- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН БОЛОН ТӨВЛӨРҮҮЛЭН,ШУУД ЗАХИРАГЧ НАРЫН ТӨСВИЙН ЕРӨНХИЙ НЯГТЛАН БОДОГЧИЙГ ТОМИЛОХ, ЧӨЛӨӨЛӨХ ЖУРАМ
Засгийн газрын 2001 оны 131 дүгээр тогтоолын хавсралт
ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН БОЛОН ТӨВЛӨРҮҮЛЭН,ШУУД ЗАХИРАГЧ НАРЫН ТӨСВИЙН ЕРӨНХИЙ НЯГТЛАН БОДОГЧИЙГ ТОМИЛОХ, ЧӨЛӨӨЛӨХ ЖУРАМ
ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН БОЛОН ТӨВЛӨРҮҮЛЭН,ШУУД ЗАХИРАГЧ НАРЫН ТӨСВИЙН ЕРӨНХИЙ НЯГТЛАН БОДОГЧИЙГ ТОМИЛОХ, ЧӨЛӨӨЛӨХ ЖУРАМ
1. Энэ журмын зорилт нь бүх шатны төсвийн ерөнхийлөн захирагч, төсөвт байгууллага, Засгийн газрын тусгай зориулалттай сангуудын ерөнхий (ахлах) нягтлан бодогч нар (цаашид "Төсвийн ерөнхий нягтлан бодогч" гэх)-ыг ажилд томилох, ажлаас чөлөөлөх, халах, тэдгээрт тавих шаардлага, эрх, үүрэг, баталгааг тогтоон зохицуулахад оршино.
2. Төсвийн ерөнхий нягтлан бодогчоор дараахь шаардлагыг хангасан хүнийг ажиллуулна:
1/Төсвийн ерөнхий нягтлан бодогч нь мэргэжлийн магадлан итгэмжлэгдсэн дээд сургуулийг төгссөн, бакалавраас доошгүй зэрэгтэй, нягтлан бодогч эсвэл эдийн засагч-нягтлан бодогч мэргэжил эзэмшсэн байх;
2/Шууд захирагч нарын ерөнхий нягтлан бодогч нь төсвийн байгууллагын бүртгэл тооцооны ажил дээр 2-оос доошгүй жил ажилласан байх;
3/Төвлөрүүлэн захирагч нарын ерөнхий нягтлан бодогч нь төсөвт байгууллагын ерөнхий нягтлан бодогч, эсхүл төвлөрүүлэн захирагчийн тооцооны нягтлан бодогчийн ажлыг З-аас доошгүй жил гүйцэтгэсэн, туршлагатай мэргэшсэн нягтлан бодогч байх;
4/Ерөнхийлөн захирагчийн төсвийн ерөнхий нягтлан бодогч нь төсөвт байгууллагын ерөнхий нягтлан бодогч, эсвэл санхүүгийн байгууллагад З-аас доошгүй жил ажилласан, мэргэшсэн нягтлан бодогч байх;
5/Төрийн албаны тухай хуульд заасны дагуу туршилтын хугацаатай ажиллуулсан тохиолдолд туршилтын нэг жил хүртэлх хугацаанд ажлын шаардлага бүрэн хангаж байгаа нь нотлогдсон;
6/Ял шийтгэлгүй, татварын болон банкны зээлийн өр төлбөргүй, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 36, 43, 2, 431 дүгээр зүйлийн дагуу захиргааны шийтгэлгүй байх;
7/Тухайн төсвийн эрх захирагчийн гэр бүлийн буюу төрөл садангийн хүмүүс ерөнхий нягтлан бодогчоор ажиллахыг хориглоно.
З. Төсвийн ерөнхий нягтлан бодогчийг Хөдөлмөрийн болон Төрийн албаны тухай хуульд заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлнө.
4. Төсвийн ерөнхий нягтлан бодогчийг Төрийн албаны тухай хуульд заасан болон дараахь үндэслэлээр захиргааны санаачилгаар албан тушаал бууруулах буюу төрийн албанаас хална:
1/Хүлээсэн үүргээ биелүүлээгүйн төлөө давтан сахилгын шийтгэл хүлээсэн;
2/Санхүүгийн болон хөндлөнгийн хяналтын удаа дараагийн шалгалтаар үйл ажиллагаанд нь зөрчил тогтоогдон, хянан байцаагчийн акт тавигдсан;
3/Үүрэгт ажлаа гүйцэтгэх явцдаа өмч хөрөнгө үрэгдүүлсэн, ашигласан нь хууль хяналтын байгууллагын шалгалтаар тогтоогдсон;
4/Мэргэжлийн хувьд ажил, үүрэг гүйцэтгэх чадваргүйг холбогдох мэргэжлийн дээд байгууллага нь албан ёсоор нотолсон.
5. Энэ журмын 4.3, 4.4-т заасан үндэслэлээр Санхүү, эдийн засгийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан ёсны шийдвэр гарсан.
6. Төсвийн бүх шатны эрх захирагч нь төсвийн ерөнхий нягтлан бодогчийг ажлаас халах, ажилд томилох саналаа Санхүү, эдийн засгийн яаманд албан ёсоор тавина.
7. Энэ журмын 6-д заасан албан ёсны саналыг тавихдаа төсвийн ерөнхий нягтлан бодогчийг ажлаас чөлөөлөх, халах үндэслэлийг холбогдох баримт, материалаар баталгаажуулан, ажилд томилохоор санал болгож буй хүмүүсийн Төрийн албан хаагчийн биеийн байцаалтыг маягт 1-ээр, мөн уг албан тушаалд ажиллуулж эхлэх хугацаа, зэрэг дэв, цалингийн саналын хамт ирүүлнэ.
8. Санхүү, эдийн засгийн яам тухайн төсвийн эрх захирагчийн энэ журмын 6-д заасан саналыг хүлээн авснаас хойш нэг сарын дотор Санхүү, эдийн засгийн яамны Төрийн сангийн удирдлага, зохицуулалтын газрын саналыг авч Төрийн нарийн бичгийн даргын албан ёсны хариуг өгнө.
9. Төсвийн ерөнхий нягтлан бодогч нь төрийн өмчийн эд хөрөнгө, төсвийн хөрөнгийн ашиглалт, зарцуулалт, хамгаалалтад бүртгэлээр тавих хяналтыг хэрэгжүүлэх үүднээс дараахь үүрэг хүлээнэ:
1/Төсвийн тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль болон санхүүгийн сахилга батыг хатуу чанд мөрдөн, хуулиар батлагдсан төсвийг үр ашигтай зориулалтын дагуу зарцуулж, төрийн өмч, төсвийн хөрөнгийг үрэгдүүлж шамшигдуулахгүй байх;
2/Анхан шатны баримтыг зөв бүрдүүлэн, Санхүү, эдийн засгийн яамнаас баталж гаргасан "Засгийн газрын байгууллагуудад мөрдөх нягтлан бодох бүртгэлийн аргачлал, дүрэм, заавар, маягт"-аар нягтлан бодох бүртгэлийг бүрэн хөтөлж, тэдгээрт үндэслэн үнэн зөв санхүүгийн тайлан гаргах ажлыг удирдан зохион байгуулах;
3/Нягтлан бодох бүртгэлийн болон төсвийн гүйцэтгэлийн тайлангийн тусгай программ хангамжийг ажиллуулж, өдөр тутмынхаа гүйлгээг цаг хугацаанд нь бүртгэж байх;
Нягтлан бодох бүртгэлийн тусгай программ хангамжгүй тохиолдолд нягтлан бодох бүртгэлийг гараар хөтлөх;
4/Харилцагч байгууллагуудтай тооцоо нийлсэн акт, эд хөрөнгийн сар, улирал, жилийн тооллогын бүртгэл, тооцоо бодсон актыг үндэслэн санхүүгийн тайланг гаргах;
5/Өөрийн хариуцсан төсөвт байгууллага, сум, дүүрэг, аймаг, хотын санхүүгийн тайланг харьяалагдах дээд шатны санхүүгийн байгууллагад Төсвийн тухай хуулинд заасан хугацаанд хүлээлгэн өгч байх;
6/Харьяалагдах дээд шатны санхүүгийн байгууллагад гаргаж өгөх графикт бүх төрлийн мэдээ, мэдээллийг тухай бүр хугацаанд нь үнэн зөв гарган өгч байх;
7/Төсвийн ерөнхийлөн захирагчийн зөвшөөрөл авсны үндсэн дээр банкинд харилцах данс нээх, хаах;
8/Хариуцсан ажлын чиглэлээр хэвлэл мэдээллийн хэрэгсэл, эрдэм шинжилгээний болон шүүх, цагдаагийн байгууллагад мэдээ, мэдээллийг зөвхөн эрх захирагчийн албаны шийдвэрээр гарган өгч байх;
9/Эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийн дагуу ажлаас чөлөөлөгдөхөд өөрийн хариуцаж байсан байгууллагын тайлант хугацаанд хамаарах санхүүгийн тайланг бүрэн гарган, нягтлан бодох бүртгэлийн баримт, бусад холбогдох материалыг хүлээлгэж өгөх.
10. Төсвийн ерөнхий нягтлан бодогч нь санхүү, төсвийн асуудал хариуцсан Засгийн газрын гишүүний эрх мэдлийн хүрээнд олгосон дараахь эрх эдэлнэ:
1/Хариуцаж буй төсөвт байгууллага (Засгийн газрын бүх шатны санхүүгийн байгууллага, Засгийн газрын тусгай сан)-ын санхүүгийн баримтад хоёрдугаар гарын үсэг зурах;
2/Хариуцсан ажлын чиглэлээр төсвийн орлого, зарлагын гүйлгээтэй холбоотой тооцоо, тайлбар, танилцуулгыг татвар төлөгч аж ахуйн нэгж, байгууллага, холбогдох татварын албад болон бусад харилцагчдаас гаргуулан авах;
3/Өөрийн шууд удирдлагад болон харьяа санхүүгийн байгууллагад ажиллаж байгаа нягтлан бодогчийг ажилд томилох, ажлаас халах, албан тушаал дэвшүүлэх, шагнал урамшилд тодорхойлох, мэргэжил дээшлүүлэх курс, сургалтад хамруулах талаар санал гарган шийдвэрлүүлэх;
4/Ээлжийн амралт, түр чөлөөтэй байх хугацаанд өөрийн ажлыг орлон гүйцэтгэх ажилтныг томилох тухай санал гаргаж төсвийн эрх захирагчийн шийдвэр гаргуулах;
5/Улсын Их Хурал, аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлагдсан тухайн оны төсвийн тухай хуульд тусгагдаагүй зарлагын гүйлгээ хийхээс татгалзах;
6/Ерөнхийлөн болон төвлөрүүлэн захирагчийн төсвийн ерөнхий нягтлан бодогч нь анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг дутуу хөтөлж, тайлан тэнцлийг буруу гаргасан доод шатны эрх захирагчийн санхүүжилтийг уг дутагдлыг арилгатал зогсоох саналыг өөрийн эрх захирагчид тавьж болно.
11. Хууль, тогтоомжоор олгогдсон бусад эрх.
12. Улирлын болон жилийн санхүүгийн тайлан, тэнцэл, төсвийн гүйцэтгэлийн мэдээг цаг хугацаанд нь чанартай, бүрэн гаргаж, өр авлагыг улирал тутам бууруулж, мэргэжлийн ёс зүй, зарчмыг чанд мөрдөн ажиллаж байгаа төсвийн ерөнхий нягтлан бодогчийг түүний жилийн ажлын үр дүнг үндэслэн Төрийн албаны болон бусад хууль тогтоомжийн дагуу шагнаж урамшуулна.
13. Улирлын болон жилийн санхүүгийн тайлан, тэнцэл, төсвийн гүйцэтгэлийн мэдээг бодит бус мэдээлэлд үндэслэн, бүрэн бус, чанаргүй гаргасан, удаа дараа хугацаа хожимдуулсан төсвийн ерөнхий нягтлан бодогчид холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
----оОо----
Текст томруулах
A
A
A