A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 2001 оны 134 дүгээр тогтоолын хавсралт


ТӨРИЙН ӨӨРИЙН ӨМЧИЙН ЭД ХӨРӨНГӨ ТҮРЭЭСЛҮҮЛЭХ ЖУРАМ
 

Нэг. Нийтлэг үндэслэл

1. Монгол Улсын төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг иргэн, хуулийн этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу түрээслүүлэхэд энэхүү журмыг дагаж мөрдөнө.
2. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн З, 4, 5-д зааснаас бусад төрийн өөрийн өмчийн бүх төрлийн үл хөдлөх болон үндсэн хөрөнгөд хамаарах хөдлөх эд хөрөнгийг түрээслүүлж болно.
3. Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг иргэн, хуулийн этгээдэд түрээсээр эзэмшүүлэх зорилго нь төрийн өмчийн ашиглалтыг сайжруулж, үр ашгийг дээшлүүлэх, төсвийн хөрөнгийг нэмэгдүүлэхэд чиглэгдэнэ.
4. Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээсээр эзэмшигч, ашиглагч нь эд хөрөнгийн баталгаа, төлбөрийн чадвартай Монгол улсын болон гадаадын иргэн, хуулийн этгээд (цаашид "түрээслэгч" гэнэ) байна.
5. Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээсээр эзэмшүүлэгч нь Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар болон төрийн өмчит хуулийн этгээд (цаашид "түрээслүүлэгч" гэнэ) байна. Төрийн өмчит хуулийн этгээд нь өөрийн эзэмшиж буй төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг энэ журмын дагуу түрээслүүлнэ.
6. Түрээслүүлэгч нь нэг зориулалттай, нэгдмэл байдалтай ашиглагдах цогцолбор төрийн өөрийн өмчийн үл хөдлөх болон үндсэн хөрөнгөд хамаарах хөдлөх эд хөрөнгийг түрээслүүлэхдээ холбогдох яамны саналыг авна.
7. Түрээслүүлэгч болон түрээслэгчийн хоорондын харилцааг хууль тогтоомж, энэ журамд заасны дагуу байгуулсан түрээсийн гэрээгээр зохицуулна.
8. Төрийн өөрийн өмчийн тухайн эд хөрөнгийг хоёр буюу түүнээс дээш этгээд түрээслэх бол түрээсийн гэрээний нөхцөлийг түрээслэгч, түрээслүүлэгч харилцан тохиролцоно.
Харин төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг зөвхөн нэг этгээдэд түрээслүүлэх бол түрээслэгчийг сонгон шалгаруулна.
9. Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээслэгч нь түрээсээр эзэмшиж буй төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг дамжуулан түрээслүүлэх, хамтран түрээслэх, эрх залгамжлан түрээслэх бол Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын зөвшөөрөл авна.
10. Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээний үлгэрчилсэн загвар, түрээслэгчийг сонгон шалгаруулах журмыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар батална.
11. Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн төлбөрийн жишиг үнийг Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг авч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар тогтооно.
 

Хоёр. Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн  түрээсийн гэрээ байгуулах

12. Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээг Иргэний хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, энэхүү журамд нийцүүлэн бичгээр байгуулна.
13. Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээг байгуулахдаа Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас баталсан түрээсийн гэрээний үлгэрчилсэн загварыг үндэс болгоно.
14. Төрийн өөрийн өмчийн үл хөдлөх хөрөнгийн түрээсийн гэрээг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраар батлуулан Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгүүлнэ.
15. Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээний хугацааг хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол түрээслэж буй эд хөрөнгийн шинж байдал, зориулалт, онцлогийг харгалзан талууд харилцан тохиролцож тогтооно.
16. Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээслүүлэхдээ түрээсийн төлбөрийн хэмжээг энэ журмын 11-д заасан жишиг үнийг баримтлан, зах зээлийн тухайн үеийн үнэ болон бусад холбогдох үзүүлэлтүүдийг харгалзан тогтоож, гэрээнд тусгана.
17. Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн төлбөрийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар төвлөрүүлж улсын төвлөрсөн төсөвт оруулна. Улсын төвлөрсөн төсөвт төвлөрүүлэх түрээсийн төлбөрийн хувь, хэмжээг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар тогтооно.
18. Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээний биелэлтэд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, түрээслэгч төрийн өмчит хуулийн этгээд хяналт тавина.
19. Төрийн өмчит хуулийн этгээд нь өөрийн эзэмшиж байгаа төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг бусдад түрээслүүлсэн бол энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг тухай бүр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт ирүүлж байх үүрэгтэй.
20. Түрээслэгч нь төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээсээр эзэмших хугацаандаа түүний бүрэн бүтэн байдал, урсгал засварыг хариуцах бөгөөд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын зөвшөөрөлгүйгээр анхны зураг төслийн шийдлийг өөрчлөх, хөрөнгө оруулалт хийхийг хориглоно.
21. Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгөд оруулах хөрөнгө оруулалтын зөвшөөрөл олгох, хяналт тавих, хүлээн авах, тооцож баталгаажуулах ажлыг зохион байгуулах журмыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар батална.
 

Гурав. Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээг цуцлах

22. Түрээслэгч төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн буюу төлбөрийн чадваргүй болсон, эсхүл гэрээнд тусгайлан заасан тохиолдолд  түрээслүүлэгч дангаар гэрээг цуцалж учирсан хохирлыг төлүүлнэ.
 

Дөрөв. Төрийн  өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээсээр эзэмшүүлэхтэй холбогдсон маргааныг шийдвэрлэх

23. Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээсээр эзэмшүүлэхтэй холбогдсон маргааныг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар шийдвэрлэнэ.
24. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын шийдвэрийг эс зөвшөөрвөл зохих шатны шүүхэд хандаж маргааныг шийдвэрлүүлнэ.
 
 
 
 
----оОо----
 
/Журмын 5, 9, 10, 11, 13, 14, 17, 18, 19, 20, 21, 23, 24 заалтад ЗГ-ын 2016 оны 166-р тогтоолоор өөрчлөлт орсон. Мөн ЗГ-ын 2016-9-7-ны өдрийн 79-р тогтоолоор журмын 5, 9, 10, 11, 13, 14, 17, 18, 19, 20, 21, 23, 24 дэх заалтад тус тус өөрчлөлт орсон/