A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ТӨРИЙН СҮЛД, ТУГ, ДАЛБААГ ЭНГЭРИЙН БОЛОН ДУРСГАЛЫН ТЭМДЭГ, ЗУРАГТ ХУУДАС, ТӨРӨЛ БҮРИЙН ШОШГО, БУСАД ЗҮЙЛ ДЭЭР ДҮРСЛЭХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЖУРАМ
Бүлэг: 1979
Засгийн газрын 1994 оны 152 дугаар тогтоолын хавсралт

ТӨРИЙН СҮЛД, ТУГ, ДАЛБААГ ЭНГЭРИЙН БОЛОН ДУРСГАЛЫН ТЭМДЭГ, ЗУРАГТ ХУУДАС, ТӨРӨЛ БҮРИЙН ШОШГО, БУСАД ЗҮЙЛ ДЭЭР ДҮРСЛЭХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЖУРАМ
 
 1. Төрийн сүлд, туг, далбааг энгэрийн болон дурсгалын тэмдэг, зурагт хуудас, төрөл бүрийн шошго, бусад зүйл дээр дүрслэх зөвшөөрөл олгоход энэхүү журмыг мөрдөнө.
 2. Иргэд, аж ахуйн нэгж, байгууллага төрийн сүлд, туг, далбааг энгэрийн болон дурсгалын тэмдэг, зурагт хуудас, төрөл бүрийн шошго, бусад зүйл дээр зохих журмын дагуу дүрсэлж болно.
3. Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад төрийн сүлд, туг, далбааг энгэрийн болон дурсгалын тэмдэг, зурагт хуудас, төрөл бүрийн шошго, бусад зүйлд дээр дүрслэх зөвшөөрлийг аймаг, нийслэлийн Засаг дарга тухай бүр олгоно.
 4. Төрийн сүлд, туг, далбааг энгэрийн болон дурсгалын тэмдэг, зурагт хуудас, төрөл бүрийн шошго, бусад зүйл дээр зураглал, дүрслэл, дардас, оёдол зэрэг хэлбэрээр дүрсэлж болно. Гэхдээ төрийн сүлдийг өнгө ялгах буюу ялгахгүйгээр, төрийн тугийг зөвхөн Монгол Улсын Үндсэн хуулийн 12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт, Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуулийн 8 дугаар зүйлд, Төрийн далбааг зөвхөн Үндсэн хуулийн 12 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан өнгөөр тус тус дүрсэлнэ.
 5. Төрийн сүлдийг энгэрийн болон дурсгалын тэмдэг, зурагт хуудас, төрөл бүрийн шошго, бусад зүйл дээр өнгө ялган дүрслэхэд Монгол Улсын Үндсэн хуулийн 12 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтална.
6. Төрийн сүлд, туг, далбааг энгэрийн болон дурсгалын тэмдэг, зурагт хуудас, төрөл бүрийн шошго, бусад зүйл дээр зохих зөвшөөрлийн дагуу дүрслэхдээ түүний хэмжээнээс үл хамааран Үндсэн хуульд хавсаргасан эх загварт заасан тэг, харьцааг чанд баримтална.
 7. Иргэд, аж ахуйн нэгж, байгууллага нь дор дурдсан материалыг бүрдүүлсний үндсэн дээр төрийн сүлд, туг, далбааг энгэрийн болон дурсгалын тэмдэг, зурагт хуудас, төрөл бүрийн шошго, бусад зүйл дээр дүрслэх хүсэлтээ эх загварын хамт тухайн аймаг, нийслэлийн Засаг даргад ирүүлж хянуулан зөвшөөрөл авна:
     а/ Монгол Улсын Үндсэн хууль, Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуулийн холбогдох заалт болон энэхүү журамд нийцүүлэн үйлдсэн эх загвар /биетээр буюу зургаар/;
     б/ төрийн сүлд, туг, далбааг энгэрийн болон дурсгалын тэмдэг, зурагт хуудас, төрөл бүрийн шошго, бусад зүйл дээр дүрслэх шаардлага, ач холбогдол, дүрслэх арга хэлбэр, хэмжээ, үйлдэх материал, ур хийцийг тодорхойлсон танилцуулга.
     8. Аймаг, нийслэлийн Засаг дарга нь төрийн сүлд, туг, далбааг дээр нь дүрслэх энгэрийн болон дурсгалын тэмдэг, зурагт хуудас, төрөл бүрийн шошго, бусад зүйлийн эх загварыг Монгол Улсын Үндсэн хууль, Төрийн бэлгэ тэмдгийн тухай хууль болон энэхүү журамд заасан шаардлагын дагуу хянаж тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад уг хүсэлтийг хүлээн авснаас хойш 2 долоо хоногт багтаан зөвшөөрөл олгох буюу зохих хариу өгнө.
     9. Төрийн сүлд, туг, далбааг зохих зөвшөөрөлгүйгээр энгэрийн болон дурсгалын тэмдэг, зурагт хуудас, шошго, бусад зүйл дээр дүрслэх, эсвэл эрх бүхий байгууллагаас зөвшөөрсөн эх загварыг өөрчлөн дүрслэхийг хориглоно.
     Батлагдсан эх загварыг өөрчлөх шаардлагатай гэж үзвэл дахин хянуулж зөвшөөрөл авна.
     10. Төрийн сүлд, туг, далбааг барааны тэмдэг, төрөл бүрийн бараа, хувцас, сав суулга, гэр ахуйн болон албан конторын тавилга, өрөө тасалгааны хана, урилга, гудамжны чимэглэл, зам, талбай, барилга байшин, гэр, хашаан дээр болон агуулга, зориулалттай нь шууд холбоогүй ном, хэвлэл дээр дүрслэхийг хориглоно.
     Түүнчлэн төрийн сүлд, туг, далбааг орлого олох зорилгоор дүрслэхийг хориглоно.
      11. Гадаадын байгууллага, иргэн, харьяалалгүй хүн төрийн сүлд, туг, далбааг энгэрийн болон дурсгалын тэмдэг, зурагт хуудас, төрөл бүрийн шошго, бусад зүйл дээр дүрслэх зөвшөөрөл авахдаа энэхүү журмыг баримтална.
     12. Монгол Улсын Үндсэн хууль, Төрийн бэлгэ тэмдгийн тухай хууль, энэхүү журмыг зөрчиж Төрийн сүлд, туг, далбааг энгэрийн болон дурсгалын тэмдэг, зурагт хуудас, төрөл бүрийн шошго, бусад зүйл дээр дүрсэлсэн этгээдэд Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан хариуцлага хүлээлгэнэ.
-------оОо-------