүсэлт гаргагчийг Монгол Улсын төлөө гарамгай гавьяа байгуулсныг нотолж, түүний Монгол Улсын харьяат болох хүсэлтийг нь дэмжсэн бол;
2.7.3. Олон улсын нэр хүнд бүхий шагнал хүртсэн буюу шинжлэх ухааны аль нэг салбарт онцгой амжилт гаргасан бол;
2.7.4. Монголд хоёр сая буюу түүнээс дээш америк доллартай тэнцэх хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн  бол.
2.8. Энэ журмын 2.7.4-т заасан шалгуур нь Харьяатын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасан нөхцөлд хамаарна.
2.9. Энэ журмын 2.7-д заасан нөхцөл бүрдсэн тохиолдолд гадаадын иргэн, харьяалалгүй хүн хүсэлтээ Албанд, хэрэв гадаад улсад оршин суугаа бол Монгол Улсаас гадаад улсад оршин суугаа Дипломат төлөөлөгчийн газарт ирүүлнэ.
2.10. Хүсэлт гаргагч нь Монгол Улсад оршин суусан сүүлийн таван жилийн хугацаанд жилд 120 хүртэл хоногийн хугацаагаар тус улсын нутаг дэвсгэрт байгаагүй байж болно. 
 
 
Гурав. Бусад зүйл
3.1. Энэ журмын 2.3.1-д заасан ярилцлага хийх журмыг Алба тогтооно.
3.2. Энэ журамд заасан тодорхойлолт, санал, дүгнэлт, бусад баримт бичгийг холбогдох байгууллагууд 14 хоногийн дотор Албанд гаргаж өгөх үүрэгтэй.
3.3. Хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан, түдгэлзүүлсэн тохиолдолд энэ тухай Алба хүсэлт гаргагчид мэдэгдэнэ.
3.4. Алба нь тухайн хүсэлт гаргагчийг Монгол Улсын харьяат болгохоос татгалзсан, түдгэлзүүлсэн үндэслэлийн талаар тайлбар өгөх үүрэг хүлээхгүй.
 
 
 
 
 
_____ оОо _____