- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТӨРИЙН ӨМЧИЙНХӨӨС БУСАД АШГИЙН ТӨЛӨӨ БУС СОЁЛЫН БАЙГУУЛЛАГЫНДУНД ТӨСӨЛ УРАЛДУУЛАН ШАЛГАРУУЛАХ (ТЕНДЕР ЗОХИОН БАЙГУУЛАХ) ЖУРАМ
Засгийн газрын 1997 оны 92 дугаар тогтоолын хавсралт
ТӨРИЙН ӨМЧИЙНХӨӨС БУСАД АШГИЙН ТӨЛӨӨ БУС СОЁЛЫН БАЙГУУЛЛАГЫНДУНД ТӨСӨЛ УРАЛДУУЛАН ШАЛГАРУУЛАХ (ТЕНДЕР ЗОХИОН БАЙГУУЛАХ) ЖУРАМ
Нэг.Нийтлэг үндэслэл
1.Энэхүү журмыг төрийн өмчийнхөөс бусад ашгийн төлөө бус соёлын байгууллагын дунд төсөл уралдуулан шалгаруулах (тендер зохион байгуулах)-д дагаж мөрдөнө.
2.Энэ журмын зорилго нь төсөл уралдуулан шалгаруулах замаар төрийн өмчийнхөөс бусад ашгийн төлөө бус соёлын байгууллагын үйл ажиллагаанд санхүүгийн дэмжлэг, туслалцаа үзүүлэх, тэдгээрийн хүн амд үйлчлэх соёлын үйлчилгээ, хүрээ, хүртээмжийг өргөтгөх, чанаржуулах, үр дүнг сайжруулах, улмаар урлагийн бүх төрлийг бодлогын дагуу хөгжүүлэх, соёлоо уламжлан өвлүүлэх нөхцөлийг бүрдүүлэхэд оршино.
З.Энэ журмын хүрээнд Соёлын тухай хуулийн З дугаар зүйлийн 1-д заасны дагуу "Соёлын үйл ажиллагаа" эрхэлдэг бөгөөд улсын болон орон нутгийн төсвөөс санхүүждэггүй төрийн өмчийнхөөс бусад ашгийн төлөө бус соёлын байгууллага хамаарна.
4.Төслийн уралдаан зарлагч нь Гэгээрлийн яам байна.
5.Төсөл уралдуулан шалгаруулалтад төрийн өмчийнхөөс бусад ашгийн төлөө бус тэргүүлэх төв болон орон нутгийн соёлын байгууллага оролцож болно.
6.Төслийн уралдаан зарлагч нь тухайн төслийг санхүүжүүлэх эх үүсвэрийг Сангийн яамтай зөвшилцөн тохиролцсон байна.
7.Энэ журмын 5 дугаар зүйлд заасан соёлын байгууллага тухайн төслийн шалгаруулалтад хамтран оролцож болно.
Хоёр.Төсөл уралдуулах сэдэв, шалгаруулах хэлбэр
8.Төслийг дараахь сэдвээр уралдуулна:
а/ардын уламжлалт урлагийг сэргээн хөгжүүлэх, өвлүүлэх, нийтийн хүртээл болгох;
б/сонгодог болон хүүхдийн урлагийн хөгжилд дэмжлэг туслалцаа үзүүлэх;
в/эстрадын хамтлаг, чуулга, циркийг байгуулж хөгжүүлэх;
г/урлагийн шинэ төрөл нэвтрүүлж хөгжүүлэх;
д/улсын болон бүс нутгийн шинж чанартай соёл, урлагийн арга хэмжээг зохион байгуулах;
е/шинэ уран бүтээл туурвих;
ж/соёл, урлагийн мэргэжлийн ном, сонин, сэтгүүл, цомог хэвлэн нийтлэх, дүрс, дуу авианы бичлэг хийлгэх;
з/соёлын үйлчилгээг өргөтгөх, чанар, үр дүнг сайжруулах;
и/соёл, урлагийн байгууллагын материаллаг баазыг бэхжүүлэх зорилгоор тодорхой техник хэрэгсэл, тоног төхөөрөмж нийлүүлэх;
к/нарийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, давтан сургах;
л/түүх, соёлын дурсгалт зүйлийг сурвалжлан олох, цуглуулах, сэргээн засварлах, хамгаалах, нийтийн хүртээл болгох;
м/соёл, урлагийн гарамгай зүтгэлтнүүдийг алдаршуулан мөнхжүүлэх.
9.Төсөл уралдуулан шалгаруулалтыг нээлттэй хэлбэрээр явуулна.
Гурав.Төсөл зарлах, сонгон шалгаруулах
10.Энэ журмын 8 дугаар зүйлд заасан сэдвээр Гэгээрлийн яамнаас зарласан төслийг төрийн өмчийнхөөс бусад ашгийн төлөө бус соёлын байгууллагын хүртээл болгох, төсөлд оролцогчдыг сонгон шалгаруулах ажлыг Төслийн зөвлөл (орон тооны бус) эрхлэн гүйцэтгэнэ.
11.Төслийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг мэргэжлийн чиглэл тус бүрээр Гэгээрлийн сайдын тушаалаар батална.
12.Төслийн зөвлөл нь тухайн сонгон шалгаруулах төслийн баримт бичиг, зарлалыг бэлтгэн Гэгээрлийн сайдын зөвлөлд оруулан шийдвэрлүүлнэ.
13.Сонгон шалгаруулах төслийн баримт бичиг, зарлалын төсөлд дараахь мэдээллийг тусгана:
а/төслийн чиглэл, шалгаруулах болзол;
б/оролцогчдыг шалгаруулах үзүүлэлт, шалгаруулалтын хэлбэр, үе шат, байр, нээх, хаах болон шалгаруулах хугацаа, баталгаажилт;
в/шалгарсан төслийг хэрхэн дэмжих, санхүүжүүлэх эх үүсвэр, хэмжээ, түүний нөхцөл;
г/шаардлагатай бусад мэдээлэл.
14.Төслийг Гэгээрлийн сайдын зөвлөлөөр хэлэлцүүлэн шийдвэрлэснээс хойш 7 хоногийн дотор нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр зарлана.
15.Төслийг зарлан нийтлүүлснээс хойш төслийн саналыг хүлээн авч дуусах хугацааг 1,5 сараас доошгүй байхаар тогтооно.Зарлалд энэ журмын 13 дугаар зүйл дэх мэдээллийг тодорхой заана.
16.Төслийн зөвлөл нь үйл ажиллагаандаа энэхүү журам, Засгийн газрын 1995 оны 38 дугаар тогтоолоор баталсан "Төсөл уралдуулан шалгаруулах (тендер зохион байгуулах) журам"-ын 21, 22, 24, 26, 27, 28, 43 дугаар зүйлүүд, холбогдох бусад хууль тогтоомжийг мөрдлөг болгоно.
17.Төсөл шалгаруулалтад оролцогчдоос дэвшүүлж буй төслийн баримт бичиг нь уг төслийн үндэслэл, одоогийн байдал, төслийн зорилго, хэрэгжүүлэх арга зам, гарах үр дүн, зардлын тооцоо, төслийг хэрэгжүүлэхтэй холбогдсон ажлын зохион байгуулалт, үе шат зэргийг тодорхой тусгасан байна.
18.Зөвлөл нь сонгон шалгаруулалтад орсон төслийг болзлын дагуу шүүн хэлэлцэж шийдвэр гаргах үүрэгтэй байна.
19.Хурлыг зөвлөлийн дарга удирдана.Хуралд зөвлөлийн гишүүдийн 70-аас доошгүй хувь нь оролцсон тохиолдолд түүнийг хүчин төгөлдөр гэж үзнэ.
20.Зөвлөлийн хурал нь олонхийн саналаар төсөлд шалгарагчийг тогтооно. Санал тэнцсэн тохиолдолд асуудлыг дахин хэлэлцэж санал хураалтыг шинээр явуулна. Хэрэв санал 2 дахь удаагаа тэнцвэл зөвлөлийн даргын саналаар шийдвэрлэнэ.
21.Зөвлөл нь шалгуур үзүүлэлт, болзлыг хангасан төслийг шалгаруулж, хурлын шийдвэрийг протоколд тэмдэглэх бөгөөд уг шийдвэрээ шалгаруулалтад оролцогчдыг байлцуулан зохих журмын дагуу нийтэд мэдэгдэнэ.
Дөрөв.Шалгарсан төслийг санхүүжүүлэх хөрөнгийн эх үүсвэр
22.Сонгон шалгаруулсан төслийг дараахь эх үүсвэрээр санхүүжүүлж болно:
а/улсын болон орон нутгийн төвлөрсөн төсвөөс;
б/соёл, урлагийн хөгжлийн тусгай зориулалт бүхий сангаас;
в/хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр;
г/гадаад орон болон олон улсын байгууллагын хөрөнгөөр;
д/дотоод, гадаадын аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс өгсөн хандив, тусламжийн хөрөнгөөр.
----оОо----
Текст томруулах
A
A
A