- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЭД ХӨРӨНГИЙН ЭРХИЙН УЛСЫН БҮРТГЭГЧИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ
Засгийн газрын 2004 оны 48 дугаар тогтоолын хавсралт
ЭД ХӨРӨНГИЙН ЭРХИЙН УЛСЫН БҮРТГЭГЧИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ
ЭД ХӨРӨНГИЙН ЭРХИЙН УЛСЫН БҮРТГЭГЧИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1. Эд хөрөнгийн эрхийн улсын ерөнхий бүртгэгч, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгч (цаашид "ерөнхий бүртгэгч", "улсын бүртгэгч" гэх) нь эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг эрхийн улсын бүртгэл (цаашид "эрхийн улсын бүртгэл" гэх)-д бүртгэж баталгаажуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ энэхүү журмыг дагаж мөрдөнө.
2. Ерөнхий бүртгэгч, улсын бүртгэгч нь үйл ажиллагаандаа Иргэний хууль, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомж болон энэхүү журмыг удирдлага болгоно.
З. Ерөнхий бүртгэгч, улсын бүртгэгч нь үйл ажиллагаандаа хуулийг дээдлэх, төрийн албан хаагчийн ёс зүйг чандлан сахих, шийдвэр гаргахдаа бусдын нөлөөнд үл автаж, шударга байх, чирэгдэлгүй, соёлтой үйлчлэх зарчмыг баримтална.
4. Ерөнхий бүртгэгч, улсын бүртгэгч нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 12.2-т заасан шаардлагыг хангасан байна.
5. Ерөнхий бүртгэгч нь "эрхийн улсын ерөнхий бүртгэгч" гэсэн бичвэр, хувийн дугаар бүхий тэмдэгтэй байж, ерөнхий бүртгэгчийн албан бичгийн болон захирамжлалын хэвлэмэл хуудас хэрэглэнэ.
6. Улсын бүртгэгч нь эрхийн улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хэрэглэгдэх эрхийн улсын бүртгэгчийн хувийн дугаар бүхий тэмдэгтэй байна.
Хоёр. Ерөнхий бүртгэгч, улсын бүртгэгчийн эрхлэх үйл ажиллагаа
7. Ерөнхий бүртгэгч дараахь үйл ажиллагаа эрхэлнэ:
1/эрхийн улсын бүртгэлийн албыг мэргэжлийн удирдлагаар хангаж, өдөр тутмын үйл ажиллагааг нь зохион байгуулж, хяналт тавих;
2/Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10.5, 18.3, 37.2-т заасан холбогдох заавар, журам, маягтыг баталж мөрдүүлэх;
3/эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн архив, мэдээллийн санг бүрдүүлж, архив, мэдээллийн сангийн хадгалалт, хамгаалалт, ашиглалтын найдвартай бэлэн байдлыг хангах асуудлыг зохион байгуулж, тэдгээрийн өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавих;
4/эрхийн улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дотоод хяналтыг зохион байгуулж хэрэгжүүлэх;
5/эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ (цаашид "гэрчилгээ" гэх)-ний бичилт, зарцуулалт, олголтод хяналт тавих;
6/шүүхийн шийдвэрээр хүчингүй болгосон болон үрэгдүүлсэн, гээгдүүлсэн гэрчилгээг хүчингүй болгож, нөхөн олгох талаар холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэр гаргах;
7/Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7.3, 7.5, 7.6, 12.6, 18.6 болон 20 дугаар зүйл, 23.1-д заасны дагуу улсын бүртгэгч бүртгэлийг алдаатай хийсэн эсэхийг тогтоож, алдаатай бол бүртгэлд өөрчлөлт оруулах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох, хаах шийдвэр гаргах;
8/тухайн эд хөрөнгийн анхны өмчлөгч болон барьцаалсан, түрээслэсэн, худалдаж, арилжсан, хамтран өмчлөгч нэмэгдсэн, хасагдсан, өв залгамжлал, гэрээслэл мөн шүүхийн шийдвэрээр өмчлөгч өөрчлөгдсөн, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдсэн талаархи нотлох баримт, нотолгоо, тайлбар, лавлагааг эрхийн улсын бүртгэлийн хувийн хэргийн архивын нотлох баримтад үндэслэн бүх шатны шүүх, цагдаа, шүүхийн шийдвэр биелүүлэх зэрэг хуулийн байгууллагад гарган өгч, эд хөрөнгийн эрхийн талаархи маргааныг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримтуудаар ханган, хуульд заасны дагуу криминалистик шинжилгээний эх материал, хувийн хэргийг бэлтгэж өгөх;
9/шаардлагатай тохиолдолд эд хөрөнгийн маргаан болон эрхийн улсын бүртгэлтэй холбоотой шүүх хуралд орох;
10/эрхийн улсын бүртгэлийн талаархи улсын нэгдсэн дүн мэдээг гаргаж, холбогдох газрууд, олон нийтэд мэдээлэх ажлыг зохион байгуулах;
11/эрхийн улсын бүртгэлийн асуудлаар болон улсын бүртгэгчийн үйл ажиллагаатай холбоотой гаргасан өргөдөл, гомдол, санал хүсэлтийг хүлээн авч, хянан шийдвэрлэх.
8. Улсын бүртгэгч дараахь үйл ажиллагаа эрхэлнэ:
1/иргэн, хуулийн этгээдийн эд хөрөнгө өмчлөх эрх үүсэх тухай нотлох баримтуудыг эрх зүйн үүднээс хянан дүгнэлт өгч, өмчлөх эрхийг төрөөс баталгаажуулан, тухайн эд хөрөнгийн хувийн хэрэг, архивыг үүсгэн бий болгох;
2/эд хөрөнгө өмчлөх эрхийг баталгаажуулахтай холбогдсон өмчлөгч өөрчлөгдөх, хамтран өмчлөгч нэмэгдэх, хасагдах, гэрээслэл, өв залгамжлал зэрэг тухайн өмчтэй холбоотой эрхийн улсын бүртгэлийг өмчийн талаархи архивын нотлох баримт бүхий хувийн хэрэгт бүртгэх бүртгэл явуулах;
3/эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж баталгаажуулсан эд хөрөнгө худалдах, бэлэглэх, арилжих, түрээслэх, барьцаалж зээл авах зэрэг үйлдлүүдийн эрхийн улсын бүртгэлийг тухайн эд хөрөнгийн архивын хувийн хэрэгт нь бүртгэж, байгуулагдсан гэрээг хуулийн дагуу хүчин төгөлдөр болгох;
4/эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг (цаашид "мэдүүлэг" гэх)-ийг хүлээн авч, эрх зүйн дүгнэлт өгөн, мэдүүлэг болон түүнд хавсаргасан нотлох баримтын хуудас бүрт хүлээн авсан тэмдэг дарж, хуудсыг дугаарлан, хүлээж авсан огноо, цаг, минутыг бичсэний дараа цахим санд мэдээллийг оруулна. Цахим мэдээллийн сан байхгүй нөхцөлд эрхийн улсын бүртгэлийн холбогдох дэвтрүүдийг хөтөлнө;
5/эрхийн улсын бүртгэлийн талаархи аливаа бүртгэлийг хийхдээ ямар үйлчилгээ хийлгэх гэж байгаа тухай өмчлөгчийн тодорхойлолтыг нотлох баримтын бүрдэлд заавал авах;
6/эрхийн улсын бүртгэлийн хувийн хэрэг (цаашид "хувийн хэрэг" гэх)-ийг нээн хөтөлж, эрхийн улсын бүртгэлийн код, дугаар олгон, гэрчилгээнд бичилт хийх, нотлох баримтыг мэдүүлэг орж ирсэн огнооны дарааллаар дугаарлаж, хуудасны дугаарыг баруун дээд өнцөгт нь бичиж үдэх;
7/эд хөрөнгө өмчлөх, эзэмших, барьцаалах, ашиглах эрхтэй холбоотой гэрээ хэлцэл, өөрчлөлт, хөдөлгөөнийг бүртгэж, хувийн хэрэгт баяжилт хийх бөгөөд гэрээ хэлцэлд "эрхийн улсын бүртгэлд бүртгэв" тэмдгийг дарж, мэдүүлэг гаргасан огноог тавин, гарын үсгээ зурж, гэрээг хуулийн дагуу хүчин төгөлдөр болгох;
8/анхны бүртгэлийг хийхдээ өмчлөгчийн өөрийнх нь гаргасан өргөдөлд эд хөрөнгийн байршил, хэмжээ, зориулалт зэргийг тодорхой тусгуулахаас гадна хамтран өмчлөгч бий эсэх, хэрэв байгаа бол хамтран өмчлөгчдийн овог, нэр, регистрийн дугаарыг, хамтран өмчлөгч байхгүй бол байхгүй гэдгийг нь өөрөөр нь нотлон бичүүлж, нотариатаар гарын үсэгний үнэн зөвийг, мөн бүх өмчлөгчдийн иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ, хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбарыг гэрчлүүлснээр авах, мөн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 17.1.6-д заасныг баримтлан ажиллах;
9/иргэн, хуулийн этгээдийн өөрийнх нь хөрөнгөөр баригдсан нийтийн орон сууцны барилгыг бүртгэхдээ өмчлөгчдийн нэрсийн жагсаалт, сууцны үнийг төлсөн тодорхойлолт, барилгыг улсын комисст хүлээлгэн өгсөн тухай акт, фото зураг, план зураг зэргийг үндэслэн бүртгэх, энэ үндсэн дээр тухайн орон сууцны барилгаас худалдагдсан байр, өрөөг мэдүүлгээр орж ирсэн гэрээний үндсэн дээр дараагийн өмчлөгчид шилжүүлэн бүртгэж, эхний өмчлөгчийн гэрчилгээнээс хасалт хийх замаар бүртгэх;
10/газар өмчлөх эрхийг баталгаажуулж, эрхийн улсын бүртгэлд бүртгэхдээ газрын нэгж, талбарын дугаар олгогдсон эсэхийг хянах;
11/нотлох баримтад эд хөрөнгийн 4 талаас нь бүрэн харуулсан фото зургийг заавал хавсаргах, 4 талаас нь авах боломжгүй тохиолдолд объектыг алсаас бүтэн харуулсан фото зургийг авч, уг фото зурган дээр тухайн объектыг улаанаар тойруулан зурж, тодотгож өгөх, хэрэв нийтийн орон сууц бол орон сууцны барилгын фото зургийг бүхэлд нь авч тухайн байрных нь цонхыг дугуйлан тэмдэглүүлэх, фото зургийг А4 хэмжээтэй цаасан дээр наалгаж, объектын аль тал нь болохыг өмчлөгчөөр нь бичүүлэн хүлээж авах;
12/нотлох баримтад эд хөрөнгийн план зургийг заавал хавсаргах бөгөөд план зурагт эд хөрөнгийн талбайг өмчлөгчөөр нь тодорхойлуулж, бичүүлсэн байх;
13/эд хөрөнгө өмчлөх эрх нь нэг этгээдээс нөгөөд шилжсэн тохиолдолд эхний өмчлөгчийн гэрчилгээг хүчингүй болгох бөгөөд гэрчилгээнд "хүчингүй" гэсэн тэмдэг дарж огноо тавин, хувийн хэрэгт хавсаргах;
14/эд хөрөнгийн өмчлөгч өөрчлөгдөх бүртгэл хийх бүрт шинэ өмчлөгчдийн иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээний хуулбарыг нотариатаар гэрчлүүлснээр хавсаргаж байх;
15/Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу мэдүүлэг гаргагчийн шаардлагын хэмжээнд лавлагаа, хуулбар гаргаж өгөх бөгөөд лавлагааны хуудсанд хувийн дугаар бүхий тэмдэг дарж, гарын үсгээ зурж баталгаажуулна;
16/эрхийн улсын бүртгэлтэй холбогдож ирүүлсэн болон явуулсан албан бичиг, өргөдөл, өргөдлийн хариу, шүүхийн шийдвэр, шүүхэд гаргасан тайлбар, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн актууд, эрхийн улсын ерөнхий бүртгэгчийн шийдвэр зэрэг холбогдох нотлох баримтуудыг тухайн хувийн хэрэгт хавсарган, холбогдох бичилтийг хувийн хэрэгт бүрэн гүйцэд хийж байх;
17/эрхийн улсын бүртгэлийн мэдээллийг боловсруулан цахим санд оруулах;
18/архиваас хувийн хэргийг хүлээн авч, тухайн ажлын өдөрт багтаан архивт буцаан хүлээлгэж өгч хувийн хэргийг хүлээлцсэн гарын үсэг зурах;
19/мэдүүлэг гаргагчийн мэдүүлгийг буцаахдаа бүртгэхээс татгалзсан үндэслэл, тайлбарыг тодорхой бичиж, гарын үсгээ зуран, хувийн дугаар бүхий тэмдгээ дарж, буцаасан огноог тавих;
20/эрхийн улсын бүртгэлд бүртгэж баталгаажуулсан гэрээ, хэлцэл, гэрчилгээ, лавлагаа, бүртгэхээс татгалзсан мэдүүлгийг түүнд хавсаргасан баримт бичгийн хамт мэдүүлэг гаргагчийн биеийн байцаалтыг нь үндэслэн олгож, хүлээн авсан этгээдээр гарын үсэг зуруулах, хэрэв итгэмжлэлээр үйлчлүүлэх бол итгэмжлэлийн нотариатаар гэрчлэгдсэн хувийг авах;
21/эрхийн улсын бүртгэлийн мэдээ болон гэрчилгээний зарцуулалтын тайланг сар бүр гаргаж, дараа сарын 5-ны дотор өгөх;
22/өөрийн гүйцэтгэсэн эрхийн улсын бүртгэлтэй холбоотой шүүх хуралдаанд оролцох;
23/аливаа эрхийн улсын бүртгэлийн талаархи хувийн хэргийн бичилт, лавлагаа, гэрчилгээнд хувийн дугаар бүхий тэмдгийг тэгш, тод, гаргацтай, бүтэн дарах;
24/эрхийн улсын бүртгэлийн хувийн хэрэгт холбогдох бичилтүүдийг тухай бүр нь хар бэхээр дэлгэрэнгүй гаргацтай бичиж, түүнтэй холбогдох нотлох баримтын хуудасны дугаарыг зааж, бичилт хийсэн огноо, эрхийн улсын бүртгэгчийн хувийн дугаар бүхий тэмдэг дарж, гарын үсэг зурж баталгаажуулах.
Гурав. Ерөнхий болон улсын бүртгэгчийн эрх, үүрэг
9. Ерөнхий бүртгэгч нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд зааснаас гадна дараахь эрхийг эдэлнэ:
1/улсын бүртгэгчид үүрэг даалгавар өгч, биелэлтэд нь хяналт тавих;
2/архиваас хувийн хэргийг татан үзэж, шалгах, хяналт тавьж, холбогдох арга хэмжээг авах;
3/улсын бүртгэгчийн үйл ажиллагааг шалгах, дүгнэх болон холбогдох бусад арга хэмжээг авч ажиллах.
10. Ерөнхий бүртгэгч нь дараахь үүрэг хүлээнэ:
1/нотлох баримт хуурамчаар бүрдүүлсэн болон эрх бүхий этгээд албан тушаалаа ашиглаж хууль бус шийдвэр, тодорхойлолт гаргасан нь эрхийн улсын бүртгэлийн үйл ажиллагааны явцад илэрвэл энэ тухай холбогдох хуулийн байгууллагад мэдэгдэх;
2/өөрийн гаргасан шийдвэр болон эрхийн улсын бүртгэлийн үйл ажиллагааны талаар эрхийн улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргаар хянуулах;
3/хууль тогтоомжид заасан бусад үүрэг.
11. Улсын бүртгэгч нь дараахь эрх эдэлнэ:
1/нотлох баримт бичиг дутуу гэж үзвэл мэдүүлэг гаргагчаас нэмэлт материал шаардах;
2/эд хөрөнгө өмчлөх, эзэмших, ашиглах эрхийг нотлох баримт бичгийн талаар эргэлзээ төрвөл ерөнхий бүртгэгчээс туслалцаа дэмжлэг авах, холбогдох нотлох баримтыг хянуулж, дүгнэлт гаргуулах;
3/удирдлагын зүгээс нотлох баримт дутуу, хууль бус бүртгэл хийхийг үүрэг болгох, шаардах тохиолдолд түүнээс татгалзах;
4/биеийн байцаалт, эсхүл итгэмжлэлгүй хүнд эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн талаар үйлчлэхгүй байх;
5/хууль тогтоомжид заасан бусад эрх.
12. Улсын бүртгэгч нь дараахь үүрэг хүлээнэ:
1/мэдүүлэг гаргагч мэдүүлгийг үнэн зөв, гүйцэд бөглөсөн эсэхийг шалгах;
2/нотлох баримтын бүрдэл гүйцэд, үнэн зөв эсэхэд дүгнэлт өгч, эрхийн улсын бүртгэлийг үнэн зөв гүйцэтгэх;
3/тэмдэгтийн хураамж, үйлчилгээний хөлсийг зохих журмын дагуу бүрэн гүйцэд төлүүлэх;
4/мэдүүлэгт хавсаргасан баримт бичгийг хүлээн авсан огнооны дарааллаар дугаарлаж, хувийн хэргийг эмх цэгцтэй байлган, нягт нямбай хөтлөх;
5/зөвхөн өөрийн хариуцах хувийн хэргийг архиваас авах;
6/өөрийн буруутай үйлдлээс гэрчилгээ буруу бичигдэж хүчингүй болбол түүний үнийг зохих журмын дагуу төлөх;
7/өөрийн хариуцан бүртгэсэн бүртгэлийн хувийн хэргийн нотлох баримтын бүрдэл болон бүртгэлийн үнэн зөвийг хуулийн өмнө хариуцах;
8/эрхийн улсын бүртгэлтэй холбоотой хувь хүн, хуулийн этгээдийн нууцыг хадгалах;
9/хууль тогтоомжид заасан бусад үүрэг.
13. Эрхийн улсын бүртгэгчийн үйл ажиллагаанд дараахь зүйлийг хориглоно:
1/хүлээж авсан мэдүүлэг, түүнд хавсрагдах нотлох баримтыг дарагдуулах, алга болгох, хууль зүйн үндэслэлгүйгээр буцаах;
2/анхны бүртгэлийг хийхдээ зөвхөн анхны өмчлөгчийг бүртгэсний дараа дараагийн өмчлөгчид шилжүүлсэн бүртгэл хийх, өөрөөр хэлбэл анхны өмчлөгчөөс хэд хэдэн өмчлөгчид дамжсан байхад хамгийн сүүлийн өмчлөгчөөр анхны бүртгэл хийх;
3/үйлчлүүлэгчдийг чирэгдүүлэх, хүнд суртал гаргах, тэдэнд хууль бус шаардлага тавих, зүй бусаар харилцах;
4/өөрийн гүйцэтгэх бүртгэлийн үйл ажиллагаанд хамааралгүй хувийн хэргийг архиваас авч үзэх;
5/үүрэгт ажлаа гүйцэтгэсний төлөө шан харамж авах;
6/хувийн хэрэгт засвар хийх, хүлээж авсан мэдүүлгээс гадуур нотлох баримт нэмэх, хасах, нотлох баримтыг устгах, хувийн хэргийг алга болгох, хувийн хэргийн хуудсыг устгаж үгүй болгох;
7/нотлох баримтыг хуурамчаар үйлдэхэд оролцох, энэ талаар заавар зөвлөгөө өгөх;
8/лавлагаа, мэдээллийг нотлох баримтаас зөрүүтэйгээр хуурамчаар гаргаж өгөх, хувийн дугаар бүхий тэмдгээ ашиглах боломжийг бусдад олгох, хувийн дугаар бүхий тэмдгээ хууль бусаар ашиглах;
9/улсын бүртгэгчийн хувийн дугаар бүхий бусдын тэмдгийг ашиглах;
10/эрхийн улсын бүртгэлийн дугаарыг давхардуулан олгох, тухайлбал нэг эд хөрөнгөд нэгээс илүү дугаар олгох, эсхүл өөр өөр эд хөрөнгөд нэг дугаар олгон хувийн хэрэг нээж бүртгэл хийх, дугаарыг алгасаж олгох;
11/эрхийн улсын бүртгэлд өмнө нь бүртгэгдсэн эд хөрөнгийг хууль бусаар дахин бүртгэж, гэрчилгээ олгох;
12/эрхийн улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай ерөнхий бүртгэгч, эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга болон эрхийн улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн байгууллагын шийдвэрийг зөрчиж, бүртгэлд хөдөлгөөн хийх.
-----оОо-----
Текст томруулах
A
A
A