- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ОЙ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ ХИЙХ ЖУРАМ /ЗГ-ын 2008 оны 85-р хүчингүй/
Засгийн газрын 1995 оны 229 дүгээр тогтоолын хавсралт
ОЙ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ ХИЙХ ЖУРАМ //ЗГ-ын 2008 оны 85-р хүчингүй/
Нэг.Нийтлэг үндэслэл
ОЙ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ ХИЙХ ЖУРАМ //ЗГ-ын 2008 оны 85-р хүчингүй/
1.Ойн баялгийн талбай, нөөцийн хэмжээ, ойн төлөв байдал, тархац, бүрэлдэхүүн, чанар, өсөлт хөгжилт, ойн сангийн өөрчлөлтийг нарийвчлан тогтоож мэдээллийн сан бүрдүүлэх, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад ойг тодорхой хугацаа, төлбөр, болзол, гэрээгээр ашиглуулах зорилгоор ой зохион байгуулалтын ажлыг гүйцэтгэхэд энэхүү журмыг дагаж мөрдөнө.
2.Ой зохион байгуулах дүрэм, зааврыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага (цаашид "төрийн захиргааны төв байгууллага" гэнэ) батална. Эдгээр баримт бичгүүд нь ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх бодлогыг хэрэгжүүлэх үндэслэл болно.
З.Бүх шатны засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, байгууллага, аж ахуйн нэгж, иргэн ашиглах газрын ойд ой зохион байгуулалт хийлгэж баталгаажуулсан байна.
4.Ой зохион байгуулалтын ажлыг төрийн захиргааны төв байгууллагаас эрх олгосон мэргэжлийн байгууллага гүйцэтгэнэ.
5.Улсын ойн санд ой зохион байгуулалтын ажлыг гүйцэтгэх эрх бүхий байгууллага, ажилтныг мэргэжлийн удирдлага, боловсон хүчнээр хангах, тэдний мэргэжил мэдлэгийг дээшлүүлэх ажлыг төрийн захиргааны төв байгууллага хариуцна.
6.Мөрдөж байгаа хууль тогтоомжийн дагуу ой зохион байгуулалтын ажлыг үнэн зөв, чанартай хийх үүргийг ой зохион байгуулах ажлыг гүйцэтгэх мэргэжлийн байгууллага, түүний албан тушаалтан хүлээнэ.
Хоёр.Ой зохион байгуулалт, түүнийг гүйцэтгэх, санхүүжүүлэх
7.Ой зохион байгуулалтын ажлыг дараахь зорилгоор хийнэ:
а/улсын ойн сангийн талбай, нөөцийн хэмжээ, тархац, төлөв байдал, бүтэц, бүрэлдэхүүн, чанар, өсөлт хөгжилт, өөрчлөлтийг тогтоох, мэдээллийн сан бүрдүүлэх, төсөл боловсруулах, тайлан, зураглал гаргах;
б/бүс нутгийн хөгжлийн төлөвийг тодорхойлох, онцгой, хамгаалалтын болон ашиглалтын бүсийн ойн зааг, талбай, нөөцийн хэмжээ, таксацийн үндсэн үзүүлэлтийг шинэчилж тогтоох;
в/засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн доторхи ойн зааг, талбай, нөөцийн хэмжээ, таксацийн үндсэн үзүүлэлтийг тогтоох, тодотгох;
г/ашиглалтын бүсийн ойгоос Монгол Улсын аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд эзэмшүүлэх, ашиглуулах, түүнчлэн гадаадын хөрөнгө оруулалттай байгууллага, аж ахуйн нэгж, гадаадын иргэн, харъяалалгүй хүмүүст ашиглуулах ойн зааг, таксацийн үндсэн үзүүлэлтийг тогтоох, зураглал гаргах, ашиглалтын ойн тооцоог шинэчлэн хийх.
8.Энэ журмын 7 дугаар зүйлийн "а", "б"-д заасан ойн сангийн ой зохион байгуулалтыг 10 жил тутамд, "в"-д заасан ойн сангийн ой зохион байгуулалтыг тухайн шатны Засаг даргын шийдвэрээр, "г"-д заасан ойн сангийн ой зохион байгуулалтыг захиалгын дагуу хийнэ.
9.Ойн санг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх бодлогын дагуу тухайн жилд хаана, хэдэн га талбайд ой зохион байгуулалт хийх чиглэлийг аймаг, нийслэл, сумын Засаг даргын шийдвэр, ойг ашиглагчийн захиалгыг үндэслэн оны эхэнд төрийн захиргааны төв байгууллага тогтооно.
10.Ой зохион байгуулалтын ажлыг "Ойн тухай Монгол Улсын хууль"-ийн 6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу санхүүжүүлнэ.
11.Ой зохион байгуулалтын ажлыг бэлтгэл, хайгуул, мэдээ, баримт боловсруулалт гэсэн дарааллаар гүйцэтгэнэ.
12.Ой зохион байгуулалтын бэлтгэл ажилд дараахь зүйл хамаарна:
а/тухайн шатны Засаг даргын санал болон байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн захиалгыг үндэслэн ой зохион байгуулалтыг тухайн жилд хаана, хэдэн га талбайд явуулах тухай төрийн захиргааны төв байгууллагаас шийдвэр гаргуулах;
б/ой зохион байгуулалт хийх газрын 1:100000-ын нарийвчлалтай байр зүйн зураг дээр ойн санг хэсэглэлд хувааж дугаарлах, хайгуулын ажилд хэрэглэх тойм зураг бэлтгэх;
в/1:100000-ын нарийвчлалтай байр зүйн зураг дээр хуваасан хэсэглэлийн заагийг 1:16000, 1:З2000-ын нарийвчлалтай агаарын гэрэл зураг дээр шилжүүлэн хилийг тодруулан зурж ажлын талбайг бэлтгэх;
г/ой зохион байгуулалт хийх, газрын нөхцөл, байдлыг судалж ажиллах хүч, багаж, техник хэрэгслийн бэлтгэлийг хангахын зэрэгцээ захиалга өгсөн орон нутгийн эрх бүхий байгууллага болон аж ахуйн нэгж, иргэдтэй уналга, хоол хүнс, эмнэлгийн тусламж, харилцаа холбоогоор хангах талаар тохиролцож гэрээ байгуулах.
1З.Хайгуулын ажлыг ойн таксацийн, геодези, зураглалын гэсэн үндсэн хоёр үе шаттайгаар хэрэгжүүлнэ:
а/ойн таксацийн ажлаар ойн тархалт, таксацийн үндсэн үзүүлэлт (тухайн газрын ойн бүтэц, бүрэлдэхүүн, дундаж өндөр, голч, бонитет, насны ангилал гэх мэт)-ийг тодорхойлж, ойн төлөв байдалд үнэлэлт өгч, ойг ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх чиглэлийг тогтоох мэдээ баримт бүрдүүлэх;
б/геодези, зураглалын ажлаар ойн санг хэсэглэлд хуваасан тойм зургийн дагуу тэмдэгжүүлэн дугаарлаж тухайн газрын уул нуруу, гол горхи, өндөрлөгүүдийн нэрийг тодруулах болон ойн зааг, хязгаарын зураг авалт хийх.
14.Мэдээ, баримт боловсруулалтын ажлаар ойн таксацийн болон геодези, зураглалын судалгааны материалд тулгуурлан тухайн ойг ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх арга зам, чиглэлийг тогтоосон тайлан, төсөл, тооцоог боловсруулж,1:50000,1:200000-ын нарийвчлалтай ойн тойм зураг үйлдэнэ.
15.Мэргэжлийн байгууллага нь ой зохион байгуулалтын чиглэл, үр дүнг мэргэжилтний зөвлөлгөөнөөр хэлэлцүүлж саналаа төрийн захиргааны төв байгууллагад оруулна.
16.Ой зохион байгуулалтын чиглэл, үр дүнгийн талаар мэргэжлийн байгууллагаас боловсруулсан санал, төслийг төрийн захиргааны төв байгууллага баталгаажуулна. Энэ нь тухайн аймаг, нийслэл, бүс нутаг, сум, дүүрэг, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс ойг зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээхтэй холбогдсон ажлын чиглэл, хөтөлбөр боловсруулах үндэслэл болно.
17.Тогтоосон журам, технологийн горимоор хийгдээгүй ой зохион байгуулалтын ажлыг төрийн захиргааны төв байгууллага хүчингүй болгох эрхтэй.
Гурав.Онцгой болон хамгаалалтын бүсийн ойд хийх ой зохион байгуулалт
18.Онцгой болон хамгаалалтын бүсийн ойн нөөц, заагийг шинэчлэн тогтоох, өөрчлөх, тодотгох ажлыг холбогдох аймаг, нийслэлийн Засаг дарга, бүс нутгийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын саналыг үндэслэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрээр гүйцэтгэнэ.
19.Сум, дүүргийн онцгой болон хамгаалалтын бүсийн ойн заагийг шинэчлэн тогтоох ажлын хэсгийг аймаг, нийслэлийн Засаг даргын, аймаг, нийслэлийн онцгой болон хамгаалалтын ойн бүсийн заагийг шинэчлэн тогтоох ажлын хэсгийг төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрээр тус тус байгуулна.
20.Онцгой болон хамгаалалтын бүсийн ойн заагийг шинэчлэн тогтоох ажлын хэсэг дараахь бичиг баримтыг бүрдүүлж зохих шатны дээд байгууллагад оруулна:
а/тухайн бүс нутаг, аймаг, нийслэлийн ойн онцгой болон хамгаалалтын бүсийн заагийг шинэчлэн тогтоох, өөрчлөлт оруулах шалтгаан, уг бүс нутгийн ойн ашиглалт, хамгаалалтын байдал, ажлын хэсгийн хийсэн дүгнэлт, оруулах саналын дэлгэрэнгүй танилцуулга;
б/уг дэвсгэр нутагт ой зохион байгуулалт хийсэн тухай сум, дүүргийн болон аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчид (түүний Тэргүүлэгчдийн)-ийн Хурлын шийдвэр;
в/ой зохион байгуулалт хийж ойн заагийг шинэчлэн тогтоох, онцгой болон хамгаалалтын бүсийн ойн 1:10000-ын нарийвчлалтай байр зүйн зураг;
г/шинээр ой зохион байгуулах газар нутаг, түүнтэй хил залгаа орших засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн ойн заагт орсон өөрчлөлт.
21.Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн ойн онцгой болон хамгаалалтын бүсийн заагийг шинэчлэн тогтоох тухай дүгнэлт, саналаа ажлын хэсэг сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд оруулж хэлэлцүүлэх ба хурлын шийдвэрийг төрийн захиргааны төв байгууллагад энэ журамд заасан бусад бичиг баримтын хамт хүргүүлнэ.
22.Аймаг, нийслэлээс оруулсан засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн ойн онцгой болон хамгаалалтын бүсийн заагийг шинэчлэн тогтоох тухай санал, холбогдох бичиг баримтыг төрийн захиргааны төв байгууллага хүлээн авч зохих хууль тогтоомжид нийцсэн эсэхийг нэг сарын дотор багтааж нягтлан шийдвэрлэнэ.
23.Ажлын хэсгээс гаргасан саналыг зөвшөөрөөгүй тохиолдолд зөрүүтэй санал, тохиролцоонд хүрээгүй асуудлыг аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчид (түүний Тэргүүлэгчдийн)-ийн Хурлаар хэлэлцэн саналаа дээрх бичиг баримтад хавсаргана. Энэ санал нь удирдах дээд шатны байгууллагаас уг асуудлыг хэлэлцэх үндэслэл болно.
Дөрөв.Ашиглалтын бүсийн ой зохион байгуулалт
24.Ашиглалтын бүсийн ойн талбай, нөөцийн хэмжээ,ашиглах хугацаа, арга технологийг ойн экологийн онцлогт нийцүүлэн тогтоож, түүнийг байгууллага, аж ахуйн нэгж, иргэнд холбогдох хууль тогтоомж, гэрээ, болзлын дагуу ашиглуулах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор ой зохион байгуулалт хийнэ.
25.Үйлдвэрлэлийн зориулалтаар хэрэглээний мод,түлээ ойгоос бэлтгэж ашиглагч байгууллага, аж ахуйн нэгж, иргэн нь эзэмшин ашиглах ойдоо ой зохион байгуулалтыг өөрийн зардлаар гүйцэтгүүлнэ.
Тав.Бусад асуудал
26.Ой зохион байгуулалтын ажилд 1:100000-ын нарийвчлалтай байр зүйн зураг, сүүлийн 1О жилийн хугацаанд авагдсан 1:16000-ын ба З2000-ын нарийвчлалтай агаарын гэрэл зургийг ашиглана.Ой зохион байгуулалтын зааварт тусгагдсан техникийн шаардлагад нийцсэн зургаар хангах үүргийг Улсын геодези, зураг зүйн байгууллага хүлээнэ.Техникийн шаардлага хангаагүй агаарын гэрэл зургийг судалгааны ажилд ашиглахыг хориглоно.
27.Уул нурууны орой, даваа, гуу, жалга, гол, мөрөн зэрэг байгалийн тогтцоор ойн санг хэсэглэлд хувааж,тэдгээрийг аймаг тус бүрээр нэгдсэн нэг дугаарт оруулан тогтооно.
28.Ой зохион байгуулалтын мэдээ, баримтыг хоёр хувь үйлдэж захиалагч, ой зохион байгуулах мэргэжлийн байгууллагад тус тус нэг хувь хадгална.
29.Зохих журмаар эрх аваагүй мэргэжлийн бус байгууллага, албан тушаалтан ойн зохион байгуулалтын ажил гүйцэтгэхийг хориглоно.
З0.Ой зохион байгуулалттай холбогдон гарсан маргааныг төрийн захиргааны төв байгууллага хүлээн авснаас хойш 14 хоногт багтаан шийдвэрлэнэ.
----------оОо---------
Текст томруулах
A
A
A