A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ЦЭРЭГ, ЦАГДААГИЙН БАГИЙГ НҮБ-ЫН ЭНХИЙГ САХИУЛАХ БОЛОН ОЛОН УЛСЫН БУСАД АЖИЛЛАГААНД БЭЛТГЭХ, ОРОЛЦУУЛАХ ТУХАЙ АСУУДЛЫГ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ
Бүлэг: 1979
Засгийн газрын 2003 оны 177 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт

ЦЭРЭГ, ЦАГДААГИЙН БАГИЙГ НҮБ-ЫН ЭНХИЙГ САХИУЛАХ БОЛОН  ОЛОН  УЛСЫН  БУСАД  АЖИЛЛАГААНД  БЭЛТГЭХ, ОРОЛЦУУЛАХ ТУХАЙ АСУУДЛЫГ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ
 
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Цэрэг, цагдаагийн багийг НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд бэлтгэх, оролцуулах асуудлыг зохицуулах үүрэг бүхий зөвлөл (цаашид "зохицуулах зөвлөл" гэх)-ийн удирдлага, зохион байгуулалт, эрх, үүргийг энэхүү журмаар зохицуулна.
1.2. Энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд цэрэг, цагдаагийн баг оролцуулах тухай НҮБ, олон улсын холбогдох байгууллага, аливаа улсын зүгээс хүсэлт тавьсан тохиолдолд Засгийн газраас зохицуулах зөвлөлийг байгуулж болно.
1.3. Зохицуулах зөвлөл нь дараахь чиглэлээр үйл ажиллагаагаа явуулна:
1.3.1. цэрэг, цагдаагийн багийг НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд оролцуулах тухай Засгийн газрын шийдвэр гаргуулахад дэмжлэг үзүүлэх;
1.3.2. Засгийн газрын шийдвэр гарсны дараа цэрэг, цагдаагийн багийг НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд бэлтгэж оролцуулах ажиллагааг зохицуулах.
1.4. НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд оролцох тухайн цэрэг, цагдаагийн багийн гүйцэтгэх үүргийн онцлогоос хамаарч зохицуулах зөвлөлийн бүрэлдэхүүн өөр өөр байж болно.
 
Хоёр. Зохицуулах зөвлөлийн удирдлага,  зохион байгуулалт, хурал
2.1. Зохицуулах зөвлөл нь орон тооны бус байх бөгөөд түүний бүрэлдэхүүн нь төрийн захиргааны төв болон мэргэжлийн байгууллагын төлөөллөөс бүрдсэн байна.
2.2. Зохицуулах зөвлөлийн хурлыг зөвлөлийн дарга болон түүний орлогчийн санал болгосноор шаардлагатай үед зохион байгуулан хуралдуулна.
Зохицуулах зөвлөлийн хурлыг зөвлөлийн нийт гишүүдийн гуравны хоёр нь оролцсоноор хүчинтэйд тооцно.
2.3. Зохицуулах зөвлөлийн хурлаар хэлэлцэх асуудлын талаархи материалуудыг нарийн бичгийн дарга бэлтгэн хуралдаан эхлэхээс 2 хоногийн өмнө гишүүдэд тараах бөгөөд аливаа асуудлыг гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэнэ.
 
Гурав. Зохицуулах зөвлөлийн эрх, үүрэг
3.1. Зохицуулах зөвлөл нь дараахь эрхийг эдэлнэ:
3.1.1. зохицуулах зөвлөл нь НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд оролцох цэрэг, цагдаагийн багийн зардал, төсөв хөрөнгийн талаар санал боловсруулж, холбогдох байгууллагаар шийдвэрлүүлэх;
3.1.2. НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд оролцох цэрэг, цагдаагийн багийн бүрэлдэхүүний бэлтгэлийг хангахтай холбогдсон асуудлаар холбогдох төрийн захиргааны төв байгууллага, агентлагуудад зөвлөмж өгөх;
3.1.3. ажлын явц, байдал болон тулгамдаж буй асуудлуудыг Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын холбогдох байнгын хороонд танилцуулж, энэ талаар мэдээлэл өгөх, баг илгээх тухай шийдвэр гаргахтай холбогдуулж бусад байгууллагаас мэдээлэл шаардаж авах.
3.2. Цэрэг, цагдаагийн багийг НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд оролцуулах тухай Засгийн газрын шийдвэр гаргуулахтай холбогдсон ажиллагааг зохицуулах чиглэлээр зохицуулах зөвлөл нь дор дурдсан үүрэг гүйцэтгэнэ:
3.2.1. НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд цэрэг, цагдаагийн баг оролцуулах хууль зүйн үндэслэлийг судалж, санал боловсруулах;
3.2.2. НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд цэрэг, цагдаагийн баг оролцуулах асуудлаар олон улсын холбогдох бусад байгууллага, бусад улс оронтой гэрээ, хэлэлцээ байгуулахад дэмжлэг үзүүлэх;
3.2.3. цэрэг, цагдаагийн багийн бэлтгэлийн түвшин, зэвсэглэл техникийн хангалт, бусад боломжийг үнэлэх;
3.2.4. Монгол Улсын цэрэг, цагдаагийн багийг НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцуулах тухай Засгийн газрын шийдвэр гаргуулахад гадаад хэрэг, батлан хамгаалах болон хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүдэд дэмжлэг үзүүлэх;
3.2.5. олон улсын бусад ажиллагаанд оролцуулах тухай асуудлыг Засгийн газраас Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчтай зөвшилцөн шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх;
3.2.6. НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд оролцох цэрэг, цагдаагийн бие бүрэлдэхүүний агсамж, хангалтын байдал олон улсын жишигт нийцэж байгаа эсэх талаар мэргэжлийн дүгнэлт гаргах.
3.3. Засгийн газрын шийдвэр гарсны дараа цэрэг, цагдаагийн багийг НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд бэлтгэж оролцуулах ажиллагааг зохицуулах чиглэлээр зохицуулах зөвлөл нь дор дурдсан үүргийг гүйцэтгэнэ:
3.3.1. бие бүрэлдэхүүнийг олон улсын ажиллагаанд оролцуулахтай холбогдсон асуудал (агсамж, хангалт, хил, гаалиар нэвтрүүлэх гэх мэт)-аар холбогдох төрийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах;
3.3.2. НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцох цэрэг, цагдаагийн албан хаагчийг оролцуулсны нөхөн төлбөрөөс энхийг сахиулагчид олгох төлбөрийн хэмжээний талаар санал боловсруулах;
3.3.3. цэрэг, цагдаагийн багийг НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд бэлтгэх болон оролцуулах үеийн бие бүрэлдэхүүний агсамж, хангалттай холбогдсон асуудлуудыг шийдвэрлүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
3.3.4. бие бүрэлдэхүүний мэргэжлийн бэлтгэлжилтийн байдал, гүйцэтгэх ажлын удирдамжийг хянах, олон улсын эрх зүйн зохицуулалтын талаар бие бүрэлдэхүүнд зааварчилга, үүрэг, чиглэл өгөх;
3.3.5. зохицуулах зөвлөл нь цэрэг, цагдаагийн багийг НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд бэлтгэж оролцуулахтай холбогдсон асуудлаар төрийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах.
 
 
 
 
 
----оОо----