A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ОЛОН УЛСЫН ХЭМЖЭЭНД ЗОХИОГДДОГ УРЛАГИЙН ИХ НААДАМ, УРАЛДААН, ҮЗЭСГЭЛЭН, НОМЫН ЯАРМАГТ ОРОЛЦОЖ ОНЦГОЙ АМЖИЛТ ГАРГАСАН УРАН БҮТЭЭЛЧДЭД МӨНГӨН ШАГНАЛ ОЛГОХ ЖУРАМ
Бүлэг: 1979
Засгийн газрын 2003 оны 227 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт

ОЛОН УЛСЫН ХЭМЖЭЭНД ЗОХИОГДДОГ УРЛАГИЙН ИХ НААДАМ,  УРАЛДААН,  ҮЗЭСГЭЛЭН,  НОМЫН ЯАРМАГТ  ОРОЛЦОЖ  ОНЦГОЙ  АМЖИЛТ ГАРГАСАН УРАН БҮТЭЭЛЧДЭД МӨНГӨН ШАГНАЛ ОЛГОХ ЖУРАМ
 
 
1. Энэхүү журмын зорилго нь урлагийн бүтээл, уран бүтээлчдийн ур чадварын үнэлэмжийг дээшлүүлж дэлхийн жишигт хүргэх, урлагийн салбарт өндөр амжилт гаргах идэвхи сонирхлыг өрнүүлэх, урлагийн ажилтны нийгмийн баталгааг сайжруулахад оршино.
 
2. Урлагийн төрлөөр олон улсын хэмжээнд болдог их наадам, уралдаан, үзэсгэлэн, номын яармаг (цаашид их наадам, уралдаан, үзэсгэлэн, номын яармаг гэх)-т тэргүүн байр (гран при), нэгдүгээр байр (алтан медаль), хоёрдугаар байр (мөнгөн медаль), гуравдугаар байр (хүрэл медаль)-нд шалгарсан уран бүтээлчдийг шагнахад энэхүү журмыг баримтална.
 
3. Олон улсын хэмжээнд зохиогддог урлагийн их наадам, уралдаан, үзэсгэлэн, номын яармагт оролцож амжилт гаргасан уран бүтээлчдэд мөнгөн шагнал олгохдоо их наадам, уралдаан, тэмцээн, үзэсгэлэн, номын яармагийн албан ёсны урилга, тэмдэглэл, байр эзэлсэн тухай батламж (цом, гэрчилгээ, медаль, диплом, үнэмлэх), мэргэжлийн зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн шагнал олгох шийдвэрийг соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний саналыг үндэслэн Засгийн газар гаргана.
 
4. Мэргэжлийн зөвлөлийн бүрэлдэхүүн, түүний ажиллах журмыг соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
 
5. Мөнгөн шагналд зориулах хөрөнгийг жил бүрийн төсөвт тусган Соёл, урлагийн сангаар дамжуулан санхүүжүүлнэ.
 
6. Мөнгөн шагнал олгоход зориулсан хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулахыг хориглоно.
 
7. Уран бүтээлч нэг жилд нэг уран бүтээлээр хэд хэдэн их наадам, уралдаан, үзэсгэлэн, номын яармагт оролцож амжилт гаргасан тохиолдолд уран бүтээлчийн үзүүлсэн хамгийн өндөр амжилтаар мөнгөн шагналыг нэг удаа олгоно.
 
8. Их наадам, уралдаанд хамтлагийн тоглолтоор оролцож, онцгой амжилт гаргасан тохиолдолд хамтлагийн гишүүн бүрт онцгой амжилт гаргасан уран бүтээлчдэд олгох мөнгөн шагналын хорин таван хувьтай тэнцэх шагнал олгоно.
 
 
 
 
 
----оОо----