A

A

A

Бүлэг: 1979
Засгийн Газрын 2005 оны 39 дүгээр тогтоолын хавсралт

БҮСИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ САН БАЙГУУЛАХ, ТҮҮНД ХӨРӨНГӨ БҮРДҮҮЛЭХ, ЗАРЦУУЛАХ, ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ
 
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Бүсчилсэн хөгжлийн удирдлага, зохицуулалтын тухай хуулийн 16.2-т заасан бүсийн хөгжлийг дэмжих сан (цаашид "Сан" гэх)-г байгуулах, түүнд хөрөнгө бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавих үйл ажиллагаанд энэхүү журмыг дагаж мөрдөнө.
1.2. Сангийн зорилго нь тухайн бүсийн хүрээнд хэрэгжүүлэхээр Засгийн газраас баталсан бүсийн хөгжлийн хөтөлбөрт тусгагдсан, Бүсийн хэлэлцээрээр тохиролцсон улсын болон бүс нутгийн нийтлэг ач холбогдолтой хөгжлийн төсөл, арга хэмжээнд санхүүгийн дэмжлэг үзүүлэхэд оршино.
1.3. Сангийн үйл ажиллагаа нь Бүсийн хөгжлийн удирдлага, зохицуулалтын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцсэн байна.
1.4. Сан нь тусгай данстай байх бөгөөд тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.
 
Хоёр. Сангийн эх үүсвэр
2.1. Сан нь Бүсчилсэн хөгжлийн удирдлага, зохицуулалтын тухай хуулийн 16.1-д заасан эх үүсвэрээс бүрдэнэ.
     
Гурав. Сангийн удирдлага
3.1. Сангийн тэргүүн нь Бүсийн зөвлөлийн дарга байна.
3.2. Бүсийн зөвлөлийн дарга нь Сангийн тогтвортой үйл ажиллагааг хангах зорилгоор Бүсийн зөвлөлийн хурлын шийдвэрээр Сан хариуцсан ажилтанг томилон ажиллуулж болно.                   
3.3. Сангийн тэргүүн нь дор дурдсан эрх хэмжээтэй байна:
      3.3.1. Зөвлөлийн шийдвэрийг үндэслэн Сангийн хөрөнгийг захиран зарцуулах;
      3.3.2. Санг төлөөлөн бусад хуулийн этгээдтэй гэрээ, хэлэлцээр хийх;
      3.3.3. Сангийн эх үүсвэрийн бүрдүүлэлт, зарцуулалтыг Бүсийн зөвлөлд тайлагнах;
      3.3.4. Санд хөрөнгө хуримтлуулах ажлыг зохион байгуулах.
3.4. Сан хариуцсан ажилтан нь энэ журмын 2.1-д заасан дотоод, гадаадын зээл, хандив, тусламжийг хүлээн авч бүртгэн түүний зарцуулалтыг хууль тогтоомжийн дагуу хөтөлнө.
 
Дөрөв. Сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах нөхцөл
4.1. Сангийн хөрөнгийг бүс нутгийн хөгжлийн төсөл, арга хэмжээнд зориулан шууд болон эргэж төлөгдөх нөхцөлтэйгээр санхүүжилт хийнэ.
4.2. Сангийн орлого, зарлага нь банкаар дамжин хийгдэх бөгөөд Бүсийн зөвлөлийн дарга гарын үсэг зурж баталгаажуулна.
4.3. Бүс нутагт хөрөнгө оруулахад зориулан улс, орон нутгийн төсвөөс хөрөнгө олгох, зарцуулах үйл ажиллагаа нь Засгийн газраас баталсан тухайн бүсийн хөгжлийн хөтөлбөрт тусгагдсан, улсын болон бүсийн хэмжээнд байгуулсан Бүсийн хэлэлцээрээр баталгаажсан төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхэд зориулагдана.
4.4. Сангийн хөрөнгийг дор дурдсан арга хэмжээнд зарцуулахыг хориглоно:
      4.4.1. Засгийн газраас баталсан тухайн Бүсийн хөгжлийн хөтөлбөрт тусгагдаж Бүсийн хэлэлцээрээр тохиролцсоноос бусад аливаа арга хэмжээ;
      4.4.2. Бүсийн зөвлөлөөс сонгон шалгаруулж шийдвэрлээгүй төсөл, арга хэмжээ;
      4.4.3. сум, орон нутгийн болон аж ахуйн чанартай жижиг төсөл, арга хэмжээ;
      4.4.4. аймаг, сум, аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн алдагдлыг нөхөх арга хэмжээ;
      4.4.5. төсөвт байгууллагын үйл ажиллагааг санхүүжүүлэх арга хэмжээ;
      4.4.6. баяр, ёслолын арга хэмжээ;
      4.4.7. гамшгаас учирсан хохирлыг арилгах арга хэмжээ;
      4.4.8. Сангаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд зээл олгох.
 
Тав. Сангийн хөрөнгийн зарцуулалтад хяналт тавих, тайлагнах
5.1. Сангийн хөрөнгийн зарцуулалтад хяналт тавих ажлыг улсын хэмжээнд Үндэсний хороо, бүсийн хэмжээнд Бүсийн зөвлөл хариуцна.
5.2. Санд хөрөнгө төвлөрүүлэх, зарцуулах тухай Бүсийн зөвлөлийн шийдвэр нь хууль тогтоомжид нийцээгүй бол түүнийг Зөвлөл өөрөө, эсхүл Засгийн газар хүчингүй болгоно.
5.3. Сангийн хөрөнгийг Бүсийн зөвлөлийн шийдвэрлэснээс өөр зүйлд зарцуулсан буюу эсхүл эрхээ хэтрүүлсэн үйл ажиллагаанаас учирсан хохирлыг Сангийн тэргүүн хариуцна.
5.4. Сангийн хөрөнгийн бүрдүүлэлт, зарцуулалтын тайланг Сангийн тэргүүн Бүсийн зөвлөл, Сангийн яаманд хагас, бүтэн жилээр гаргаж өгнө.
 
Зургаа. Бусад зүйл
6.1. Санд бодитой хувь нэмэр оруулсан иргэд, байгууллага, аж ахуйн нэгжид "Бүс нутгийн хөгжлийг дэмжигч" гэсэн гэрчилгээ олгох бөгөөд тухайн Бүсийн зөвлөлөөс тэдгээрийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж болно.
     
 
                                                                                _____оОо_____