A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ НИЙТЛЭГ ЗАГВАРЫГ АШИГЛАХАД БАРИМТЛАХ ЗААВАР
Бүлэг: 1979
Засгийн газрын 2004 оны 88 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт


ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ НИЙТЛЭГ ЗАГВАРЫГ АШИГЛАХАД БАРИМТЛАХ ЗААВАР
 
(Засгийн газрын 2021 оны 119 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

 

1. ЗААВРЫН ЗОРИЛГО
Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх Үндсэн чиглэлийн төсөл боловсруулах нийтлэг загварын дагуу Үндсэн чиглэлийн төслийг боловсруулахад  энэхүү зааврыг баримтлах бөгөөд энэхүү заавар нь төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагуудаас боловсруулж ирүүлсэн Үндсэн чиглэлийн төслийг хянан, хүлээж авах үндэслэл болно. 
2. ЗАГВАРЫН НИЙТЛЭГ ТЭМДЭГЛЭГЭЭ
Загварт  нийтлэг ашиглагдсан тэмдэглэгээнүүдийг дараахь байдлаар ойлгоно: Үүнд:
      -"20… оны гүйцэтгэл" гэдэгт Үндсэн чиглэлийн төсөл боловсруулж байгаа тухайн оны өмнөх оныг ойлгоно. Тухайлбал Эдийн засаг, нийгмийг 2005 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн төслийг 2004 онд боловсруулах ба боловсруулж байгаа жил нь 2004 он, түүний өмнөх жил нь 2003 он болно. Тиймээс "2003 оны гүйцэтгэл" гэж  ойлгоно.
      -"20… оны ХБГ" гэдэгт үндсэн чиглэлийн төсөл боловсруулж байгаа тухайн оны хүлээгдэж буй гүйцэтгэлийг   ойлгоно. Эдийн засаг, нийгмийг 2005 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн төсөл боловсруулж байгаа бол "2004 оны ХБГ" гэж  ойлгоно.
      -20…оны Үндсэн чиглэл эсвэл 20… оны төсөл гэдэгт Үндсэн чиглэлийн төсөл боловсруулж байгаа оны дараахь он буюу Үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх оныг ойлгоно.
      -"20…-20…оны  төсөөлөл" эсвэл "20…-20… оны хөгжлийн хандлага" гэдэгт  дунд хугацааны буюу ойрын ирээдүйг ойлгоно. Энэ нь 3 жил байх ба Үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх оны дараагийн 3 жил юм.
      Тухайлбал Эдийн засаг, нийгмийг 2005 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн төсөл боловсруулж байгаа бол тэмдэглэгээг "2006-2008 оны төсөөлөл" эсвэл "2006-2008 оны хөгжлийн хандлага" гэж үзнэ.
      -"байгууллагын нэр" гэдэгт төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагуудын нэрийг бичнэ. "Эрүүл мэндийн яам",  "Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар"  гэх мэт
      -"салбарын нэр" гэдэгт тухайн төрийн захиргааны төв байгууллагад харьяалагдах салбарын нэрийг бичнэ. Тухайлбал Эрүүл мэндийн яамны хувьд "Эрүүл мэндийн салбарын" гэх мэт.
3. ЗАГВАРЫН БҮРЭЛДЭХҮҮН ХЭСГҮҮД
  1. Төсвийн ерөнхийлөн захирагчийн  мэдэгдэл
 Төсвийн ерөнхийлөн захирагчийн мэдэгдэл нь салбар болон орон нутгийн хэмжээнд боловсруулсан Үндсэн чиглэлийн төслийг хүлээн зөвшөөрч баталгаажуулсан тухай мэдэгдэл юм. Энэхүү мэдэгдэлд төсвийн ерөнхийлөн захирагчийн дараа жилийн үр дүнгийн гэрээнд үндсэн чиглэлд тусгагдах бодлогын зорилт, арга хэмжээний матрицад оруулсан зорилтууд хэрхэн тусгагдахыг  бичнэ.  Мөн бодлогын хувьд тухайн салбар болон орон нутагт (үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх жилд) авч хэрэгжүүлэх гол зорилтыг тодорхойлж тусгана.
2. Танилцуулга
Энэ хэсэг нь аймаг, нийслэлийн эсвэл салбарын хөгжлийн байдал болон боловсруулсан үндсэн чиглэл, дунд хугацааны хөгжлийн хандлагын талаархи  мэдээллийг багтаасан байна. 
2.1 дүгээр хэсэг Танилцуулгын 2.1 буюу нэгдүгээр хэсгийг бичихдээ аймаг, нийслэлийн хувьд тухайн орон нутгийн хөгжлийн байдлыг, бүс нутгийн хөгжилд оруулж буй хувь нэмрийн талаар бичнэ. Харин төрийн захиргааны төв байгууллагууд буюу яамдын хувьд өөрсдийн харьяалах салбарынхаа хөгжлийн байдлыг гаргаж бичнэ. Өнөөгийн байдлыг бичихдээ салбарын болон аймаг, нийслэлийн эдийн засаг, нийгмийн үндсэн үзүүлэлтүүдийн өмнөх жилүүдийн гүйцэтгэл болон тухайн оны хүлээгдэж буй гүйцэтгэлд тулгуурлан бичнэ.
Мөн энэ хэсэгт тухайн салбарт болон орон нутагт өмнөх онуудад авч хэрэгжүүлсэн бодлого, арга хэмжээ, түүний үр дүн, мөн улсын хэмжээнд авч хэрэгжүүлсэн бодлого, арга хэмжээ нь тухайн салбарт, орон нутагт хэр үр дүнгээ өгсөн, эсвэл үр дүнгүй болсон тухай түүний шалтгааныг авч үзэж дэлгэрэнгүй  дүгнэлт өгч бичнэ.     
2.2 дугаар хэсэгт үндсэн чиглэлд тусгах бодлогын зорилт, арга хэмжээний матрицыг танилцуулан бичих ба ингэхдээ үндсэн чиглэлийн бодлого, арга хэмжээний матрицад тусгагдсан зорилт тус бүрийн тухайн аймаг, нийслэлийн эдийн засаг, нийгмийн хөгжил эсвэл салбарын хөгжилд хэрхэн нөлөөлөхийг зорилтот үзүүлэлтүүдийн хүрээнд тодорхойлон бичнэ. 
Мөн энэ хэсэгт дунд хугацааны зорилтыг товч тодорхойлон, түүнийг хэрэгжүүлэх арга замыг томъёолж өгнө. Дунд хугацааны бодлогын зорилтууд нь Үндэсний хөгжлийн үзэл баримтлал, хөтөлбөр, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын ядуурлыг бууруулах стратеги, дунд хугацааны бодлогын бусад баримт бичгүүдэд суурилсан байх шаардлагатай.
Тухайн салбарын болон аймаг, нийслэлийн эдийн засаг, нийгмийн үзүүлэлтүүдийн тайлбарыг бичихдээ зураг, диаграмм, харьцуулалт,  хүснэгтээр илэрхийлэхийг эрмэлзэх хэрэгтэй. 
 3. Эдийн засаг, нийгмийг 20… онд хөгжүүлэх  үндсэн чиглэлд тусгах бодлогын зорилт, арга хэмжээний  матриц
 3.1. Бодлогын зорилт, арга хэмжээ
а/ Бодлогын зорилт гэдэг нь тухайн салбарын эсвэл бүс нутаг, орон нутгийн хүрээнд чухал ач холбогдолтойд тооцогдон, тухайн жилд хүрэхээр төлөвлөж байгаа ерөнхий үр дүн юм.  Тухайн жилийн бодлогын зорилт нь  Үндэсний хөгжлийн үзэл баримтлал, хөтөлбөр, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын ядуурлыг бууруулах стратеги, бусад батлагдсан хөтөлбөр, төсөлд байгаа бодлогын зорилтыг хэрэгжүүлэхэд түлхэц болохоор байх бөгөөд хяналт хийгдэхүйц үр дүнгийн үзүүлэлтүүдийг агуулсан байх шаардлагатай. Бодлогын зорилт нь төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагын тухайн жилийн үр дүнгийн гэрээнд тусгагдах бүтээгдэхүүнээр илэрхийлэгдэж байх чиглэлийг түлхүү барьж тодорхойлогдоно.   
б/  Арга хэмжээ гэдэг нь  бодлогын зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд тухайн жилд хийгдэх гол ажлууд юм.  Арга хэмжээ нь эрх зүйн орчин бүрдүүлэх хүрээнд хуулийн төсөл боловсруулж батлуулах, УИХ, Засгийн газрын тогтоол, бусад шийдвэр гаргаж хэрэгжүүлэх, бодлогын зорилгод нийцсэн зохион байгуулалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэх, эдийн засаг, нийгмийн үзүүлэлтүүдийн зорилтот хэмжээг хангах хэлбэртэй байна.
Арга хэмжээнүүдийг ач холбогдлын түвшин, хэрэгжүүлэх хугацааны дарааллаар нь эрэмбэлэн төсөв, хөрөнгө бусад эх үүсвэр, зохион байгуулалттай уялдуулан сонгож үндсэн чиглэлийн төсөлд тусгана.  Хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх арга хэмжээнээс Засгийн газрын хөтөлбөрт туссан онцгой ач холбогдолтойг нь салган багцалж Үндсэн чиглэлийн бодлого,  арга хэмжээний матрицад тусгаж болно. 
Үндсэн чиглэлд тусгах бодлогын зорилт, арга хэмжээний матрицыг боловсруулахдаа Үндсэн чиглэлийг боловсруулах, батлуулах, түүний хэрэгжилтийг хангахад баримтлах журмын 6 дугаарт заасан бүтэц, агуулгыг баримтална.
Бодлогын зорилт арга хэмжээний жишээ:
Бодлогын зорилт: Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан зорилтын хэрэгжүүлэх хүрээнд хөдөөгийн малчин өрхийг сэргээгдэх эрчим хүчээр хангана. 
Арга хэмжээ 1: Хямд, удаан эдэлгээтэй, найдвартай ажиллагаа бүхий нарны зайн импортыг нэмэгдүүлж, татварын хөнгөлөлт үзүүлэх замаар малчин өрхийг нарны зайн эрчим хүчээр хангана.  
Арга хэмжээ 2: Малчдад нарны зай, салхин сэнс нийлүүлэх, худалдах, гэрээгээр олгох тогтолцоог бүрдүүлнэ.
Арга хэмжээ 3: Сэргээгдэх эрчим хүчний сүүлийн үеийн бусад эх үүсвэрүүдийг судлан, гадаад орнуудаас хямд нийлүүлэх боломжийг судалж шийдвэрлэнэ.  
3.2. Үндэслэл тайлбар
Энэ хэсэгт тухайн арга хэмжээ тус бүрийг яагаад бодлогын матрицад оруулах болсон шалтгааныг бичнэ. Ер нь бодлогын арга хэмжээ бүр нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, бусад батлагдсан төсөл хөтөлбөрт тусгагдсан байх шаардлагатай. Үндэслэл тайлбар хэсэгт яг ямар төсөл, хөтөлбөрт туссаныг тодорхой бичих ба хэрэв батлагдсан төсөл, хөтөлбөрт тусгагдаагүй  зорилт арга хэмжээг оруулж байгаа бол зайлшгүй оруулах болсон шалтгааныг бичнэ. 
3.3. Зардал
A/ Эх үүсвэр. Арга хэмжээнүүдийн хөрөнгийн эх үүсвэр төсвийн хүрээний мэдэгдэл, гадаадын зээл, тусламж, бусад эх үүсвэрээр баталгаажсан байх шаардлагатай ба арга хэмжээний эх үүсвэр гэсэн баганад эдгээрийн алинаар нь санхүүжигдэхийг доорхи ангиллын дагуу тодорхой бичиж өгнө:
-төвлөрсөн болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгагдан санхүүжигдэх
-гадаадын хөнгөлөлттэй зээлээр санхүүжигдэх
-гадаадын буцалтгүй тусламжаар санхүүжих
-тусгайлан зардал шаардагдахгүй үйл ажиллагааны зардлаар санхүүжигдэх
б/ Зардлын хэмжээ. Төлөвлөсөн зардлын мөнгөн дүнг тавьж өгнө.
3.4. Арга хэмжээг хэрэгжүүлээд хүрэх үр дүн
Арга хэмжээг хэрэгжүүлээд гарах үр дүн хэсэгт тухайн арга хэмжээний эцсийн үр дүнг тодорхой үр дүнгийн үзүүлэлтээр тайлбарлах эсвэл батлагдсан төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтэд үзүүлэх ач холбогдлыг нь гаргаж харуулна.
4. Хөрөнгө, санхүүгийн хувьд хүндрэлтэй байгаагаас тасарч болзошгүй арга хэмжээний жагсаалт
Энэ хүснэгтэд шийдвэрлэх шаардлагатай боловч зохион байгуулалт, хөрөнгө санхүүгийн боломжгүй байдлаас болоод хугацаа хоцорч байгаа, цаашид шийдвэрлэгдэхгүй байх магадлал бүхий арга хэмжээг хамруулна. Ач холбогдол, хэрэгжүүлэх хугацааны хувьд эрэмбэлээд төсөв, хөрөнгийн боломжид тохирсон эн тэргүүний арга хэмжээнүүдийг  үндсэн чиглэлд оруулах бодлогын матрицад тусгах ба хөрөнгө санхүүгийн хувьд хүндрэлтэй байгаагаас тасарч болзошгүй арга хэмжээний хүснэгтэд тусгагдах арга хэмжээнүүд нь тухайн жилд хэрэгжүүлэх шаардлага байгаа ч төсөв, хөрөнгө оруулалтын боломжгүйгээс үлдэж байгаа арга хэмжээнүүд байна. Өөрөөр хэлбэл бодлогын матрицад туссанаас ач холбогдлын хувьд илүү биш ч тухайн жилд хэрэгжүүлэх шаардлага байгаа арга хэмжээнүүд болно. Эдгээр арга хэмжээнүүд нь гадаад эх үүсвэр шийдвэрлэгдэхгүй байгаагаас хойшлох магадлал өндөр арга хэмжээнүүд байна. 
Тасарч болзошгүй арга хэмжээнүүдийг ач холбогдол, хугацааны хувьд эрэмбэлэн, төсөл, хөтөлбөрт туссан байдал, шаардагдах хөрөнгийн хэмжээ, хэрэгжүүлсэн байх хугацааг нь тодорхой  бичнэ.
5. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын арга хэмжээ
Төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих арга хэмжээний хүснэгтийг бөглөхдөө санхүүжилтийг сая төгрөгөөр тавих ба хөрөнгө оруулалтын 20…төсөл, дунд хугацааны төсөөллүүдийн төсөвт өртгийн дүн, төсвийн хүрээний мэдэгдлийн хүрээнд тухайн ерөнхийлөн захирагчид өгсөн хөрөнгө оруулалтын хязгаараас ихгүй байна.
Хөрөнгө оруулалтын өгөгдсөн хязгаарт өмнөх жилүүдийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээнүүдийн санхүүжилтийг хуваарийн дагуу оруулж тооцон, хөрөнгө оруулалтын арга хэмжээ нэмж хэрэгжүүлэх боломж үлдэж байвал Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, бусад батлагдсан төсөл, хөтөлбөрт суусан арга хэмжээг нэмж оруулна.
Төсөл, арга хэмжээний үр дүнгийн үзүүлэлт хэсэгт тухайн объектын хүчин чадлыг харуулах үзүүлэлтийг тавина. Тухайлбал, эмнэлгийн барилга бол орны тоо, сургуулийн барилга бол сурагчийн суудлын тоо гэх мэт.                   
 
 
 
 
---------ОоО----------