A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 1997 оны 107 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт

ОЙ, ХЭЭРИЙН  ТҮЙМРИЙН  ҮЕД ХҮН ХҮЧ, ТЕХНИК ХЭРЭГСЛИЙН ДАЙЧИЛГАА ЗАРЛАХ, ЯВУУЛАХ ЖУРАМ 
        Нэг. Нийтлэг үндэслэл
      1.Энэхүү журмыг ой, хээрийн түймэртэй тэмцэх ажилд хүн хүч, техник хэрэгслийн дайчилгаа зарлах, явуулах /цаашид "дайчилгаа зарлах, явуулах" гэнэ/-д дагаж мөрдөнө.
      2.Энэ журмыг аж ахуйн нэгж, байгууллага нь харьяалал болон өмчийн хэлбэр харгалзахгүйгээр мөрдөнө.
 
   Хоёр. Ой,хээрийн  түймрийн  үед  хүн хүч, техник хэрэгслийн дайчилгаа зарлах, явуулах тухай шийдвэр гаргах
 
      3.Монгол Улсын нутаг дэвсгэрт гарсан ой, хээрийн түймрийг унтраахад оролцох хүн хүч, техник хэрэгслийн дайчилгаа зарлах, явуулах шийдвэрийг дараахь байдлаар гаргана:
      а/нутаг дэвсгэртээ гарсан түймрийг шуурхай унтраах ажлыг зохион байгуулахаар иргэд,тээврийн болон багаж хэрэгслийн дайчилгаа зарлах, явуулах шийдвэрийг баг, хорооны Засаг дарга;
      б/баг, хороодын нутаг дэвсгэрийг дамжин тархсан, тэдний хүчээр унтраах боломжгүй түймэртэй тэмцэх ажилд сум, дүүргээсээ нэмэлт хүч, техник хэрэгсэл гаргахаар дайчилгаа зарлах, явуулах шийдвэрийг сум, дүүргийн Засаг дарга;
      в/сум, дүүргийн нутаг дэвсгэрийг дамжин тархсан, орон нутгийн хүчээр унтраах боломжгүй түймэртэй тэмцэх үед аймаг, нийслэлээс нэмэлт хүн хүч, техник хэрэгсэл гаргахаар дайчилгаа зарлах, явуулах шийдвэрийг тухайн аймаг, нийслэлийн Засаг дарга;
      г/улсын хил, аймаг, нийслэл, сум, дүүргийн нутаг дамжин тархсан бөгөөд орон нутгийн хүчээр унтраах боломжгүй түймэртэй тэмцэх ажилд зохион байгуулалттай болон бусад хүн хүч, техник хэрэгсэл гаргахаар дайчилгаа зарлах, явуулах шийдвэрийг Засгийн газар.
      4.Энэ журмын 3 дугаар зүйлийн "а"-д заасан шийдвэр гаргах үндэслэл нь тухайн нутаг дэвсгэрийн иргэдээс ирүүлсэн бодит мэдээлэл, мөн зүйлийн "б, в, г"-д заасан шийдвэрийг гаргах үндэслэл нь сум, аймаг, нийслэлийн байнгын онцгой комисс болон Улсын байнгын онцгой комиссын санал, дүгнэлт байна.
      5.Аймаг, нийслэл, сум, дүүргийн байнгын онцгой комисс санал, дүгнэлтээ дараахь байдлаар гаргана:
      а/тухайн сум, дүүргийн нутаг дэвсгэр дэх түймрийн тархалтын байдал, байршил, баг, хорооноос голомтод ажиллаж байгаа хүн хүч, техник хэрэгслийн тоо, нэмж дайчлагдах хүч, хэрэгслийн тооцоо;
      б/тухайн аймаг, нийслэлийн нутаг дэвсгэрт тархсан буюу төр, иргэдийн өмч болон байгаль орчинд үлэмж хэмжээний хор хөнөөл учруулж болзошгүй түймрийн цагийн байдал, хохирол, сум, дүүргээс дайчлагдан ажиллаж байгаа хүн хүч, техник хэрэгслийн тухай танилцуулга, түймрийн байршил, тархалтыг харуулсан тойм зураг, дайчилгаа зарлах аж ахуйн нэгж, байгууллагын нэр, тэдгээрээс дайчлан гаргах хүн хүч, техник хэрэгслийн тооцоо.
      6.Улсын байнгын онцгой комисс санал, дүгнэлтээ дараахь байдлаар гаргана:
      а/аймаг, нийслэлийн нутаг дэвсгэрээр дамжин тархсан буюу бүс нутгийг хамарсан түймрийн цагийн байдал, тархалт, учруулсан хохирол, ажиллаж байгаа хүч хэрэгслийн тухай танилцуулга;
      б/түймрийн байршил, тархалтын байдлыг харуулсан газрын зураг;
      в/дайчилгаа зарлах аж ахуйн нэгж, байгууллагын нэр, тэдгээрээс дайчлан гаргах хүн хүч, техник хэрэгслийн тооцоо;
      г/Засгийн газрын шийдвэрийн төсөл, түүнийг Засгийн газрын хуралдаанд оруулах тухай Улсын байнгын онцгой комиссоос гаргасан шийдвэр;
      д/иргэний хамгаалалтын өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн нэр.
   Гурав. Дайчилгаа зарлах
      7.Ой, хээрийн түймрийн үед хүн хүч, техник хэрэгслийн дайчилгаа явуулах тухай зарлан мэдээлэх бүдүүвчийг баг, сум, дүүрэг, аймаг, нийслэлийн болон Улсын иргэний хамгаалалтын төлөвлөгөөнд тусган мөрдөх бөгөөд түүнд жил тутам тодотгол хийж байна.
      8.Ой, хээрийн түймэртэй тэмцэх хүн хүч, техник хэрэгслийн дайчилгаа явуулах тухай зарыг дор дурдсанаар зарлан мэдээлнэ:
      а/баг, хорооны Засаг дарга нь түймрийн голомт илэрсэн нутаг дэвсгэрийн иргэдэд эхний ээлжинд шуурхай мэдэгдэж, улмаар бусад иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад зарлах ажлыг тогтсон бүдүүвчийн дагуу зохион байгуулах замаар;
      б/сум, дүүргийн Засаг дарга нь баг, хорооны Засаг дарга, нутаг дэвсгэрийнхээ аж ахуйн нэгж, байгууллагын эрх баригчдад мэдэгдэх замаар;
      в/аймаг, нийслэлийн Засаг дарга нь холбогдох сум, дүүргийн Засаг дарга, аж ахуйн нэгж, байгууллагын эрх баригчдад мэдэгдэх замаар;
      г/Улсын байнгын онцгой комисс нь холбогдох төрийн захиргааны төв байгууллага, аж ахуйн нэгжийн эрх баригчдад мэдэгдэх замаар.
 
      9.Ой, хээрийн түймэртэй тэмцэх ажилд хүн хүч, техник хэрэгслийн дайчилгаа явуулах тухай зарлан мэдээлэхэд бүх төрлийн мэдээллийн хэрэгслийг төлбөргүйгээр ашиглах эрхийг зохих шатны Засаг дарга, Улсын байнгын онцгой комисс эдэлнэ.
      10.Сум, дүүрэг, аймаг, нийслэлийн Засаг дарга, Улсын байнгын онцгой комиссоос түймэртэй тэмцэх дайчилгаа явуулах тухай зарлан мэдээлэхдээ түймрийн голомтын байршил, дайчлагдах хүн хүч, техник хэрэгслийн тоо, зохион байгуулалт, хангах бэлтгэл, гүйцэтгэх үүрэг, ажиллах, цугларах газар /байр/, хугацааг тодорхой зааж өгнө.
       Дөрөв. Дайчилгаа явуулах
      11.Түймэртэй тэмцэх ажилд оролцох хүн хүч, техник хэрэгслийн дайчилгааг иргэний хамгаалалтын тухайн шатны төлөвлөгөөний дагуу зохион байгуулна.
      12.Дайчилгааны хүн хүч, техник хэрэгслийг дор дурдсанаар бүрдүүлнэ:
      а/баг, хороо, сум, дүүрэг нь нутаг дэвсгэрийнхээ аж ахуйн нэгж, байгууллагын ажиллагсад, техник хэрэгсэл, оршин суугчдаас дайчлах замаар;
      б/аймаг, нийслэл нь түймрийн голомт бүхий болон бусад сум, дүүргийн аж ахуйн нэгж, байгууллагын ажиллагсад, техник хэрэгсэл, оршин суугчдаас дайчлах замаар;
      в/Улсын байнгын онцгой комисс нь цэрэг, цагдаа, хорих зэрэг байгууллагын зохион байгуулалттай хүн хүч, техник хэрэгслийг болон иргэний хамгаалалтын өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн аж ахуйн нэгж, байгууллага, аймаг, нийслэл, бүс нутгийн хүн хүч, техник хэрэгслийг дайчлах замаар.
      13.Бүх шатны Засаг дарга шаардлагатай гэж үзвэл нутаг дэвсгэртээ түр байрлаж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, түр оршин суугчид, түүнчлэн зорчин явагчдыг харьяалал харгалзахгүйгээр түймэртэй тэмцэх дайчилгаанд хамруулж болно.
      14.Бүх шатны Засаг дарга, байнгын онцгой комисс дайчлагдсан хүн хүч, техник хэрэгслийг зохион байгуулах, хуваарилах ажлыг эрхлэн гүйцэтгэж, тэдгээрийн бүртгэлийг хөтөлнө.
      15.Бүх шатны Засаг дарга өөрийн хариуцсан нутаг дэвсгэрт байрлаж байгаа зохион байгуулалттай хүч хэрэгсэл /цэргийн болон хорих анги, салбар/-ийг холбогдох төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрлөөр түймэр унтраах ажилд дайчилж болно.
      16.Түймэр унтраах ажилд Монгол улсын харьяат, хөдөлмөрийн чадвартай, 16-60 хүртэлх насны эрэгтэй, 16-55 хүртэлх насны эмэгтэй иргэдийг дайчлан оролцуулна. Жирэмсэн эмэгтэй, асрамжлах хүнгүй сургуулийн өмнөх насны хүүхдийн асран хамгаалагч, эмнэлэг, эрчим хүч, холбооны байгууллагын ээлжийн ажилчид, холбогдох хууль болон Монгол Улсын олон улсын гэрээгээр дайчлахыг хориглосон хүмүүст энэ заалт хамаарахгүй.
      17.Түймэрт дайчлагдах хүн хүч, техник хэрэгслийн тоо хэмжээг тухайн түймрийн тархалт, төлөв байдал, учруулж болохуйц хохирол зэргээс хамааран тогтооно.
      18.Түймрийг унтраах хүн хүч, техник хэрэгслийн дайчилгааг шуурхай явуулах ажлыг тухайн шатны байнгын онцгой комисс хариуцан зохион байгуулна.
  Тав.Бусад зүйл
      19.Түймэртэй тэмцэх ажилд дайчлагдсан иргэдийг хоол хүнс, тээврийн хэрэгсэл, багаж, шатахуунаар хангах асуудлыг дайчилгаа зохион байгуулж байгаа тухайн шатны Засаг дарга хариуцах бөгөөд холбогдох зардлыг орон нутгийн төсвөөс гаргана.
      20.Түймрийн хор уршиг, хөнөөл ихэссэн үед энэ журмын 3 дугаар зүйлийн "г"-д заасны дагуу дайчилгаа явуулахад гарсан зардлыг Засгийн газраас гаргана.
      21.Ой,  хээрийн түймэрт дайчилгаагаар ажилласан иргэний эрхэлж байсан ажил, албан тушаалыг үндсэн аж ахуйн нэгж, байгууллага хэвээр хадгалж, дундаж цалинг олгоно.
      22.Ажил эрхлээгүй иргэдийг түймэрт дайчилсан нөхцөлд мөрдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг баримтлан тэдэнд хөлсийг ажилласан цагаар нь тооцон сум, дүүрэг, аймаг, нийслэлийн Засаг дарга олгоно.
      23.Ой, хээрийн түймэрт улсын болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн техник хэрэгслийг дайчлан ажиллуулах үеийн шууд зардлыг зах зээлийн жишиг, үнийн дагуу тухайн шатны Засаг дарга хариуцан олгоно.
                                                                    ----оОо----