A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 2002 оны 178 дугаар тогтоолын хавсралт

БҮХ НИЙТИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ҮҮРГИЙН САНГ БҮРДҮҮЛЭХ, ЗАРЦУУЛАХ ЖУРАМ
 
 
Нэг. Нийтлэг үндэслэл
1. Энэ журмын зорилго нь төрийн бодлогын хүрээнд цахилгаан холбооны зайлшгүй шаардлагатай үйлчилгээг алслагдсан орон нутаг болон үйлчилгээ хүрээгүй хүн амд бодит үнээр хүргэх үүргийг хэрэгжүүлэхээр төвлөрүүлсэн бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан /цаашид "сан" гэх/-д хөрөнгө төвлөрүүлэх, зарцуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
 
2. Сангийн хөрөнгийг Харилцаа холбооны тухай хуулийн 11.1-д заасны дагуу цахилгаан холбооны үйлчилгээг алслагдсан орон нутаг болон үйлчилгээ хүрээгүй хүн амд хүргэх зорилгоор шинээр сүлжээ байгуулах, өргөтгөх, шинэчлэхэд зарцуулна.
 
3. Тухайн жилд сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх арга хэмжээ, зардлын төлөвлөгөөний төслийг харилцаа холбооны талаар төрөөс баримтлах бодлого, бүх нийтийн үйлчилгээний үүргийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бүс нутгийн судалгаа, холбогдох байгууллагын саналыг үндэслэн харилцаа холбооны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
 
4. Сангийн хөрөнгийг энэ журмын 2-т зааснаас өөр зориулалтаар зарцуулахыг хориглоно.
     
5. Сангийн хөрөнгийг Шуудан, цахилгаан холбооны газрын бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн дансанд байршуулна.
 
Хоёр. Сангийн удирдлага
6. Сангийн үйл ажиллагааг Шуудан, цахилгаан холбооны газар удирдана. Сангийн захирлыг харилцаа холбооны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн томилно.
 
7. Сангийн захирал сангийн үйл ажиллагааны талаар дараахь эрх, үүрэгтэй байна:
1/ энэ журмын 3-т заасан төлөвлөгөөний төслийг боловсруулж батлуулах;
2/ энэ журамд заасны дагуу санд хөрөнгө бүрдүүлж, зарцуулалтын үр ашгийг дээшлүүлэх;
3/ сангийн хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулах;
4/ сангийн хөрөнгийн төсвийн төслийг боловсруулах, гүйцэтгэлийн тайланг гаргах;
5/ сангийн хөрөнгийн бүрдүүлэлт, зарцуулалтын биелэлтийг харилцаа холбооны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд тайлагнах;
6/ сангаас санхүүжүүлж байгаа арга хэмжээний үр дүнг тооцох, шаардлагатай бол санхүүжилтийг зогсоох.
 
Гурав. Сангийн хөрөнгийн эх үүсвэр, зарцуулалт
8. Сан нь дараахь эх үүсвэрээс бүрдэнэ:
1/ гадаад, дотоодын болон олон улсын байгууллага, аж ахуйн нэгж, иргэний хандив, зээл, тусламжийн хөрөнгө;
2/ бусад хөрөнгө.
9. Сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээг сонгохдоо дараахь хүчин зүйлийг харгалзан үзнэ:
-үйлчилгээ хүрээгүй тухайн бүс нутгийн нийгмийн асуудалд чухал нөлөө үзүүлэхээр байх;
-Монгол Улсын мэдээлэл холбооны сүлжээг хөгжүүлэх төлөвлөгөөнд туссан байх;
-мэдээлэл холбооны салбарт Засгийн газраас дэвшүүлсэн зорилтод нийцсэн байх.
10. Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн хөрөнгөөр алслагдсан бүс нутагт сүлжээ барьж байгуулах болон өргөтгөх төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх байгууллага, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил, үйлчилгээний гүйцэтгэгч сонгох журмын тухай хуулийг баримтална.
11. Энэ журмын 3-т заасны дагуу батлуулсан төлөвлөгөөний төслийг жил бүрийн 8 дугаар сарын 20-ны дотор сангийн захирал төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
 
Дөрөв.Сангийн хөрөнгийн зарцуулалтыг тайлагнах, хяналт тавих
12. Сангийн захирал нь сангийн тайланг Төсвийн тухай хуульд заасан хугацаанд төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлж, сангийн зарцуулалтыг харилцаа холбооны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд тайлагнана.
13. Сангийн хөрөнгийн зарцуулалтад тавих мэргэжлийн хяналтыг санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлнэ.
14. Харилцаа холбооны зохицуулах хороо нь бүх нийтийн үйлчилгээний үүргийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор уг үйлчилгээг үзүүлж байгаа аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт тавина.
 
 
                                               
 
----оОо----