A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ДОТООДЫН ИХ СУРГУУЛЬ, КОЛЛЕЖИД СУРАЛЦАЖ БАЙГАА ЗАРИМ СУРАЛЦАГЧИЙН СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙГ ТӨРӨӨС САНХҮҮЖҮҮЛЭХ ЖУРАМ
Бүлэг: 1979
Засгийн газрын 2000 оны 158 дугаар тогтоолын хавсралт

ДОТООДЫН ИХ СУРГУУЛЬ, КОЛЛЕЖИД СУРАЛЦАЖ БАЙГАА ЗАРИМ СУРАЛЦАГЧИЙН СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙГ ТӨРӨӨС САНХҮҮЖҮҮЛЭХ ЖУРАМ
 
  Нэг.Нийтлэг үндэслэл
1. Өмчийн бүх хэлбэрийн магадлан итгэмжлэгдсэн их сургууль, коллежид 2000-2001 оны хичээлийн жилээс эхлэн зохих журмын дагуу элссэн  нэн ядуу, малчин, 3 ба түүнээс дээш хүүхэд нь дээр дурдсан сургуулийн өдрийн ангид суралцаж байгаа нэг суралцагчийн сургалтын төлбөрийг төрөөс хариуцан санхүүжүүлэхэд энэхүү журмыг дагаж мөрдөнө.
2. Нэн ядуу, малчин, 3 ба түүнээс дээш хүүхэд нь их сургууль, коллежид зэрэг суралцаж байгаа тохиолдолд өрх тус бүрийн магадлан итгэмжлэгдсэн сургуульд суралцаж байгаа зөвхөн нэг хүүхдийнх нь сургалтын төлбөрийг төрөөс хариуцан санхүүжүүлнэ.
3. Төрийн албаны тухай хуулийн дагуу төрийн албан хаагчийн гэр бүлээс их сургууль, коллежид суралцаж байгаа нэг суралцагчийн сургалтын төлбөрийг төрөөс хариуцан санхүүжүүлэхдээ энэхүү журмын 2 дугаар заалттай давхардуулан олгохгүй.
4. Боловсролын болон санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага сургалтын төрийн сангаас суралцагчтай байгуулах сургалтын төлбөрийн гэрээний загварыг батална. Сургалтын төрийн сангаас суралцагчтай байгуулсан энэхүү гэрээг үндэслэн суралцаж байгаа сургуулиар нь дамжуулан сургалтын төлбөрийн санхүүжилтийг олгоно.
5. Сургалтын төрийн сан нь суралцагчийн сургалтын төлбөрийг жил бүрийн төсөвтөө тусган санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай эргэн тооцож байна.
6. Суралцагчийн зохих журмын дагуу чөлөөтэй байсан хугацааны сургалтын төлбөрийн санхүүжилтийг түр түдгэлзүүлнэ.
 
Хоёр.Сургалтын төлбөрийг   төрөөс хариуцан санхүүжүүлэх нөхцөл
7. Дор дурдсан нөхцөл бүхий өрхийн зөвхөн нэг суралцагчийн сургалтын төлбөрийг төр хариуцна:
а/нийт малыг нь богд шилжүүлснээр 700 хүртэл толгой мал бүхий зөвхөн малчин;
б/Үндэсний статистикийн газраас тогтоосон бүсийн амьжиргааны түвшингийн 60 хувиас доогуур орлоготой бөгөөд тэрхүү орлогынхоо хэмжээгээр хязгаарлагдмал хэрэглээтэй ядуу;
в/З ба түүнээс дээш хүүхэд нь их сургууль, коллежид зэрэг суралцаж буй.
 
Гурав.Бүрдүүлэх материал
8. Суралцагч суралцаж буй сургуульдаа доорхи материалыг бүрдүүлэн өгнө:
а/суралцагчийн өргөдөл;
б/их сургууль, коллежид суралцагч элсүүлэх журмын дагуу элссэнийг гэрчлэх эрхийн бичгийн хуулбар;
в/энэ журмын 7-д заасан нөхцөлийг хангаж байгааг нотлон харьяалах сум, дүүргийн Засаг даргаас баталгаажуулсан албан ёсны баримт бичиг;
г/З ба түүнээс дээш хүүхэд нь зэрэг суралцаж байгааг нотлох сургуулийн тодорхойлолт.
9.Их сургууль, коллеж нь энэ журмын дагуу өргөдөл өгсөн суралцагчийн холбогдох материалыг бүрдүүлэн Сургалтын төрийн санд албан ёсоор хүргүүлнэ.
10.Их сургууль, коллежиос ирүүлсэн материалыг Сургалтын төрийн сан хянан үзэж, шаардагдах санхүүжилтийг сургууль тус бүрээр улирлын хуваарийн дагуу санхүүжүүлнэ.
11.Суралцагч нь улиралд 12-оос доошгүй кредит цагийн ачаалалтай, улирлын голч дүн 2-оос дээш байгаа нөхцөлд гэрээг сунгана./Засгийн газрын 2001 оны 195 дугаар тогтоолоор хассан./
12. Давтан үзэх хичээлийн сургалтын төлбөрийг суралцагч өөрөө хариуцна. Тухайн хичээлийн жилд цуглуулбал зохих кредитээс илүү гаргаж сонгосон хичээлийн сургалтын төлбөрийг суралцагч өөрөө хариуцна.
 
Гурав.Бусад асуудал
13. Суралцагч хуурамч материал бүрдүүлсэн нь тогтоогдвол түүнд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэхээс гадна хөнгөлөлт үзүүлэхгүй.
14. Хоёр дахь дээд боловсрол эзэмшихийг хүссэн тохиолдолд энэхүү журам үйлчлэхгүй.
15. Суралцагч нь сурлага, сахилга батаар тэнцээгүй хасагдсан, түүнчлэн сургуулиа орхисон тохиолдолд энэ талаар сургууль нь Сургалтын төрийн санд ажлын 10 хоногийн дотор албан ёсоор мэдэгдэх үүрэгтэй. Ийнхүү мэдэгдээгүй бол тухайн сургуулийн дараа улирлын санхүүжилтээс уг суралцагчийн сургалтын төлбөрийг суутгаж тооцно.
 
/Засгийн газрын 2001 оны 195, 2002 оны 207 дугаар тогтоолын өөрчлөлтийг тусгав../
------оОо-----