- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙН АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭХ ЖУРАМ
Засгийн газрын 2004 оны 111 дүгээр тогтоолын хавсралт
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙН АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭХ ЖУРАМ
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙН АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг зүйл
1. Төрийн жинхэнэ албан хаагчийг түр хугацаагаар эзгүй байх үед түүний албан үүргийг хэвийн хэмжээнд хэрэгжүүлэх нөхцөлийг хангахад энэ журмын зорилго оршино.
Хоёр. Албан үүргийг түр орлон гүйцэтгэх нөхцөл
2. Төрийн жинхэнэ албаны дор дурдсан албан тушаалыг түр орлон гүйцэтгэнэ:
2.1. яамны Төрийн нарийн бичгийн дарга, газар, хэлтэс, түүнтэй адилтгах зохион байгуулалтын бүтцийн нэгжийн дарга;
2.2. Засгийн газрын агентлагийн дарга (хэрэв албан ёсны орлогчгүй бол), зохион байгуулалтын бүтцийн нэгжийн дарга;
2.3. аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга, тухайн Тамгын газрын хэлтсийн дарга;
2.4. Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Их Хурлын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Үндсэн хуулийн цэц, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, шүүх, прокурорын төсвийн ерөнхий менежер болон Улсын Их Хуралд ажлаа тайлагнадаг байгууллагын ерөнхий менежерийн үүрэг гүйцэтгэдэг албан тушаалтан, эдгээр байгууллагын газар, хэлтэс, түүнтэй адилтгах зохион байгуулалтын нэгжийн дарга;
2.5.Улсын болон орон нутгийн төсвийн байгууллагын ерөнхий менежерийн үүрэг гүйцэтгэдэг (төрийн жинхэнэ албан хаагч) албан тушаалтан;
2.6. Тэдгээртэй адилтгах албан тушаал.
3. Дор дурдсан тохиолдолд энэ журмын 2-т заасан төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлнэ:
3.1. ээлжийн амралт эдлэх;
3.2. 1-3 сар хүртэл хугацааны сургалтад хамрагдах;
3.3. хууль тогтоомжид заасны дагуу тусгай чөлөө эдлэх, албан томилолтоор ажиллах;
3.4. удирдах дээд байгууллагын шийдвэрээр тусгай даалгавар, ажил, үүрэг гүйцэтгэх.
4. Төрийн албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх тохиолдолд тухайн төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан түр орлон гүйцэтгэх ажилтантай тохиролцож, албан үүргээ орлуулах албан тушаалтны саналыг харгалзан албан үүргийг түр орлон гүйцэтгэх тухай шийдвэр гаргана. Төсвийн ерөнхий менежерийн үүрэг гүйцэтгэдэг албан хаагчийн хувьд төсвийн ерөнхийлөн захирагч шийдвэр гаргана. Шийдвэрт түр орлох хугацааг тодорхой заасан байна.
5. Албан тушаалтны албан үүргийг түр орлуулахдаа тухайн албан тушаалын дараагийн ангилал, зэрэглэлийн аль нэг албан тушаалын ажилтнаар түр орлуулна.
Гурав.Бусад зүйл
6. Албан үүргийг түр орлон гүйцэтгэсэн ажилтанд ийнхүү орлон гүйцэтгэсэн хугацааны албан тушаалын цалингийн зөрүүг олгоно. Хэрэв албан ёсны орлогч нь түр орлон ажилласан тохиолдолд албан тушаалын цалингийн зөрүү олгохгүй.
7. Энэ журмын 2-т зааснаас бусад албан тушаалтан энэхүү журмын 3-т заасан шалтгаанаар эзгүй байх үед тухайн байгууллагын дотоод журам, ажлын байрны тодорхойлолт (ажил, үүргийн хуваарь)-ыг үндэслэн түүнтэй адил ангилал, зэрэглэлийн аль нэг албан тушаалтанд ажлыг нь түр орлуулна. Энэ тохиолдолд түр орлон ажилласны цалингийн зөрүүг тусгайлан олгохгүй бөгөөд тухайн ажилтны үйл ажиллагааны үр дүн (үр дүнгийн гэрээний биелэлт), мэргэшлийн түвшинг үнэлэхдээ харгалзан үзэж, хууль тогтоомжид заасны дагуу урамшуулал олгоно.
8. Албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх тухай төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан болон төсвийн ерөнхийлөн захирагчийн шийдвэр гарсны дараа уг албан үүргийг орлон гүйцэтгэх ажилтанд ажлыг албан ёсоор хүлээлгэн өгч, мөн орлон гүйцэтгэх хугацаа дууссаны дараа албан ёсоор хүлээн авна.
9. Албан үүрэг орлон гүйцэтгэгч нь тухайн ажлыг орлон гүйцэтгэх хугацаандаа бүрэн хариуцах бөгөөд төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан болон төсвийн ерөнхийлөн захирагчийн шийдвэрт өөрөөр заагаагүй бол үндсэн ажлаа нэгэн адил хариуцна.
10. Албан үүргийг түр орлон гүйцэтгэсэн ажилтанд олгох албан тушаалын цалингийн зөрүүг тухайн байгууллагын цалингийн сангаас гаргана.
----оОо----
Текст томруулах
A
A
A