- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- МОНГОЛ УЛСЫН САЙД, АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА, ЗАСГИЙН ГАЗРЫН АГЕНТЛАГИЙН ДАРГЫН НИЙТЭЭР ДАГАЖ МӨРДҮҮЛЭХЭЭР ГАРГАСАН ШИЙДВЭРИЙГ ХЯНАЖ, БҮРТГЭХ ЖУРАМ
Засгийн газрын 2003 оны 8 дугаар тогтоолын хавсралт
МОНГОЛ УЛСЫН САЙД, АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА, ЗАСГИЙН ГАЗРЫН АГЕНТЛАГИЙН ДАРГЫН НИЙТЭЭР ДАГАЖ МӨРДҮҮЛЭХЭЭР ГАРГАСАН ШИЙДВЭРИЙГ ХЯНАЖ, БҮРТГЭХ ЖУРАМ
МОНГОЛ УЛСЫН САЙД, АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА, ЗАСГИЙН ГАЗРЫН АГЕНТЛАГИЙН ДАРГЫН НИЙТЭЭР ДАГАЖ МӨРДҮҮЛЭХЭЭР ГАРГАСАН ШИЙДВЭРИЙГ ХЯНАЖ, БҮРТГЭХ ЖУРАМ
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1. Монгол Улсын сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга, Засгийн газрын агентлагийн даргын нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан шийдвэр /цаашид "нийтээр дагаж мөрдүүлэх шийдвэр" гэх/-ийг Монгол Улсын Үндсэн хууль болон хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрт нийцэж буй эсэхийг хянаж, улсын нэгдсэн бүртгэлд бүртгэхэд энэхүү журмыг мөрдөнө.
1.2. Нийтээр дагаж мөрдүүлэх шийдвэр гэдэгт Монгол Улсын сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга, Засгийн газрын агентлагийн даргын хуулиар олгогдсон өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар тухайн салбарын болон тодорхой нутаг дэвсгэр, эсхүл улсын хэмжээнд дагаж мөрдүүлэх заалт бүхий эрх зүйн хэм хэмжээ тогтоосон баримт бичиг /тушаал, тогтоол, захирамж/ хамаарна.
1.3. Монгол Улсын сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга, Засгийн газрын агентлагийн дарга нь /цаашид "Сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга, агентлагийн дарга" гэх/ зөвхөн хууль тогтоомжоор тусгайлан эрх олгосон нөхцөлд нийтээр дагаж мөрдүүлэх шийдвэр гаргана.
1.4. Hийтээр дагаж мөрдүүлэх шийдвэр нь улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн тухай өдөр тутмын хэвлэл мэдээллийн хэрэгсэл /сонин/-ээр нийтэд мэдээлснээр хүчин төгөлдөр болно.
1.5. Hийтээр дагаж мөрдүүлэх шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг хянаж улсын нэгдсэн бүртгэлд бүртгэх ажлыг Xууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага эрхлэн гүйцэтгэнэ.
Хоёр. Нийтээр дагаж мөрдүүлэх шийдвэрт тавигдах шаардлага
2.1. Hийтээр дагаж мөрдүүлэхээр гаргаж байгаа шийдвэр нь дараахь шаардлагыг хангасан байна. Үүнд:
2.1.1. Монгол Улсын Үндсэн хууль болон хууль тогтоомжид нийцсэн байх;
2.1.2. шийдвэрийн тэмдэглэх хэсэгт үндэслэл болгож буй хууль тогтоомжийн заалтыг заавал дурдсан байх;
2.1.3. шийдвэр нь хууль тогтоомжийг хуулбарлан давхардуулаагүй, хэл найруулга нь товч тодорхой, монгол хэлний зөв бичих дүрмийн дагуу бичигдсэн, "Албан хэрэг хөтлөлтийн үндсэн заавар"-ын баримт бичиг зохион бүрдүүлэх шаардлагыг хангасан байх;
2.1.4. шийдвэр нь урьд гаргасан шийдвэрийг хүчингүйд тооцож байгаа, эсхүл түүнд нэмэлт, өөрчлөлт оруулж байгаа бол хүчингүйд тооцож байгаа болон нэмэлт, өөрчлөлт оруулж байгаа шийдвэрийг батлан гаргасан байгууллага, албан тушаалтны болон шийдвэрийн нэр, огноо, дугаарыг тодорхой заасан байх.
2.2. Нийтээр дагаж мөрдүүлэх шийдвэрийн төслийг хууль тогтоомжид нийцэж буй эсэхийг тухайн яам, агентлаг, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хуулийн хэлтэс /зөвлөх/-ээр хянуулсан байвал зохино.
2.3. Сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга, агентлагийн дарга нь нийтээр дагаж мөрдүүлэх шийдвэрийн гурван хувь буюу албан ёсны эх хувь түүний баталгаажуулсан 2 хувь хуулбар /яам, агентлаг нь дискэнд бичүүлсэн хувийн хамт/-ыг батлан гаргаснаас хойш ажлын таван өдрийн дотор хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
2.4. Сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга, агентлагийн дарга нийтээр дагаж мөрдүүлэх шийдвэрийг хамтран баталсан бол тухайн шийдвэрт нэр нь эхлэн бичигдсэн албан тушаалтан хариуцан хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад энэ журмын 2.3-т заасан хугацаанд ирүүлнэ.
Гурав. Hийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан шийдвэрийг хүлээн авах, хянах, улсын нэгдсэн бүртгэлд бүртгэх
3.1. Сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга, агентлагийн даргын шийдвэрийг хүлээн авснаас хойш Xууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага ажлын таван өдрийн дотор хянаж дараахь арга хэмжээний аль нэгийг авна:
3.1.1. шийдвэр нь хууль тогтоомжид нийцэж байгаа бол шийдвэрийн албан ёсны эх хувь дээр улсын бүртгэлд бүртгэсэн тухай тусгай тэмдэглэл хийн баталгаажуулж улсын нэгдсэн бүртгэлийн санд авч үлдэх бөгөөд нийтээр дагаж мөрдүүлэхийг зөвшөөрсөн мэдэгдэх хуудсыг улсын бүртгэлийн дугаар олгон тэмдэглэл хийсэн шийдвэрийн баталгаажуулсан хуулбарын хамт тухайн яам, аймаг, нийслэлийн Засаг дарга, агентлагт хүргүүлэх;
3.1.2. шийдвэр нь бүхэлдээ буюу түүний аль нэг заалт нь энэ журмын 2.1.1-2.1.4-т заасан шаардлагыг хангаагүй тохиолдолд уул зөрчлийг арилгуулах тухай тодорхой үндэслэл, тайлбар бүхий дүгнэлт гаргаж албан бичгээр хүргүүлэх;
3.1.3. нийтээр дагаж мөрдүүлэх хэм хэмжээ тогтоогоогүй шийдвэр ирүүлсэн тохиолдолд улсын нэгдсэн бүртгэлд бүртгэх шаардлагагүй хэмээн буцаах.
3.2. Улсын бүртгэлд бүртгэгдсэн шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулах шийдвэрийг энэ журмын дагуу хянуулж улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлнэ.
3.3. Нийтээр дагаж мөрдүүлэх шийдвэр холбогдох хууль тогтоомжтой зөрчилдөж байгаа тухай хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний дүгнэлтийг хүлээн авсан сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга, агентлагийн дарга өөрийн гаргасан шийдвэрийнхээ хууль зүйн үндэслэлийг ажлын таван өдрийн дотор хянан үзэж, зохих хууль тогтоомжид нийцүүлэн өөрчилж, улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхээр дахин ирүүлнэ.
3.4. Шийдвэрийг гаргасан албан тушаалтан хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж үзвэл энэ тухайгаа хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ажлын таван өдрийн дотор албан бичгээр хариу мэдэгдэх бөгөөд уг хариуг хүлээж авах үндэслэлгүй гэж үзвэл хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн дүгнэлтээ Засгийн газарт ажлын таван өдрийн дотор өргөн мэдүүлж эцэслэн шийдвэрлүүлнэ.
Дөрөв. Нийтээр дагаж мөрдүүлэх шийдвэрийг нийтэд мэдээлэх
4.1. Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан шийдвэрийг улсын нэгдсэн бүртгэлд бүртгэснээс хойш нэг хоногийн дотор уг шийдвэрийг бүртгэсэн тухай өдөр тутмын хэвлэл мэдээллийн хэрэгсэл /сонин/-ээр нийтэд мэдээлнэ.
4.2. Нийтээр дагаж мөрдүүлэх шийдвэрийг улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн тухай хэвлэл мэдээллийн хэрэгсэл /сонин/-ээр мэдээлэхдээ байгууллагын нэр, уг шийдвэрийг баталсан албан тушаалтан, шийдвэрийг баталсан огноо, дугаар, шийдвэрийн нэр, улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн огноо, бүртгэлийн дугаарыг тус тус дурдсан байна.
4.3. Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, дугаар олгосон шийдвэрийн албан ёсоор баталгаажуулсан нэг хувийг "Хууль зүйн мэдээлэл" сэтгүүлд бүрэн эхээр нь нийтлүүлнэ.
4.4. Улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн шийдвэрийг хүчингүй болгосон шийдвэрийг нийтэд байнга мэдээлж байна.
4.5. Нийтээр дагаж мөрдүүлэх шийдвэрийг үндэслэл болгон дурдах, хэсэгчлэн нийтлэхдээ улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн огноо, дугаарыг заавал дурдаж байна.
Тав. Бусад асуудал
5.1. Нийтээр дагаж мөрдүүлэх шийдвэрийн улсын нэгдсэн бүртгэлийн санг эрхлэн хөтлөх журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
5.2. Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас дугаар олгон тэмдэглэл хийж хүргүүлсэн нийтээр дагаж мөрдүүлэх шийдвэрийн хувийг төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага /хуулиар эрх олгосон байгууллага/-ууд сан бүрдүүлэн хадгалж, олон нийтийг холбогдох мэдээллээр хангана.
5.3. Нийтээр дагаж мөрдүүлэхээр батлан гаргасан шийдвэрээ улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, энэ тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлсний дараа дагаж мөрдүүлэх арга хэмжээ авна.
5.4. Сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга, агентлагийн дарга нь шинээр баталсан хуулийн заалтаар нийтээр дагаж мөрдүүлэх шийдвэр гаргах эрх олгогдсон нөхцөлд тухайн хуульд өөрөөр заагаагүй бол хууль хүчин төгөлдөр үйлчилж эхлэхэд уг шийдвэрийг боловсруулан баталж, хянуулан бүртгүүлэх арга хэмжээ авна.
5.5. Сум, дүүргийн Засаг дарга нийтээр дагаж мөрдүүлэх хэм хэмжээ тогтоосон шийдвэрээ харьяалах Засаг даргадаа хүргүүлэн хянуулах үүрэгтэй.
5.6. Улсын нэгдсэн бүртгэлийг нэг мөр эрхлэн хөтлөх, нийтэд мэдээлэл, лавлагаа өгч байх зорилгоор Үнэт цаасны хороо, Үндэсний статистикийн газар, Монгол банк, Үндэсний аудитын газар зэрэг Улсын Их Хурлаас байгуулдаг төрийн байгууллагаас гаргасан нийтээр дагаж мөрдүүлэх шийдвэрийг энэ журамд заасан хугацаанд хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хүлээн авах бөгөөд уг шийдвэр нь хууль тогтоомжтой зөрчилдөж байна гэж үзвэл тухайн байгууллагад зөвлөмж бичиж хүргүүлнэ.
-----оОо-----
Текст томруулах
A
A
A