A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫГ МАГАДЛАН ИТГЭМЖЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЖУРАМ, МАГАДЛАН ШИНЖЛЭХ АЖЛЫН ШАЛГУУР
Бүлэг: 1979
Засгийн газрын 2002 оны 246 дугаар тогтоолын хавсралт

ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫГ МАГАДЛАН ИТГЭМЖЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЖУРАМ, МАГАДЛАН ШИНЖЛЭХ АЖЛЫН ШАЛГУУР
 
 
Нэг. Нийтлэг үндэслэл
 
                1. Энэхүү журмын зорилт нь эрүүл мэндийн байгууллагын тусламж, үйлчилгээний чанар, технологи, стандартад дүн шинжилгээ хийх, эрүүл мэндийн байгууллагын түвшинг тодорхойлох, мэргэжлийн үнэлгээ өгөх, дүгнэлт гаргах магадлан итгэмжлэх  үйл ажиллагааг хэрэгжүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулахад оршино.
 
                2. Эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлэл нь /цаашид "магадлан итгэмжлэл" гэнэ/  эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг чанарын өндөр түвшинд үзүүлэх тухайн байгууллагын чадварыг төрөөс хүлээн зөвшөөрсний илэрхийлэл байна.
 
                3. Магадлан итгэмжлэл нь эрүүл мэндийн байгууллага төрөөс санхүүгийн дэмжлэг авах баталгаа болно.
 
                4. Магадлан итгэмжлэх үйл ажиллагаанд эрүүл мэндийн талаархи хууль тогтоомж, энэхүү журам болон холбогдох бусад эрхийн актыг мөрдөж ажиллана.
 
                5. Магадлан итгэмжлэх үйл ажиллагаа сайн дурын үндсэн дээр явагдаж, нээлттэй, ил тод, бусдын нөлөөнд үл автах, шударга байх зарчимд тулгуурлана.
 
                6. Магадлан итгэмжлэх үйл ажиллагааг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлнэ.
 
 
Хоёр. Магадлан итгэмжлэх  үйл ажиллагаа
 
                7. Мэргэжлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл авсан эрүүл мэндийн байгууллага магадлан итгэмжлүүлэх хүсэлт гаргаж болно.
 
                8. Эрүүл мэндийн байгууллага нь магадлан итгэмжлүүлэх хүсэлт гаргахдаа  дараахь материалыг бүрдүүлж, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад  ирүүлнэ:
 
      8.1. магадлан итгэмжлүүлэх тухай хүсэлт;
 
      8.2. мэргэжлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн нотариатаар баталгаажуулсан хуулбар;
      8.3. бүтэц, үйл ажиллагааны стандартын дагуу өөрийн үйл ажиллагаандаа хийсэн  үнэлгээ;
 
      8.4. мэргэжлийн хяналтын алба, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах байгууллагын дүгнэлт, санал;
 
      8.5. тухайн эрүүл мэндийн байгууллагын тусламж, үйлчилгээний чанарын үзүүлэлт;
 
      8.6. аймаг, нийслэлийн эрүүл мэндийн удирдах байгууллагын санал, дүгнэлт.
 
                9. Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь тухайн эрүүл мэндийн байгууллагаас ирүүлсэн материалыг судалж, шаардлагатай гэж үзвэл   холбогдох бусад материалыг гаргуулан авч болно.
 
                10. Эмнэлгийн тусламж, үйлчилгээний технологи, стандартад шинжилгээ хийх, эрүүл мэндийн байгууллагын түвшинг тодорхойлж, дүгнэлт гаргах үйл ажиллагааг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас сонгон шалгаруулсан орон тооны бус шинжээч гүйцэтгэнэ.
 
                11. Материал хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор магадлан шинжилгээний товыг тогтоож, шинжээчдийн хэсэг, түүний ахлагчийг томилно.
                               
                12. Магадлан шинжилгээг хоёр үе шаттайгаар хийнэ:
 
а/магадлан итгэмжлүүлэх хүсэлт гаргасан байгууллагын ирүүлсэн материалд дүн шинжилгээ хийх;
 
б/тухайн байгууллагад очиж үйл ажиллагаанд нь үнэлгээ өгөх. 
 
                13. Эрүүл мэндийн байгууллагаас ирүүлсэн материалд хийсэн дүн шинжилгээний явцад тухайн байгууллага технологи, стандартын шаардлага хангаагүй байгаа нь тогтоогдвол магадлан итгэмжлэх үйл ажиллагааг 6 сараас доошгүй хугацаагаар хойшлуулна.  
 
                14. Эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ өгсний дараа магадлан шинжилгээний ажлын явцын талаар тухайн байгууллагад танилцуулна.
 
                15. Шинжээчдийн хэсгийн ахлагч магадлан шинжилгээнд оролцсон шинжээчдийн нэгдсэн дүгнэлт, зөвлөмжийг магадлан шинжилгээ дууссанаас хойш 14 хоногийн дотор нэгтгэн ирүүлнэ.
 
                16. Магадлан итгэмжлэлийг олгох эсэх шийдвэрийг шинжээчдийн нэгдсэн дүгнэлтийг үндэслэн гаргана.  
 
                17. Хүсэлт гаргасан эрүүл мэндийн байгууллага нь технологи, стандартын шаардлага хангаагүй гэсэн шинжээчдийн нэгдсэн дүгнэлт гарсан тохиолдолд тухайн байгууллага магадлан итгэмжлүүлэх хүсэлт дахин гаргах хугацааг шинжээчдийн өгсөн зөвлөмж, дүгнэлтэд тусгасан зөрчлийг үндэслэн тогтооно.
 
                18. Магадлан итгэмжлүүлэх хүсэлт гаргасан эрүүл мэндийн байгууллага хуурамч материал бүрдүүлсэн нь тогтоогдвол магадлан итгэмжлэх үйл ажиллагааг зогсоох бөгөөд гарсан хохирлыг тухайн эрүүл мэндийн байгууллага бүрэн хариуцна.
 
 
Гурав. Магадлан итгэмжлэлийг олгох,  сунгах, хүчингүй болгох
 
                19. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний шатлал, чиглэлийн технологи, стандартын  шаардлага, үзүүлэлтийг бүрэн хангасан эрүүл мэндийн байгууллагад шинжээчдийн нэгдсэн дүгнэлтийг харгалзан магадлан итгэмжлэл олгоно.
 
                20. Шинжээчдийн нэгдсэн дүгнэлт, зөвлөмжийг үндэслэн магадлан итгэмжлэлийг эхний удаад 5 хүртэл жилийн хугацаагаар олгоно.
 
                21. Магадлан итгэмжлэгдсэн байгууллагад итгэмжлэлийг нотолсон батламж олгож, алдаршуулах хаяг хэрэглэхийг зөвшөөрнө. Магадлан итгэмжлэлийн батламж, алдаршуулах хаягийн загварыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
 
                22. Магадлан итгэмжлэгдсэн эрүүл мэндийн байгууллага нь магадлан итгэмжлэх шийдвэр гарсан өдрөөс хойш 1 сарын дотор "Тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах хөтөлбөр" боловсруулж хэрэгжүүлнэ. "Тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах хөтөлбөр"-ийн үлгэрчилсэн загварыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
 
                23. Магадлан итгэмжлэлийн хугацаа дуусахаас 2 сарын өмнө сунгуулахыг хүссэн байгууллага дараахь материалыг бүрдүүлж, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ:
      23.1. магадлан итгэмжлэлийг сунгуулах тухай хүсэлт;
      23.2. тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах  хөтөлбөрийн  биелэлт;
      23.3. мэргэжлийн хяналтын алба, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах байгууллагын дүгнэлт, санал.
 
                24. Магадлан итгэмжлэлийг сунгуулах хүсэлт гаргасан байгууллагаас ирүүлсэн материалд дүн шинжилгээ хийсэн шинжээчдийн нэгдсэн дүгнэлтийг үндэслэн магадлан итгэмжлэлийг 5 хүртэл жилийн хугацаагаар сунгана.
 
                Шаардлагатай гэж үзсэн тохиолдолд шинжээчдийн хэсэг тухайн эрүүл мэндийн байгууллага дээр очиж үйл ажиллагаанд нь үнэлгээ өгнө.
 
                25. Магадлан итгэмжлэлийг дор дурдсан нөхцөлд хүчингүй болгоно:
 
      25.1. магадлан итгэмжлэл авсан эрүүл мэндийн байгууллагын тусламж, үйлчилгээний талаар үйлчлүүлэгчдээс гаргасан гомдол нь ноцтой болохыг эрх бүхий байгууллага тогтоосон;
      25.2. "Тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах хөтөлбөр"-ийн биелэлт хангалтгүй;
      25.3. эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ явуулах технологи, стандартыг удаа дараа зөрчсөнийг мэргэжлийн хяналтын алба тогтоосон;
      25.4. магадлан итгэмжлэлийн хугацаа дууссан;
      25.5. хуурамч бичиг баримт бүрдүүлж магадлан итгэмжлэл авсан нь тогтоогдсон.
 
                26. Магадлан итгэмжлэгдсэн эрүүл мэндийн байгууллага өөрчлөн зохион байгуулагдсан эсхүл татан буугдсан бол тухайн байгууллагын магадлан итгэмжлэлийг хураана.
 
                27. Магадлан итгэмжлэл авсан, итгэмжлэлийг нь хүчингүй болгосон эрүүл мэндийн байгууллагыг бүртгэж,  нийтэд зарлана.
 
Дөрөв. Магадлан шинжлэх ажлын шалгуур
 
                28. Магадлан итгэмжлүүлэх хүсэлт гаргасан эрүүл мэндийн байгууллага нь тохирсон шатлал, чиглэлийн тусламж үйлчилгээг үзүүлэх технологи, стандартын шаардлага, үзүүлэлтийг хангасан эсэхэд дараахь шалгуурыг баримтлан шинжээчийн дүгнэлт гаргана:
                                28.1. тусламж, үйлчилгээний технологи, стандартын мөрдөлт;
                                28.2. тусламж, үйлчилгээний чанарын   үндсэн   үзүүлэлт;
                                28.3. барилга байгууламж, тоног   төхөөрөмж,   техник хэрэгслийн хүчин чадал, чанар, ашиглалтын байдал;
                                28.4. эрүүл ахуйн дэглэм, халдвараас   сэргийлэх  нөхцөл, техникийн болон аюулгүй ажиллагааны шаардлага;
                                28.5. мэргэжлийн боловсон хүчний   бэлтгэл,   ур чадвар, ёс зүйн түвшин;
                                28.6. байгууллагын бүтэц зохион   байгуулалт,  удирдлагын түвшин;
                                28.7.санхүүгийн байдал.
 
 
---- OOO ----
 
 
/ Монгол Улсын Засгийн газрын 2004 оны 102 дугаар тогтоолоор оруулсан өөрчлөлт тусгагдсан./