A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 1997 оны 106 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт

СУУЦ ӨМЧЛӨХ ЭРХИЙН ГЭРЧИЛГЭЭГ ОЛГОХ ЖУРАМ
 
 
Нэг. Ерөнхий зүйл
1. Монгол Улсын иргэдэд сууц өмчлөх эрхийн гэрчилгээ олгоход энэхүү журмыг мөрдөнө.
2. Сууц өмчлөх эрхийн гэрчилгээг аймаг, нийслэл, сум, дүүргийн орон сууц хувьчлах товчооноос олгоно.
3. Сууц өмчлөх эрхийн гэрчилгээ нь сууц өмчлөн авсан хууль эрхийн баталгаа болно.
4. Гэрчилгээний дугаар нь нийслэл, аймаг тус бүрт нийслэл, аймгийн нэрийн 2 үсгэн тэмдэглэгээ бүхий нэгдсэн сери, дугаартай байна.
 
Хоёр. Сууц өмчлөх эрхийн гэрчилгээ олгох
5. Орон сууц хувьчлах товчоо дараахь баримтыг үндэслэн сууц өмчлөх эрхийн гэрчилгээнд бичилт хийнэ:
-сууц хувьчлах тухай шийдвэр;
-гэр бүлийн гишүүдийн иргэний паспорт, насанд хүрээгүй хүмүүсийн төрсний гэрчилгээ;
-ам бүлийн тодорхойлолт /хороо, багийн/;
-сууц эзэмших эрхийн бичиг /ордер/.
6. Сууцыг үнэтэй хувьчлах нөхцөлд энэ журмын 5-д заасан баримт бичгээс гадна сууцны үнийг төлсөн баримтыг хавсаргасан байна.
7. Орон сууц хувьчлах товчооноос олгосон сууц өмчлөх эрхийн гэрчилгээнд үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэл хийлгэснээр сууц өмчлөгчийн сууцаа үл хөдлөх хөрөнгө болгон өмчлөх эрх нь баталгаажна.
8. Сууц өмчлөх эрхийн гэрчилгээ олгоход бүрдүүлсэн холбогдох баримт бичгийг /сууц хувьчлах тухай шийдвэр, сууц эзэмших эрхийн бичиг, магадлан шинжлэх хэсгийн дүгнэлт/ үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэл хийлгэхээр Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт шилжүүлэх бөгөөд тус газар уг баримт бичгийг хадгална.
9. Сууц өмчлөх эрхийн гэрчилгээг нэг удаа олгоно.
 
Гурав. Гэрчилгээг хураах, хүчингүй болгох
10. Гэрчилгээг үрэгдүүлсэн нөхцөлд зохих журмын дагуу хүчингүй болгож, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээг Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газраас сууц өмчлөх эрхийн гэрчилгээ олгоход бүрдүүлсэн  холбогдох баримт бичгийг үндэслэн олгоно.
11. Шүүхийн шийдвэрээр сууц өмчлөх эрх нь хасагдсан тохиолдолд иргэдийн сууц өмчлөх эрхийн гэрчилгээг эрх бүхий байгууллага буцааж хураан авна.
12. Сууц өмчлөгчийн сууц өмчлөх эрхээ бусдад өвлүүлэх, шилжүүлэх, худалдах харилцаа нь Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулиар зохицуулагдана.
               
                                                                                -------оОо------