- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- УСАН ЗАМЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛД ХЯНАЛТ ТАВЬЖ, БҮРТГЭХ ТҮР ЖУРАМ
Засгийн газрын 2002 оны 40 дүгээр тогтоолын хавсралт
УСАН ЗАМЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛД ХЯНАЛТ ТАВЬЖ, БҮРТГЭХ ТҮР ЖУРАМ
УСАН ЗАМЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛД ХЯНАЛТ ТАВЬЖ, БҮРТГЭХ ТҮР ЖУРАМ
1. Энэхүү журмын зорилго нь Монгол Улсын дотоодын усан замын тээврийн хэрэгслийн хөвөлтийн аюулгүй байдал, тээвэрлэлтийн болон техник ашиглалтын шаардлагыг хангуулж, хүн ам, хүрээлэн байгаа байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх нөхцөл бүрдүүлэхэд төрийн хяналт зохицуулалтын үр нөлөөг дээшлүүлж, усан замын тээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийж, бүртгэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2. Усан замын тээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийж, дүгнэлт гаргах үйл ажиллагааг техникийн комисс (цаашид "техникийн комисс" гэнэ) гүйцэтгэнэ. Техникийн комисс нь үйл ажиллагаандаа мэргэжлийн байгууллага, шинжээчдийг татан оролцуулж болно.
3. Усан замын тээврийн хэрэгслийн ашиглалт, ажил, үйлчилгээнд тавих захиргааны хяналт, шалгалтыг усан замын тээврийн хяналтын улсын байцаагч хэрэгжүүлнэ.
4. Техникийн комиссын гишүүд болон усан замын тээврийн хяналтын улсын байцаагчийг авто тээврийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн томилж, чөлөөлнө.
5. Техникийн комиссын гишүүд болон улсын байцаагч нь авто буюу усан замын тээврийн инженер, эсхүл эдийн засагч мэргэжилтэй, энэ чиглэлээр мэргэшүүлэх сургалтад хамрагдсан, мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан, дадлага туршлагатай, хууль зүйн зохих мэдлэгтэй байна.
6. Улсын байцаагч нь ачаа, зорчигч тээвэрлэх усан замын тээврийн хэрэгсэлд тавигдах нөхцөл, шаардлага болон энэхүү дүрмийн хэрэгжилтэд хяналт тавьж, илэрсэн зөрчлийг арилгуулах талаар холбогдох арга хэмжээ авч Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 16, 21 дүгээр зүйлд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ
7. Усан замын тээврийн хэрэгсэл гэдэгт хүн болон ачаа тээвэрлэхэд зориулсан бүх төрлийн онгоц, чиргүүл, гатлага онгоц, моторт завийг багтаана.
8. Техникийн комисс нь усан замын тээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэгийг 2 жил тутамд хийж, үр дүнг комиссын хурлаар хэлэлцэн дүгнэлт гаргана.
9. Аж ахуйн нэгж, байгууллага, иргэн өөрийн өмчлөл, эзэмшилдээ байгаа усан замын тээврийн хэрэгслийг техникийн хяналтын үзлэгт оруулахдаа дараахь шаардлагыг хангасан байна:
1/ техникийн болон галын аюулгүй байдал, хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн шаардлага хангасан байх;
2/ багийн гишүүд болон жолоодогч нь тухайн мэргэжлээр суралцсан, эсхүл мэргэшүүлэх сургалтад хамрагдсан байх;
3/ болзошгүй аюулын үед хэрэглэх аврах баг, техник хэрэгсэл, тусгай хувцсаар хангаж, ашиглалтын бэлэн байдалд байлгах;
4/ хүрээлэн байгаа байгаль орчин, хүн амд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх;
5/ хөвөлтийн үеийн хэвийн үйл ажиллагааг хангахад шаардлагатай сэлбэг материал, багаж хэрэгсэлтэй байх.
10. Аж ахуйн нэгж, байгууллага, иргэн нь усан замын тээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийлгэж, бүртгэлийн гэрчилгээ авахдаа дараахь бичиг баримтыг бүрдүүлсэн байна:
1/ техникийн хяналтын үзлэг хийлгэж, бүртгүүлэхийг хүссэн өргөдөл (үйлдвэрлэл, үйлчилгээний төрөл, хугацааг тодорхой дурдах);
2/ өргөдөл гаргагч нь хуулийн этгээд бол нотариатаар баталгаажуулсан улсын бүртгэлийн гэрчилгээ, иргэн-иргэний үнэмлэхийн хуулбар;
3/ тээврийн хэрэгслийн техникийн паспорт;
4/ тээврийн хэрэгслийг үйлдвэрлэсэн он, сар, өдөр, үйлдвэрийн нэр болон их засвар хийсэн тухай акт;
5/ урьд нь техникийн хяналтын үзлэгт орсон дүгнэлт;
6/ өмчлөгч солигдсон (худалдсан, шилжүүлсэн, өв залгамжилсан) бол энэ тухай баримт бичиг.
11. Усан замын тээврийн хэрэгслийг өмчлөгч, эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллага, иргэн 2 жил тутам тэдгээрт техникийн хяналтын үзлэг хийлгэж, дүгнэлт гаргуулан бүртгүүлэх үүрэгтэй.
12. Усан замын тээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийж, дүгнэлт гаргахтай холбогдон гарах зардлыг тухайн аж ахуйн нэгж, байгууллага, иргэн хариуцна.
13. Дараахь тохиолдолд усан замын тээврийн хэрэгслийг ашиглахыг хориглоно:
1/ техникийн хяналтын үзлэгт ороогүй буюу хангалтгүй дүн үзүүлсэн;
2/ хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа байгаль орчинд сөргөөр нөлөөлөх, мөн түүнчлэн аюулгүй байдлыг хангаагүй.
14. Техникийн комисс нь усан замын тээврийн хэрэгсэл эзэмшигчийн хүсэлт, өргөдлийг үндэслэн техникийн хяналтын үзлэг хийж, дүгнэлт гаргана. Уг дүгнэлтийг үндэслэн авто тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага бүртгэлийн гэрчилгээг олгох, эсэх талаар шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн авто тээврийн асуудал эрхэлсэн төв байгууллага бүртгэлийн гэрчилгээ олгоно.
15. Бүртгэлийн гэрчилгээнд дор дурдсан зүйлийг тусгана:
1/ олгосон байгууллагын нэр;
2/ техникийн үзүүлэлт, загвар, нэр, таних тэмдэг, даац, багтаамж;
3/ техникийн хяналтын үзлэг хийсэн дүгнэлт;
4/ өмчлөгч, эзэмшигчийн нэр, хаяг;
5/ бүртгэлийн гэрчилгээний хугацаа;
6/ гэрчилгээний дугаар, олгосон он, сар, өдөр;
7/ олгосон эрх бүхий албан тушаалтны нэр, гарын үсэг, тамга /тэмдэг/.
16. Бүртгэлийн гэрчилгээг 2-оос доошгүй жилийн хугацаагаар олгоно.
17. Бүртгэлийн гэрчилгээ эзэмшигч гэрчилгээний хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө сунгуулах хүсэлтээ гаргана.
18. Бүртгэлийн гэрчилгээ олгох, түүний хугацааг сунгах асуудлыг өргөдөл хүлээн авснаас хойш ажлын 21 хоногийн дотор шийдвэрлэнэ. Хэрэв бүртгэх буюу хугацааг сунгахаас татгалзсан бол татгалзсан үндэслэлийг зааж бичгээр хариу өгнө.
19. Техникийн комисс нь шаардлагатай гэж үзвэл өргөдөл гаргагчийн баримт бичгийг холбогдох мэргэжлийн байгууллага болон шинжээчээр нягтлан шалгуулж, магадлан шинжилгээ хийлгэж болно.
20. Бүртгэлийн гэрчилгээг дараахь тохиолдолд хүчингүй болгоно:
1/ усан замын тээврийн хэрэгсэл өмчлөгч, эзэмшигч хүсэлт гаргасан;
2/ хуулийн этгээд татан буугдсан;
3/ зөрчлийг арилгуулах талаар тавьсан шаардлагыг удаа дараа биелүүлээгүй.
21. Бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгосон тухай авто тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрийг шийдвэр гарснаас хойш 3 хоногийн дотор гэрчилгээ эзэмшигчид бичгээр мэдэгдэнэ.
22. Бүртгэлийн гэрчилгээ олгохтой холбогдсон маргааныг авто тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тавьж шийдвэрлүүлэх бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргаж болно.
----оОо----
Текст томруулах
A
A
A