- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ САНГААС ЖИЖИГ ЗЭЭЛ ОЛГОХ ЖУРАМ
Засгийн газрын 2002 оны 43 дугаар тогтоолын хавсралт
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ САНГААС ЖИЖИГ ЗЭЭЛ ОЛГОХ ЖУРАМ
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ САНГААС ЖИЖИГ ЗЭЭЛ ОЛГОХ ЖУРАМ
1. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 10 дугаар зүйлийн З дахь хэсэгт заасан иргэн, аж ахуйн нэгжид Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл (цаашид "зээл" гэнэ) олгоход энэхүү журмыг баримтална.
2. Зээл нь ажлын байр нэмэгдүүлэх, иргэдэд хувиараа болон нөхөрлөл, хоршооны хэлбэрээр хөдөлмөр эрхлэх боломжийг бүрдүүлэхэд чиглэгдэнэ.
3. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн жижиг зээлийг банк, банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулан олгоно.
4. Зээлийн үйл ажиллагаа эрхлэх банк болон банк бус санхүүгийн байгууллага нь дор дурдсан нөхцөлийг хангасан байна:
-Монгол банкнаас тогтоосон зохистой харьцааны үзүүлэлтүүд, заавал байлгах нөөцийн шаардлагыг нэг жилийн турш хангасан тухай хөндлөнгийн байгууллагын дүгнэлт гаргуулсан байх;
-зээлийн үйл ажиллагаатай холбоотой аливаа эрсдэлийг сангийн өмнө бүрэн хариуцахаа илэрхийлсэн баталгаа гаргаж нотариатаар баталгаажуулсан байх;
-зээлийн үйл ажиллагааг орон нутагт явуулах боломжтой байх.
5. Хөдөлмөр эрхлэлтийн сангаас жижиг зээл олгох үйл ажиллагааг гүйцэтгэх банк, банк бус санхүүгийн байгууллагыг сонгох тендерийг хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас зарлан явуулж энэ журмын 4 дүгээр зүйлд заасан нөхцөлийг хангасан банк, банк бус санхүүгийн байгууллагыг сонгон шалгаруулна.
6. Тендерт шалгарсан банк, банк бус санхүүгийн байгууллагатай байгуулах гэрээний загварыг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
7. Хөдөлмөр эрхлэлтийн төв байгууллага тендерт шалгарсан банк, банк бус санхүүгийн байгууллагатай зээлийн үйл ажиллагаа эрхлүүлэх гэрээ байгуулан ажиллана.
8. Гэрээнд дараахь асуудлыг тусгасан байна:
-талуудын эрх, үүрэг, хариуцах албан тушаалтан;
-банк, банк бус санхүүгийн байгууллагад байршуулсан зээлийн санд уг банк, банк бус санхүүгийн байгууллагаас олгох хүүгийн хэмжээ;
-эцсийн зээлдэгчдэд олгох зээлийн хэмжээ, хүү, хугацаа;
-зээлийн санд тавих хяналт;
-зээлийн хөрөнгийг эргүүлэн татах нөхцөл;
-хөдөлмөр эрхлэлтийн төв байгууллагатай хамтран ажиллах нөхцөл;
-гэрээний хүчин төгөлдөр үйлчлэх хугацаа;
-гэрээг цуцлах нөхцөл.
9. Гэрээг нотариатаар баталгаажуулна.
10. Хөдөлмөр эрхлэлтийн алба зээл авахыг хүссэн иргэн, аж ахуйн нэгжтэй ажлын байр бий болгох, хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгэлтэй ажилгүй иргэнийг ажлын байраар хангах талаар гэрээ байгуулан банк, банк бус санхүүгийн байгууллагад тодорхойлолт гаргана. Энэхүү тодорхойлолт нь зээл олгоход шаардагдах баримт бичгийн бүрдэл хэсэг болно. Банк, банк бус санхүүгийн байгууллага нь хөдөлмөр эрхлэлтийн албаны тодорхойлолтгүйгээр зээл олгохгүй.
11. Банк, банк бус санхүүгийн байгууллага иргэн, аж ахуйн нэгжид зээл олгох эсэх асуудлыг дангаараа шийдвэрлэнэ.
12. Банк, банк бус санхүүгийн байгууллага нь зээлийн үйл ажиллагаатай холбоотой аливаа эрсдэлийг сангийн өмнө бүрэн хариуцна.
13. Эцсийн зээлдэгчид зээлийг нэг жил хүртэл хугацаагаар олгох бөгөөд түүний дээд хэмжээ нь 10,0 (арван) сая төгрөг хүртэл, хүү нь тухайн банк, банк бус санхүүгийн байгууллагаас олгож байгаа зээлийн хүүгээс илүүгүй байна.
14. Ажлын байр нэмэгдүүлэх талаар зээлдэгчтэй байгуулсан гэрээний хэрэгжилтэд Хөдөлмөр эрхлэлтийн алба хяналт тавина.
15. Аймаг, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн алба нь банк, банк бус санхүүгийн байгууллагаас олгосон зээлийн мэдээг дараа сарын 5-ны дотор авч нэгтгэн мөн сарын 10-ны дотор хөдөлмөр эрхлэлтийн төв байгууллагад ирүүлнэ.
----оОо----
Текст томруулах
A
A
A