- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- БАЙЛДААНД ОРОЛЦСОН АХМАД ДАЙЧДАД ҮНЭМЛЭХ, ТЭТГЭМЖ ОЛГОХ ЖУРАМ
Засгийн газрын 1999 оны 87 дугаар тогтоолын хавсралт
БАЙЛДААНД ОРОЛЦСОН АХМАД ДАЙЧДАД ҮНЭМЛЭХ, ТЭТГЭМЖ ОЛГОХ ЖУРАМ
БАЙЛДААНД ОРОЛЦСОН АХМАД ДАЙЧДАД ҮНЭМЛЭХ, ТЭТГЭМЖ ОЛГОХ ЖУРАМ
1.1939 оны Халхын голын байлдаан, 1945 оны чөлөөлөх дайнд биечлэн оролцсон ахмад дайчид /цаашид "ахмад дайчид" гэнэ/-д болон дайнд амь үрэгдэгсдийн эхнэр /нөхөр/-т үнэмлэх, тэтгэмж олгох, хөнгөлөлт, үйлчилгээ үзүүлэхэд энэ журмыг дагаж мөрдөнө.
2.Энэ журмын 1 дүгээр зүйлд заасан онуудад байлдааны талбарт болон дайсны шууд хөнөөлийн дор байсан, эсвэл улсын хил давж хилийн цаана тусгай үүрэг, даалгавар биелүүлж явсан хүмүүсийг дайн, байлдаанд биечлэн оролцсонд тооцно.
3.1939 оны Халхын голын байлдаан, 1945 оны чөлөөлөх дайнд энэ журмын 2 дугаар зүйлд заасны дагуу үүрэг гүйцэтгэсэн хүмүүсийг хоёр дайнд оролцсон гэж үзнэ.
4.1940-1948 онд улсын баруун хил дээр болсон зэвсэгт тулгаралтад оролцсон /6 дугаар морьт бригадын бие бүрэлдэхүүнд багтаж байсан/ хүмүүсийг байлдаанд оролцсон ахмад дайчинд тооцно.
5.1939 оны Халхын голын байлдаан, 1945 оны чөлөөлөх дайны үед байлдаанд оролцоогүй анги, нэгтгэлд алба хааж байсан, түүнчлэн цэргийн захиалгат бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хангамж, үйлчилгээтэй холбогдсон үүрэг гүйцэтгэж байсан хүмүүс энэ журамд хамаарахгүй.
6.Ахмад дайчны үнэмлэхийг дор дурдсан хүмүүст олгоно:
а/1939 оны байлдаан, 1945 оны чөлөөлөх дайн, 1940-1948 онд улсын баруун хил дээр болсон зэвсэгт тулгаралт /цаашид "байлдаан" гэнэ/-д биечлэн оролцож явсан Монгол ардын хувьсгалт цэргийн болон хязгаарын цэргийн дарга, цэрэг;
б/байлдааны үед улсын аюулаас хамгаалах байгууллагын тусгай үүрэг, даалгавар гүйцэтгэж байсан хүмүүс;
в/байлдааны талбарт хангалт хийж байсан хүмүүс;
г/байлдаанд амь үрэгдэгсдийн бэлбэсэн эхнэр /нөхөр/.
7.Байлдаанд оролцсон хүмүүсийн баримт бичгийг дор дурдсан харьяаллаар бүрдүүлнэ:
а/монгол ардын хувьсгалт цэргийнхнийг Батлан хамгаалах яам;
б/хязгаарын цэргийнхнийг Хилийн цэргийг удирдах газар;
в/улсын аюулаас хамгаалах байгууллагынхныг Улсын аюулгүй байдлыг хангах газар.
8.Тухайн иргэний байлдаанд оролцсоныг дараахь үндсэн баримтаар шалгаж тогтооно:
а/зэвсэгт хүчний болон улсын аюулгүй байдлыг хангах байгууллагын төв архивт хадгалагдаж байгаа баримт бичгийн лавлагаа;
б/байлдаанд оролцсон цэргийн анги /байгууллага/ болон командлалаас тухайн хүнийг дайнд биечлэн оролцож явсныг тодорхойлж олгосон үнэмлэх, бусад баримт бичиг;
в/байлдаанд оролцсонтой нь холбогдуулан улсаас шагнасан одон медаль, тэдгээрийн үнэмлэх.
9.Энэ журмын 8 дугаар зүйлд заасны дагуу бүрдүүлсэн баримт бичгийг холбогдох төрийн захиргааны байгууллагын саналын хамтаар Батлан хамгаалах яамны Төрийн захиргааны удирдлагын газарт уламжилна.
10.Бүрдүүлсэн болон магадлан шалгасан баримт бичгийн нотолгоо, саналыг үндэслэн байлдаанд оролцогчийн үнэмлэхийг Батлан хамгаалахын сайдын тушаалаар олгоно.
11.Ахмад дайчид,дайнд амь үрэгдэгсдийн эхнэр /нөхөр/-т олгох тэтгэмж, үзүүлэх хөнгөлөлт, үйлчилгээг холбогдох хууль, эрх зүйн актаар зохицуулна.
12.Байлдаанд оролцсон хүмүүс, дайнд амь үрэгдэгсдийн эхнэр /нөхөр/ ахмад дайчны тэтгэмж олгуулах, хөнгөлөлт, үйлчилгээ эдлэх тухай өргөдлөө оршин суугаа сум, дүүргийн Засаг даргын Тамгын газар, нийгмийн халамжийн байгууллагад гаргана.
13.Өргөдөлд дараахь бичиг баримтыг хавсаргана:
а/байлдаанд биечлэн оролцсон, дайны улмаас тахир дутуу болсон тухай үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, байлдаанд амь үрэгдсэн тухай архивын тодорхойлолт;
б/оршин суугаа баг, хорооны Засаг даргын тодорхойлолт.
14.Сум, дүүргийн Засаг даргын Тамгын газар, нийгмийн халамжийн байгууллага өргөдөл, баримт бичгийг холбогдох хууль тогтоомжийн дагуу хянан шийдвэрлэж, тухайн иргэнд хариу өгнө.
15.Байлдаанд оролцогсод, байлдаанд амь үрэгдэгсдийн эхнэр /нөхөр/-т тэтгэмж олгох, хөнгөлөлт, үйлчилгээ үзүүлэх, тэдгээртэй холбогдсон бүртгэл хөтлөх, тайлагнах ажлыг нийгмийн халамжийн байгууллага хууль тогтоомж, журмын дагуу хэрэгжүүлнэ.
16.Тэтгэмж авагч, хөнгөлөлт, үйлчилгээ эдлэгч оршин суугаа хаягаасаа өөр газарт байнга оршин суухаар тогтоосон журмын дагуу шилжвэл энэ тухайгаа харьяалах нийгмийн халамжийн байгууллагад мэдэгдэж шийдвэрлүүлнэ.
17.Тэтгэмж, хөнгөлөлт, үйлчилгээтэй холбогдсон баримт бичгийг санаатайгаар буруу бүрдүүлсэн хүмүүст зохих хууль тогтоомжийн дагуу захиргааны хариуцлага хүлээлгэнэ.
---оОо---
Текст томруулах
A
A
A