A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 1998 оны 106 дугаар тогтоолын хавсралт

ТӨСӨВТ ЗАРДЛЫН ЗАРЦУУЛАЛТЫН ҮР ДҮНГ ТООЦОХ ЖУРАМ  
 
НЭГ.Нийтлэг үндэслэл
 
1.Энэхүү журмын зорилго нь төсөвт байгууллагын зардал, санхүүжилтийг ажлын эцсийн үр дүнтэй нь уялдуулах, төсөв, санхүүгийн сахилгыг бэхжүүлэх, төрөөс үзүүлэх ажил, үйлчилгээний зардал, санхүүжилтийг тоо, чанарын үзүүлэлтийг бууруулахгүйгээр хэмнэх, нэмэгдэл орлого олох сонирхлыг дээшлүүлэх замаар төсвийн ачааллыг багасгах, төсөвт зардлыг хэмнэсэн тохиолдолд байгууллага, хамт олныг урамшуулах, хэтрүүлсэн тохиолдолд хариуцлага тооцох тогтолцоог бий болгоход оршино.
 2.Төсөвт байгууллагын нийт урсгал зардал нь дараахь үндсэн гурван хэсгээс бүрдэнэ:
      а/байгууллагын гүйцэтгэх чиг үүрэг, ажил, үйлчилгээний хэмжээ, үр дүнгээс шууд хамаарахгүй орон байрны ашиглалттай холбогдсон дулаан, эрчим хүч, цэвэр, бохир, халуун ус болон бусад нийтлэг хэрэглээний тогтмол зардал;
      б/цалин хөлс, эм, хоол, нормын хувцас, бичиг хэрэг, албан томилолт, тээвэр, шатахуун гэх мэт байгууллагын гүйцэтгэх чиг үүрэг, ажил, үйлчилгээний хэмжээ, үр дүнтэй шууд хамаарал бүхий хувьсах зардал;
      в/тухайн үйл ажиллагааны онцлогтой холбоотойгоор жилдээ нэг удаа гардаг арга хэмжээний зардал.
3.Төсөвт байгууллагуудын үйл ажиллагааны үндсэн үзүүлэлтүүд болон тэдгээрийг үндэслэн зарлага, санхүүжилтийг тооцох тогтмол ба хувьсах зардлын томсгосон нормативыг төсөвт байгууллагын үйл ажиллагааны онцлог, гүйцэтгэх чиг үүрэг, хэмжээ, үр дүн зэргийг харгалзан Сангийн сайд салбар, байгууллагаар баталж мөрдүүлнэ.
Төсөвт зардлын томсгосон нормативыг биет хэмжигдэхүүнд тулгуурлан тооцож, мөнгөн илэрхийллээр тогтооно.
 
          ХОЁР.Төсөвт зардлын бодит хэмнэлт, хэтрэлтийг тооцох
4.Тухайн байгууллагын жилийн эцсийн тайлан, тэнцлээр гарсан жинхэнэ зардал, энэ журмын нэг дэх хэсгийн 3-т заасны дагуу баталж мөрдүүлсэн тогтмол ба хувьсах зардал, нэг удаагийн арга хэмжээний зардлын томсгосон норм, норматив болон төсөвт байгууллагын үйл ажиллагааны үндсэн үзүүлэлтүүдээр тооцсон зардлын зөрүүгээр тухайн жилийн төсөвт зардлын бодит хэмнэлт, хэтрэлтийг тооцно.
Төсөвт зардлын хэмнэлт, хэтрэлтийг урсгал зардлын нийт дүнгээр гаргана.
5.Томсгосон нормативыг тооцсон биет үзүүлэлтийн бодит хэмнэлт, хэтрэлтийг тооцохдоо суурь үнэ, тарифын өөрчлөлттэй холбоотойгоор гарсан зардлын өсөлт, бууралтыг оруулахгүй.
6.Тогтмол зардлыг нь тусгайлан томилогдсон байгууллага тухайлбал төр, засгийн Үйлчилгээ, аж ахуйг эрхлэх газар, Төрийн өмчийн хороо хариуцан нэгдсэн журмаар санхүүгийн байгууллагатай болон бэлтгэн нийлүүлэгчтэй тооцоо хийдэг бол эдгээр байгууллагуудын байрны ашиглалтыг сайжруулах, хэрэглээг багасгах арга хэмжээг авснаар гаргасан дулаан, эрчим хүч, усны зардлын хэмнэлт,зардлын хэтрэлтийг тухайн байгууллагатай нь тооцно. Үүнтэй холбогдуулан төр, засгийн Үйлчилгээ, аж ахуйг эрхлэх газар, Төрийн өмчийн хороо нь төсөвт байгууллага тус бүрээр орон байрны ашиглалттай холбогдсон халаалтын талбай, хэрэглэх эрчим хүч, усны хэмжээг нийт хэрэглээний дүнд тухайн төсөвт байгууллагын эзлэх хувийн жингээс хамааруулан тохирч гэрээ байгуулна. Гэрээг жилийн эцэст дүгнэж үр дүнг байгууллага тус бүртэй тооцно.
7.Тухайн төсөвт байгууллагын үндсэн үйл ажиллагааны тоо, чанарын үзүүлэлтүүдийн бууралтаас шалтгаалан хэмнэгдсэн зардлыг төсөвт зардлын бодит хэмнэлтэд тооцохгүй. Мөн түүнчлэн тоо, чанарын үзүүлэлтээс хамаарах зардал хэтэрсэн тохиолдолд түүнийг үндэслэлгүйгээр төсөвт зардал хэтрүүлсэнд тооцохгүй.
 
ГУРАВ.Төсөвт зардлын бодит хэмнэлтийг урамшуулах,түүнийг зарцуулах
8.Энэ журмын хоёр дахь хэсэгт заасны дагуу тооцсон бодит хэмнэлтийн 60 хувийг 1998 онд, 80 хувийг 1999 онд,   100 хувийг 2000 онд  (цаашид "хэмнэлтийн урамшуулал" гэх) тухайн байгууллагын төсвийн эрх захирагчийн мэдэлд үлдээнэ. Үүнийг байгууллагын мэдлийн сан (цаашид "сан" гэж нэрлэнэ) гэнэ.
9.Санг дараахь арга хэмжээнд зарцуулна:
а/ажиллагсдын ажлын үр дүнг нь үнэлж, шагнал, урамшил олгох;
б/ажиллагсдын хөдөлмөрлөх болон амьдрах нөхцөлийг сайжруулахад туслалцаа, дэмжлэг үзүүлэх;
в/байгууллагын материаллаг баазыг бэхжүүлэх;
г/ажиллагсдыг гадаад, дотоодын урт, богино хугацааны сургалтад хамруулах.
10.Сангийн байгуулалт, хөрөнгийн ашиглалт, зарцуулалтын тайланг тусад нь гаргаж жилийн эцсийн төсвийн гүйцэтгэлийн тайланд хавсаргана.
11.Сангийн хөрөнгийг байгууллага, хүмүүст зээлээр ашиглуулах, хандивлахыг хориглоно.
12.Сангаас зарцуулах хөрөнгийн хэмжээг эх үүсвэрээс хэтрүүлэхгүй.
13.Санхүүгийн байгууллага орлогын нэмэгдэл эх үүсвэр бий болгох, зардал хямдруулах тодорхой арга хэмжээ авах замаар гаргасан бодит хэмнэлтийг дараагийн жилийн тухайн төсөвт байгууллагын зардлаас хасаж тооцохгүй.
  ДӨРӨВ.Төсөвт зардлын бодит хэтрэлт гаргасан   байгууллага, албан тушаалтанд хүлээлгэх хариуцлага
14.Тухайн жил төсөвт зардлыг үндэслэлгүйгээр хэтрүүлсэн байгууллага, эрх бүхий албан тушаалтанд дор дурдсан хариуцлагыг тухайн шатны байгууллагыг удирдах төрийн захиргааны байгууллага ногдуулна. Үүнд:
а/тухайн байгууллагын дараагийн жилийн урсгал зардлын төсвийг гарсан хэтрэлтийн хэмжээгээр бууруулах;
б/эрх бүхий төрийн захиргааны байгууллагын шийдвэрээр тухайн байгууллагын гүйцэтгэх чиг үүргийг өөр байгууллагад шилжүүлэн гүйцэтгүүлэх;
в/тухайн байгууллагын төсвөөс гарах өдөр тутмын зардлын гүйлгээг зөвхөн харьцаж байгаа санхүүгийн байгууллагын зөвшөөрлөөр хийдэг болгох замаар төсөв захирагчийн эрхийг хязгаарлах;
г/төсөвт зардлын хэтрэлт гаргасан буруутай албан тушаалтанд хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэх шаардлагатай гэж үзвэл санхүүгийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн албан тушаалаас нь халах хүртэл арга хэмжээ авахыг тухайн албан тушаалтныг томилсон байгууллагын эрх баригчид санал болгох.
 
ТАВ.Бусад зүйл
15.Төсөвт байгууллагын зардлын хэмнэлт, хэтрэлтийн хэмжээг жилийн эцсийн тайлан  тэнцлийн үзүүлэлтийг үндэслэн энэ журмын дагуу харилцагч санхүүгийн байгууллага тооцож хэмнэлтийн урамшуулал олгох, үндэслэлгүй гаргасан хэтрэлтийг суутган тооцох тухай шийдвэрийг хөрөнгийн дүн, хэрэгжүүлэх хугацааг заан улсын төвлөрсөн төсөвтэй харьцдаг бол Сангийн сайд, орон нутгийн төсөвтэй харьцдаг бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга тухайн жилийн I улиралд багтаан гаргана.
16.Хэмнэлтийн урамшууллыг тухайн жилийн эхний хагаст багтаан төсөвт байгууллагад олгож, харин үндэслэлгүй гаргасан төсвийн хэтрэлтийг тухайн жилд багтаан суутган төлбөр, тооцоог барагдуулсан байвал зохино.
17.Хэмнэлтийн урамшууллыг тухайн шатны төсөв, төсөвт байгууллагуудын жилийн эцсийн дансны чөлөөт үлдэгдлээс санхүүжүүлнэ.
18.Төсөвт зардлын бодит хэмнэлтээр тооцож олгосон хөрөнгийг нягтлан бодох бүртгэлийн 87 дугаар дансны кредитээс 51, 93 дугаар дансны дебетэд дараа оны I улиралд бичилт хийнэ. Сангийн хөрөнгөөс зохих зориулалтын дагуу зарцуулсан хөрөнгийг нягтлан бодох бүртгэлийн 50, 51 дүгээр дансны кредитээс холбогдох дансдын дебетэд бичихийн хамт 93 дугаар дансны кредит, 87 дугаар дансны дебетэд бичилт хийнэ.
19.Сангийн жилийн эцсийн үлдэгдлийг дараа жилүүдэд шилжүүлэн зарцуулна.
---оОо---