A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 1995 оны 1 дүгээр тогтоолын 2-р хавсралт

ЦЭРГИЙН АЛБАН ХААГЧИЙН ТЭТГЭВЭР,ТЭТГЭМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД ЗААСАН  НЭГ УДААГИЙН ТЭТГЭМЖ ОЛГОХ ЖУРАМ           
                    
      1.Цэргийн албан хаагч нас барах, тэтгэвэрт гарах, орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлт, биеийн эрүүл мэндээр болон цэргийн алба хаах нас хэтэрч халагдах тохиолдолд нэг удаагийн тэтгэмж олгоход энэхүү журмыг баримтална.
      2.Зэвсэгт хүчин, хилийн болон дотоодын цэрэг, тагнуул, цагдаа, хорих ял эдлүүлэх байгууллагад цэргийн албыг 25-аас доошгүй жил хаасан эрэгтэй, 20-иос доошгүй жил хаасан эмэгтэй офицер, ахлагч цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгох, цэргийн албан хаагч орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлт,  биеийн эрүүл мэнд, цэргийн алба хаах насны хязгаарт хүрч халагдахад болон албан үүрэг гүйцэтгэхтэй холбогдолгүй осол,  ердийн өвчнөөр нас барсан цэргийн албан хаагчийн ар гэрт тэдний  ажиллаж байсан нөхцөл, ажлын үр дүн, амьдралын нөхцөл байдлыг  харгалзан нэг удаагийн тэтгэмж олгоно.
      З.Тэтгэмжийн хэмжээг тэтгэвэрт гарч байгаа болон халагдсан  офицер, ахлагч нэг бүрээр цэргийн алба хаасан хугацааны тайланг гаргуулан үндсэн анги, байгууллагын санал дүгнэлтийг авч холбогдох сайд, газрын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэн тогтооно.
      4.Нэг удаагийн тэтгэмжийн доод хэмжээг цэргийн алба хаасны  тэтгэвэрт гарч байгаа офицер, ахлагч нарт 18 сарын, орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлт, биеийн эрүүл мэнд, алба хаах нас хэтэрсний улмаас халагдсан офицер, ахлагч, албан үүрэг гүйцэтгэхтэй холбогдолгүй осол, ердийн өвчнөөр нас барсан  цэргийн албан хаагчдын ар гэрт тэдний алба хаасан 2 жил тутамд нэг сарын дундаж цалин хөлсний хэмжээнээс багагүй байхаар  тооцож дараахь үзүүлэлтийг харгалзан тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлнэ:
      -цэргийн алба хаасан хугацааны З0-аас доошгүй хувийг улсын  хилд болон хөдөөгийн салбарт ажилласан;
      -яам, тусгай газрын удирдлагын тусгай шийдвэрээр байгаль, цаг уурын хүнд нөхцөлд он удаан жил ажилласан;
      -цэрэгт алба хаах хугацаандаа томилогдсон албан тушаалуудад  идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж байсан;
      -тусгайлан өгсөн үүрэг даалгаврыг онц гарамгай биелүүлсэн,  төрийн одон, медаль, салбарын дээд шагналаар шагнагдсан болон хугацааны өмнө цэргийн цол авсан;
      -өрхийн нэг гишүүнд ногдох орлогын хэмжээ нь амьжиргааны баталгаажих доод түвшингээс доогуур байгаа;
      -өрхийн дотор хөдөлмөрийн чадваргүй 4 ба түүнээс дээш хүнтэй.
      5.Нэг удаагийн тэтгэмжийн дээд хэмжээ нь цэргийн алба хаасны тэтгэвэрт гарч байгаа офицер, ахлагч нарт З6 сарын, орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлт, биеийн эрүүл мэнд, цэргийн алба хаах нас хэтэрсний улмаас халагдсан офицер, ахлагч,  албан үүрэг гүйцэтгэхтэй холбогдолгүй осол, ердийн өвчнөөр нас  барсан цэргийн албан хаагчийн ар гэрт 18 сарын дундаж цалин  хөлсний хэмжээнээс ихгүй байна.
      6.Тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэх үзүүлэлт шалгуурыг энэхүү журамд нийцүүлэн байгууллагынхаа ажлын онцлогийг харгалзан тодорхой болгож мөрдүүлэх эрхийг Хууль зүйн яам, Батлан  хамгаалах яам, Тагнуулын төв газар, Цагдаагийн ерөнхий газар, Хилийн цэргийг удирдах газар эдэлнэ.
      7.Тэтгэвэр тогтоолгосон болон халагдсан офицер, ахлагч нар цэргийн албанд эргэж ажиллаад халагдах, нас барах үед өмнө нь энэ журмын дагуу нэг удаагийн тэтгэмж авсан тохиолдолд тэтгэмжийг дахин олгохгүй.
      8.Тэтгэвэрт гарч буй болон халагдаж байгаа офицер, ахлагч нар болон нас барсан цэргийн албан хаагчийн ар гэрт тэтгэмжийг харъяалах яам, тусгай газраас олгоно.                 
___оОо___