- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- “УЛСЫН ТЭРГҮҮНИЙ ТАРИАЛАНЧ ХАМТ ОЛОН”, “УЛСЫН ТЭРГҮҮНИЙ ТАРИАЛАНЧ” ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ
Засгийн газрын 2001 оны 150 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт
"УЛСЫН ТЭРГҮҮНИЙ ТАРИАЛАНЧ ХАМТ ОЛОН", "УЛСЫН ТЭРГҮҮНИЙ ТАРИАЛАНЧ" ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ
"УЛСЫН ТЭРГҮҮНИЙ ТАРИАЛАНЧ ХАМТ ОЛОН", "УЛСЫН ТЭРГҮҮНИЙ ТАРИАЛАНЧ" ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1. Газар тариалангийн бүтээгдэхүүний чанар, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд идэвх санаачилга гаргаж тогтвортой өндөр амжилт үзүүлсэн аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийг улсын хэмжээнд шалгаруулан урамшуулахад энэхүү журмын зорилго оршино.
2. Газар тариалангийн үйлдвэрлэлийг үр дүнтэй эрхлэж, чанар сайтай, өндөр ургац хураан авч уринш боловсруулалт, үрийн үйлдвэрлэл, нөөцлөлт, газрын ашиглалтыг сайжруулсан 8 хүртэл аж ахуйн нэгж, байгууллага, 15 хүртэл иргэнийг сүүлийн 3 жилийн ажлын үзүүлэлтээр жил бүр шалгаруулан "Улсын тэргүүний тариаланч хамт олон", "Улсын тэргүүний тариаланч" шагнал олгоно.(Энэ заалтад 2009 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 33 дугаар тоттоолоор өөрчлөлт орсон).
3. "Улсын тэргүүний тариаланч хамт олон", "Улсын тэргүүний тариаланч"-аар шалгаруулж шагнал олгох асуудлыг Хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн сайдын саналыг үндэслэн Засгийн газар шийдвэрлэнэ.
Хоёр. Шагналд тодорхойлох үндэслэл
4. "Улсын тэргүүний тариаланч хамт олон", "Улсын тэргүүний тариаланч"-аар шалгаруулах аж ахуйн нэгж, байгууллага, иргэн дор дурдсан шаардлага хангасан байна:
а/жил тутам улсад шалгаруулах хамт олон үр тариа усалгаатай бол 250 га, усалгаагүй бол 500 га буюу төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ 10 га, иргэн үр тариа усалгаатай бол 50 га, усалгаагүй бол 100 га буюу төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ 0.2 га-аас доошгүй талбайд тус тус тариалалт хийж өндөр ургац авсан байна;
б/ га тутмаас хураан авсан үр тарианы ургацын сүүлийн 3 жилийн дундаж нь усалгаагүй талбайд 10 цн-ээс, усалгаатай талбайд 18 цн-ээс тус тус доошгүй байх;
в/ га тутмаас хураан авсан төмсний ургацын сүүлийн 3 жилийн дундаж нь усалгаагүй талбайд 100 цн-ээс, усалгаатай талбайд 140 цн-ээс тус тус доошгүй байх;
г/ га тутмаас хураан авсан хүнсний ногооны ургацын сүүлийн 3 жилийн дундаж нь 160 цн-ээс доошгүй байх;
д/хөрсний үржил шимийг хамгаалж, чийгийн хуримтлалыг нэмэгдүүлэх замаар салхи, гангийн нөлөөллийг бууруулахад чиглэсэн хөрсний механик элдэншүүлгийг цомхтгосон, тэглэсэн техник, технологи нэвтрүүлэх, усалгаатай тариаланг хөгжүүлэхэд тодорхой үр дүн гаргасан байх;
е/үр тарианы үйлдвэрлэл эрхлэгчид үрийн агуулах, үтрэмтэй байх, өөрийн нөөцөлсөн чанарын шаардлага хангасан үрээр тариалсан байх;
ж/ эзэмшсэн талбайгаа сүүлийн гурван жилд 100 хувь ашигласан байх;
з/ хураан авсан ургацын чанар нь улсын стандартын шаардлага хангасан байх;
и/аж ахуйн нэгж, байгууллага нь өөрийн үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд чиглэсэн хөрөнгө оруулалт хийж шинээр ажлын байр бий болгох, ядуурлыг бууруулах, орон нутгаа хөгжүүлэхэд зохих хувь нэмэр оруулсан байх;
к/үрийн тариалангаа хуульд заасны дагуу даатгуулсан байх;
л/үйлдвэрлэлийн осол гаргаагүй, хууль тогтоомж зөрчөөгүй байх;
м/татвар, хураамж болон газрын төлбөрийг хугацаанд нь төлсөн байх.
Гурав. Шагналд тодорхойлох, шалгаруулах зарчим
5. "Улсын тэргүүний тариаланч"-аар шалгаруулах аж ахуйн нэгж, байгууллага, иргэний тодорхойлолт, холбогдох материалыг сум, дүүргийн Засаг даргын Тамгын газар жил бүрийн 11 дүгээр сард багтаан аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газарт ирүүлнэ.
6. Аймаг, нийслэлийн Засаг дарга нь сум, дүүргээс ирүүлсэн тодорхойлолт, холбогдох материалыг хянан үзэж, хамгийн өндөр амжилт гаргасан гурав хүртэл аж ахуйн нэгж, байгууллага, хоёр тариаланчийн тодорхойлолт, холбогдох материалыг жил бүрийн 12 дугаар сарын 25-ны дотор хөдөө аж ахуйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ.
7. Хөдөө аж ахуйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага нь аймаг, нийслэлээс ирүүлсэн аж ахуйн нэгж, байгууллага, иргэнийг ажлын үзүүлэлтээр нь байр эзлүүлэн энэхүү журмын шаардлагыг биелүүлж өндөр амжилт гаргасан аж ахуйн нэгж, байгууллага, иргэнийг "Улсын тэргүүний тариаланч хамт олон", "Улсын тэргүүний тариаланч"-аар шалгаруулах саналыг Засгийн газарт оруулна.
8. "Улсын тэргүүний тариаланч хамт олон", "Улсын тэргүүний тариаланч"-аар шалгаруулахаар тодорхойлохдоо дор дурдсан материалыг бүрдүүлнэ:
а/аж ахуйн нэгж, байгууллага, иргэний ажил байдлын талаархи аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын тодорхойлолт;
б/аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлын тогтоол, санал дүгнэлт;
в/сүүлийн 3 жилийн ажлын үзүүлэлтийг энэ журмын хавсралтын дагуу бүрдүүлэх;
г/ харилцагч татварын байгууллагын тодорхойлолт, орлогын татвар төлөлтийн баримт;
д/ хураан авсан үр тарианы чанарын талаархи лабораторийн шинжилгээний дүн;
е/хураан авсан ургацын чанар болон хөрсний үржил шимийн тухай холбогдох лабораторийн шинжилгээний дүн; /Засгийн газрын 2003 оны 219 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
9. Бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийн дүнд бусдаас худалдан авсан болон өр төлбөрт авсан бүтээгдэхүүн орохгүй.
Дөрөв. Олгох шагнал
10. Улсын тэргүүний тариаланчаар шалгарсан аж ахуйн нэгж, байгууллагыг "Улсын тэргүүний тариаланч хамт олон" диплом, цом, 1000,0 мянган төгрөгөөр, иргэнийг "Улсын тэргүүний тариаланч" диплом, энгэрийн тэмдэг, 500,0 мянган төгрөгөөр тус тус шагнана. Диплом, цом, энгэрийн тэмдэг худалдан авах хөрөнгийг мөнгөн шагналаас гаргаж санхүүжүүлнэ.
11. "Улсын тэргүүний тариаланч хамт олон", "Улсын тэргүүний тариаланч"-ийн шагналыг билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгнийг тохиолдуулан гардуулна.
----оОо----
"Улсын тэргүүний тариаланч хамт олон", "Улсын тэргүүний тариаланч" шалгаруулах
журмын хавсралт
"УЛСЫН ТЭРГҮҮНИЙ ТАРИАЛАНЧ ХАМТ ОЛОН", "УЛСЫН ТЭРГҮҮНИЙ ТАРИАЛАНЧ" ШАЛГАРУУЛАХ ҮЗҮҮЛЭЛТ
Үзүүлэлт
|
Онууд
|
Тайлбар
|
||
.. он
|
.. он
|
.. он
|
||
1. Тариалангийн эргэлтийн талбай, га
Үүнээс: - тарьсан
- уриншилсан
2. Таримлын төрөл
3. Хураан авсан ургац, тонн
Үүнээс:
- нөөцөлсөн үр, тонн
- Улсын захиалга гэрээгээр болон зах зээлд борлуулсан ургац, тонн
4. Нэг га-гийн ургац /тарьсан талбайд цн-ээр/
5. Нийт борлуулалт, сая төг
Үүнээс:
Татварт сая төг.
Даатгалд сая төг.
6. Ашиг, сая төг
7. Ажлын байрны тоо
|
|
|
|
|
Жич: Энэ хүснэгтэд зөвхөн сүүлийн 3 жилийн тариалангийн үзүүлэлтээ бичих ба бусад туслах аж ахуй, үйлдвэрлэл, үйлчилгээ, шалгаруулалтын шаардлагын талаар тодорхойлолтод дэлгэрэнгүй бичсэн байна.
Үзүүлэлтийг гаргасан:
Сум, дүүргийн Засаг дарга ---------------------------- (...............)
Мэргэжилтэн ---------------------------- (...............)
Хянаж баталсан:
Аймгийн ЗДТГын дарга ------------------------- (...............)
Мэргэжилтэн ----------------------------- (...............)
/Засгийн газрын 2003 оны 219 дүгээр тогтоолоор оруулсан нэмэлт, өөрчлөлт тусгагдсан./
Текст томруулах
A
A
A