A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 1994 оны 212 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт


НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ ТӨЛСНӨӨР ТООЦОГДОХ
ХУГАЦААНД НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ ТӨЛӨХ ЖУРАМ
 
 
1. Тэтгэврийн болон тэтгэмжийн даатгалын шимтгэлийг ажил олгогчоос болон даатгуулагч өөрөө төлсөн нийт хугацааны дээр шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцохоор хуульд заасан бусад хугацааг нэмж тооцоход энэхүү журмыг баримтална.
 
2. Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцохоор хуульд заасан хугацааны шимтгэлийг төлөхдөө дараахь журмаар тооцож тэтгэврийн болон тэтгэмжийн даатгалын санд оруулна:
 
а/хөдөлмөрийн гэрээгээр ажиллагч болон төрийн албан хаагч тухайн аж ахуйн нэгж, байгууллагын захиалгаар ажлаас чөлөөлөгдөж өмчийн хэлбэр харгалзахгүйгээр их, дээд сургууль, коллеж болон мэргэжил дээшлүүлэх ба олгох курст суралцаж байгаа бол суралцах хугацааны жилд ногдох шимтгэлийг Засгийн газраас тогтоон мөрдүүлж буй хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцон ажил олгогчийн төлбөл зохих хувиар бодож захиалгаар суралцуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага нь жил бүрийн 1 дүгээр сард багтаан даатгалын зохих санд төлнө;
 
б/цэргийн жинхэнэ албыг 1995 оноос хойш байлдагч, түрүүчээр хаасан хугацааны шимтгэлийг Засгийн газраас тогтоон мөрдүүлж буй хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс ажил олгогчийн төлбөл зохих хувиар бодож, тэдний алба хааж буй анги, байгууллага нь нутаг дэвсгэрийн харъяалагдах нийгмийн даатгалын байгууллага /байцаагч/-ын зохих даатгалын санд төлнө. Энэ тохиолдолд нийгмийн ддаатгалын байгууллага /байцаагч/ нь цэргийн албанаас халагдаж буй байлдагч, түрүүчид нийгмийн даатгалын дэвтэр нээн /хуучин дэвтэртэй бол түүн дээр нь/ бичилт хийж төлсөн шимтгэлийн хэмжээг баталгаажуулна;(Засгийн газрын 1996 оны 128 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)  
                  
в/хүүхдээ гурван нас  хүртэл асрах чөлөө авсан эхийн чөлөөтэй байх хугацааны шимтгэлийг аж ахуйн нэгж, байгууллага нь Засгийн газраас тогтоон тухайн үед мөрдүүлж буй хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс ажил олгогчийн төлбөл зохих хувиар тооцож сар бүр даатгалын зохих санд төлнө; (Энэ дэд заалтад Засгийн газрын 2019 оны 485 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон бөгөөд үүнийг 2020-1-1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө)
 
в1/. Нийгмийн даатгалд сайн дураар даатгуулсан, нийгмийн даатгалын сангаас жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрх үүссэн эхийн хүүхдээ 3 нас хүртэл асрах хугацааны шимтгэлийг тухайн үед мөрдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн   2-т заасан хувь хэмжээгээр тооцно. Ийнхүү тооцсон дүнгийн 50 хувьтай тэнцэх мөнгөн хөрөнгийг даатгуулагч эх гэрээнд заасан хугацаанд өөрөө, үлдэх 50 хувийг нийгмийн даатгалын байгууллага сар бүр тэтгэмжийн даатгалын сангаас нийгмийн даатгалын холбогдох сангийн харилцах дансанд шилжүүлнэ. (Энэ дэд заалтыг Засгийн газрын 2019 оны 485 дугаар тогтоолоор нэмсэн бөгөөд үүнийг 2020-1-1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө)

в2/. Энэ журмын “в/”, “в1/”-т зааснаас бусад эхийн хүүхдээ 3 нас хүртэл асрах хугацааны шимтгэлийг тухайн үед мөрдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 2-т заасан хувь хэмжээгээр тооцно. Ийнхүү тооцсон дүнгийн 50 хувьтай тэнцэх мөнгөн хөрөнгийг даатгуулагч эх гэрээнд заасан хугацаанд өөрөө, үлдэх 50 хувийг улсын төсвөөс сар бүр нийгмийн даатгалын төв байгууллагын холбогдох сангийн харилцах дансанд шилжүүлнэ. (Энэ дэд заалтыг Засгийн газрын 2019 оны 485 дугаар тогтоолоор нэмсэн бөгөөд үүнийг 2020-1-1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө)

в3/. Энэ журмын “в1/”, “в2/”-т заасан даатгуулагч эх тухайн үед мөрдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс дээш дүнгээр сайн дураар даатгуулах бол ногдох шимтгэлийг өөрөө хариуцан төлнө. Нийгмийн даатгалын байгууллага энэ журмын “в1/”, “в2/”-т заасныг хэрэгжүүлэхдээ хүүхдээ асарч байгаа эхтэй Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 5 дугаар зүйлд заасны дагуу сайн дурын даатгалын гэрээ байгуулна. (Энэ дэд заалтыг Засгийн газрын 2019 оны 485 дугаар тогтоолоор нэмсэн бөгөөд үүнийг 2020-1-1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө)

в4/. Энэ журмын “в1/”, “в2/”-т заасан тэтгэмжийн даатгалын сангаас болон улсын төсвөөс шилжүүлсэн нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын төв байгууллага нь холбогдох аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн зохих сангийн харилцах дансанд шилжүүлэх ба даатгуулагч эхийн харьяалах нийгмийн даатгалын байгууллага (байцаагч) нь төлсөн шимтгэлийг даатгуулагч бүрээр бүртгэж, нийгмийн даатгалын дэвтэрт шимтгэл ногдуулсан орлогын хэмжээ, төлсөн шимтгэлийг бичиж баталгаажуулна. (Энэ дэд заалтыг Засгийн газрын 2019 оны 485 дугаар тогтоолоор нэмсэн бөгөөд үүнийг 2020-1-1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө)

 
г/хууль бусаар ажлаас зайлуулагдан мөрдөгдсөн, хилс хэргээр хорих ял эдэлсэн даатгуулагчийн уг хугацаанд ногдох шимтгэлийг тухайн даатгуулагчийн хилсээр мөрдөгдөхийн болон ял эдлэхийн өмнө авч байсан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас ажил олгогчийн төлбөл зохих хувиар бодож ажиллаж байсан аж ахуйн нэгж, байгууллага нь нэг удаа нийгмийн даатгалын санд төлнө. Энэ талаар гарсан маргааныг шүүхээр шийдвэрлүүлнэ;
 
д/ажиллаагүй үедээ дайчлагдсан даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэлийг Засгийн газраас тогтоон мөрдүүлж буй хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцож ажил олгогчийн төлбөл зохих хувиар бодож тухайн сум, дүүргийн Засаг даргын Тамгын газрын санхүүгийн хэлтэс /тасаг/ сар бүр даатгалын зохих санд төлнө;
 
е/хууль бусаар ажлаас халагдсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн даатгуулагчийн халагдахын өмнө авч байсан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас ажил олгогчийн төлбөл зохих хувиар бодож буруутай этгээд нь уг даатгуулагчийг ажилдаа эргэж орсноос хойш нэг сарын дотор нэг удаа даатгалын зохих санд төлнө.
 

ж/цаа буга маллан тайгад амьдарч байгаа хөдөлмөрийн насны, өндөр насны тэтгэвэр тогтоолгоогүй цаатан иргэний төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн үед мөрдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тэтгэврийн даатгалд Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хувиар, тэтгэмжийн даатгалд 1 хувиар тооцож, улсын төсвөөс нийгмийн даатгалын төв байгууллагын холбогдох сангийн харилцах дансанд улирал бүрийн эхний сард багтаан шилжүүлнэ; (Энэ заалтыг Засгийн газрын 2015 оны 318 дугаар тогтоолоор нэмсэн бөгөөд 2016-1-1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. Мөн энэ заалтад Засгийн газрын 2018 оны 221 дүгээр тогтоол, Засгийн газрын 2020 оны 207 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)

 

з/энэ журмын “ж”-д заасан улсын төсвөөс шилжүүлсэн нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын төв байгууллага нь холбогдох аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн зохих сангийн харилцах дансанд шилжүүлэх бөгөөд цаатан иргэдийн харьяалах нийгмийн даатгалын байгууллага (байцаагч) нь төлсөн шимтгэлийг даатгуулагч бүрээр бүртгэж, тэдний нийгмийн даатгалын дэвтэрт шимтгэл ногдуулсан орлогын хэмжээ, төлсөн шимтгэлийг бичиж баталгаажуулна./Энэ заалтыг ЗГ-ын 2015-8-3-ны өдрийн 318-р тогтоолоор нэмсэн бөгөөд 2016-1-1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/
 

  3.  Зэвсэгт хүчин, хилийн болон дотоодын цэрэг, тагнуул, цагдаа, онцгой байдлын алба, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад генерал, комиссар, офицер, ахмад, дэслэгч, ахлагч, түрүүч, байлдагчаар 10-аас доош жил алба хаасан иргэн өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрч өргөдлөө гаргасан нөхцөлд уг хугацаанд төлөгдсөн байвал зохих тэтгэврийн болон тэтгэмжийн даатгалын шимтгэлтэй тэнцэх хэмжээний хөрөнгийг дараахь журмыг баримтлан нийгмийн даатгалын санд шилжүүлнэ:

а/тэтгэврийн болон тэтгэмжийн даатгалын шимтгэлийг тухайн үеийн ажил олгогчийн төлбөл зохих хэмжээгээр тооцон улсын төсвийн ангиллын "төлбөр хураамж болон бусад зардал" гэсэн зүйлд жил бүр тусган төлөвлөх ажлыг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газрын санхүү, эдийн засаг, төрийн сангийн асуудал эрхэлсэн нэгж хариуцан гүйцэтгэнэ;

б/аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газрын санхүү, эдийн засаг, төрийн сангийн асуудал эрхэлсэн нэгж нь тэтгэврийн болон тэтгэмжийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр иргэний гаргасан өргөдөл, холбогдох хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын тодорхойлолтыг үндэслэн тухайн иргэний тэтгэврийн болон тэтгэмжийн даатгалын шимтгэлийг холбогдох орон нутгийн нийгмийн даатгалын сангийн дансанд нэг удаа бүрэн хэмжээгээр шилжүүлнэ;

в/өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргасан иргэний алба хааж байсан цэргийн анги, байгууллага татан буугдсан бол түүнд олгох тэтгэврийн болон тэтгэмжийн даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс ажил олгогчийн төлбөл зохих хувь хэмжээгээр тооцон улсын төсвөөс нийгмийн даатгалын санд шилжүүлнэ".
 
(3 дахь заалтын эхний  хэсгийг  2008-11-05-ны өдрийн 26-р тогтоолоор өөрчлөн найруулсан);
 

Цэргийн албан хаагчийг цэргийн албанаас халагдах үед ажиллуулж байсан цэргийн анги, байгууллага ажилласан хугацааны хөдөлмөрийн хөлсний хэмжээг тодорхойлж баталгаажуулна.

 4. Энэ журмын 2 дугаар зүйлийн "б" хэсэгт заасны дагуу олгох хөрөнгийн хэмжээг цэргийн анги, байгууллага; 3 дугаар зүйлийн дагуу олгох хөрөнгийн хэмжээг сум, дүүргийн Засаг даргын Тамгын газрын санхүүгийн хэлтэс /тасаг/ тус тус жил бүр төсөвтөө тусган олгоно.
 
------оОо------