A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 2004 оны 124 дүгээр тогтоолын хавсралт

Д.НАЦАГДОРЖИЙН НЭРЭМЖИТ ШАГНАЛ ОЛГОХ ЖУРАМ
 
 
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Шилдэг зохиол, бүтээл туурвиж Монголын утга зохиолын хөгжил, ард түмнээ соён гийгүүлэх үйлсэд жинтэй хувь нэмэр оруулсан зохиолч, яруу найрагч, орчуулагч, шүүмлэгч нарт болон Монголын уран зохиолыг гадаадад сурталчилахад тодорхой хувь нэмэр оруулсан гадаадын иргэнд Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал олгох үйл ажиллагааг энэхүү журмаар зохицуулна.
1.2. Шагнал нь Д.Нацагдоржийн дүр бүхий тэмдэг, гэрчилгээ, мөнгөн шагнал байна. Мөнгөн шагналын хэмжээ 100000 (нэг зуун мянган) төгрөг байна.
 
Хоёр. Комиссын үйл ажиллагаа
2.1. Д.Нацагдоржийн нэрэмжит шагналд нэр дэвшигдсэн бүтээлд үнэлгээ өгөх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий орон тооны бус комиссын бүрэлдэхүүнийг соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хоёр жилийн хугацаагаар батална.
2.2. Комисс нь соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, зохиолчдын байгууллага, зохиолч, судлаач, шүүмжлэгч, эрдэмтдийн төлөөллөөс бүрдсэн долоогоос доошгүй гишүүнтэй байна.
2.3. Комиссын үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байна.
2.4. Комиссын нийт гишүүдийн дөрөвний гурваас доошгүй хувь нь хүрэлцэн ирсэн тохиолдолд хуралдааныг хүчинтэйд тооцож, хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос дээш хувийн саналаар дүгнэлт гаргана.
2.5. Хуралдаанд оролцсон бүх гишүүд гарын үсэг зурснаар комиссын дүгнэлт нь баталгаажина.
2.6. Комиссын гишүүн өөрийн бүтээл нь шагналд нэр дэвшигдэж байгаа тохиолдолд тухайн гишүүн асуудлыг хэлэлцэхэд оролцохгүй.
 
Гурав. Шагналд нэр дэвшигдсэн бүтээлийг хэлэлцэх, шагнал олгох
3.1. Д.Нацагдоржийн нэрэмжит шагналаар шагнуулахаар зохиолч, яруу найрагч, орчуулагч, шүүмжлэгчдийн нэрийг зохиол, бүтээлийн нь хамт зохиолчдын эвлэл, холбоо, уран бүтээлийн байгууллагын хамт олноос дэвшүүлж, холбогдох материалыг тухайн оны 8 дугаар сарын 1-ний дотор комисст ирүүлнэ.
3.2. Комиссоос гаргасан гаргасан дүгнэлтийг үндэслэн соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал олгох шийдвэр гаргана.
3.3. Шагналыг хоёр жилд нэг удаа З хүртэл зохиолч, яруу найрагч, орчуулагч, шүүмжлэгчдэд их зохиолчийн мэндэлсэн өдрийг тохиолдуулан олгоно.
3.4. Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал хүртэгсдийн бүртгэл, судалгааны сан нь соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хадгалагдана.
 
 
 
 
----оОо----