- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- Зэвсэгт хүчний офицер, ахлагч, гэрээт цэргийн албан хаагчид албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл олгох журам
Засгийн газрын 2004 оны 123 дугаар тогтоолын хавсралт
Зэвсэгт хүчний офицер, ахлагч, гэрээт цэргийн албан хаагчид албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл олгох журам
Зэвсэгт хүчний офицер, ахлагч, гэрээт цэргийн албан хаагчид албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл олгох журам
1. Төрийн албаны тухай хуулийн 28.2.3-т заасныг үндэслэн зэвсэгт хүчинд цэргийн жинхэнэ алба хааж байгаа офицер, ахлагч, гэрээт цэргийн албан хаагчдад өдөр, шөнө, улирлын ямарч нөхцөлд байлдааны жижүүрлэлт хийх, харуулд гарах, олон улсын энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаа, хээрийн сургууль, дадлагад оролцох, байлдааны зэвсэг техник, тэсэрч дэлбэрэх болон хорт бодис, цэргийн нууцтай байнга харьцах, гамшгийн аюулаас хүн ам, эд юмсыг авран хамгаалах болон тогтоосон хорио, цээрийн дэглэмийг сахиулахад туслах зэрэг онцгой үүрэг гүйцэтгэхэд албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл олгоход энэхүү журмыг баримтална.
2. Энэ журмын 1-д заасан зэвсэгт хүчинд цэргийн жинхэнэ алба хааж байгаа офицер, ахлагч, гэрээт цэргийн албан хаагчдад-ерөнхий зориулалтын болон хил, дотоодын цэргийн офицер, ахлагч, гэрээт цэргийн албан хаагчид хамаарна.
3. Албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийг тухайн албан хаагчийн албан тушаалын сарын үндсэн цалингийн 10 хувиар тооцож сар бүр олгоно.
4. Энэ журмын 2-т заасан офицер, ахлагч, гэрээт цэргийн албан хаагчийн албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийг өвчтэй, чөлөөтэй, ээлжийн амралттай байх хугацаанд нь олгохгүй.
5. Энэ журмын дагуу олгох албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийг тухайн анги, салбарын төсвөөс гаргана.
----оОо----
Текст томруулах
A
A
A